Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25-ны өдөр                  2021/ДШМ/33                                  Хэрлэн сум

 

Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00033

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Ж.Батбаатар /цахимаар/,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч П-, түүний өмгөөлөгч Б.Оюунбат /цахимаар/,

Шүүгдэгч Ч- /цахимаар/,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1939003150228 дугаартай 2 хавтас 350 хуудас бүхий хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн итгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймгийн Онгон суманд 1972 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Миг даатгал” ХХК-д ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 111 дүгээр байрны 47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт А-н Ч- нь

2019 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Батноров сум руу явах замд Хэрлэн сумын төвөөс 9 километр зайд засварын ажил хийгдэж байсан сайжруулсан шороон замын зорчих хэсэгт “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б овгийн А-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Ч-ын гаргасан “Н” ХХК-аас гэмт хэргийн хохиролд тооцож 6309200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие 2019 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сум явах замд Хэрлэн сумын төвөөс 9 километр орчим зайд “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зорчиж яваад зам тээврийн осолд орсон.

Тухайн үед осол болоход нөлөөлсөн хүчин зүйл нь Хэнтий аймгаас зүүн хойд зүгт зам засварын ажил хийж байсан “Н” ХХК эсхүл “Н” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зам дээр 5-7 метр өргөнтэй 1-1.2 метр гүн нүх ухаж аюултай байдал үүсгэн орхихдоо ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт хийгээгүй орхисноос үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй, бороотой шөнө ухсан нүхэн дээгүүр харайлган гарах үед тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан А-ийн эрүүл мэндэд хохирол учирч миний бие хэрэгт холбогдон шүүгдээд байна.

Энэхүү хэрэгт миний бие иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Тухайн үед зам засварын ажил хийж байсан байгууллагаас ослын үед учирсан хохирлын тал нь болох /зөвхөн өөрт учирсан хохирол/ 6309200 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэгт зам засварын ажил хийж байсан байгууллагыг бүрэн тогтоогоогүй. Засварын ажил хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх, тухайн замыг засах гэрээ байгуулагдсан эсэх, байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа гэх мэт лавлагаагүйгээр нэр зааж шинжилгээ хийх тогтоол үйлдсэн байдаг ба уг тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан. Зам засварын ажил явуулсан байгууллагын талаарх мэдээлэл зөрүүтэй байхад зөрүүг арилгалгүй, хэргийг шалгах явцад нэр өөрчлөгдсөн эсэхийг тогтоолгүйгээр “Н” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Зам засварын ажил гүйцэтгэж байсан /”Н”/ гэх байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу гэрч Г.П-ын өгсөн “...манай “Н” ХХК 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн төвөөс Бэрх-Батноров сум руу явах чиглэлийн шороон замын далан барих, ул хөрс хуулах, хоолойн суурь ухах ажлыг хийж байгаа...” гэх мэдүүлгээс үзэхэд тухайн үед тус компани нь зам засварын ажил хийж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Г.П-ын “...манайх бол нийт 20 километр замын дагуу хамгаалах тууз хийнэ гэж байхгүй. ...нүхэн дээр бол тэмдэг тэмдэглэгээ тавиагүй...” гэх /хх 22-23/ мэдүүлгээс үзэхэд замын саад бүхий газарт анхааруулах тэмдэг тавиагүй болохыг нотолж байна.

Шүүхийн шинжилгээний удаа дараагийн дүгнэлтэд тухайн осол болсон газарт зам засварын хийж байсан байгууллага нь зам засварын ажил хийж байх явцдаа замын хөдөлгөөний дүрэм болон хууль тогтоомж зөрчсөн тухай заасан нь зам засварын ажил хийж байсан байгууллагын буруутай үйл ажиллагаа осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

Шинжээчийн дүгнэлтүүдэд “Н” ХХК гэж бичсэн нь “Н” ХХК-ийн нэрийг бүрэн тогтоолгүйгээр шинжээч томилсноос үүссэн бичвэрийн алдаа бөгөөд угтаа зам засварын ажлыг гүйцэтгэсэн байгууллагатай холбоотой гэж дүгнэлт  гэж үзэх үндэслэлтэй. Иймд иргэний нэхэмжлэгч миний эрхийг хангахын тулд тухайн хэрэгт зөрүүтэй байгаа “Н” ХХК эсхүл “Н” ХХК-ийн нэрийн зөрүүг арилгаж нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт гаргасан Ц.Б нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ажилтан бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн оролцогч гэж үзэх үндэслэлтэй байн. Иймд Ц.Б-н гаргасан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтийг хүчингүй гэж үзэж байна. Бусад шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Мөн “Н” ХХК-ийг нэрээ  сольж “Н” ХХК болсон гэж би бодож байна” гэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Ч-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд “Н” ХХК гэж бичиж Хэнтий аймгийн төвөөс Бэрх, Батноров сум руу явах чиглэлийн 20 километр шороон замын засварын ажлыг хийж байсан компанийн нэрийг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Мөн тухайн үед зам засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан “Н” ХХК нь Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт “зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна....” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг. Ашиглаж байгаа зам дээр эвдрэл гэмтэл гарч засварын ажил хийж байгаа тохиолдолд тухайн хэсэгт нь анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавих боломжтой. Гэтэл энэ зам нь шинээр барьж байгаа ашиглалтад ороогүй зам байсан. Тухайн компани нь шинэ барьж байгаа замын эхлэл болон 20 километрийн төгсгөлд зам засварын ажил хийгдэж байгаа гэсэн тэмдэг, тэмдэглэгээг тавьсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, ослын газрын бүдүүвч зураг зэргээр тогтоогддог. Иргэний нэхэмжлэгч Ч- нь “Н” ХХК нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ухсан нүхэн дээрээ тэмдэг, тэмдэглэгээ тавиагүйгээс хохирол учирсан тул буруутай этгээдээс хохирлыг гаргуулах ёстой гэсэн байр сууриас хандаж байна. Ч- нь ухсан нүхийг хурд сааруулагч байна гэж харсан бөгөөд зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч П- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэний нэхэмжлэгч Ч-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П-ын өмгөөлөгч Б.Оюунбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч- нь гэм буруугийн талаар гомдол гаргаагүй тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна гэж ойлгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд иргэний хариуцагчаар татагдах учиртай. “Н” ХХК нь иргэний хариуцагчаар татагдах үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч буюу иргэний нэхэмжлэгч Ч- тухайн гэм хор учрахад өөрөө буруутай гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.  Гэм буруугийн талаар анхан шатны шүүх дүгнэлтээ хийсэн бөгөөд энэ талаар Ч- гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн.

Шүүгдэгч Ч- нь мөрдөн шалгах ажиллагаанд “...нүх харагдахаар нь багахан хэмжээний саад байна гэж хараад хурдаа нэмсэн...” гэж мэдүүлдэг. Мөн анхан шатны шүүх хуралдаанд “...хурдаа нэмж байгаад харайгаад гарна, үгүй бол унана гэж тооцож хурдаа нэмсэн...” гэж тодорхой үндэслэл болохуйц мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Ч- нь “хурдаа хассан” гэж өөрөөр мэдүүлдэг боловч хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургуудаас харахад тооромзны зам байдаггүй.

Ч- нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, тухайн осолд өөрөө шууд нөлөөлсөн гэдэг нь нотлогддог. “Н” ХХК гэмт хэрэгт буруутай гэх шалтгаант холбоо тогтоогддоггүй. Шүүгдэгчийн мэдүүлгүүдээс харахад Ч- нь орох газар хайж байгаад шинээр тавигдаж байгаа замд орсон нь харагдаж байна.

 “Н” ХХК нь замын хоёр талаар шороо овоолж хашилт хийсэн хэдий ч тус компанид замын хоёр талаар хашилт, хамгаалалт хийх үүрэг хүлээлгээгүй.

Замны хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлгийн 27.4 дэх заалт нь ашиглаж байгаа замын зорчих хэсэгт зам засварын ажил хийж байгаа тохиолдолд хэрэглэгдэх заалт болохоос шинээр барьж ашиглалтад ороогүй байгаа замын засвартай холбоотой заалт биш юм.  

“Н” ХХК нь шинээр баригдаж байгаа засмал замын эхлэл болон төгсгөлд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавьж, зам дагуу түр зам /шороон зам/ гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд “Н” ХХК-ийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

“Н” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19/370, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19/371 дугаартай албан бичгүүдээр Хэнтий аймгийн төвөөс Бэрх, Батноров сум руу явах чиглэлийн 20 километр шороон замын засварын ажлыг хийж байсан компанийн албан ёсны нэр нь “Н” ХХК болох нь тогтоогдож байхад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн тогтоолд “...”Н” гэж /1хх 150/, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт /1хх 35-36/, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 397 дугаартай Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт /1хх 126-129/, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаартай “шинжилгээг шинжээчдийн багаар хийлгэх тухай” прокурорын тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 488 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 142-146/, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол, 2020 оны  03 дугаар сарын 20-ны өдрийн 164/08 дугаартай “тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлт /1хх 203-205, 208-209/ зэрэгт “Н” ХХК гэж зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд хуулийн этгээдийн нэрийн зөрүүг арилгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 397 дугаартай дүгнэлтэд “....”Н” ХХК нь зам засварын ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэхдээ тухайн осол болсон замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг зэргийг зохих журам зааврын дагуу байрлуулаагүй байна...” гэж /1хх 129/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 488 дугаартай дүгнэлтэд “...”Н” ХХК нь зам засварын ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэхдээ тухайн осол болсон замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах 2.21 тэмдэг тавьж анхааруулах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг зэргийг зохих журам зааврын дагуу байрлуулаагүй байх үндэслэлтэй байна...” гэж /1хх 146/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 164/08 дугаартай дүгнэлтэд “...”Н” ХХК нь зам засварын ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэхдээ тухайн осол болсон замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах 2.21 тэмдэг тавьж анхааруулах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг зэргийг зохих журам зааврын дагуу байрлуулаагүй гэх үндэслэлтэй байна...” гэж /1хх 209/ замын тэмдэг, тэмдэглэгээг зөрүүтэй бичжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь ойлгомжгүй, эргэлзээтэй байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай ба дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Ч-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Ч-д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Г.БОЛОРМАА