| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/01154/И |
| Дугаар | 183/ШШ2023/03341 |
| Огноо | 2023-10-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2023/03341
2023 оны 10 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2023/03341 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух ****** ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* тоотод байрлах Д ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 2 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч А.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
шүүх хуралдааы нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Д ХХК-д
холбогдуулан гэрээний үүрэгт 2 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие IELTS-д бэлдэх зорилгоор гадаа явахад англи хэлний оноо хэрэгтэй байдаг учраас Д ХХК-тай очиж уулзаад IELTS-д бэлдэх зорилгоор гэрээ байгуулсан. Гэтэл сургалтад хамрагдах үед тус сургалтын байгууллага нь IELTS-д бэлддэг биш ерөнхий англи хэл заадаг болж таарч энэ талаар тэд манайх IELTS-д бэлддэг сургалт биш, гэхдээ нэмэлт багш гаргаж өгөөд IELTS-д бэлдэе гэсэн боловч гадаад багш нар нь IELTS-г гадаад хэл мэддэг хүн бүр заадаггүй, харин ярианд тусалж өгч болох юм гэж хэлээд сургалт үргэлжилсэн. Миний зорилго IELTS-н шалгалтад бэлтгэх байсан учир цаг хугацаа, мөнгөний гарз болсон. Гэсэн хэдий ч нэгэнт гэрээгээ байгуулаад төлбөрөө төлсөн учраас сургалтыг үргэлжлүүлсэн. Гэтэл энэ байгууллагаас тантай байгуулсан гэрээ 3 түвшингийн сургалт явуулахаар тохиролцсон гээд 1 дүгээр сарын 21-ний өдөр миний хичээлийг хаасан. Иймд IELTS-н шалгалтад бэлтгээгүй, гэрээгээр тохиролцсон хугацааг дуустал сургалтын үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөрт төлсөн 2 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай Д ХХК нь Английн Wall компанитай франчайзийн гэрээ байгуулаад англи хэлийн олон улсын стандартын дагуу зааж сургадаг байгууллага. Манай компани нэхэмжлэгч А.У тэй 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сургалтын гэрээг байгуулсан. Тус сургалтын гэрээгээр талууд юу гэж тохирсон бэ гэвэл суралцагчийн түвшинг тодорхойлоод тухайн үед 13 дугаар түшинд байсан гэж үзээд эндээс 17 дугаар түвшинд хүргэх сургалтыг 2 900 000 төгрөгөөр дуусгая гэж гэрээг байгуулсан. Манайх хөтөлбөрийн хүрээнд суралцагчийг цахимаар сонсох, ярих, унших, бичих сургалтыг гадаад багш нартай сургалтыг бататгах байдалтай явуулдаг. Суралцагч өөрийн түвшинд тохирсон хичээлийг цахим системд 14 хоногийн хугацаанд тодорхой даалгавруудыг гүйцэтгээд бататгах байдлаар явдаг. Гэтэл юу болсон бэ гэхлээр нэхэмжлэгч 14 хоногт орох хичээлийг 7 хоногт ч юм уу 5 хоног ч юм уу хичээлээ хийгээд англи хэлээ бататгах багшийн хичээл дээр суудаггүй ийм байдлаар явсан. Ямар түвшинд хүрэх вэ гэдгийг хэн аль нь ухамсарлаад хүсэл сонирхлын үндсэн дээр гэрээ байгуулаад явсан. А.У нь гэрээнд заасан хөтөлбөрийн дагуу хичээлийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эхлүүлээд хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хичээлд суусан. Нийт 378 цагийн хичээлийг танхим болон цахимаар сурсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс суусан гэдэг дээр маргадаггүй. Тэгэхлээр бид нар тухайн гэрээнд заасан хичээлийг үзүүлээд ирсэн. Мөн нэхэмжлэгч сургалтын явцад манай сургалтын тогтоосон арга барилыг өөрөөр хийсэн. Танхимаар хичээлээ үзээд дараагийн цахим хичээлийг үзэх ёстой байхад хөтөлбөрийн сургалт явагдаж байхад дундаас нь танхимаар хийх хичээлээ хийхгүй байдлаар зөвхөн цахимаар орсон хичээлийг судлаад явсан. Сургалтын төвийн зүгээс бид нар ямар шаардлага тавьсан бэ гэвэл хөтөлбөрийн дагуу явна уу , танхимын хичээлдээ сууна уу гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. Танхимын хичээлд суудаггүй зүйлийг тодотгох зүйл юу вэ гэхлээр 2023 оны 01 дүгээр сарын 17, 18, 19-ны өдөр 14 хоногийн хугацаанд авах ёстой байсан хичээлийг 3 өдөр дараалуулаад авсан байсан. Бататгах хичээл нь ямар учиртай вэ гэвэл тэр хичээлээ тухайн түвшинд хангалттай мэдлэгийг авсан гэж үзвэл дараагийн түвшин рүү оруулдаг. Гэтэл манай сургалтын төвийн багш нарыг загнах, бүдүүлэг харьцах байдлаар харьцаж байсан. Бататгах хичээлээ хийгээжээ гэхээр хийхгүй явсаар байгаад дараалуулаад авч байх жишээний ийм нөхцөл байдал байсан. Бататгах хичээлд заавал биеэр суух шаардлагатай энэ талаар анхааруулж, тайлбарлаж, ярилцаж ирсэн. Бидний зүгээс шаардлагатай гэрээнд заасан 13- 17 дугаар түвшний хичээлээ зааж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар сургалтын гэрээнд заасан хугацаанд суралцагч нь үзэж дуусгах ёстой англи хэлний сургалтыг сургалтын гэрээний хугацаа дуусахаас өмнө түрүүлж дуусгавал сургалтын хугацаа мөн адил дуусгавар болно гэж заасан байдаг. Сургалтын хугацааны түвшин энэ түвшин хүртэл шүү гээд заагаад өгсөн байхад системгүйгээр, хөтөлбөрийн бус аргаар мөн өөрийн таваар байсны үндсэн дээр 17 дугаар түвшинг бүрэн дуусгасан байдаг. 18 дугаар түвшин хүртэлх хичээлээ өөрөө үзсэн. Манайх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд гэрээний хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2 900 000 төгрөг төлөөд нэлээдгүй цагийн хичээлийг авсан, багш нарын цаг хугацааг үрсэн. Бид нар гадаад багш нартаа маш өндөр цалинг өгдөг. Хичээлдээ сууж сууж явчхаад надад таалагдахгүй байна би гэрээнийхээ мөнгийг буцаагаад авъя гэсэн нь боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2023.02.28-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж, А.У ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022.10.28-ны өдрийн 02-1321 дугаар сургалтын гэрээ, А.У йн сургалтын төлөвлөгөө, 2022.10.28-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.10.258-ны өдрийн 2 900 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, зэргийг нотлох баримтаар ирүүлсэн. /хх 4-16 д.тал/
4. Хариуцагчаас 2023.03.20-ны өдрийн Д ХХК-иас Г.Г т олгосон итгэмжлэл, 2023.10.28-ны өдрийн 02-1321 дугаар сургалтын гэрээ, 2022.10.01-ний өдрийн 2022/16 дугаар итгэмжлэл, хичээлийн хоцрогдлын талаарх баримт, А.У ийн сургалтын талаарх баримт, хичээлийн хуваарь, 2018.03.17-ны өдрөөс 2023.03.17-ны өдрийг хүртэлх хугацааны multimedia гэх англи хэл дээрх баримтууд, , Key гэх англи хэл дээрх баримтыгтүүний орчуулга бүхий А.У ийн сургалтын талаарх баримтыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. /хх 23, 26-120 д.тал/
5. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2023.01.28-ны өдрийн IELTS test report form гэх англи хэл дээр баримтыг гадаад хэл дээр учир нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Д ХХК-д
холбогдуулан сургалтын төлбөр 2 900 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, IELTS-н шалгалтанд бэлтгээгүй, гэрээний хугацааг дуустал сургалтын үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөрт төлсөн 2 900 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлаж байна.
3. Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд сургалтын гэрээний дагуу 13-аас 17 дугаар түвшин хүртэл хичээлийг заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2022.10.28-ны өдөр А.У , Д ХХК-г төлөөлж Ж.П нарын хооронд 2022.11.01-ний өдрөөс 2023.05.01-ний өдрийг хүртэл хугацаатай, англи хэлний 13 дугаар түвшин хүргэх зорилготой, 2 900 000 төгрөгийн төлбөр төлөх нөхцлийг харилцан тохиролцсон 02-01321 дугаар сургалтын гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулсан, /хх 6-10, 26-30 д.тал/
4.2 2022.10.28-ны өдөр А.У нь 02-01321 дугаар сургалтын гэрээний төлбөрт 2 900 000 төгрөгийг Хаан банк дахь **** тоот дансанд шилжүүлсэн /хх 14-15 д.тал/
4.3 А.У нь 2022.10.31-ний өдрөөс 2023.01.21-ний өдрийг хүртэл сургалтад хамрагдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 32-111 ху/
5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, 2022.10.31-ний өдрөөс 2023.01.21-ний өдөр хүртэл нэхэмжлэнгч сургалтад хамрагдсан зэрэг үйл баримтад маргаангүй, харин сургалтын гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэлтэй эсэхэд маргаантай.
6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2012.10.28-ны өдрийн 02-01321 дугаар сургалтын гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заасан.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэж, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр ямарваа ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг шаардахгүй бөгөөд ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээдэг.
Нэхэмжлэгч сургалтын гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосныг эс зөвшөөрсөн агуулгатай, хариуцагч нь нэхэмжлэгчийн англи хэлний түвшинг 3 шатаар ахиулахаар гэрээгээр тохиролцсон учир гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн гэж тус тус мэтгэлцсэн.
Хэргийн баримтаар сургалтын гэрээний дагуу нэхэмжлэгч А.У нь 2022.11.01-ний өдрөөс 2023.01.21-ний өдөр хүртэл хугацаанд англи хэлний 14-17 дугаар түвшингийн сургалтанд хамрагдсан болох нь тогтоогдох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2012.10.28-ны өдрийн 02-01321 дугаар сургалтын гэрээнийн 4.1-д ...зорилго 13, зорилгыг хэрэгжүүлэх хамгийн дээд хугацаа нь 2022.11.01-ний өдрөөс 2023.05.01-ний өдөр хүртэл гэж тусгасан байна.
Дээрх гэрээгээр хариуцагчийн татгалзлын үндэслэл тогтоогдохгүй гэж үзэхээр буюу англи хэлний түвшинг тогтоогдсон хэмжээнээс 3 түвшин ахиулахаар тохиролцсон талаар дурдагдаагүй байна.
Иймд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болохоор, 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болгох хуулийн зохицуулалтанд нийцэхгүй байх тул нэхэмжлэгч суралцаагүй хугацаанд ногдох төлбөрийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, гэрээний нийт хугацаа болох 2022.11.01-ний өдрөөс 2023.05.01-ний өдөр хүртэл 181 хоногийг 100 хувь гэж үзвэл нэхэмжлэгч 2022.10.31-ний өдрөөс 2023.01.21-ний өдөр хүртэл 83 өдөр буюу хамрагдвал зохих хичээлийн 45.6 хувьд сургалтанд хамрагдаж, үлдэх 54.4 хувьд ногдох сургалтыг аваагүй байх тул 2 900 000 төгрөгийн төлбөрийн 54.4 хувьтай тэнцэх 1 577 600 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй гэж дүгнэв.
Харин гэрээгээр тохиролцсон үйлчилгээг хүлээн аваагүй, IELTS-н шалгалтанд бэлтгээгүй, ердийн англи хэл заасан гэх нэхэмжлэгчийн тайлбарын тухайд маргаан бүхий сургалтын гэрээгээр, IELTS-н шалгалтанд бэлтгэх талаар тохиролцоогүй болох нь сургалтын гэрээгээр нотлогдож байх тул үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан
хариуцагч Д ХХК-иас 1 577 600 /нэг сая таван зуун далан долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 322 400 /нэг сая гурван зуун хорин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 40 192 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.У д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ