Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 934

 

 

 

 

 

 

 

 

 

 Ш ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00594 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 135 921 төгрөг, зээлийн хүү 579 029 төгрөг, алданги 2 067 960 төгрөг, нийт 6 646 989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагчийн өмгөөлөгч А.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Мөнхтуул

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш ХХК -ийн төлөөлөгч И.Мөнхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Д.Г  нь 2018 оны 05 сарын 17-ны өдөр Ш ХХК -тай 72-25 УБУ улсын дугаартай Хьюндай Соната-7 /Hyundai Sonata-7/ автомашиныг 6 сарын хугацаатайгаар сарын 3.5%-ийн хүүтэйгээр барьцаалж фидуцийн гэрээ байгуулсан болно. Гэрээнд зааснаар Д.Г  нь сар бүр 1 000 000 төгрөгийг хүүгийн хамтаар төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Д.Г  нь 6 сард 916 009.25 төгрөг хүүгийн хамтаар хүү 210 000 төгрөг, 7 сард 948 069.58 хүүгийн хамтаар хүү 177 939 төгрөг, нийт 2 387 939 төгрөг төлсөн. Гэвч 2018 оны 08 сараас эхлэн өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 4 135 921 төгрөг, хүү 579 029 төгрөг, алданги 100 хоног 2 067 960 төгрөг, нийт 6 646 989 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Г гээс 4 368 117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК -д олгож, үлдэх 2 278 872 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 302 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Г гээс улсын тэмдэгтийн хураамжид 84 840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК -д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны талаар: Ш ХХК -ийн нэхэмжлэлтэй, Д.Г д холбогдох иргэний хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаад харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Уг иргэний хэрэг тус шүүх дээр шилжиж ирснээс хойш хариуцагч Д.Г  нь хэргийн материалтай танилцаагүй, нөлөөллийн мэдүүлэг дээр гарын үсэг зураагүй, эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй байдаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед Д.Г  нь Г.Ганцэцэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэлийн агуулга буюу эрх олгосон хэсэгт “... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөх, нэхэмжлэлийг хүлээн авах ...” гэсэн итгэмжлэл олгосон. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Г.Ганцэцэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байсан байна. Г.Ганцэцэг нь шүүх хуралдаан дээр итгэмжлэлийн энэ нөхцөл байдлын талаар хэлсэн байдаг ба 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны өмнө тус шүүхэд төлөөлөх итгэмжлэл байхгүй тул төлөөлөх боломжгүй, хариуцагчтай холбоо барьж чадахгүй байгаа талаараа тайлбарлан бичиж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. ...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 03 тоот зээлийн гэрээ байгуулсан байдаг. Мөн өдрийн фидуцийн гэрээний эхний хуудас хэрэгт авагдсан. Гэтэл зээлийн гэрээний барьцаанд авсан гэх 72-25 УБУ улсын дугаартай, Хьюндай Соната-7 /Hyundai Sonata-7/ загварын автомашин Ш ХХК -ийн нэр дээр байдаг. Хариуцагчийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үүнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргахаар сөрөг нэхэмжлэлээ бичиж, улсын тэмдэгтийн хураамжаа төлөөд ирсэн боловч намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00594 дугаар шүүхийн шийдвэрээс харахад Ш ХХК -д хариуцагч Д.Г  4 368 117 төгрөгийг гаргаж өгөөд дээрээс нь барьцаанд тавьсан 72-25 УБУ улсын дугаартай, Хьюндай Соната-7 /Hyundai Sonata-7/ загварын автомашин Ш ХХК -ийн өмчлөлд үлдэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00594 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.   

           

                                                                   ХЯНАВАЛ:

Зохигчид маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан  эвлэрлийн гэрээ ирүүлснийг давж заалдах шатны шүүхээс баталж, шийдвэрлэх боломжтой байна.

            Нэхэмжлэгч Ш ХХК  нь хариуцагч Д.Г д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 135 921 төгрөг, зээлийн хүү 579 029 төгрөг, алданги 2 067 960 төгрөг, нийт 6 646 989 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байдаг.

   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 368 117 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид дараах нөхцөлөөр эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ш ХХК  нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 278 872 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Д.Г  нь нэхэмжлэлийн шаардлагын 4 368 117 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1 368 117 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй тул талуудын эвлэрлийг шүүхээс батлах хуулийн үндэслэлтэй.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00594 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Г  нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 368 117 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ш ХХК  нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 278 872 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас Д.Г гээс төлсөн 85 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН