Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 109/ШШ2023/0012

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч:  Ц.А,

Хариуцагч: тус аймгийн Б сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/121 дугаартай захирамжийг, хавсралтын хамт хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Ц.А, Архангай аймгийн Б сумын Засаг даргад нарын хооронд  “Архангай аймгийн Б сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/121 дугаартай захирамжийг, хавсралтын хамт хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

2. Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.4. дэх хэсэг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тус тус үндэслэн иргэн З.Аийн Дэл баг /Х/-д байрлах аялал жуулчлалын зориулалттай 2 га газрыг иргэн  Ц.Ат шилжүүлж, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.Ат Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/83 дугаар захирамжийг үндэслэн Архангай аймгийн Б сум 3 дугаар баг Х 1-123 тоот хаягт байрлах 651000139 нэгж талбарын дугаар бүхий 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-0110000050 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. (1дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал)

3. Улмаар Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж иргэн Ц.Аын аялал жуулчлалын зориулалттай 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

 

4. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Ааас Архангай аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

5. Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.А би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Зүгдэр овогтой Аээс Б сумын 3 дугаар багийн нутаг Тын 1-123 тоот хаягт байрлах нэгж талбарын 6510000139 дугаар бүхий Аялал жуулчлалын зориулалттай 2 га газрыг газар эзэмших гэрээгээр шилжүүлэн авсан бөгөөд, уг газар эзэмших эрх нь эрхийн талаар ямар нэгэн доголдолгүй, маргаангүй байсан болно. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Б сумын засаг даргын тамгын газарт хүргүүлснээр 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/83 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ц.А миний нэр дээр шилжүүлсэн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох баримтын хамт гарсныг миний бие хүлээн авсан.Гэтэл Архангай аймгийн Б сумын засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/121 дугаартай захирамжаар иргэн Ц.А миний аялал жуулчлалын зориулалттай 2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр гарсныг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. 1.Газрын тухай хуулийн хуулийн 40-р зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол гэрчилгээг цуцлахаар зохицуулсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацааг тоолоход 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байна. 2.Тухайн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байтал Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал газар авсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлж хөл хорио тогтоосон бөгөөд уг хугацааг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон 1 жил 2 сарын хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсны дараа өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглаж жуулчны бааз байгуулахаар хууль журмын дагуу ажиллаж 2022 оны 05 дугаар зараас эхлэн хашаа барих гэтэл нутгийн зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Эдгээр нөхцөл байдлууд нь газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж үзэж байна. Миний бие Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчлийг гаргаагүй, хуульд заасан үүргээ биелүүлж, уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон сумын засаг даргын захирамж нь дээрх шалтгаануудын улмаас хууль зөрчиж миний газар эзэмших эрхэд халдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган Архангай аймгийн Б сумын сумын засаг даргын 2022.10.19-ний өдрийн а/121 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Аын Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалах зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Архангай аймгийн Б сумын Засаг даргын  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/121 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах  гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий Архангай аймгийн Б сумын Засаг даргын захирамж нь ямар хууль тогтоож зөрчсөн бэ гэдгийг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байсан. Засаг даргын газар чөлөөлүүлэх захирамжийн заалтдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэгдүгээрт: Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэзээ олгосон хэзээнээс эхлэн 2 жил гэдэг хугацаа тоологдох ёстойг бид хууль зүйн үүднээс нь дүгнэж үнэлэх ёстой. Тэгэхээр Ц.Ат газар эзэмших эрхийн гэрчилгээ хэзээ олгогдсон, хэзээнээс эхлэн энэ хугацаа нь тоологдох гэдэг асуудал өмнөх шүүх хуралдааныг хойшлуулаад шалгах явцад бүрэн тодорхой болсон. Өөрөөр хэлбэл засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/83 тоот шийдвэрт үндэслэж газар эзэмших гэрчилгээг  олгохдоо 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших гэрчилгээ олгож мөн өдрөө гэрээ байгуулсан ийм асуудал харагдаж байдаг. Тэгэхээ газрыг эзэмших эрх нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн байна гэж харахаар байна. Тэгэхээр 2 жилийн хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болохоор байна. Гэтэл хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Газрын тухай хууль тогтоомж, Монгол Улсын дээд шүүхийн тайлбар зэрэгт хүндэтгэн үзэх шалтгаан гэж юуг тайлбарлах талаар тодорхой заасан. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт давагдашгүй гэнэтийн байгалийн тогтолцооны өөрчлөлт зэрэг шалтгаан нөхцөл байдлыг ойлгоно гээд тайлбарлаад өгсөн байгаа. Мөн зориулалтын дагуу  2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш хугацааг тоолох ёстой гэж мөн тайлбарласан. Би сая гэрээ хийгдсэн хугацааг хэлсэн гэрээ хийгдсэн хугацаа бол 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр юм байна лээ. Гэрээ хийгдсэн хугацаа нь хуанлийн бүтэн 2 жилийг хэлнэ гэж мөн Дээд шүүхийн тайлбарт тусгагдсан байгаа. Бүтэн хоёр жил нь болоогүй байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон Засаг даргын үйлдэл нь буруу байсан. Засаг дарга нь хүний эрхийг зөрчиж акт гаргах гэж байгаа бол тодорхой болзолтойгоор акт гаргах ёстой. Гэтэл энэ болзлыг хангаагүй байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т нөхцөл байдлыг тогтоох гэсэн өгүүлбэр байгаа. Нөхцөл байдлыг тогтоохын тулд сонсох ажиллагаа хийх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу мөн ямар хууль тогтоомжид заасны дагуу яагаад хүчингүй болгох гэж байгаагаа тайлбарлаж мэдэх ёстой. Гэтэл мөн нэхэмжлэгчид энэ талаараа мэдээгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т  Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. 27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ гэж заасан. Мөн энэ хүмүүс өөрсдийгөө сонсох ажиллагаа явуулсан, мэдэгдэл хүргүүлсэн гэж хэлээд байдаг боловч мэдэгдэлд тусгах ёстой мэдээллийг тусгаагүй. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 27.3 дугаар зүйлийн  27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, 27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, 27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл эдгээрийг мэдэгдэлдээ тусгаж өгөх ёстой. Гэтэл хариуцагч тал мэдэгдэлдээ энэ бүх зүйлийг тусгаж өгөөгүй. Архангай аймгийн Б сумын Засаг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/121 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо мэдэгдэх болон сонсох ажиллагааг хийгээгүй байх тул Архангай аймгийн Б сумын Засаг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/121 дугаартай захирамжийг, хавсралтын хамт хүчингүй болгож өгнө үү.” гэв.

7. Хариуцагч Архангай аймгийн Б сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Зүгдэр овогтой Ат сумын Засаг даргын 2005 оны 10  дугаар сарын 26-ны өдрийн А/84 дүгээр захирамжаар тус сумын Дэл багийн нутаг Хд 2 га газар эзэмшүүлсэн бөгөөд З.А нь /ИЮ70043034/ тухайн аялал жуулчлалын зориулалттай 2 га газраа иргэн Ц.Ат /АЖ80092314/ сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/83 дугаар захирамжаар шилжүүлсэн. Газрын тухай хууль тогтоомжоор үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгодог бөгөөд иргэн Ц.А нь үнэлгээ хийлгэх хүсэлт 2021 оны 12 дугаар сарын  сарын 24-ний өдөр сумын Засаг даргад гаргаж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олгосон. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тухайн нутгийн иргэдээс иргэн Ц.Аын аялал жуулчлалын зориулалттай 2 га газрыг цуцалж өгөх тухай өргөдөл сумын Засаг даргад ирүүлсэн бөгөөд Засаг дарга өргөдөл гаргасан иргэдтэй уулзаж нөхцөл байдлыг судлан 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Ат газар эзэмших эрхийг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааг явуулж, хариу тайлбар 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бичгээр авсан. Ц.А нь коронавируст халдвар цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосноос 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй гэсэн хариу тайлбарыг ирүүлсэн. Мөн Ц.А нь тухайн газарт үйл ажиллагаа явуулахыг иргэд эсэргүүцэж байгаа учир 2 га газрын байршлыг өөрчилж өгөхийг утсаар мэдэгдсэний дагуу сумын хурлаар шийдвэрлүүлэхээр 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулсан. Сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн а/121 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийн хүрээнд мөн хуулийн 40.1.6 дахь заалт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Газрын тухай хууль тогтоомжид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед 2 жилийн хугацаа тоолохыг зогсоох мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар тооцох заалт байхгүй бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10.-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Иргэн Ц.А нь эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаас хойш гэрээнд заасан зориулалтаар газраа ашиглаагүй, 2021 оны газрын төлбөрөө төлөөгүй, гэрээний биелэлтийг жил бүр дүгнүүлээгүй болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.дахь хэсэгт заасны дагуу сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, тухайн этгээдэд мэдэгдсэн болно. Иймд Ц.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна.” гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актыг 2005 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Ж.Ат гэдэг хүнд 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар  сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлж байсан. Ж.А нь Ц.Ат 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/83 тоот захирамжаар шилжүүлсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй ярьсан тул товчхон яръя. Манай зүгээс нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй байгаа. Мөн газрын төлбөрөө төлөөгүй. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнүүлээгүй. Гол газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэл нь газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэл байгаа. Улсын дээд шүүхийн тайлбарт хүндэтгэн үзэх шалтгаанд газрын эвдрэл, элэгдэл, байгалийн давагдашгүй нөлөөллийг хэлнэ гэж тайлбарласан. Ковидтой холбоотой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж үзэхгүй байгаа. Иймээс газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал байна гэж үзэж сумын Засаг дарга хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байгаа. Мэдэгдлийн тухайд манай байгууллага нэхэмжлэгчид мэдэгдлийг хүргүүлж байсан. Газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд маань дээрээс ирүүлсэн мэдэгдлийн загварын дагуу мэдэгдлийг бичээд хүргүүлж байсан. Мөн хуульд заасны дагуу хариу тайлбарыг нь бичгээр авч байсан. Нэхэмжлэгч нь хариу тайлбартаа ковидын цар тахалтай холбоотой үйл ажиллагаа явуулаагүй гэсэн хариу тайлбарыг ирүүлсэн. Үүнийг бид хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байгаа.” гэв.

 

9. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2005 онд анх З.Ат олгогдсон газар нь сумын Засаг даргын 84 дүгээр захирамжаар “Ш рашаан сувиллын баруун талд гэж гаргасан байдаг. Мөн анхны дуудлага худалдаа хэдэн оны хэдний өдөр зохион байгуулагдсан. Тус газарт амьдарсаар ирсэн иргэд нь ямар ч мэдэж оролцох боломж олгоогүй байдаг. Мөн анхны баруун талд гэсэн газрынх нь кадастрын зураг гэх мэт зүйл нь яагаад хэрэгжихгүй байгаа. иргэн Ц.А нь Баярмаа гэгч эмэгтэйд газраа бэлэглэнэ гэх мэтээр нутгийн бидний амьдарч буй газрыг авч дамжуулан нутаг орныг минь хятад иргэдэд зарж үрэн мөнгө олох зорилгоор ашиглах гэсэн үйлдлийг нь бид болон нутгийн иргэд эсэргүүцэж байна.” гэжээ. 

 

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2006 оноос хойш тухайн маргаан бүхий газар нь Ж.А гэх иргэнд Ш рашаан сувиллын баруун талд гэсэн байрлалтайгаар захирамж гарсан талаар мэднэ. Гэтэл 17  жилийн дараа буюу 2022 онд Ц.А гэх хүн газрыг авсан талаар мэдсэн. Ц.А нь дур мэдэн нутгийн олон иргэдийн эрх ашгийг хөндөж тухайн баруун талын газар гэж зааж өгсөн захирамжийг зөрчиж өөрийн дур мэдэн хашаа зоохоор ард иргэдтэй маргаан үүсгэсэн. Энэ газрын талаас судлаад үзэхэд 2006 оноос хойш энэ газар нь кадастрын зураггүй. Тухайн үед ямар нэг байдлаар ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байсаар байгаад өдий хүрсэн. Энэ газар Ц.Аын гар дээж яаж очсон талаар маш их эргэлзэж байгаа. Нутгийн иргэдийн зүгээс газрыг өөр дээрээ авч цааш нь намайлцах үйл ажиллагаа явагдаад байна уу даа гэж хардаж байгаа. Миний хувьд Засаг даргын захирамжийг хүчинтэй, мөн зөв захирамж гэж үзэж байна.” гэв

 

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын маргаан бүхий актаар холбогдоод байгаа Ц.Аын газрыг анх хэдэн оноос эхлээд энэ газар дээр үйл ажиллагаа явуулахаар сумын газар зохион байгуулалтын зохицуулалт хийгдсэн. Ямар зориулалтаар газрыг ашиглахаар олгосон гэх зүйлийг сая нэхэмжлэгч тал хариуцагч тал хэн хэн нь хэллээ. Ерөнхийдөө 2005 онд Ж.А гэх хүний эзэмшилд Ш рашаан сувиллын баруун талд гэж захирамж гарсан юм байна. Гэвч энэ газар дээр нэг ч шон зоогоогүй явсаар байгаад 2020 онд Ц.А гэх хүн газар шилжээд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр энэ хүнд газар эзэмшүүлэх захирамж гарсан. Газар эзэмших захирамж гарсан цаг хугацаанаас эхлэн тусгай зориулалтын газар учраас 90 хоногт нь багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргуулах ёстой. Энэ бол нэхэмжлэгч Ц.Аын үүрэг байсан. Гэвч Ц.А нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ газар дээр Ц.А үйл ажиллагаа явуулна гэсэн цаг үеэс нутгийн ард иргэд энэ газрыг өгөхгүй талаар сумын Засаг даргат өргөдөл хүсэлтийг өгч байсан. Үүний дагуу сумын Засаг дарга судалж үзээд 2 жилийн хугацаанд энэ газарт ямар ч үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулаагүй юм байна гэж харсны үндсэн дээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна гэж харж байгаа. Талууд сонсох ажиллагааны талаар яриад байна. Энэ маргааны асуудал бол ард иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу гарсан асуудал байна гэж харж байна. Энд нийтийн ашиг сонирхлын асуудал хөндөгдөж байгаа. Тухайн маргаан бүхий газарт нь иргэдийн зуслан, хаваржаа, намаржааны газар давхцаад ороод ирсэн байдаг. Ингээд үзэхээр гарцаагүй нийтийн ашиг сонирхол буюу багийн иргэдийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас сонсох ажиллагаа хийхгүйгээр цуцлах ажиллагаа бүрдсэн байна гэж хэлмээр байна. Нэхэмжлэгч тал 2 жилийн хугацаа гэдэг хугацааг гэрээ байгуулсан цаг хугацаанаас эхэлнэ гэж тайлбарлаж байгаа ч гэрээ байгуулна гэдэг бол хувь хүний эрхийн асуудал 25 оноос хойш энэ газар дээр юу хийсэн бэ, өнөөдөр яагаад нэг шон ч хатгагдаагүй өнөөдрийг хүрсэн юм бэ гэх нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй байх аа. Ийм учраас Засаг даргын захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гарсан байна.” гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

 

1. Хэргийн үйл баримтын тухайд:  

 

1.1. Анх иргэн З.А нь Архангай аймаг Б сум, Шийн амралтын баруун талд  2 га газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2005 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргажээ. (Хавтаст хэргийн 92 дахь тал)

 

1.2. Архангай аймгийн Б сумын Засаг даргын  2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр “Иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Монгол Улсын газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг үндэслэн иргэн Зүгдэр овогтой А нь 2005 оны 10  дугаар сарын 11-ний өдрийн дуудлага худалдааны ялагч болсон тул Дэл багийн нутаг Ш амралтын баруун талд байрлалтай 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. (Хавтаст хэргийн 100 дахь тал)

 

1.3. Түүнчлэн тус сумын 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр захирамжийг үндэслэн нэгж талбарын 020100017 дугаар бүхий 2 га газрыг 15 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар З.Ат эзэмшүүлж, 0040102 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. (Хавтаст хэргийн 95 дахь тал)

 

            1.4. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн З.Аийг төлөөлж Ц.Цэрэндулам нь иргэн Ц.Ат Архангай аймаг Б сум, Дэл багт байрлах 2 га аялал жуулчлалын зориулалттай, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр захирамжаар олгогдсон газрыг шилжүүлэхээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ“-г байгуулжээ. (Хавтаст хэргийн 101 дэх тал)

 

1.5. Иргэн З.Аээс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Б сумын Засаг даргад Архангай аймгийн Б сумын Дэл баг, Шийн амралтын баруун талд байрлах 2 га газрыг Ц.Аын нэр дээр шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргажээ. (Хавтаст хэргийн 74 дэх тал)

 

1.6. Ийнхүү Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.4. дэх хэсэг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тус тус үндэслэн иргэн З.Аийн Дэл баг /Х/-д байрлах аялал жуулчлалын зориулалттай 2 га газрыг иргэн  Ц.Ат шилжүүлж,  2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.Ат Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/83 дугаар захирамжийг үндэслэн Архангай аймгийн Б сум 3 дугаар баг Х 1-123 тоот хаягт байрлах 651000139 нэгж талбарын дугаар бүхий 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-0110000050 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (Хавтаст хэргийн 72-73 дахь тал)

 

1.7. Улмаар Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж иргэн Ц.Аын аялал жуулчлалын зориулалттай 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

 

2. Хууль зүйн үндэслэлийн тухайд,

 

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан маргаан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан субъект тул Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

2.2. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар тус  сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/121 дугаартай захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 01/316 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгосон талаар мэдэгджээ.  (Хавтаст хэргийн 7 дугаар тал)

 

2.4. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ааас тус аймгийн Б сумын Засаг даргын маргаан бүхий А/121 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар тус сумын Засаг дарга, Архангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.М-д 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гомдол гаргасан байна. (Хавтаст хэргийн 12-13 дугаар тал)

 

2.5. Ийнхүү Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсгийн 60.1.1.-д заасныг зөрчөөгүй бөгөөд 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.”  гэж зааснаар гомдол гаргагч этгээд маргаанаа урьдчилан шийдвэрлэх эсхүл шүүхэд шууд хандах эрхтэй байна.

 

2.6. Гомдлын хариуг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 03/216 дугаар албан бичгээр хүргүүлжээ. Энэ нь гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн. (Хавтаст хэргийн 5, 6 дугаар тал)

 

2.7. Улмаар нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ хүргүүлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (Хавтаст хэргийн 16-17 дугаар тал)

 

2.8. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан.

 

2.9. Иймд Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/121 дугаартай  захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөв.

2.10. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нарын маргаж байгаа А/121 дүгээр захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзлээ.

2.11. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1.-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4. дэх хэсэгт “ухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ас холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”гэж тус тус заасан бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн гаргасан тайлбарт тухайн нөхцөл байдлыг судлах ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах бусад шийдвэр гаргасан эсэхийг нягтлан шалгах, танилцах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь  тогтоогдож байна.

2.12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлийг хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус сумын Засаг даргад гаргасан хариу тайлбартаа:..”.. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон 1 жил гаруй хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан..” гэж бичгээр хүргүүлсэн байна.  (Хавтаст хэргийн 106, 109-110 дугаар тал)

 

2.13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсгийн 40.1.6.-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, хуульд заасан уг үндэслэл байгаа эсэхэд хариуцагч захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг тогтоох, нотлон шалгах үүрэгтэй байжээ.

2.14. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нэхэмжлэгч тал тухайн үед тайлбарлаж байсан байна.

2.15. Шүүхээс дүгнэхэд, Монгол Улс Ковид-19 цар тахлын улмаас захиргааны байгууллага болон хүн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа тасалдаж байсан бөгөөд энэ тохиолдолд  хүндэтгэн үзэх шалтгаан нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэж  үзэв.

2.16. Тодруулбал, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.  Хуулийн зорилтоос үзэхэд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж зааснаар 2020-2021 онуудад /Ковид-19/-ын тархалт ихтэй байсан.

2.17. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.

2.18. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоогдсон.

2.19. Үүнээс дүгнэхэд,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. дахь хэсэгт заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..” гэдгийг давагдашгүй хүчин зүйлийн ойлголтод хамруулж үзнэ.

2.20. Өөрөөр хэлбэл, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл нь урьдчилан харах боломжгүй, аль нэг талын хяналтаас гадуур үүссэн үйл явдал, нөхцөл байдал байдаг. Тухайн нөхцөл байдлын үр дүнд гэрээний тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх огт боломжгүй болбол  гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэж үзнэ.

2.21. Дэлхий нийтийн хэмжээнд цар тахал гэж зарлагдаж шинэ коронавируст халдварын өвчинтэй холбогдуулан түүний учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байсан.

2.22. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварт өвчнийг цар тахал гэж зарлах үед олон нийтийн уулзалт, цугларалтыг хориглох, хөл хорио тогтоосон. Энэ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн, үүний улмаас нэхэмжлэгч газар эзэмших, газраа зориулалтаар нь ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

2.23. Дээрх нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. дахь заалтад заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

2.24. Түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулахаар холбогдох газарт хүсэлт гаргаж байсан бөгөөд Архангай аймгийн Б сумын Засаг даргаас 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01/06 дугаар албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлж байжээ. (Хавтаст хэргийн 194 дэх тал)

2.25. Мөн нэхэмжлэгч уг хөл хорио цуцлагдсаны дараа маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулахаар холбогдох газарт хүсэлт гаргаж байсан бөгөөд иргэдийн өргөдөл гомдол, эсэргүүцлээс үүдэж нэхэмжлэгч бичгээр болон утсаар тухайн газрынхаа байршлыг солиулахаар Архангай аймгийн Б сумын Засаг даргад мэдэгдсэн байна. Сумын Засаг даргаас газрын байршлыг солих асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын оруулсан нь холбогдох  нотлох баримтаар тогтоогдсон болно. ( Хавтаст хэргийн 67 дахь тал)

2.26. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй байхад байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээс өмнө гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэсэн нь хариуцагч захиргааны байгууллага нь дээрх Газрын тухай хуулиа зөрчсөн байна.

2.27. Энэ үйл ажиллагаанаас үүдэж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 90 хоногт багтааж хийлгээгүй нь нэхэмжлэгчийг талыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй.

2.28. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасан.

2.29. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

2.30. Дээрх тайлбараас үзвэл, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

2.31. Уг хэргийн тухайд, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч захиргааны байгууллага Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/83 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Ц.Ат газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0604-2021/00015 дугаар “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмших гэрээг”-ээр иргэн Ц.Атай Архангай аймгийн Б сумын газрын даамалтай байгуулжээ. (Хавтаст хэргийн 206-209 дэх тал)

2.32. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт  “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу нэхэмжлэгч  Ц.Атай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг байгуулснаас хойш хугацааг тооцоход гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хуульд заасан хугацаа дуусаагүй байна.

2.33. Тодруулбал, гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-нд хүртэл тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

2.34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.. дэх хэсэгт заасан хуулийн зорилгын дагуу хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .. гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж зааснаар уг хэрэгт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэв.

2.35. Иймд маргаан бүхий  А/121 дугаартай захирамж, хавсралтын хамт хууль бус байх тул дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.1. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ  нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсгийн 40.1.6., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.5.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/121 дугаартай захирамжийг, хавсралтын хамт хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ОДОНТУЯА