Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/01433

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 06 өдөр    Дугаар 181/ШШ2016/01433 Улаанбаатар хот          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Л //-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Ө //-т холбогдох

гэм хорын хохиролд 13 273 724 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, түүний өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, иргэдийн төлөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Л нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэвлийгээр маш хүчтэй өвдөж, түргэн тусламж дуудан савны гадуур жирэмсэлсний улмаас цус алдаж клиникийн нэгдүгээр төрөх эмнэлэгт очиж хагалгаанд орж уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан.

Тэр үеэс хойш бүрэн эдгэхгүй явсаар 2015 онд дахин өвдөж эмнэлгийн байгуулагуудаар явж зохих шинжилгээнүүдийг өгсөн боловч онош тодрохгүй явсаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгдо эмнэлэгт нарийн гэдэсний түгжрэл, зангилаа гэсэн оношоор хэвтэж, мэс засал хийлгэсэн.

Хэвтсэний маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яаралтай хагалгаанд орж нарийн бүдүүн гэдэсээ тайруулан давсагаа оёуулсан. Энэ эмнэлэгт мэс ажилбар хийлгэсний дараа миний биеээс гарсан эдийг шинжилгээнд өгөхөд гадны биет буюу 15 см орчим хэмжээтэй марль байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаарх кистологийн шинжилгээ болон бусад баримтууд тус эмнэлэгт хадгалагдаж байгаа болно. Дээрх марль нь 3 жилийн өмнөх нэгдүгээр төрөх эмнэлэгт хийгдсэн хагалгааны улмаас үлдсэн эд байсан.

Д.Л нь нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч, сувилагч нарын буруутай, хайхрамжгүй үйлдлээс болж гурван эрхтэнээ тайруулан, бие махбодийн болон сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орж одоог хүртэл бие өвдсөөр эмнэлгийн хяналтад байгаа болно.

Эмчилгээ хагалгааны зардалд хамгийн багаар тооцоход Улаанбаатар Сонгдо эмнэлэгт мэс ажилбар хийлгэсний төлбөрт 12 003 874 төгрөг, тус эмнэлэгт шинжилгээ хийлгэсний төлбөрт 323 200 төгрөг, Гранд мед эмнэлэгт шинжилгээ хийлгэсний төлбөрт 650 000 төгрөг, Баянгол эмнэлэгт шинжилгээ хийлгэсний төлбөрт 104 000 төгрөг, Энхлаб лабораторид шинжилгээ хийлгэсний төлбөрт 104 000 төгрөг, Чин ачлал эмнэлэгт эмчилгээ хийлгэсний төлбөрт 376 000 төгрөг нийт 13 514 074 төгрөгийг зарцуулсан боловч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 13 273 724 төгрөгийн хохирол амсаад байна гэж нэхэмжлэл гаргасан.

Энэ талаар тус эмнэлгийн дарга, хариуцсан эмч, ажилтнуудтай уулзсан боловч тодорхой хариу өгөхгүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан тул Ө хариуцан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Иймд хариуцагч Ө аас гэм хорын хохиролд 13 273 724 төгрөг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Л нь савны гадуур жирэмсэлсний улмаас Ө т /Клиникийн нэгдүгээр амаржих газар/ 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэвтэн мэс засал хийлгэсэн нь үнэн.

Кистологийн шинжилгээгээр 2012 онд хийсэн мэс ажилбараас үлдсэн гадны биет болох марль нь хүний биед гурван жил хадгалагдах боломжтой, үүний улмаас нарийн гэдсэнд түгжрэл, шархлаат цооролт, наалдац үүсэх боломжтой гэж гарсан.

Манай эмнэлэг төсвийн байгууллага учраас хөрөнгө, мөнгө байхгүй.

Нэхэмжлэгч Д.Л гийн нэхэмжилж буй гэм хорын хохирол 13 273 724 төгрөгийн хувьд маргахгүй, зөвшөөрч байгаа боловч тухайн үед Д.Л д мэс засал хийсэн эмч Б.Батням, Л.Үнэнцацралт, эх баригч Ө.Алтанчимэг, дүрс оношлогооны эмч Т.Алтанхуяг, сувилагч Г.Лхагвадорж нараар төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Ө аас гэм хорын хохиролд 13 273 724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ө нь гэм хорын хохирод нэхэмжилж буй 13 273 724 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч төлөхгүй, тухайн үед мэс ажилбар хийсэн эмч, сувилагч нар хариуцан төлнө гэж маргажээ.

Д.Л нь савны гадуур жирэмсэлсний улмаас Ө т /Клиникийн нэгдүгээр амаржих газар/ 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэвтэн мэс засал хийлгэжээ./хх-ийн 28-44-р хуудас/

НЭГ: Улаанбаатар Сонгдо эмнэлэг Д.Л д мэс ажилбар хийх үед түүний биеээс гарч ирсэн эд зүйлийн лабораторийн буюу эдийн шинжилгээний хариуд:

Өвчтөн П.Л , 45 настай, эмэгтэй, ID319201

Мэс засал хийж эдийн шинжилгээнд ирүүлсэн материалын үлэмжийн бичлэг: Явуулсан эд нь хэсэгчлэн тайрагдсан нарийн болон бүдүүн гэдэсний хэсгүүд. Тайрагдсан нарийн гэдэсний хэсэг нь хоорондоо наалдсан, наалдацыг салгаад нарийн гэдсийг нээхэд салст бүрхүүл нь хэвийн харагдах бөгөөд 2х1см хэмжээтэй цоорсон нүхтэй байв. Нарийн гэдэсний хананд 5,5х2,5х2 см хэмжээний зөөлөн эд гадна талдаа наалдсан бөгөөд эмнэлзүйгээр давсагны хананаас гэсэн. Бүдүүн гэдэсний хэсэг нь 6 см урттай, дэлгэсэн өргөн нь 5 см, гадна давхар нь сорвижлын улмаас зузаарсан, 2 хэсэг зөөлөн эдүүд байсан бөгөөд эдгээр нь эмнэлзүйгээр нарийн гэдэс, бүдүүн гэдэсний залгааснаас гэсэн. Мөн 15 см урттай, цөс болон шар өнгөтэй зүйлээр нэвчсэн марльны хэсэг байв.

Эмгэг судлалын онош:

Нарийн гэдэс:Нарийн гэдэсний шархалж цоорсон өөрчлөлт, гадна давхаргын соривжил,/ наалданги/, гэдэсний ханан дахь цусны эргэлтийн хямрал-судасны цус дүүрэлт,

Давсагны хана: Булчин болон өөхөн эдийн голомтот архаг үрэвсэл, гадны биетийн аварга эсийн урвал, судасны цус дүүрэлт.

Бүдүүн гэдэс: Гадга давхаргын соривжил, судасны цус дүүрэлт.

Залгаас: Судасны цус дүүрэлт гэжээ. /хх-ийн 79-81-р хуудас/

ХОЁР: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1049 дугаартай дүгнэлтэд:

Дүгнэлт:

1.Ирүүлсэн маттериалаас үзэхэд Д.Л нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зүүн талын үрийн гуурсан хоолойд жирэмсэлж задарсны улмаас, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нарийн гэдэсний түгжрэл, шархлаат цооролт, нарийн бүдүүн гэдэс, давсагны наалдацат архаг үрэвслийн улмаас тус тус мэс ажилбар хийлгэсэн байна.

2.Ирүүлсэн материалаас үзэхэд гадны биет буюу марль нь гурван жил хүний биед хадгалагдах боломжтой байна. Үүний улмаас нарийн гэдсэнд түгжрэл, шархлаат цооролт, нарийн, бүдүүн гэдэс, давсагны наалдацат архаг үрэвсэл үүсч мэс ажилбарт оржээ гэжээ. /хх-ийн 134-135-р хуудас/

Нэхэмжлэгч Д.Л г Ө т 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэс ажилбар хийхдээ түүний гэдсэнд гадны биет буюу 15 см орчим урттай марль үлдээсэн, түүний улмаас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгдо эмнэлэгт нарийн бүдүүн гэдэсний түгжрэл, шархлаат цооролт, нарийн бүдүүн гэдэс, давсагны наалдацат архаг үрэвлийн улмаас мэс ажилбар хийлгэсэн, хэвтэн эмчлүүлсэн болон эмчилгээний төлбөр гэм хорын хохирол 13 273 724 төгрөг зарцуулсан болох нь шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1049 дугаартай дүгнэлт, Ө , Улаанбаатар Сонгдо эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн тухай төрөлтийн болон өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 45-64, 69, 80-82,101-112,120-124,126-132-р хуудас/

Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Л нь Ө ын эмч, сувилагч нарын гэм буруутай үйлдэл /биед нь 15 см урттай марль үлдээсэн/-ээс түүний нарийн гэдсэнд түгжрэл, шархлаат цооролт, нарийн, бүдүүн гэдэс, давсагны наалдацат архаг үрэвсэл үүсч мэс ажилбар хийлгэсэн байх тул Д.Л д учруулсан гэм хорын төлбөрт 13 273 724 төгрөгийг Ө төлж барагдуулах үүрэгтэй.

Иймд Ө аас гэм хорын хохиролд 13 273 724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Л д олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1., 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч Ө аас гэм хорын хохиролд 13 273 724 /арван гурван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Л д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 224320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 


                                          

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР