Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ч овогт Э ы Ц т холбогдох 201725030650 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 12 дугаар гудамжны 48 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 420 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Э ы Ц  (РД:..............),

нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт буюу булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр болон шууд санаатайгаар 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны 2 дугаар орцонд хохирогч Ч.Хуланг гэртээ орохоор явж байхад нь түүний цүнхтэй эд зүйлсийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, цүнх, түрийвч, гар утас болон бэлэн 200.000 төгрөгийг нь дээрэмдэж, 1.210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны 2 дугаар орцонд хохирогч Ч.Хулангийн цээж, толгой дагз руу гараараа цохьж зодон цүнхтэй эд зүйлийг буюу түрийвч, гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, нийт 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

            шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “…Би 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 24 цагийн үед Тэнгис кино театраас хороололд байх найзтайгаа уулзах гээд явж байхдаа Аз малл худалдааны төвийн зүүн талын цагаан өнгийн 9 давхар цагаан байшингийн хойд талд цагаан өнгийн автомашин дотор 2 эмэгтэй хүн сууж байгаад нэг нь буугаад уг 9 давхар байрны 2 дугаар орц руу ороход нь араас нь дагаж ороод лифтний хажууд зогсохоор нь дагаж хажууд нь зогссон чинь дээшээ шат руу алхаад явж байхад нь араас нь гүйж очоод Айфон 6 маркийн гар утас, барьж явсан цүнхийг нь дээрэмдэн авсан юм. Тэгээд орцноос гүйж гараад Аз малл худалдааны төвийн арын хаалганы шатны хажууд очоод цүнхийг нь ухаж мөнгийг нь гар утастай нь аваад цүнх түрийвч хоёрыг нь хажуу талынх нь гражийн дээвэр дээр шидчихээд цаашаа явсан. Гараараа 2  удаа цээж хэсэг рүү нь цохьсон. Тэгээд эд зүйлийг нь авах гэж жаахан ноцолдсон. Би шатан дээр татаж суулгаад цүнхийг нь авах гээд ноцолдоод нааш цааш түлхэж байхад өөрөө савалтандаа толгойгоороо шат мөргөсөн байх гэж бодож байна. Би гар утсыг нь буцаагаад өгчихсөн байгаа. Одоо үлдсэн мөнгө төгрөгийг нь барагдуулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна. Ч.Хулангийн хохирлыг бүрэн барагдуулна” гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Хулангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны гадна талд найзынхаа автомашинаас буугаад гэртээ орох гээд 5 дугаар байрны 2 дугаар орц руу ороод лифт хүлээгээд зогсож байсан чинь араас үл таних хүйтэн царайтай эрэгтэй хүн орж ирээд хажууд зогссон. Би тэр хүнээс жаахан айгаад лифтэнд цуг сууж болохгүй юм байна гэж бодоод шатаар өгсөх гээд 1 давхраас 2 давхар руу өгсөх шатаар өгсөөд явж байтал араас нөгөө эрэгтэй хөөе цаг хэд болж байна гэхээр нь 12 цаг өнгөрч байгаа байх гэж хэлтэл лифтний тэндээс шууд гүйж ирээд хөөе чи муу цагаа хэлээд өгчихөд яагаад байгаа юм бэ? гээд нэг гараараа миний барьж явсан цүнхнээс татаад нөгөө гараараа миний толгой руу цохиод доош гүйсэн би цүнхэндээ чирэгдээд шатны уруу унасан ба намайг цүнхнээс тавихгүй зуураад байсан чинь толгой дагз хэсэг рүү 6-7 удаа цохиод байсан. Би арга буюу цүнхээ тавьсан чинь миний цүнхийг аваад гараад зугтааса. Би манараад арга буюу цүнхээ гарнаасаа тавьсан. Толгой руугаа олон удаа цохиулсны улмаас толгой хөдөлсөн байсан. Дагз хэсэгт хавдсан байсан. Миний цүнхэнд Айфон 6 эс маркийн гар утас, бэлэн 200.000 төгрөг, түрийвч гэх мэт ойр зуурын эдлэл байсан. Тэд нарыгаа олчихсон учраас тэр талаар бол гомдолгүй. Би гар утсаа буцаан авсан. Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Тэмүүжин гэдэг цагдаа намайг дуудаад миний гар утсыг надад хүлээлгэн өгсөн. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан. Урьд нь манай ээж Долгорсүрэн надаас 235.000 төгрөг зээлчихсэн байж байгаад 2017 оны 3 дугаар сарын 10-ны орой буцааж 235.000 төгрөг өгсөн байсан юм. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 10-ны орой бүх мөнгөө аваад найзуудтайгаа уулзаж Калифорниа ресторанд орж 30 гаруй мянган төгрөгийн тооцоо хийсэн юм. Тэгээд үлдсэн бүх мөнгө нь цүнхэнд явж байсан. Би гомдолтой байна. Утас цүнх болон бусад эд зүйлээ буцаан авсан. Одоо 200.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн би тэр хүнд цохиулсны улмаас 3 удаа толгойгоо 15.000 төгрөгөөр бариулсан. Толгойны томографид 100.000 төгрөг, имарайгаар 225.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг,

гэрч Т.Долгорсүрэнгийн “Миний охин Ч.Хулан 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 22.00 цагийн үед найзуудтайгаа уулзаад жаахан байж байгаад ирье гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд би унтах гээд орондоо хэвтэж байтал манай охин Ч.Хулан дээрэмдүүлчихлээ гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд хүү Бадрал шууд гараад гүйсэн. Би араас нь охинтойгоо хамт гарч жижүүртэй уулзаад цагдаа дуудсан… Би урьд нь охин Хулангаас 235.000 төгрөг зээлчихсэн юм. Тэгээд тэр өдөр охин маань найзуудтайгаа уулзах гээд зээлсэн мөнгөө авъя гэхээр нь 235.000 төгрөгийг нь өгсөн юм. Тэгээд тэр мөнгөө авч яваад дээрэмдүүлчихээд ороод ирсэн юм.” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Цэнд-Аюушийн “…би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар орцны 1 давхарт 01 тоот гэртээ 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 24.00 цагийн үед унтахаар хэвтэж байтал гэнэт орцонд эмэгтэй хүн хашгираад хөөе гараад ирээч намайг хүн дээрэмдлээ гээд орилоод байсан. Би хувцсаа өмсөөд гарсан чинь орцны 1 давхарт манай 6 дугаар давхрын Ч.Хулан гэх эмэгтэй сандарч тэвдсэн байдалтай сая намайг хүн дээрэмдчихлээ толгой руу цохьж байгаад цүнхийг минь аваад явчихлаа гэж байсан. Тэгээд цагдаа дуудна гээд дээшээ орсон ба удалгүй цагдаа нар ирчихсэн байсан” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Бадралын “…Намайг 2017 оны 3 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь дүү Хулан гэрт байгаагүй. Шөнө 24.00 цагийн үед Хулан уйлчихсан байдалтай, доор 1 давхарт гэртээ орох гэж явж байгаад дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөрөөд гүйгээд гарсан чинь гадаа байрны жижүүр Хуланг дээрэмдсэн этгээдийг хайж байгаа байдалтай ийш тийшээ харчихсан зогсож байсан. Нэг цагдаа Аз малл худалдааны төвийн тэр зүгээс Ч.Хулангийн цүнхийг барьчихсан ирж байсан” гэх мэдүүлэг,

гэрч Г.Оюунбаатарын “…Би хяналтын камерын өрөөндөө камераа хянаад сууж байтал 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 24.00 цагийн үед байх манай арын хаалганы дээр байрлах камерт дүрс үзэгдээд хаалга руу орох шатны урд талд Аз маллын барилгыг налаад ертөнцийн зүгээр зүүн тийш хараад юүдэнтэй малгайтай хүн зогсчихоод бөхийгөөд нэг юм ухаад зогсоод байсан. Би хараад байсан чинь нэг зүйл шидчихсэн. Шидсэн зүйлийг нь харсан чинь цүнх мэт хар зүйл байхаар нь энэ ер нь сэжигтэй хүн байна гэж бодоод цагдаа дуудсан. Цагдаа дуудаад дөнгөж удаагүй байтал нөгөө хүн урагш гүйгээд явчихсан. Тэгээд удалгүй цагдаа ирэхэд нь уулзаад уг цүнх шидсэн газрыг нь зааж өгсөн чинь цагдаа очиж уг шидсэн зүйлүүдийг нь авч бууж ирээд энэ саяхан дээрэмдүүлсэн хүний эд зүйл юм шиг байна. Хохирогч нь манай машинд сууж байгаа юм гэж хэлээд уг уд зүйлсийг нь аваад явсан. Машин дотор сууж байсан эмэгтэй уг цүнхийг хараад миний юм мөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

гэрч Д.Жанчив, Г.Амарбаясгалан нарын “…2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 24 цаг 13 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Аз малл худалдааны төвийн ард талд нэг залуу гражны дээгүүр нэг хар юм шидчихээд урагшаа гүйчихлээ цүнх байж магадгүй хулгай дээрмийн юм байж магадгүй шалгаарай гэсэн утгатай дуудлага ирсэн юм. Энэ дуудлагын дагуу очоод ойр орчмоор шалгаж байтал 5 дугаар хороо Аз маллын зүүн талын 5 дугаар байрны тэндээс нэг эмэгтэй цагдаагийн машин харчихаад хүрээд ирсэн ба 5 дугаар байрны 2 дугаар орцонд цүнхээ, гар утсаа дээрэмдүүлчихлээ гэсэн. Тэгээд бүрэлдэхүүн дуудаад ойр орчмоор сэжигтэй этгээдийг шалгаж байхад Аз малл худалдааны төвийн жижүүр эрэгтэй гарч ирээд би дуудлага өгсөн юм. Сая нэг залуу граж дээр нэг цүнх шиг юм давуулж шидчихээд яваад өглөө гээд уг цүнх байгаа газрыг зааж өгсөн ба би хохирогчтой хамт үлдээд манай хамтрагч Г.Амарбаясгалан граж руу гарч шалгаад хар өнгийн цүнх, түрийвч хоёр авчирсан чинь Ч.Хулан гэх эмэгтэй миний цүнх, түрийвч мөн байна дотор нь байсан Айфон 6 эс маркийн гар утас, 200.000 төгрөг алга болчихсон байна гэж байсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалалтад авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг,

“1.Хулангийн биед дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.” гэх хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.3.11-ний №3673 тоот акт, гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ч овогт Э Ц бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Э.Цыг урьд булаах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн

 

 

Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн ба 2015 оны Эрүүгийн хуульд дээрэмдэх гэмт хэргийг урьд булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн байх хүндрүүлэх шинжийг заагаагүй тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Э.Цт   2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан ял оногдуулах нь зүйтэй.  

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчид цүнх, гар утас, түрийвч буцаан олгогдсон ба шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний болон бусад хохирол 540.000 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.   

Шүүгдэгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 111 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч овогт Э Ц бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Цыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Цт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Цын цагдан хоригдсон 111 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ