| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/00238 |
| Дугаар | 2025/ШЦТ/200 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/200
2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дугаар 2025/ШЦТ/200 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Хулан,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000235 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 08 дугаар сарын 08-ны орой ашгийн тооцоолол гаргаад дотор сууж байсан. Тухайн өдөр хүмүүсээ амраачихсан, эгчтэйгээ хоёулаа гарч байсан. Нийт бүжигчидтэйгээ тавуулаа байсан. Тэгээд манайх шинээр үйл ажиллагаа явуулж байгаа болохоор байгууллагын дотоод журмаараа өмнө нь асуудал гаргасан хүмүүс эсвэл маргалдсан хүмүүсийг оруулдаггүй юм. Тэр өдөр үүдэнд харуул хамгаалалт байгаагүй. Тэгээд хамт ирсэн залуу байдаг юм. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр эдгээр хүмүүс гаднаас ороод ирсэн. Дахиж танай бааранд асуудал үүсгэхгүй гэхээр нь зүгээр оруулсан. Удалгүй эдгээр хүмүүс унтаад өгсөн. Хажууд ширээнд нь сууж байсан хүмүүс “энэ хүмүүс чинь унтаад, хөл гараа хажуу тийшээ давуулаад байна” гэж гомдол хэлсэн. Тиймээс очоод босгосон. Эдгээр хүмүүс гар утсаа хаячихсан байхаар нь арай гайгүй сэрүүл байсан “найзууд чинь утас шөрмөсөө унагаасан байна. Энд унтах боломжгүй, энэ буудал биш, та нарыг гаргаж өгье” гэж хэлснээс болж үл ойлголцол үүсэж, хоорондоо маргалдаад гадаа гарч муудалцсан. Тайвшрах боломж зөндөө байсан. Бааранд ажилладаг хүний хувиар хэлэхэд өдөр бүр хүнээр нулимуулах эсвэл янз бүрээр хэлүүлэх зүйл байж л байдаг. Тэр болгоныг тэвчээд явж байсан. Тэгээд үнэхээр тэвчээр алдагдсан зүйл болсон. Энэ залуутай уг нь ярилцаж ойлголцъё гэж байгаад, цохиж, гэмтээн хохироочихлоо. Ийм л зүйл болсон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэрэг болсон. Тухайн өдөр болсон бүх зүйлийг цагдаад хэлсэн. Миний 1 шүд унаж, 1 шүд элэгдээд эмнэлэгт үзүүлэхэд энэ шүд найдваргүй, удахгүй унана гэсэн. Одоо түр шүд зүүсэн байгаа. Миний хувьд 2 шүдний мөнгө нэхэмжилсэн. Үнэ ханш нь ийм байдаг юм байна гээд 8,000,000 төгрөг нэхэмжилсэн. 8,000,000 төгрөг өгчих юм бол сэтгэл санааны хохирол, илүү дутуу зүйл нэхэмжлэхгүй, хоёулаа хоёр тийшээ салъя гэж хэлсэн. Өнөөдөр өглөө над руу 6,000,000 төгрөг орсон. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг хэзээ өгөх юм бол гэдгийг мэдмээр байна. Ерөнхийдөө өгнө гэсэн байгаа гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 08 дугаар сарын 07-08 шилжих шөнө ******* найзтайгаа 01 цагийн үед орсон тэгээд бид хэдэн пиво авч уусан тэгээд байж байсан чинь манай хоёр найз тухайн баарны буйдан дээр нь унтчихсан байсан тэгсэн чинь баарны хүмүүс хүрч ирээд бос танарын унтдаг газар биш гээд зандарч хэлсэн тэгээд тэнд хэрүүл маргаан болоод бид нар тооцоогоо хийгээд гарсан тэгээд гадаа хэрүүл маргаан үргэлжлээд байж байсан чинь баарны нэг ажилтан нь барилгын турбо бариад цохихыг завдсан тэгээд манай найзууд салгаад байж байсан тэр залуу намайг хоёулаа уулзаатахъя гээд баарны үүднээс жоохон зайд гарч байгаад шууд миний шүд рүү зангидсан гараараа нэлээн хэдэн удаа цохисон. намайг газар унагаагаад хөшиглөсөн тэгээд манай найзууд ирж салгаад цагдаа дуудсан, тэгээд бид хэд цагдаа дээр ирж мэдээллээ өгчхөөд явсан. /хавтаст хэргийн 07-08 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 08 дугаар сарын 07-08 шилжих шөнө гэх баар руу би *******, , , бид 5 шөнийн 01 цагийн үед орсон тэгээд бид хэд хэдэн пиво аваад сууцгааж байсан тэгсэн манай хамт явж байсан хоёр найз нэлээн муудаад буйдан дээр суугаад унтаад өгсөн тэгээд би тамхи татах гээд тай гараад байж байсан чинь удалгүй манай найзууд баарны ажилтнуудтай нь муудалцаад гараад ирсэн тэгээд баарны нэг ажилтан нь турбо авч дайраад байсан бид хэд болиулаад салгачихаад байж байсан чинь баарны нэг ажилтан аваад машины араар орсон тэгсэн чинь тэнд зодоон болоод байх шиг байсан тэгсэн чинь үүдэн шүд ойчсон, хөл нь шалбарчихсан гараад хүрээд ирсэн тэгээд бид хэд шууд цагдлаа дуудлага өгсөн. /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ӨМГ0725/319 дугаартай дүгнэлтэд: "*******ын биед 11-р шүдний булгарал, хугарал, баруун чамархай, зулай, хүзүү, баруун, зүү шуу, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ *******ын биед учирсан баруун чамархай, зулай, хүзүү, баруун, зүүн шуу, нуруу, өвдөг, шилбэнд учирсан зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт мөн 11-р шүдний хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах гэмтэл тул хохирлын хөнгөн зэрэг тус тус тогтоогдлоо. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/
Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны шөнө ******* аймгийн******* сумын 3 дугаар багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вард" баарны гадаа иргэн *******тай тухайн үед үүсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж биед 11-р шүдний булгарал, хугарал, баруун чамархай, зулай, хүзүү, баруун, зүү шуу, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын биед дээд доод уруулын дотор салст, баруун бугалга, баруун сарвуунд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээж, нуруу, баруун бугалга, шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирсан болох нь ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний 1 шүд унаж, 1 шүд элэгдээд эмнэлэгт үзүүлэхэд энэ шүд найдваргүй, удахгүй унана гэсэн. Одоо түр шүд зүүсэн байгаа. Миний хувьд 2 шүдний мөнгө нэхэмжилсэн. Үнэ ханш нь ийм байдаг юм байна гээд 8,000,000 төгрөг нэхэмжилсэн. 8,000,000 төгрөг өгчих юм бол сэтгэл санааны хохирол болон бусад хохирол нэхэмжлэхгүй, хоёулаа хоёр тийшээ салъя гэж хэлсэн. Өнөөдөр өглөө над руу 6,000,000 төгрөг орсон. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг хэзээ өгөх юм бол гэдгийг мэдмээр байна. Ерөнхийдөө өгнө гэсэн байгаа...” гэх ба шүүгдэгч ******* шүүх хуралдаанд завсарлага авч 2,000,000 төгрөгийг төлөх хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулж, шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 2,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын тухайд 29 настай, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны мөн гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргүүдийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн зүгээс: “Би ихэнх цагаа ажиллаж өнгөрөөдөг. Нийтэд тустай ажил хийх хүндрэлтэй байна. Тиймээс торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******д торгох ял шийтгэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Батсэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт 8,000,000 /найман сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ