| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/01578/И |
| Дугаар | 183/ШШ2023/02934 |
| Огноо | 2023-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2023/02934
2023 оны 09 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2023/02934 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух, **** овогт ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух, **** овогт *****-д холбогдох
37 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* холбогдуулан 37 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:*******эй хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Гэрээний агуулга нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад шаардлагатай бүх бичиг баримтуудыг бүрдүүлж консалтинг хийдэг гэсэн агуулгаар*******эй анх холбогдсон. Танай байгууллагын консалтинг хийх боломжтой бичиг баримтыг манайх гаргаж өгөх боломжтой гэж анх хэлж байсан. Ажлын нийт хамтран ажиллах баримт бичиг бүрдүүлэх ажлын хүсэлтэд 25 000 000 төгрөг өгнө гэж тохирсон. 25 000 000 төгрөгийг******* хадам ах,*******эй хамт аваачиж өгч байсан. 15 000 000 төгрөгөөр нэг удаа, 10 000 000 төгрөгөөр нэг удаагаар өгч байсан. Бэлнээр мөнгө авдаг учраас бэлэн авна гэж хэлсэн. Дараагаар 05 дугаар сарын 20-ны өдөр бичиг баримтыг хийж өгнө гэж байсан. Үүнийгээ хийж өгөөгүй. Асуудал явсаар байгаад 2021 оны 08 дугаар сар хүрсэн. 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр С.Ганпүрэв*******ийн нэрийг барин хариуцагч компаниас байр авсан. Дээрээс нь компьютер Нийслэлийн иргэдийн төлөөлөгч гэж хүнд компьютер бэлгэнд өгсөн байсан. Тэр бүхний тооцоог*******ээс аваарай манай байгууллага хуулийн зөвлөгөө өгдөг гэсэн байдлаар хандаад орхисон байсан. Эвлэрэх санал байна уу гэсэн байдлаар жилийн турш хүлээсэн. Боломжоороо яриад тохироод хуваагаад өгчих гэхэд хариу өгөөгүй. Одоо утсаа ч авахгүй холбогдохгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хамтран ажиллах гэрээний шаардлагыг хангуулах гэрээний үндсэн дээр өгсөн 25 000 000 төгрөг, нийт гэрээний хугацааны алданги 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд биечлэн ирээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж, 2022.11.08-ны өдрийн 1473 дугаар итгэмжлэл, 2021.05.20-ны өдрийн 2105/05 дугаар хамтран ажиллах гэрээ, 2023.03.01-ний өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрэн сурвалжлалтын зогсоосон тухай албан бичиг, 2023.07.02-ны өдрийн 08 дугаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх 2-6 хуу, 22-23 хуу/
4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* холбогдуулан 37 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:*******эй хамтран ажиллах гэрээг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, 25 000 000 төгрөг төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний төлбөрт төлсөн 25 000 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч С.Ганпүрэв шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2021.05.20-ны өдөр нэхэмжлэгч*******, хариуцагч С.Ганпүрэв нарын хооронд 1 сарын хугацаатай, 25 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий 2105/05 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээний төлбөрийг******* гаргах, С.Ганпүрэв нь зохион байгуулалт, үйл ажиллагааг хариуцаж бичиг баримт, гэрээний төслийг тохирсон хугацаанд боловсруулан хүлээлгэн өгөх нөхцлийг тохиролцож, талууд гарын үсэг, тамга, тэмдэгээр баталгаажуулсан, /хх 4,5 хуу/
4.2 2023.03.01-ний өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичгээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хотхон 1027 дугаар байр 37 тоотод оршин суудаг тул эрэн сурвалжлалтыг зогсоосон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 6 хуу/
5. Зохигчдын хооронд байгуулагдсан 2021.05.20-ны өдрийн 2105/05 дугаар гэрээ нь нэршлийн хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээнд хамаарах мэт боловч гэрээний 2.1-д хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагаагаар А тал нь санхүүжилтийг шилжүүлснээр Б тал нь бичиг баримтыг 21 хоногийн дотор боловсруулан А талд шилжүүлнэ гэж тусгаснаас үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний төлбөрт төлсөн 25 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
Хэргийн баримтаар хариуцагч гэрээний үүргийг гүйцэтгэсэн эсэх талаар баримт авагдаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар нэг тайлбар гаргаагүй.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч гэрээний үүргийг гүйцэтгэсэн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардах эрхтэй гэж дүгнээд хариуцагчаас 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн, маргаан бүхий гэрээний 3.3-т ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө талдаа үүргийн үнийн дүнгийн 20 хувийн торгууль эсхүл үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн алданги төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасанд тус тус хамаарахаар байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч 12 500 000 алданги гаргуулахаар шаардлагаа тодорхойлж байх тул алдангид холбогдох 12 500 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
6. Шүүхээс хариуцагчид 2023.05.22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарласан.
2023.07.03-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч авах, эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэх хүсэлтийг хүлээн авч хойшлуулсан, 2023.09.13-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчид утсаар тов мэдэгдсэн боловч шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцнэ гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан.
Үүний дараа 2023.09.27-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсаар болон утсаар өөрт нь мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт, хүсэлтийг ирүүлээгүй, хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч 37 500 000 /гучин долоон сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 345 450 төгрөг нэхэмжлэгч*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ