Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 0057

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             Я.Ц, Т.Г, Ч.П

                              нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Г.Э

Шүүгдэгч                                           Т.Г

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          О.С, Д.Н

Хохирогч                                           С.З

Нарийн бичгийн дарга                 Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолтой Я.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч С.Згийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ө овогт Я-н Ц.

 

Монгол Улсын иргэн, Г овогт Т-н Г.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ч-н П.

 

Я.Ц, Т.Г, Ч.П нар нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүлэглэн өөрсдийгөө ээж хүү төрөл садангийн холбоотой хүмүүс гэж худал хэлж “...Т.Гийн цалингийн зээлийг чөлөөлүүлээд дахин зээл авч мөнгийг чинь төлж барагдуулна” гэж итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Згаас 12.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ч-н П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Шүүгдэгч Ө овогт Я-н Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г овогт Т-н Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Цийг 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийн цагдан хоригдсон 13 хоногийг торгох ялын 195 нэгжээр тооцон хасч эдлэх ялыг 1.805 нэгж буюу 1.805.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Цод оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Т.Г-т оногдуулсан 1.805.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ц, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Цоос 3.500.000 төгрөг гаргуулан хохирогч    аймаг     сум  баг    тоотод оршин суух С.З-д олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч Я.Ц цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

“ ... шүүгдэгч нар сард хэдий хэмжээгээр торгох ял биелүүлэх хэмжээг тодорхой тусгалгүй, хэт ерөнхий байдлаар хугацааг дурдаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино”  гэж заасан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж хэт ерөнхий зааж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хохирогч С.З давж заалдах гомдолдоо:

“... Я.Ц, Т.Г нар гэм буруугаа ойлгож хохирогч миний хохирлыг бүрэн барагдуулах огтхон ч хүсэлгүй байгаа учраас Я.Ц, Т.Г нарт оногдуулсан торгох ялыг хэт хөнгөдсөн гэж үзэж байгаа учраас хорих ял руу өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж, гомдлоо илэрхийлж байна. Учир нь энэхүү хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байдаг.

Тэгсэн хэрнээ одоог хүртэл 2 жилийн хугацаанд хохирол бүрэн барагдуулах хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Я.Ц, Т.Г нар хоёулаа Монголын номер 1 цалин хөлстэй  үндсэн ажилтнаар одоог хүртэл ажилладаг атлаа гэм буруугаа ойлгож хохирол барагдуулахгүй байгаад мөн гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй хүмүүст торгох ял төдий оногдуулж байгаа шүүхэд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, Я.Ц, Т.Г нарт оногдуулсан торгох ялыг хорих ялаар өөрчлөлт оруулж, мөн хохирогч миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “ ... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Г.Э-н эсэргүүцэл болон хохирогч С.Згийн давж заалдах гомдлыг тус тус хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Я.Ц, Т.Г, Ч.П нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Згаас 12.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.П нь нас барсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” гэсэн үндэслэлээр  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

             Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Ц, Т.Г нарт оногдуулсан торгох ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хохирогч С.З-гийн гаргасан “ ... ял хөнгөдсөн ... ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

             Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар хэрхэн солихыг тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Түүнчлэн ялтны сар бүр төлөх мөнгөн дүнг шүүх заавал тогтоох шаардлагагүй бөгөөд тухайн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэрэг торгох ял биелүүлэх чадварыг харгалзан сар бүр харилцан адилгүй хэмжээгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлүүлэх боломжтой тул прокурорын эсэргүүцэлд дурдсан энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

             Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байх тул Я.Ц, Т.Г нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “ ... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ...” гэснийг “... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож ...” гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийн “ ... шүүгдэгч нар сард хэдий хэмжээгээр торгох ял биелүүлэх хэмжээг тодорхой тусгаагүй хэт ерөнхий байдлаар тусгасан ... ” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, “ ... торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай гэж хэт ерөнхий зааж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авсугай.

3. Хохирогч С.Згийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                                С.УРАНЧИМЭГ