2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2618

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Солонго, шүүгдэгч И.Б, нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *** овогт И.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000001568 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  И.Б нь 2025 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-ыг араас цохиж, өшиглөсөн гэх шалтгаанаар нүүрэн тус газарт тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны ооч, зүүн булан хэсгийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

         

          Шүүгдэгч И.Б: “...2025 оны 07 дугаар сарын 23-ны орой 17 цагт ажил тараад цуг ажилладаг ***н хамт гэрт нь очиж мах идэж, архи уусан, жолооч ***, ***, *** бид 4 байсан. Орой 22 цаг өнгөрөөгөөд ***, *** хоёр явсан, *** бид хоёр үлдсэн, хуучин цуг ажилладаг байсан *** руу яриад *** бид хоёр ***ын гэрт очсон. Гэрт нь *** байсан, тэр хоёр мөн архи ууж байсан, тэнд хоол идчихээд би унтчихсан, намайг унтаж байхад хажуу талаас хүн цохиод байсан, сэрээд харсан *** намайг цохиод байсан, би босоод бид хоёр хэрэлдсэн, цаг харсан өглөөний 6 цаг болж байсан. ***тэй *** маргалдаад гэрээс гарсан, би гэрээс араас нь гараад болиулах гэхэд *** над руу Увсынх гээд томроод байсан, араас ирээд өмднөөс зулгаагаад өшиглөөд байсан, би зүгээр байгаач ээ гээд баруун гарынхаа ар хэсгээр саваад цохичихсон, эргээд харахад *** сөхрөөд суусан байсан. Хүлээн зөвшөөрч байгаа, ***той найзуудын харилцаатай, одоо ч найзууд, хагалгаанд орсны дараа 300,000 төгрөг, дараа эм тарианы баримтаар 151,480 төгрөг шилжүүлж өгсөн, *** гомдолгүй гэсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн, энэ мөнгийг төлнө...” гэв.

 

          Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 07 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчим найз *** Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, зээлийн 4 дүгээр автобусны буудал дээр хүрээд ир гэж залгахаар нь очиж уулзсан. ***ын гэрт 0,75 граммын архи хувааж уусан, архи дуусаад дахин дэлгүүр орж, архи авсан, ***, *** хоёр согтуу ирсэн. *** шууд унтсан, ***, *** бид гурав архи уусан, архиа дуусаад ***, *** бид гурав такси бариад дэлгүүр орж 3 том пиво аваад ***ын гэрт ирэхэд шөнийн 04 цаг болж байсан. Авчирсан 3 том пиво уугаад сууж байхад ***, *** хоёр боссон. Тэгээд бид 4 бие засахаар гарсан, ***гийн баруун талд зогсоод бие засаж байхад *** гараа хойш саваад намайг цохисон, би ухаан алдаж унасан. Намайг сэрэхэд *** сэр л дээ гээд алгадаад, миний хажууд сууж байсан, тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Унтаж байгаад 10 цаг өнгөрөөгөөд сэрэхэд миний эрүү хавдсан байсан. ГССҮТ-д очиж үзүүлэхэд эрүү хугарсан, хэвтэж хадуул гэхээр нь эмнэлэгт хэвтэж хадуулсан. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгээс гарахад эмч төлбөрөө хийгээд гараарай гэсэн. *** руу залгаж мөнгөө явуул гэхэд 300,000 төгрөг шилжүүлсэн. *** эмнэлэгт ирж уулзаж өөр мөнгө байхгүй гэхээр нь ээжээс 500,000 төгрөг авсан, өөрт байсан мөнгөө нэмж эмчилгээний төлбөрөө төлсөн. *** 700,000 төгрөгийг цалин буухаар 08 дугаар сарын 04-ний өдөр өгнө гэж хэлсэн, дараа нь залгахад утсаа аваагүй, тэгэхээр нь цагдаад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлсэн...” /хавтаст хэргийн 6 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Л.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед ***ийн хамт ***ын гэрт очиход ***, *** хоёр архи ууж байсан, *** унтсан. ***, *** бид гурав нэг том пиво уугаад ярилцаж суусан, пиво дуусаад бид гурав дэлгүүрээс 2 том пиво авсан. Унтаж байсан ***ийг *** босоод ир, пиво ууя гээд татаад унтуулахгүй байсан. Би ***ыг болиулаад, дахин пиво уусан. 06 цаг болсон, ажлын залуу *** бид хоёрыг авах гэж ирсэн. *** бид хоёр гэрээс гарч *** бие зассан, тэгтэл *** ***ийн араас очоод хөл рүү өшиглөх шиг болсон. Тэгээд баруун гараараа зүүн мөрнөөс нь татсан, тэгтэл *** тавь гэж хэлээд зүүн гараа савахад ***ын эрүүнд цохигдсон. Би ***ыг машинаар гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд *** бид хоёр ажил руу явж байхад ***, *** руу утсаар залгаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд өдөр нь ***ын дүү нь *** руу залгаад ***ын эрүү хугарсан байна гэж хэлсэн. *** бид хоёр эмнэлэгт очиж ***той уулзахад ярьж чадахгүй байсан. ***ыг эмнэлгээс гарахад *** гэрт нь хүргэж өгсөн...” /хавтаст хэргийн 179 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баруун салаад найзуудын хамт төрсөн өдрөө тэмдэглэж, хоол унд идэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид тараад шөнө 00 цаг өнгөрч байхад надтай урьд хамт ажиллаж байсан *** руу утсаар залгаж ярихад гэртээ ганцаараа байна гэхээр нь хамт ажилладаг залуу ***н хамт ***ын гэрт очиход ***, *** хоёр архи уугаад сууж байсан. Гэрт нь ороод хоол идээд би унтсан. Үүрээр *** миний хажуугаас зулгаагаад гар болон хавирга, хөлийн булчин хэсэг рүү цохиод, босоод ир лалар минь, авчирсан юм уугаадах гэхээр нь цаг харахад 06 цаг болж байсан. Би уухгүй 2 цагийн дараа ажил эхэлнэ, түгээлтэд гарна гэхэд *** чиний түгээлт надад хамаагүй, хэрвээ би ажиллаж байсан бол хамаатай байх байсан, чамайг ажлын чинь ямар нэгэн хүүхэнтэй нэрийг чинь холбож, гишгэх газаргүй болгоно гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад яг яах гээд байгаа юм, зодолдох гээд байгаа юм уу гэхэд *** намайг хэл амаар доромжилж, дарамтлаад байсан. Би ***тэй уучих, ажлыг нь зохицуулаад өгнө гэхэд байшингийн үүдний амбаарт ***, *** хоёр маргалдаад байсан. Би босоод очиход *** чи ашгүй босоод ирэв үү, одоо хоёулаа зодолдъё гэхээр нь за байж бай, би бие засаадахъя гэж хэлээд гадна нойлын хажууд бие засаад зогсож байхад *** араас хүрч ирээд өмднөөс зулгаасан, миний өмд рүү шээс цацарсан. Тэгэхээр нь болиоч, зүгээр байгаач гэхэд араас өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд баруун гараараа саваад цохчихсон, эргээд хартал *** газар сөхрөөд суучихсан байсан. Би байшин руу ороод ***н утсаар жолооч дуудсан. ***ыг *** өргөж босгоод байшингийн үүдний тампарт тэр хоёр пиво уусан, тэгээд жолооч ирэхээр нь ***г аваад машинд суух гэхэд *** намайг дүүгийн гэр лүү дөхүүлээд өгчих гэсэн. ***ыг суулгаад дэлгүүрийн үүдэнд буулгасан, 07 цаг 40 минут болж байсан. Би ***той гар барьсан, зүгээр биз дээ гэхэд зүгээр, зүгээр гэж хэлээд салцгаасан...” /хавтаст хэргийн 35-36, 42 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №10366 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Б-ын биед эрүү ясны ооч, зүүн булан хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /хавтаст хэргийн 11-13 дахь тал/ гэсэн дүгнэлт, 

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- Гомдол /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

- Дансны хуулга /хавтаст хэргийн 65-172 дахь тал/,

- Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 01/1757 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 180 дахь тал/,

- Өвчний түүх /хавтаст хэргийн 16-28 дахь тал/,

- Шүүгдэгч И.Б-ийн хувийн байдалтай холбоотойгоор автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-50 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 58 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 188 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч И.Б нь 2025 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-ыг араас цохиж, өшиглөсөн гэх шалтгаанаар нүүрэн тус газарт тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны ооч, зүүн булан хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ын: “...Тэгээд бид 4 бие засахаар гарсан, ***гийн баруун талд зогсоод бие засаж байхад *** гараа хойш саваад намайг цохисон, би ухаан алдаж унасан. Намайг сэрэхэд *** сэр л дээ гээд алгадаад, миний хажууд сууж байсан, тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Унтаж байгаад 10 цаг өнгөрөөгөөд сэрэхэд миний эрүү хавдсан байсан. ГССҮТ-д очиж үзүүлэхэд эрүү хугарсан, хэвтэж хадуул гэхээр нь эмнэлэгт хэвтэж хадуулсан...” /хавтаст хэргийн 6 дахь тал/ гэсэн, гэрч Л.***: “...*** бид хоёр гэрээс гарч *** бие зассан, тэгтэл *** ***ийн араас хөл рүү өшиглөх шиг болсон. Тэгээд баруун гараараа зүүн мөрнөөс нь татсан, тэгтэл *** тавь гэж хэлээд зүүн гараа савахад ***ын эрүүнд цохигдсон. *** бид хоёр эмнэлэгт очиж ***той уулзахад ярьж чадахгүй байсан...” /хавтаст хэргийн 179 дэх тал/ гэсэн, шүүгдэгч И.Бийн: “...Би босоод очиход *** чи ашгүй босоод ирэв үү, одоо хоёулаа зодолдъё гэхээр нь за байж бай, би бие засаадахъя гэж хэлээд гадна нойлын хажууд бие засаад зогсож байхад *** араас хүрч ирээд өмднөөс зулгаасан, миний өмд рүү шээс цацарсан. Тэгэхээр нь болиоч, зүгээр байгаач гэхэд араас өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд баруун гараараа саваад цохчихсон, эргээд хартал *** газар сөхрөөд суучихсан байсан...” /хавтаст хэргийн 35-36, 42 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны №10366 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Б-ын биед эрүү ясны ооч, зүүн булан хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ.  Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /хавтаст хэргийн 11-13 дахь тал/ гэсэн дүгнэлт, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан эрүү ясны ооч, зүүн булан хэсгийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч И.Бийн гараараа санаатай савсан, цохисон үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч И.Бийн хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч И.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд зүүн гарын 5 дугаар хурууны угийн шивнүүр ясны хугарал, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч баримтаар эмчилгээ хийлгэсэн 451,480 төгрөг, хүнсний бараа худалдан авсан 55,848 төгрөг, нийт 507,328 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч И.Б-ийн зүгээс 450,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 173 дахь тал/ гэсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндийн байгууллагаас 3,027,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан /хавтаст хэргийн 180-182 дахь тал/ нь төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс 3,027,000 /гурван сая хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 2508000001568 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч И.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт И.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч И.Б-д шийтгэсэн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-аас 3,027,000 /гурван сая хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Б.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2508000001568 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч И.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР