| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04320/И |
| Дугаар | 183/ШШ2023/03498 |
| Огноо | 2023-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2023/03498
2023 оны 11 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2023/03498 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух, Бор овогт *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 1****** тоот хаягт байрлах, Ж ХХК-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Э нь Ж ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2012 онд, Ж ХХК орон сууц барина гээд урьдчилгаа 10 000 000 төгрөгөө тушаагаад гэрээгээ хийсэн. Явцын дунд үлдэгдэл төлбөрөө дуусгасан. Байрандаа орсон. Өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй. Ийм агуулгаар нэхэмжлэлээ гаргасан. Надаас бусад хүмүүс ковид 19 цар тахлын үед өмчлөгчөө тогтоолгосон байсан. Гадаад байсан учир өмчлөгчөөр тогтоолгох байдлаас хоцорсон юм. Тэгээд 8 дугаар сард нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Г.Э иргэний үнэмлэхийн хуулбар, 2013.06.10-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021.06.12-ны өдрийн Ж ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-9 д.тал/
4. Хариуцагчаас: Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.10.24-ний өдрийн итгэмжлэл, 2023.05.02-ны өдрийн Төрийн банк-ийн албан бичиг зэргийг гаргаж өгсөн. /хх 12-13, 20 д.тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.Э нь Ж ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2013.06.10-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадаагүй тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Ж ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Зохигч 2013.06.10-ны өдрийн * дугаар Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойл ****** орон сууцны 1-р орц, 126 тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 77 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, Г.Э, Ж ХХК-ийг төлөөлж борлуулалтын менежер Б.М нар гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 6-8 тал/
4.2 2023.06.12-ны өдрийн Ж ХХК-ийн 23/13 дугаар тодорхойлолтоор Г.Э нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ****** тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалан бариулсан бөгөөд төлбөр тооцооны үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон, /хх 9 тал/
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 77 000 000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч Ж***** ХХК нь орон сууцыг 2013 оны 9 дүгээр сард багтаан хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон, нэхэмжлэгч Г.Э нь 2013.06.10-ны өдрийн 62/1-126 дугаар орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт төлбөрийг 2013 оны 4 дүгээр сард 10 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сард 67 000 000 төгрөг, нийт 77 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.
Түүнчлэн, талууд 2013.06.10-ны өдөр гэрээ байгуулахдаа орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2013 оны 9 дүгээр сар гэж тогтоосон байгааг харгалзан үзээд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн болно.
7. Нэхэмжлэгч Г.Э г өмчлөгчөөр тогтоосон нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн барьцааны эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э ыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ****** тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж****** ХХК-иас 613 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эи т олгосугай.
3. Нэхэмжлэгч Г.Э ыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ********* тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн барьцааны эрхийг хөндөхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ