| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/01514/И |
| Дугаар | 183/ШШ2023/02668 |
| Огноо | 2023-09-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/02668
2023 оны 09 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2023/02668 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ****** оршин суух, **** овогт Б ийн Л /рд:ЧТ /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, ****** давхар, Ж ХХК-д холбогдох
Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Парк вью хотхон, ** байр, * давхар, ** тоот хаягт байрлах 128.21 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Лх ж нь Ж ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Парк вью хотхон, * байр, ** давхар, ** тоот хаягт байрлах 128,21 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний үйлчлүүлэгч Б.Л нь хариуцагч Ж ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Парквью хотхоны ***-р байрны 14 давхрын ** тоот 128,21 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ" байгуулан бариулж, орон сууны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу гүйцэтгэгч Ж ХХК нь нэхэмжлэгч Б.Л д дээрх орон сууцын хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн. Харин хариуцагч Ж ХХК-ийн зүгээс орон сууцыг барьж түлхүүрийг хүлээлгэн өгсөн хэдий ч гэрээний дагуу орон сууцыг захиалагч миний нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргаж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэгч нь тус орон сууцыг хүлээж аваад, түлхүүрийг нь гардаж авсан, амьдарч байгаа хэдий ч иргэний хуульд заасан өмчлөгчийн эрх зөрчигдөж байна. Ийм учраас 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Л ийг тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх компани нь иргэн Б.Лх той 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр барилга хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан. Гэрээний дугаар нь 180827 гэдэг дугаартай, тус гэрээгээр манай компани Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Парк вью хотхоны ** дугаар байрны шинэчилсэн хаягаараа ** тоот 128,21 м.кв талбайтай 4 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх, нөгөө тал буюу захиалагч тал төлбөрийг бэлнээр 100 хувь төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ хийсэн. Ингээд гэрээний дагуу манай компани нь тухайн орон сууцыг бариад, ашиглалтад оруулаад, улсын комисст хүлээлгэн өгч, 756 дугаар байрны хувьд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын комисс хүлээж авсан. 12 сард тухайн айл маань түлхүүрээ гардаж авсан. Түүнээс хойш буюу 2018 оноос хойш захиалагч маань тухайн байрандаа амьдарч байгаа. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд байраа өгчихсөн боловч, банк болон манай компани хоёрын хооронд үүсэн үл ойлголцол даамжирч, улмаар иргэний хэрэг маргаан болоод түүнээс улбаалаад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг авч чадахгүй байгаа. Миний санаж байгаагаар асуудлаас болоод хойшлоод, удаашраад байгаа банк болон манай компани хоёрын хооронд үүсэн маргаан нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүний хурал 09 дүгээр сарын 15-нд орох гээд тов гарчихсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэг л төрлийн шаардлага гаргасан тэр нь бол өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа. Энэ тухайд гэвэл төлбөр тооцоо дуусчихсан тул бид нарын хувьд татгалзах зүйл байхгүй, энэ бол хэн алинд нь ойлгомжтой нөхцөл байдал байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.08.27-ны өдрийн 180827 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, төлбөрийн тооцоо, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022.10.21-ний өдрийн 8/1477 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Ж ХХК-ийн 2021.10.21-ний өдрийн 21/596 дугаар тодорхойлолт, Б.Л ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.05.01-ний Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-15 хуу, 23 хуу/
4. Хариуцагчаас: Ж ХХК-ийн 2023.05.01-ний өдөр Л.Э д олгосон итгэмжлэл, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг гаргаж өгсөн. /хх 18-24 хуу/
5. Шүүх Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс баримт шаардсны дагуу 2023.07.24-ны өдрийн 1069 дүгээр албан бичгийг ирүүлсэн байна. /хх 29 хуу/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Л нь Ж ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Парк вью хотхон, ** байр,** давхар, ** тоот хаягт байрлах 128.21 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.Л, Ж ХХК нарын хооронд 2018.08.27-ны өдрийн 180827 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, Парк вью хотхон, ** байр, 14 давхар, Д блок, ** тоот хаягт байрлах 128.21 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 377 450 240 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг бүрэн төлсөн. Хариуцагч маргаан бүхий орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн боловч өмчдөх эрхийн гэрчилгээг гаргалгүй өдийг хүрсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Ж ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Зохигч 2018.08.27-ны өдрийн 180827 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью хотхон барилгын ** дугаар байрны ** дугаар давхрын 660 тоот А блок 128,21 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 377 450 240 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, талууд тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан, /хх 4-10 хуу/
4.2 Захиалагч Б.Л нь 2018.08.27-ны өдрийн 180827 дугаар гэрээний үүрэгт 2018.08.27-ны өдөр 79 000 000 төгрөг, 2018.08.27-ны өдөр 71 980 096 төгрөг, 2018.09.13-ны өдөр 226 470 144 төгрөг, нийт 377 450 240 төгрөгийг төлсөн, /хх 11 хуу/
4.3 Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Парк вью хотхоны ** дугаар байрыг Худалдаа хөгжлийн банкны 2015.12.14-ний өдрийн зг/149 тоот барьцаанд бүртгэлтэй гэх үндэслэлээр 660 тоот орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 12 ху/
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Б.Л нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью хотхон барилгын ** дугаар байрны ** дүгээр давхрын А блок, 128.21 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 377 450 240 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч , Ж ХХК нь орон сууцыг 2018.09.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон, нэхэмжлэгч Б.Л нь 2018.08.27-ны өдрийн 180827 дугаар гэрээний үүрэгт 2018.08.27-ны өдөр 79 000 000 төгрөг, 2018.08.27-ны өдөр 71 980 096 төгрөг, 2018.09.13-ны өдөр 226 470 144 төгрөг, нийт 377 450 240 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.
Түүнчлэн, талууд 2018.08.27-ны өдөр гэрээ байгуулахдаа орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2018.09.30-ны өдөр гэж тогтоосон байгааг харгалзан үзээд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн болно.
6. Шүүх, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Парк вью хотхоны ** дугаар байр нь Худалдаа хөгжлийн банкны 2015.12.14-ний өдрийн зг/149 тоот барьцаанд бүртгэлтэй гэх агуулга бүхий албан бичгийг үндэслэн Худалдаа хөгжлийн банк ХХК-г гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой талаар тайлбарласан болно.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дүдэл овогт Б ийн Л /рд:Ч***/-ийг Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П хотхоны * дугаар байрны ** дүгээр давхар, ** тоот хаягт байрлах 128.21 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 115 401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 2 115 401 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ