Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 22

 

 

                                       

Д.Ариунболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 194 дугаар шүүгчийн захирамжтай Д.Ариунболдод холбогдох эрүүгийн 20360001800224 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга А.Раднаабазар, прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Д.Ариунболд түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант  суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Оюунмандалын 35 айлын орон сууцны 32 тоотод  амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт Хотын захирагчийн албаны ажилтай, Ноён Цорс овогт Даваажавын Ариунболд/ПЮ72091218/,

Шүүгдэгч Д.Ариунболд нь нийтийн албан тушаалтан буюу Ховд хотын захирагчийн албаны зам тээвэр, инженерийн бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр болон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хэргийг прокурорт буцааж “шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэжээ. Тухайн мөрдөн байцаалтын шатанд буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Захиалагчин ажлын даалгаварт тусгасан шинээр барих 8 ширхэг сүүдрэвч, хуучин 9 ширхэг сүүдрэвчний сандлуудыг янзлах тендерийн ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан бараа, материалд эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр Вэндо ХХК-ныг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээч 8 нэр төрлийн эд зүйлсийг орц хэмжээгээр тогтоож, тохируулгын аргаар уг хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцогдож нийт 6,174,016 төгрөгөөр үнэлэгдсэн дүгнэлт гаргасан. Мөн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана гэжээ.

Тухайн хэргийн мөрдөн байцаалтын шатанд шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан бөгөөд тэднээс шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш хийгдсэн гэж үзэж, нэмэлт шинжилгээ хийлгэхээр гомдол, хүсэлт гаргаагүй ба тухайн дүгнэлтийг тодорхой биш, бүрэн хийгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр хуудсанд тусгагдсан иж бүрдлийн жагсаалт үнэлгээгээр 16,800,000 төгрөг зарцуулсан баримт нь яллагдагч Б.Ариунболдын гэмт хэрэг үйлдсэн аргын нэг буюу төсөвлөгдсөн өртөгт багтаан ажлын даалгаварт заагдсан ажлыг гүйцэтгэсэн тухай баримт бөгөөд тухайн ажлыг үнэлгээний хорооны гишүүд бодитойгоор хүлээн авч, үнэлээгүй нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан аргыг хууль сануулж шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлттэй харьцуулж, дахин шинжилгээ хийлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Нийтийн албан тушаалтан буюу Ховд хотын захирагчийн албаны зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр болон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хувьд холбогдох хууль, тогтоомжоор хориглосон үйлдлүүдийг хийж, дээрх аргуудаар гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан байхад тендерийн материалд Б.Ялалт гарын үсэг зурсан эсэхийг мөр судлалын шинжилгээ хийлгэж тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд дээрх ажиллагаа нь заавал хийх мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, яллагдагч Д.Ариунболдын тендерт оролцогч Б.Ялалтаар хэрэгт тусгагдсан тендерийн баримт бичигт гарын үсэг зуруулсан хэргийн бодит байдлыг батлах эсхүл үгүйсгэх юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунболдод холбогдох эрүүгийн хэргийг Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа,  шүүгчийн захирамжийг  бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 Ховд аймгийн  прокурорын газраас  Д.Ариунболд нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар 2018 оны 06 сараас 2019 оны 05 сарын хооронд ажиллахдаа “Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах” гэсэн хууль, журмаар өөрт олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан “Ховд аймгийн Жаргалант суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх” 17 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн мэдээллийг ашиглан, тендерийн баримт бичиг боловсруулах, санал авах, урилга илгээх, Б.Ялалт гэгчийг тендерт оролцох талаар ятгах, түүний нэрээр төсөвлөгдсөн үнийн дүнд бариулсан үнийн санал тооцоолол хийх, тендерийн бусад баримт бичгийг түүний нэрээр боловсруулан бэлтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх санхүүжилтийн урьдчилгаанд орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 11.760.000 төгрөгийн санхүүжилтээс 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ялалтын ХААН банкны 58622126299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Д.Ариунболдод холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, прокурорт буцааж  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

             Учир нь:1. Анхан шатны шүүх шинээр барьж байгуулах 8 автобусны зогсоол, хуучин 9 автобусны зогсоолын сүүдрэвчний сандлуудыг засварлахад хэдий хэмжээний  зардал гарсныг шинжээчийн дүгнэлтээр дахин тогтоох шаардлагатай гэжээ.

Хэргийн 100-104 дүгээр талд /1 дүгээр  хх-ийн/   Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-нь 8 автобусны зогсоол, хуучин 9 автобусны зогсоолын сүүдрэвчний сандлуудыг засварлахад хэдий хэмжээний  зардал гаргасныг зах зээлийн жишиг аргаар хөрөнгийг үнэлэхдээ уг хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг сонгон авч дуудлага худалдааны анхны үнийн судалгаа,иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдах, худалдан авах хэлцлийн үнэ,мөн монгол банкны тухайн өдрийн ханшийн мэдээллээр тооцон хийцийн итгэлцүүрийг тооцон харьцуулан жишилт хийж зах зээлийн үнэлгээг тогтоон хүснэгтээр харуулан хөрөнгийн үнэлгээний тооцоо 6174016 төгрөг гэх дүгнэлтийг гаргасан байна.

Иймд 1 дүгээр  хх-ийн 241 дүгээр тал дахь Ховд аймгийн Жаргалант суманд “Автобусны зогсоол байгуулах” ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх тендерийн баримт бичигт авагдсан үнэлгээ болон шинжээчийн үнэлгээний аль нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.Нөгөө талаар тендерийн баримт бичигт тусгасан үнэлгээ, шинжээчийн үнэлгээг харьцуулан шүүгдэгч Б.Ариунболд нь Б.Ялалтаас 6.0 сая төгрөг авсан эсэхийг үйл баримтаар тогтоох боломжгүй байх тул энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй байна.

             2. Шүүх нэгдүгээр  хх-ийн 212 дугаар хуудас дахь “Эвийн гагнаас” бүлэг гэх баримт, хэргийн 215 дугаар хуудас дахь “ Үнийн саналын маягт” гэх баримт, хэргийн 216 дугаар хуудас дахь “ Чадварын мэдээллийн маягт” гэх баримт, хэргийн 221 дүгээр хуудсан дахь “төслийг хэрэгжүүлэх ажлын бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч” гэх баримт, хэргийн 225 дугаар хуудас дахь “Эвийн гагнаас” бүлэг гэх баримт, хэргийн 231 дүгээр хуудас дахь “Эвийн гагнаас” бүлэг гэх баримт, хэргийн 233 дугаар хуудас дахь “ажлын үе шатны график” гэх баримт дахь хэргийн 242-243 дугаар хуудас дахь “ тендер шалгаруулалтын явц” гэх баримт, хэргийн 248 дугаар хуудас дахь “Эвийн гагнаас” бүлэг гэх баримт, хэргийн 249 дүгээр хуудас дахь “Эвийн гагнаас” бүлэг гэх баримт, хэргийн 250 дугаар хуудас дахь баримт, хэргийн 227-228 дугаар хуудас дахь тодорхойлолт бүхий баримт дахь гарын үсэг, бичвэр нь хэнийх болохыг шинжээч томилж тогтоох шаардлагатай гэжээ.

Анхан шатны шүүхийн дээр дурдсан 212, 215, 216, 221, 231, 248, 249 хуудас дахь баримтуудад Эвийн гагнаас бүлгийн ахлагч Б.Ялалт гэж гарын үсэг зурсан байна. Харин 227-228 дугаар хуудсанд “Ирвэсний үүр” ХХК-ний менежер Д.Бирваа, ”Энх куб” ХХК-ний захирал Э.Нямдорж нарын тодорхойлолт, 242-243 дугаар хуудас дахь “тендер шалгаруулалтын явц,тендерийг хүлээн авах болон нээх” гэх баримтуудыг асуултын дагуу хариулж гараар бичсэн байна. Шүүх эдгээр баримтуудад дахь гарын үсгийг хэнийх болохыг ямар үндэслэлээр шинжээч томилж тогтоолгох гэж буй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тодорхойгүй ойлгомжгүй байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй болно.

 Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.Ариунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/194 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ариунболд холбогдох эрүүгийн 2036000180224 дугаартай хэргийг урьдчилсан  хэлэлцүүлгээр  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 2.  Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.Ариунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                              

    

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                                ШҮҮГЧИД                                         Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                         Н.ТУЯА