Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1433

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.31                                                 Дугаар 1433                                    Улаанбаатар хот

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00913 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МТ” ХХК-д холбогдох,

Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 24 025 000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан картын үнэ 460 000 төгрөг, картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200 000 төгрөг, алданги 16 156 800 төгрөг, нийт 40 841 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөрт 8 288 600 төгрөг, алданги 4 144 300 төгрөг, нийт 12 432 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б, Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “К” ХХК нь “МТ” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13/135 тоот Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “МТ” ХХК нь 32 313 600 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр захиалагчид гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор нийлүүлж, ажлын 5 хоногийн дотор зохих шаардлагын түвшинд суурилуулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнгийн 60 хувийн төлбөр болох 17 625 600 төгрөгийг төлсөн ба гэрээний 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу тоног төхөөрөмж угсрахад зайлшгүй шаардлагатай зориулалтын суурь цементэн тавцан болон харуулын путикийг бид сарын дотор хийж гүйцэтгэсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш сарын дараа, гэрээ ёсоор тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн байх ёстой тэр үед “МТ” ХХК-ийн захирал Б.Т нь хүсэлт гаргасны дагуу 10 дугаар сарын 30-нд гэрээний 22 хувьтай тэнцэх төлбөр болох 6 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл “МТ” ХХК нь тухайн төхөөрөмжийг нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Үүнд, гэрээгээр нийлүүлэх тоног төхөөрөмжийг тохирсон хугацаанд нийлүүлээгүй, хугацаа хэтрүүлж нийлүүлэхдээ гэрээгээр тохирсон тоо хэмжээгээ дутаасан. “МТ” ХХК гэрээний дагуу нийлүүлэх 4 метрийн урттай 3 ширхэг зогсоолын хаалт нийлүүлэхээс 1 хаалт, дагалдах тоног төхөөрөмжийг нь дутаасан ба огт захиалаагүй байсан. Үүнийгээ захирал Б.Т нь тайлбарлахдаа захиалгадаа оруулаагүй мартсан байна лээ, дахин захиалъя хэмээн 2014 оны хаврыг хүргэсэн. Гэрээгээр талууд карт уншигч төхөөрөмжийг   -45с +65с-д ажиллах чадвартай байхаар тохиролцсон. Гэтэл карт уншигч төхөөрөмж нь энэ шаардлагыг хангахгүй байсан. БИДийн туслах зам нь урдаасаа болон хойноосоо хоёр чиглэлээр машин явах нийтийн батлагдсан эзэмшлийн газар юм. Гэтэл дараа нь авчирсан захиалгадаа оруулаагүй мартсан гэх 3 дахь зогсоолын хаалт, түүний төхөөрөмж нь карт уншигч, машин орж гарахад машины цаг бүртгэж талон хэвлэх боломжгүй, зөвхөн харуулын байрнаас онгойлгох системтэй хаалтыг нийлүүлсэн байсан.

2014 оны 04 дүгээр сарын 10-нд анх тоног төхөөрөмжийг угсран туршилт хийхэд доор дурьдсан доголдлууд үүссэн учраас хүлээж авах боломжгүй болсон.

Тухайлбал, Зогсоолын талбайд карт авч орсон машин картаа хүлээн авагч төхөөрөмжид хийж уншуулахад хариу үйлдэл үзүүлэхгүй, хаалт онгойхгүй байсан. Энэ нь карт хүлээн авагч төхөөрөмжийн тэжээлийн блок үйлдвэрийн гэмтэлтэй байсантай холбоотой бөгөөд үүний улмаас төхөөрөмжид хангахуйц хүчдэлийг өгч чадахгүй, карт уншигч нь ажиллахгүй байна гэсэн дүгнэлтийг “МТ” ХХК-ийн ажилтнууд хийж шинэ төхөөрөмж захиалахаар болсон. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 10-нд анхны туршилт хийх явцад илэрсэн бүхий л алдаатай холбогдуулан БИДийн менежер Б.Б “МТ” ХХК-ийн гүйцэтгэлийн Акт үйлдэх баримтуудтай танилцаад 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар албан тоотоор Гэрээт ажлын биелэлтийг хангаж, зөрчлийг бүрэн барагдуулах талаар шаардлага хүргүүлж байлаа.

Мөн Хятад улсын Гуандун мужийн Жиньжэнь хотын үйлдвэрлэгчтэй нь холбогдож талуудын гэрээгээр тохиролцсонтой адил карт уншигч, хаалтын төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, үнийн тарифыг авахад гэрээнд тусгагдсан нөхцөлүүдээс зөрүүтэй байсан нь бусдыг мэхэлж гэрээ хийсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Тухайлбал, карт уншигч төхөөрөмж нь тухайн үйлдвэрээс и-мэйлээр ирүүлсэн баримтад -25 +65 хэмд зөвхөн ажиллах боломжтой байжээ. Иймд гэрээний дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээг бүхэлд нь цуцалж, “МТ” ХХК-иас гэрээний төлбөрт төлсөн 24 025 000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан тусгайлсан картын үнэ 460 000 төгрөг болон картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200 000 төгрөг, талуудын гэрээний 12.1, 12.5 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги болох 16 156 800 төгрөг, нийт 40 841 800 төгрөгийг гаргуулж     өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “К” ХХК-ийн нэхэмжлэлд “...“МТ” ХХК-ийн захирал Б.Т нь надад зайлшгүй шаардлагатай мөнгөний хэрэгцээ байна, танай төхөөрөмжүүдийг захиалсан удахгүй Монголд ирнэ, гэрээний төлбөрөөс нэмж өгөөч гэсэн хүсэлт тавьсан тухай...” дурдсан байна. Уг мөнгийг өөртөө бус, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр тухайн байгууллагын тоног төхөөрөмжтэй холбоотой зардлыг санхүүжүүлэх зорилгоор хүссэн бөгөөд тухайн үед уг тоног төхөөрөмжүүдийг захиалсан байсан бус тухайн үед орж ирсэн байсан болно. Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дараах тайлбараар няцааж байна. Тоног төхөөрөмжийг тогтоосон хугацаанд суурилуулсан. Ярилцаж тохиролцсоны дагуу 3 ширхэг автомат хаалт, 2 ширхэг орох гарах төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлэхээр гэрээ байгуулсны дагуу нийлүүлж угсарсан. Тоног төхөөрөмжийн бусад эд ангиудад алдаа зааж байсан тухай дурдсан нь худал болно. Гэрээт ажлын биелэлтийг хангаж, зөрчлийг бүрэн барагдуулах талаар дурдсан байна. Тухайн ажлын даалгаврыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэн ажилд бэлэн болгосон. Төхөөрөмжийг суурилуулж дуусаад Б.Б-д хэвийн ажиллагааны үйл явцыг шалгуулж ажил хүлээлцэх акт үйлдээд Т.Ж захирлаар гарын үсэг зуруулж тамгалуулна гэж хэлээд аваад явсан. Улмаар актыг баталгаажуулж өгөлгүй байсаар Т.Ж ажил ихтэй байна, шүүх хуралтай байна эсвэл Япон улсад эмчилгээнд явсан гэх мэт шалтгаан тоочсоор 2014 оны 7-8 сарын үед Б.Б нь ажлаасаа гарсан байсан. Тоног төхөөрөмжийг ажилд оруулж 14-21 хоног ажиллуулах, энэ хугацаанд тухайн систем дээр ажиллах операторыг сургах байсан. Удаа дараа оператор гаргаж өгөхийг шаардсан боловч хүн бэлэн биш байна, хөрш 2 байгууллагатай тохиролцоонд хүрээгүй гэсээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. “МТ” ХХК нь өнөөг хүртэл бодитой онош тогтоож албан ёсоор дүгнэлт гаргаагүй, ажилтнууд нь ирээд засаж чадалгүй төхөөрөмжийнхөө зарим хэсэг эд зүйлсээсээ аваад буцааж хийх, солих гэх мэтээр ирж байгаад сүүлдээ сураггүй болсон гэдэг нь худал бөгөөд энэ хугацаанд бид гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн албан тоот өгөх зэргээр хандаж байсан. Компьютер, програм хангамжийн талаар гаргасан гомдлын тухайд: Компьютер, програм хангамж ажиллуулах техникийн үзүүлэлт шаардлагыг хангалттай илүү хангасан компьютер, програм хангамж болохыг нотлох материалыг хүргүүлж байсан болно. Мөн 2013 онд Windows ХР үйлдлийн систем дэлхий нийтэд ашиглаж байсан ба одоо ч ашиглагдаж байгаа. Тухайн хяналтын компьютерийн програм хангамжийн ажиллах хүчин чадал нь үйлдвэрлэлийн шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй илүү хүчин чадалтайг нотлох баримтыг хавсаргав. 2014 оны 04 дүгээр сард тоног төхөөрөмжийг бүрэн ажиллуулж хүлээлгэн өгсөн боловч актыг зураагүй, хүлээн авахаас татгалзсан болон өөр ямар нэгэн тайлбар өгөөгүй байсаар 2014, 2015 оныг дуусгасан. Иймд, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохыг дээр дурдсан тайлбаруудаар баталж байна гэжээ.

Хариуцагч МТ ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хугацаанд нь заасан газарт суурилуулсан бөгөөд “К” ХХК нь гадаах дэлгүүрийн орц гарцын асуудлаа бусад байгууллагуудтай тохиролцож чадаагүйн улмаас шийдвэрлээгүй хугацаа алдаж тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад саад болж байсан. Бид “К” ХХК-д тоног төхөөрөмжийг суурилуулан хэвийн үйл ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх оролдлогыг олон удаа хийсэн боловч ерөнхий захирал Т.Ж нь уг асуудлыг манай байгууллагыг төлөөлөн н.Б  гэдэг хүн хариуцаж байгаа болохоор түүнд хүлээлгэн өг гэсний дагуу хүлээлцэх актыг үйлдэн н.Б од гарын үсэг зуруулахаар өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд нэг хувийг буцаан өгөөгүй ба н.Б  нь ажлаасаа гарсан байсныг олж мэдсэн. Тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа баталгаат хугацаа дуусахаас өмнө төхөөрөмжид бага зэргийн саатал гарч байсан ба түүнийг бид цаг хугацаанд нь засварлаж ажиллагаанд бэлэн болгож байсныг дурдаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу захиалагч тал болох “К” ХХК нь тоног төхөөрөмж хэвийн үйл ажиллагаанд орсон, цаашид маргах зүйлгүй гэсэн шалтгаанаар төлбөрөө төлөөд явж байсан ба дэлгүүрийн эрхлэгч н.Б , ажлаас гарснаас хойш төлбөрөө төлөлгүй удааж гэнэт шүүхэд манай байгууллагыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан болно. Манай байгууллагын зүгээс удаа дараа албан бичиг, амаар төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулахыг шаардаж байсан бөгөөд захирал Т.Ж нь янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийж байсныг бид хуулийн байгууллагаар шалгуулна хэмээн мэдэгдэж байсныг дурьдаж байна. Иймд “К”     ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13-135 дугаар гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, гэрээний нэмэлт өөрчлөлтөд тус тус зааснаар гэрээгээр тохиролцсон 32 313 600 төгрөгийн тоног төхөөрөмж, суурилуулалтын ажлын үлдэгдэл төлбөр 8 288 600 төгрөг, уг үлдэгдэл төлбөрийн алданги 4 144 300 /2016 оны 12 сарын 08 өдрийн байдлаар, 1136 хоногоор/ төгрөг, нийт 12 432 900 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Захиалагч талын БИДийн гаднах машины урсгалыг шийдвэрлэх асуудал нь 2 талын зэргэлдээх байгууллагуудаас огт хамааралгүй, өөрийн эзэмшлийн талбайд суурилуулж байгаа асуудал юм. Мөн хариуцагч тал тоног төхөөрөмжийг суурилуулж хүлээлгэн өгөх оролдлогыг захиалагч тал болох “К”     ХХК-ийн захирал Т.Ж надад албан ёсоор хүлээлгэн өгөх талаар нэг ч удаа асуудал тавьж байгаагүй, нэг ч удаа ирж уулзаагүй, ялангуяа БИДийн менежер Б.Б нь талуудын гэрээнд ямарваа нэгэн байдлаар оролцоогүй нь тухайн төхөөрөмжийг хүлээн авах ч эрхгүй этгээд бөгөөд Б.Б нь 2014 оны 04 дүгээр сарын   18-ны өдөр “МТ” ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийн карт уншигч нь картаа хүлээн авахгүй, уншихгүй, компьютерт суурилсан програм нь алдаа заан ажиллахгүй талаар албан шаардлага бичүүлж “МТ” компанид хүргүүлж байсан. Ийнхүү “МТ” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 13/135 тоот гэрээний дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс уг төхөөрөмжийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон бөгөөд энэ талаар удаа дараа албан шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч сураггүй алга болж өнөөг хүртэл дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 4 дүгээр зүйлийн 4.4, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “МТ” ХХК-иас 24 025 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 005 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөрт 8 288 600 төгрөг, алданги 4 144 300 төгрөг, нийт 12 432 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362 159 төгрөг, хариуцагч “МТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 278 075 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Дээр хэлсэнчлэн тоног төхөөрөмж, программ хангамжид туршилт хийхэд гарсан гэмтэл болон программын алдаа зэрэг нь үйлдвэрлэгчээс алдаатай тоног төхөөрөмж нийлүүлсэн бус харин төлбөр бодох горим цагийн тохиргоо болон картын ангилал зэрэг программ хөгжүүлэлт, ашиглалтын явцад гарсан тохиргооний асуудал бөгөөд бид тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөс өмнөх туршилтын явц эдгээрийг засаж хэвийн ажиллагаанд оруулсан. Мөн гэрээт ажлын үнийн саналд байгаа тоног төхөөрөмжийн ажиллах хэм нь -40, +55 хэмд ажиллана гэдэг нь үйлдвэрлэгчээс -25, +65 хэмд ажиллахаар ирдэг хэдий ч энэ нь манай оронд тохирохгүй бөгөөд бид энэ нөхцөл байдлыг үндэслэн нэмэлт халаагч суурилуулан тавьж өгдөг бөгөөд шаардлагатай гэж үзвэл төхөөрөмжуүдэд дулаалга хийж манай орны эрс тэс уур амьсгал -40 хүртлэх хэмийн хүйтнийг тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатайгаар давах арга хэмжээг авч ажилладаг. Энэ нь ижил төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж угсарч суурилуулан ашиглалтыг хариуцдаг өрсөлдөгч байгууллагаас давуу талтайгаа илэрхийлж үнийн саналд тусгадаг бөгөөд энэ тухайгаа захиалагчид мэдэгдэн хавсралтад тодотгон оруулдаг. Аливаа электрон тоног төхөөрөмж болон машин техникийг тухайн орны уур амьсгалын онцлогт тохируулан үйлвэрлэгчээс халаагч, хөргөгчийг нэмэлгээр ссурьлуулж өгдөг дэлхийн жишиг байдаг. Хамгийн энгийнээр Японы алдагт Тоүото Мотокз нь автомашинаа Сибирь болон Арабын нөхцөлд тохируулан үйлдвэрээсээ халаагч хөргөгч зэрэг нэмэлт төхөөрөмжүүдийг суульлуулдаг. Үнийн санал нь захиалагчийн байранд шаардагдах тоног төхөөрөмжийн тоо хэмжээ болон үнэ болохоос гэрээний нэг хэсэг гэж үзэхгүй бөгөөд хавсралтад байгаа тоног төхөөрөмжийг суурилуулхаар гэрээнд тусгасан байна. Гэрээний салашгүй хэсэг болох хавсралт №1,2-т тоног төхөөрөмжүүдийг халаагчтай гэж тодруулж оруулсан байна. Энэ нь гүйцэтгэгч захиалагчийг хуурч мэхлэх болон доголдолтой тоног төхөөрөмж нийлүулсэн гэх үндэслэл болохгүй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг тогтоосон тоо, хэмжээ, чанарын хувьд доголдолгүй тоног төхөөрмжийг нийлүүлсэн болно. Б.Б гүйцэтгэгч талаас "МТ" ХХК-ийн инженер Н.Н нар бүх тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалган нэг бүрчлэн тоолж хүлээлцсэн акт үйлдсэн бөгөөд энэ нь гэрэл зургуудаар тогтоогдож байгаа болно. Нотлох баримтад авагдсан “К” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай албан бичигт 3 дахь зогсоолын хаалт нь карт уншигч, машин орж гарахад машины цаг бүртгэж тасалбар хэвлэх боломжгүй, зөвхөн харуулын байрнаас онгойлгох системтэй хаалт авч ирсэн гэдэг нь ор үндэслэлгуй зүйл бөгөөд анх өгсөн үнийн санал болон хавсралтад байгаагаар зогсоолын автомат хаалт -4 метр гэсэн төхөөрөмж нь ямар нэгэн байдлаар карт унших болон машины цаг бүртгэх болон талон хэвлэх төхөөрөмж биш юм. Энэ нь төв удирдлагаас ирсэн болон оператороос өгсөн командын дагуу хаалтын гарыг дээш болон доош буулгах зориулалт бүхий ямар нэгэн программ болон тооцоолол хийхгүй моторт төхөөрөмж юм. Энэ 3 дахь зогсоолийн хаалт нь “Баянзүрх” их дэлгүүр болон “ИХ” төвийн замд хаалт хийх бөгөөд энэ төхөөрөмжийн ашиглалт нь шаардлагатай тохиолдолд буюу Гал команд, Эмнэлэг, Онцгой байдал, Цагдаагийн авто машин нэвтрэх үед оператороос онгойлгох төхөөрөмж байсан. Үүнийг “К” ХХК-ийн захирал Т.Ж болон “БИД”-ийн ерөнхий менежер Б.Б нартай харилцан нартай харилцан тохирцсоны үндсэн дээр шийдсэн болно. Бид гэрээний дагуу тоног төхөөрөмжийг биет байдлын болон эрхийн доголдолгүй байдлаар хүлээж өгсөн бөгөөд нэхэмжлэгч байгууллага өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “МТ” ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн             24 025 000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан картын үнэ 460 000 төгрөг, картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200 000 төгрөг, алданги 16 156 800 төгрөг, нийт 40 841 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөрт 8 288 600 төгрөг, алданги 4 144 300 төгрөг, нийт 12 432 900 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13/135 тоот Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээ байгуулагдсан байна. Дээрх гэрээгээр хариуцагч нь 32 313 600 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид нийлүүлэхээр тохиролцсон, гэрээний зүйлийн биет байдлын доголдлын улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ. Харин шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхдээ гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн тоног төхөөрөмжийг хариуцагчид буцаан гаргуулах нь зүйтэй гэж зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй орхисон нь буруу байна.

Гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “...хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00913 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...“К” ХХК-иас төлбөртэй авто зогсоолын тоног төхөөрөмжийг буцаан гаргуулж, “МТ” ХХК-д олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 492 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ