Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 23

 

 

                                      

 

      С.Лхагвасүрэнд холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолтой С.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 2136000000018 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 09 дүгээр сарын 21ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Гантуяа, прокурор З.Алтансолонго, шүүгдэгч С.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцов. 

 

Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт  суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2500000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Тугтан овогт Сумъяагийн Лхагвасүрэн/ПЗ74040411/,

Шүүгдэгч С.Лхагвасүрэн нь Ховд  аймгийн Буянт сумын Нарийнгол багийн нутаг дэвсгэр “Цуурай” гэх нэртэй газарт байрлах Б.Алдархишигийн адуунд нийлсэн байсан И.Суманхүүгийн эзэмшлийн буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, хүрэн зүсмийн адууг миний алдсан адуу гэх нэрийдлээр өөрийн эзэмшилд авч улмаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын эхээр Д.Бэгежанд 1000000 төгрөгөөр худалдаж, бусдын алдуул малыг завшиж хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1.Шүүгдэгч Тугтан ургийн овогт Сумъяагийн Лхагвасүрэнг алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэнг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000/ нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэнгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1000000/нэг сая/ төгрөгийг албадан гаргуулж хохирол төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэнд оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялыг 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Лхагвасүрэнгээс 1000000/нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч И.Суманхүүд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч шүүгдэгч нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж ял оногдуулсан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч С.Лхагвасүрэнгийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан боловч гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл С.Лхагвасүрэнгийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах иргэд хоорондын маргааны шинжтэй асуудал тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа гомдлын агуулга бол ерөнхийдөө иргэний эрх зүйн харилцаа юм. Иргэд хоорондын маргааны шинжтэй асуудал байна гэдэг гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Гэвч гомдол дээрээ бол иргэний эрх зүйн ямар харилцаа хөндөгдсөн бэ гэдгийг тодорхой тусгаж, гол үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна. Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан гэрч н.Алдархишигийн мэдүүлэгт “н.Лхагвасүрэн нь тухайн үед морио хайж ирсэн, гэхдээ дэлгүй морь хайж явсан тул энэ морь дэлтэй морь байна, таны морь биш байна гэсэн тайлбарыг хэлсэн боловч хүчээр авч явсан” юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолд хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг хамруулж үндэслэлтэй тайлбарласан гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн талаас өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа юм байна. Анхан шатны шүүхээр шүүгдэгчийг гэм буруутай гэдгийг тогтоосон. Цагдаа мөрдөн байцаалтын үе шатанд гэм буруутай нь тогтоогдсон байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шударга бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийг зөв хэрэглэсэн үндэслэлтэй тул уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэнд  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Лхагвасүрэнг Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Цуурай” гэх нэртэй газарт байрлах Б.Алдархишигийн адуунд нийлсэн байсан И.Суманхүүгийн эзэмшлийн буруу гуян дээрээ босоо дэгрээ тамгатай, хүрэн зүсмийн адууг “миний алдсан адуу” гэх нэрийдлээр өөрийн эзэмшилд авч улмаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын эхээр Д.Бэрегжанд 1000000 төгрөгөөр худалдаж, бусдын алдуул малыг завшиж хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч   С.Лхагвасүрэнг алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.Лхагвасүрэн болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.Лхагвасүрэн нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоогүй, С.Лхагвасүрэнгийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах иргэд хоорондын маргааны шинжтэй асуудал байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдол гаргажээ.

Шүүгдэгч   С.Лхагвасүрэн нь алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч И.Суманхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Алдархишиг, Г.Ууганбаяр, Д.Бэрегжан,  Ш.Даваатогтох, Шинжээч Ц.Ононбат нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, Малын үнэлгээ тогтоосон талаарх шинжээчийн дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгч С.Лхагвасүрэнг   алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгийн торгох  ял оногдуулсан нь  гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар,хэр хэмжээ,гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг тайлбарлаж хэрэглэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул түүний давж заалдах шатны шүүхээс зөвтгөж залруулах боломжтой байна. Тодруулбал шүүгдэгч С.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого “1.000.000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгох байтал түүнийг албадан гаргуулж хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй байна.Энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгч  нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч С.Лхагвасүрэнгийн үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх боловч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй буюу өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 заасан шаардлагын хангахгүй байх тул давж заалдах шатны шүүх түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг өршөөлд хамруулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3  дахь хэсэгт зааснаар  “1.000.000 /нэг сая/ төгрөгийг албадан гаргуулж хохирол төлүүлсүгэй” гэснийг ““1.000.000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж , шүүгдэгч түүний өмгөөлөгч  нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                                  

           

             

                    

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

 

                                     ШҮҮГЧИД                                         Д.КӨБЕШ

 

                                                                                              Н.ТУЯА