Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 933

 

 

 

 

 

 

 

 

 

Х СӨХ -ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж , Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00645 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х СӨХ -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Г од холбогдох,

Орон сууц ашиглалтын төлбөр болон нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 1 984 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Х СӨХ  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Иргэний хуулийн 147, 148, 149 дүгээр зүйл, Орон сууцны тухай хуулийн 13, 14, 15, 16, 17 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу 62 дугаар байрны 04 тоотод оршин суугч Ц.Г  нь 2016 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууц ашиглалт болон СӨХ-ны төлбөрт 634 532 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөрт 1 349 528 төгрөг, нийт 1 984 060 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү. Үүнээс 2016 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дулаан, ус, дулааны суурь үнэ, усны суурь үнэ буюу ашиглалтын төлбөр нь 328 582 төгрөг, 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал нь 1 655 505 төгрөг болж байгаа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэжээ. Гэтэл тус СӨХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хууль зөрчин, тусгай зөвшөөрөлгүйгээр орон сууцны ашиглалт, үйлчилгээг эрхэлж байсан бөгөөд энэ талаар холбогдох эрх бүхий байгууллага болох Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65-07-001/02-16 дугаар албан шаардлагаар тогтоосон тул хуулиараа энэ СӨХ нь сууц өмчлөгчдөөс орон сууцны ашиглалт, үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхгүй юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ”, 16 дугаар зүйлийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу СӨХ-ны төлбөрийг тогтоогоогүй байх тул СӨХ-ны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны зардалд 1 сарын 42 774 төгрөгөөр тооцон 299 418 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

Шүүх: Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Г оос нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 299 418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х СӨХ -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 684 642 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 9 632 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан. Хан-Уул дүүргийн засаг даргаас 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Х СӨХ -ны шинэчилсэн бүртгэлийг хийж, үйл ажиллагаа явуулах гэрчилгээг хугацаатай болгож, жил бүр сунгаж байхаар шийдвэрлэсний дагуу 18/74 тоот гэрчилгээг шинэчлэн авч, хуучин гэрчилгээг хүчингүйд тооцуулж хураалгасан болно. Үүнтэй холбоотойгоор СӨХ-ны дүрэм болон удирдах зөвлөл, удирдлага, СӨХ-ны бүтцэд ямар ч өөрчлөлт ороогүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд энэ байдлаа шүүх хуралдааны үеэр тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу хуучин гэрчилгээний хуулбарыг гарган өгч, нотлох баримтын шаардлагыг хангуулан Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр хариуцагч талд ашигтайгаар шийдвэр гаргасан. Хавтаст хэргийн 31, 32-33, 35, 41, 42 дугаар талд авагдсан баримтаар Х СӨХ  нь тухайн мэргэжлийн байгууллагуудтай гэрээний үндсэн дээр ашиглалтын зардлыг хуримтлуулж төлдөг байсан нь нотлогдоно. Хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудсанд байх баримтаар хариуцагч Ц.Г ын орон сууцны ашиглалтын болон СӨХ-ны төлбөр төлөгдөөгүй төлвөөр харагдаж байгаа. СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж маргадаг боловч нийтийн байранд амьдарч, бусдын төлсөн төлбөрөөр цэвэрхэн, харуул хамгаалалттай, орц хонгил граж, шат нь гэрэл дулаанаар хангагдсан, домофон цоожтой хаалгатай байранд ая тухтай амьдарч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудсанд 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “Хан Оргил” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 11/65 тоот захирамжийн дагуу “Хан Оргил” СӨХ-г байгуулан, захирлаар нь Д.Батаахүүг томилон, СӨХ-ны дүрмийг баталсан баримт, дүрэм байгаа. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд “Хан Оргил” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор СӨХ-ны захирлын үүрэгт ажлаас Д.Батаахүүг чөлөөлж, Д.Лхагвасүрэнг гүйцэтгэх захирлаар томилсон баримт байгаа. Эдгээр баримтаар “Хан Оргил” СӨХ нь СӨХ-ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу авч үйл ажиллагаа явуулж байгааг илтгэнэ. Дээрх баримтуудыг анхан шатны шүүх үнэлж үзэлгүй.

Хавтаст хэрэгт авагдсан “Хан Оргил” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот тогтоолоор уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй...гэж үзсэн. Гэтэл хавтаст хэргийн 44-45 дугаар хуудсанд эх хувиараа байгаа баримтыг яагаад ингэж үзсэн нь ойлгомжгүй. Шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.        

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Х СӨХ  нь хариуцагч Ц.Г од холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд нийт 1 984 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 299 418 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Х СӨХ  нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжилж байгаа тохиолдолд уг зардлын үндэслэл болох хэмжээг тогтоосон байдлыг нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 9.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хэргийн баримтаас үзвэл Х СӨХ  нь бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан эсэх тодорхойгүй, хурлын хүчин төгөлдөр шийдвэр баримтаар авагдаагүй, хурлаас удирдах зөвлөлд зардлын хэмжээг тогтоох эрх олгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг 1 655 505 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй тохиолдолд Х СӨХ -ны Удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчинтэй гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас “2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны зардалд 1 сарын 42 774 төгрөгөөр тооцон 299 418 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн” тул анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцнэ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг”-тэй бөгөөд хэрэгт авагдсан Х СӨХ -ны Удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэж хариуцагчаас төлбөр гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалттай холбогдсон зардлыг хуваарилах эрхийг СӨХ-ны Удирдах зөвлөлд олгоогүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х СӨХ -ноос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН