Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч А.Нямсүрэн,

            Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Б Ө-т холбогдох 201725030582 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны  мэргэжилтэй, “ИДК” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 5 дугаар гудамж, 142 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б Ө (РД:…...........)

нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн 2017 оны 02 дугаар сарын 25-ны орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зи за” баарны гадна иргэн П.Баатарчулууныг шалтаг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.Ө нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 25-ны орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Зи за” баарны гадна иргэн П.Баатарчулууныг шалтаг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “…Би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 21.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хулан нэртэй пабд найз Батбаярын хамт орж 0.5 граммын 1 шил архи авч хувааж уусан. Тэгээд тэндээс 22.00 цагийн үед гарсан. Тэр үед үүдэнд эхнэр Ганзаяа ирж таарсан ба явах гэж байтал үл таних хүн миний хажуугаар шүргэлцсэн. Тэгэхээр нь чи яагаад байгаа юм бэ, гээд маргалдсан. Тэгээд тэр хүний нүүр рүү нь гараараа цохьсон. Би тухайн үед согтолт их байсан тул зарим нэг зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан манай эхнэр намайг салгаад яваад явсан.” гэх мэдүүлэг,

хохирогч П.Баатарчулууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 дугаар сургуулийн зүүн талд байрлах “Зи За” нэртэй пабад үйлчлүүлээд гэртээ харих гээд гарах үед уг пабын гадна эрэгтэй, эмэгтэй 2 байсан ба эрэгтэй нь эмэгтэйгээ дарамтлаад ална, шудна гэж хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залууд хандаж эмэгтэй хүнийг дарамталж болохгүй ш дээ, болиоч гэдэг шаардлага тавихад нөгөө залуу шууд миний нүүр болон дух хэсэгт гараараа 5-6 удаа цохьж гэмтэл учруулсан. Тэгээд миний хоёр гарнаас бариад замын хашлага давуулж шидсэн. Би хувьдаа тэр залууг бокс тоглодог болов уу гэж бодсон. Их зодоонч айхтар хүн байсан. Тэр үед “Зи За” пабны үйлчлэгч эмэгтэй хараад нөгөө залууг болиоч ээ гэхэд битгий хуцаад бай гээд үл тоосон. Удалгүй цагдаа дуудаад иртэл нь бариад байж байя гээд дөхөөд очтол миний цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа цохиод хамт явсан эмэгтэйгээ дагуулаад 5 дугаар сургууль чигт зугтаагаад яваад өгсөн. Би араас нь дахиж зууралдаад явуулахгүй гэтэл газар унагаж байгаад нуруу цээж, гэдэс рүү хүчтэй дэвссэн. Аргагүй эрхэнд би зодуулаад үлдсэн. Тухайн үед миний зуун хацар шалбарсан, дух хавдсан, бөөр хэсэгт хавдсан, унтаж чадахгүй цусаар шээгээд байсан. Зүүн хөлний шагай тулж одоог хүртэл хөндүүртэй байгаа. Намайг Өлзийбаяр унагаагаад цээжин дээр дэвсэхэд миний зүүн энгэрийн халаасанд байсан “ЛЖ” брэндийн мэдрэгчтэй хар өнгийн гар утасны дэлгэц нь хагараад бүхэлдээ эвдэрчихсэн. Миний гар утсыг санаатай устгаж гэмтээсэн юм байхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Д.Анхзаяагийн “би 2017 оны 02 дугаар сарын 25 нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар  хорооны нутаг дэвсгэрт 49-44 тоотод байх Хулан паб-д ажил дээрээ зөөгч хийж байсан. Б.Ө, О.Батбаяр хоёулаа согтуу манайд орж ирээд 500 граммын Сархад нэртэй архи, 3 ширхэг 500 граммын цэвэр устай захиалж уусан. О.Батбаяр нь хэвийн байсан, Б.Ө нь утсаар яриад орилоод чанга чанга хараалын үг хэлээд, чи намайг ирж ав пизда  минь, ирж авахгүй бол би явлаа гэх мэтээр утсаар ярьж байсан. Хажуудах найз нь тайвшруулах гэж оролдоод миний хөгшин битгий гээд байсан. Удалгүй тэр Б.Ө дээр гаднаас нэг эмэгтэй хүн ирээд нөгөө найз нь гараад явчихсан юм. Тэр эмэгтэй орж ирээд тэр залуу өөрөө тооцоогоо хийгээд цугтаа гарсан. Гадаа үүдэнд дээр гарчихсан хоорондоо маргалдан муудалцсан  байдалтай Б.Ө нь эмэгтэйнхээ цүнхийг булааж авах гээд байгаа юм шиг байсан гэх мэдүүлэг,

гэрч О.Батбаярын “Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хотын төвд явж байгаад хуучин танил нэг 10 жилд хамт сурч байсан Өлзийбаяртай тааралдаад СУИС-ын тэр хавьд нэрийг нь мэдэхгүй паб-д орж 500 граммын Сархад нэртэй архи хувааж уусан. Тэгээд би түрүүлж гараад бие засчихаад ирсэн чинь танихгүй  настай ах Өлзийбаяр хоёр муудалцаад зодолдчихсон, эхнэр нь салгаж байсан. Ямар шалтгааны улмаас муудалцсан талаар нь би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг,

“1.П.Баатарчулууны биед зүүн хацарт зулгаралт, дух, зүүн хацар, зүүн шагайн гадна хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.02.26-ны №3207 тоот акт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн талаарх хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овогт Б Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Өыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг заагаагүй тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Өын торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өт 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Б овогт Б Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Өыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Өын торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ө нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ