Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0476

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Чанцалням, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц” ХХК /РД:/         

Хариуцагч: Б, нарын хооронд үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, иргэдийн төлөөлөгч Ц.Д, Б.Б нар нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Ц” ХХК тус шүүхэд хандан Б,ад холбогдуулан “Б,ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “Ц” ХХК-д анх Б,ын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/523 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны зүүн амны богинод байрлах 42.13 га газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.[1]

2.2. Нэхэмжлэгч компани 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн М3Х2022/******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан /Газраа зориулалтын дагуу ашиглахын тулд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалт бүхий Аялал жуулчлалын цогцолборын Архитектур төлөвлөлтийн даалгавар[2]/.

2.3. Аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг[3] 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, Аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулахын тулд "О" ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсан /2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ/.[4]

2.4. Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗТ/21/******* дугаар гэрээг Г ХХК-тай, Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗТ/22/******* дугаар гэрээг "" ХХК-тай байгуулсан.

2.5. Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТЅТТ-22-******* дугаар гэрээг "С" ХХК-тай, Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МС-22-******* дугаар гэрээг "Л" ХХК-тай, Ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн D-TSTT-22-******* дугаар гэрээг "Ө" ХХК-тай тус тус байгуулжээ.

2.6. Залаатын аманд байрлах захиалагчийн ашиглах эрх бүхий газарт 120 м² модон араг бүтээцтэй барилга нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн TSTT-22-0334 дугаар гэрээг "И" ХХК-тай, Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТSTT-22-******* дугаар гэрээг "О" ХХК-тай байгуулсан байна.

2.7. Бнаас 2021 оны 12 сарын 02-ны өдөр №2021/12/01 тоот Хашаа барих зөвшөөрөл[5] олгосон.

2.8. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай №******* дугаартай гуравласан гэрээ нь[6] 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой байх боловч тус гэрээний нэг тал болох Б 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталгаажуулсан байна.[7]

2.9. Улмаар Б,аас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг гаргажээ.[8]

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс “... маргаж буй Б,ын А/ дугаартай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1, Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.4 дэх заалт, 40.1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон “Ц” ХХК-ийн газар ашиглах эрхийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр гарсан. Энэ маргаан бүхий актаас харвал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл буюу газар эзэмшигч, ашиглагчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэсэн энэ зохицуулалт дотроос 40.1.6 дахь хэсгийг баримтлаад байгаа юм. 40.1.6 дахь хэсэг нь газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл юм. Энэ үндэслэлээр тушаалыг гаргах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр анх газар ашиглах эрхийг авснаасаа хойш маш олон ажлуудыг хийсэн. Энэ талаар хавтаст хэрэгт хангалттай тодорхой баримтууд болон үүнийг нотлох санхүүгийн баримтуудыг өгсөн байгаа ... Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 02 дугаар сар, 2022 оны 07 дугаар сар гээд хэд хэдэн удаа Б Н.Бөд гуравласан гэрээг баталгаажуулах талаар хүсэлтүүдийг гаргаж явж байсан. Энэ гэрээ хэзээ Н.Б Засаг даргаар баталгаажсан гэхээр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталгаажсан ... Хуульд зааснаар энэ гурван тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдана гэдэг заалт байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс юу гэж үзэж байна гэвэл манай энэ гэрээ хэзээ баталгаажиж байна гэвэл хамгийн анх Б гарын үсэг зурснаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, Засаг дарга газрын үсэг зурснаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ хүчин төгөлдөр болж баталгаажиж байгаа юм. Өөрөөр хэлбэл яамны зүгээс батална гэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж үзэхгүй. Гэрээ хүчин төгөлдөр болоод одоо газар ашиглах 2 жилийн хугацаа тоологдох ёстой. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэр үйлчилгээ эрхлээгүй, энэ дотор барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх зэргийг ойлгоно гэж байгаа. Тэгэхээр газар эзэмшүүлэх тухай гэрээ хийснээс бүтэн 2 жил өнгөрөөгүй байсан ... Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 35.3.4 дэх заалтыг үндэслээд байгаа юм. Энэ заалт нь юу гэж байгаа юм гэхээр нэхэмжлэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлнэ гэдэг заалт Газрын тухай хуулийн 35 дээр явж байгаа. Энэ 35.3.4 дэх хэсэг дээр юу гэж тайлбарласан бай байдаг вэ гэвэл газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гээд энэ зүйл заалтыг барьчихдаг. Гэтэл энэ зүйл заалт нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүрэг байдаг. Энэ үүргийг дангаараа баримтлах боломжгүй. Энэ зүйл заалтыг яаж баримтлаад газар ашиглагчийн эрхийг дуусгавар болгох вэ гэхээр Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэг дээр тодорхойлсноор эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд энэ компани газрын төлөв байдал чанарын хянан баталгаа ч гэдэг юм уу, нөлөөллийн нарийвчилсан юм уу ерөнхий үнэлгээгээ хийлгээгүй гэдэг асуудлыг хэрвээ ярьж байгаа бол Газрын тухай хуулийн 40-ийг заавал баримтлах ёстой. Тэгж байж газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл байна. Түүнээс биш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл буюу газар эзэмшигчийн үүргийг дангаар нь баримтлах боломжгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс “... Бнаас нийт дархан цаазат газарт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн байдалд хяналт шалгалт хийгээд “Ц” компани нь Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.4, 40.1.6-г тус тус зөрчсөн байна, ийм учраас тусгай саналыг ирүүлж байна гэдэг албан бичиг ирүүлсэн байдаг. Тухайн албан бичиг дээр “Ц” компани тухайн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариу тайлбарыг ирүүлээгүй гэсэн зүйлийг дурдаж өгдөг. Мөн дээрээс нь 35.3.1, 35.3.4, 41.6 дахь хэсэгт заасан нь тогтоогдсон байдлаар ирүүлсэн учраас Богдхан уулын хамгаалалтын захиргаа тухайн газар ашиглагч нарт өдөр тутмын хяналт тавьдаг чиг үүрэг бүхий байгууллага учраас тухайн байгууллагаас нь ирүүлсэн албан бичгүүдэд үндэслэлээр Б, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглахыг эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 35.3.1-д газар төлөвшил гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.4-д газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гэдэг энэ зүйлийг тодруулаад үзэхэд яам дээр ямар нэгэн баримт бол байхгүй, гуравласан гэрээ байгуулагдаагүй байсан. Энэ нь яамнаас шалтгаалах байдлаар ийм нөхцөл байдал бий болоогүй гэж үзээд сайд өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тушаалыг гаргасан байдаг. Энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч маань тодорхой хэлчихлээ. Би түрүүн хэлэх гээд байсан, хамгийн анх нэхэмжлэгч компани эрхээ зөрчүүлж, мэдэгдэл хэрхэн хүргүүлж сонсох ажиллагаа явуулсан процесс нь яг хуулийн шаардлага хангаж байгаа юм уу гэдэг дээр би хувь хүнийхээ хувьд гомдолтой байдаг. Түрүүн хавтаст хэрэгт дурдагдаж байгаа сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. н.Б гэж тухайн үедээ Богдхан уулын хамгаалалтын захиргааны тусгай хамгаалалттай газар хариуцсан мэргэжилтэн байгаа юм. Тэр хүмүүс өмгөөлөгчийн хэлсэн шуудангаар явуулах, эсхүл биечилж хүлээлгэж өгөх гэдэг материалууд огт өгөгдөөгүй. Мөн сая нэмэлт тайлбар хэлэхэд тусгай хамгаалалттай газар хувь хүн, компани газар ашиглах эрх олголоо, хариуцагчийн талаас газар ашиглах гэрчилгээний огнооноос хойш 2 жилийн хугацаа гэдгийг тооцож байна шүү дээ. Тэгэнгүүт бид сүүлийн үед бүгд харж байгаа. Сошиал медиа ч юм уу, телевизээр тэр аманд зөвшөөрөлгүй хүн барилга бариад байна, зөвшөөрөлгүй газар ашиглаад байна. Энэ цаасан дээр гэрчилгээ олгогдоод хэрвээ хариуцлага үүрүүлээд, тоолуур яваад эхэлчихдэг байсан бол бид нар техник хөлслөөд аваачаад тэнд газраа ашиглах шиг амархан юм байхгүй. Гэтэл цаасан дээр яг хуулиа мөрдөөд энэ олон бичиг баримтыг бүрдүүлэх гээд өнгөрсөн хугацаанд явсан юм. Тэгэнгүүт гуравласан гэрээг Б Засаг даргаар батлуулахад Засаг даргын туслах бичиг хэрэгт материалаа аваачиж өгч байгаа юм. Тэгээд гуравласан гэрээ батлуулах гээд очиход гуравласан гэрээ батлаагүй байж газрын төлбөр тооцоо нийлсэн акт шаарддаг. Нийслэл дээр түрүүний ярьж байгаа тэр батлагдсан эскиз зураг батлуулах архитектур төлөвлөлтийн даалгавар авахад батлагдсан гуравласан гэрээ, төлбөр тооцоо нийлсэн акт шаарддаг. Яам дээр нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулах гээд материалаа өгөхөд яг эсрэгээр саяны төлбөр тооцоо нийлсэн акт, батлагдсан зураг гэдэг. Энэ 3 эн тэнцүү процессын аль нэг нь заавал түрүүлж явах хэрэгтэй болдог. Гэтэл 3 газраа адилхан материал шаарддаг. Энэ мэт байдлаас болоод түрүүний гэрчилгээ хэвлэгдсэн огнооноос газар ашиглагч шууд очоод газар дээр ашиглах ямар ч боломжгүй байгаа юм. Нөгөө талдаа бид нар ковидоо бараг мартчихсан байдалтай явж байна. Тэгээд төрийн байгууллагуудын хүнд суртал гэх нь хаашаа юм, гэхдээ бид нар энэ тушаал гарснаас хойш Б буюу Байгаль орчны яамны газар олгоод, тэр газрын эрх үүргийг газар дээр нь хэрэгжүүлж байгаа байгууллагын дарга маань өөрөө 5 удаа солигдсон байна. 2 жил хүрэхгүй хугацааны дотор. Нөгөө талдаа Байгаль орчны сайдын доор Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга гээд энэ гэрчилгээний хавсралт дээр гарын үсэг зурж байгаа энэ хүн маань бас 4 удаа байна уу, 5 удаа солигдчихсон байж байгаа. Би энийг яагаад дурдаж байна гэхээр бид нар бичиг аваачаад очдог. Дарга солигдчихсон, дандаа түр орлон гүйцэтгэгч гээд байж байгаа. Төрийн албаны хууль ч юм уу, тэрийг нь бол би мэдэхгүй байна. Тэгээд энэ бичгээ сольж ир гэдэг. Тэгээд эскиз зураг, эскиз зураг гэдэг маань өөрөө 100 гаруй хуудастай юм байж байдаг, бүгдийг нь солиод хэвлүүлэх ч гэдэг юм уу. Энэ мэтчилэн яг хэрэгт хамааралтай үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ одоо ингээд 2 жил хүрэхгүй хугацааны дотор Бны дарга нь 5 удаа солигдож байгаа. Одоо яг өнөөдөр ямар дарга байгааг би үнэндээ нэрийг нь мэдэхгүй байна. Өнгөрсөн 7 хоногт албан бичиг явуулахад дарга нь солигдчихсон, бичгээ солиул гээд буцаж байгаа юм. Мөн тусгай хамгаалалттай газрын дарга нь 5 удаа солигдсон байж байгаа. Ийм байдалтай бид нар үнэхээр яг түрүүн өмгөөлөгчийн хэлснээр цаасан дээр бүх бичиг баримт юмнууд нь тодорхой байгаад, газрын гэрээ баталгаажсанаар, би энэ хэрэг үүссэнээс хойш энэ хэрэгтэй холбоотой нэлээн юм судаллаа. Тэгэхэд яг гэрээ баталгаажиж байж гэрээн дээр ийм тоот дансанд, ийм төгрөгийг, ийм хугацаанд төлнө гээд юмнууд тодорхой байж байгаа. Гэрээ баталгаажиж төлбөр төлдөг юм байна л даа. Гэрээ баталгаажуулахаар хүсэлтээ өгөөд гэрээ баталгаажуулаагүй бол компаниуд бүүр шүүхэд гомдол гаргаад гэрээ баталгаажуулаагүй хугацааны төлбөрөө төлдөггүй юм байна. Гэтэл бид нар нөгөө талд хариуцлагатай байж өнгөрсөн хугацаанд нийт 2023 оны буюу 700 гаруй сая төгрөгийн төлбөрийг Газрын албанд төлөөд тэрийгээ тооцоо нийлсэн актаар баталгаажуулчихсан байгаа...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц компанийн хувьд Б,ын 2020 оны 07 дугаар сарын 02 өдрийн А/523 дугаартай тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Залаатын зүүн богинын амны хязгаарлалтын бүсэд 42.13 га талбай бүхий газрыг аялагч түр буудаллах отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг анх олж авсан. Энэ ашиглах эрхийн тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаад ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан. Маргаан бүхий захиргааны акт болох Б,ын А/ дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал ямар үндэслэлээр гарсан бэ гэвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1, Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.4 дэх заалт, 40.1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон “Ц” ХХК-ийн газар ашиглах эрхийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр гарсан. Энэ маргаан бүхий актаас харвал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл буюу газар эзэмшигч, ашиглагчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэсэн энэ зохицуулалт дотроос 40.1.6 дахь хэсгийг баримтлаад байгаа юм. 40.1.6 дахь хэсэг нь газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл юм. Энэ үндэслэл нь яагаад хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарлая. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр анх газар ашиглах эрхийг авснаасаа хойш маш олон ажлуудыг хийсэн. Энэ талаар хавтаст хэрэгт хангалттай тодорхой баримтууд болон үүнийг нотлох санхүүгийн баримтууд авагдсан гэж харж байгаа. Нэн тэргүүнд энэ газар дээр хамтран ажиллах гэрээг “О” гэдэг энэ компанитай байгуулаад, энэ газар дээр энэ 2 компани ямар эрх үүрэгтэйгээр хамтран ажиллах юм бэ гэдэг харилцааг зохицуулаад эрх үүрэг, хариуцлагыг нь зааглаад анх энэ гэрээг байгуулсан. Гэрээг байгуулсны дараа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газрынхаа кадастрын зургийг албан ёсоор хийлгээд баталгаажуулаад авсан байдаг. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мөн адил хийлгэсэн. Өнөөдөр шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа баримтууд дунд “Хан Монгол экологи” гэдэг компанитай гэрээ байгуулаад, урьдчилгаа төлбөрийг нь өгөөд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээд явсан. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр энэ газар дээрээ геодези байр зүйн дэвсгэр зургийг “Г” гэдэг компанитай байгуулаад мөн адил урьдчилгаа төлбөр мөнгийг нь өгөөд гэрээ болон төлбөрийн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хашаа барих зөвшөөрлийн тухайд хамгийн эхлээд хашаа барих зөвшөөрлөө бид Бнаас авдаг. Энэ хүсэлтийг 2021 оны 09 дүгээр 29-ний өдөр гаргаад Бнаас хавтас хэрэгт байгаа 440321, 44421, 44521 гээд энэ албан бичгүүдийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хашаа барих зөвшөөрлийг олгосон. Үүний дагуу хашаагаа урд талын хэсэгт гоёлын хашаа, ард талын хэсэг дээр төмөр хашаа хийлгэх гэрээнүүдийг холбогдох “” ХХК, “С” гэдэг компаниудтай байгуулаад эргэн тойрныг нь эхний ээлжид хашаалсан. Хашааг нийтдээ 83 сая төгрөгөөр байгуулаад, төлбөрийг нь төлсөн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн баримтууд, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн баримтууд хэрэгт авагдсан. Одоо энэ дунд газар ашиглах гуравласан гэрээ байгуулагдана. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эхлээд Бнд хүсэлтээ гаргаж байгаа. Яагаад энд 2021 оны 10 дугаар сарын 20-нд хүсэлт гаргаад яваад байгаа юм бэ? 2020 оны 07 дугаар сард газар ашиглах эрхийг авсан байж гэдэг асуудал гарч ирнэ. Энэ дунд хавтаст хэрэгт давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ байдаг. Өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл нийтдээ Монгол улсад 9 удаагийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Засгийн газрын тогтоолууд гарсан. Үүнтэй холбоотой бид бүгд мэдэж байгаа, 2020 оны 11 дүгээр сараас эхлээд бүх зүйл хязгаарлагдсан. Хүсэлт явуулах, хүсэлтийг шийдвэрлүүлэх, очоод Төрийн байгууллагатай уулзах гэх мэт бүгд хязгаарлагдсан. Энэ дунд нэхэмжлэгчийн зүгээс 2 талын буюу хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг Худалдаа аж үйлдвэрийн танхимаар тодорхойлуулаад давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг аваад хавтас хэрэгт өгчихсөн. Үүний дагуу Б гуравласан гэрээнд хэзээ гарын үсэг зурсан гэхээр 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зурсан. Хэрэг дотор гуравласан гэрээ хэд хэд авагдсан. Нэхэмжлэгчээс ч, хариуцагчаас ч, Богдхан уулын захиргаанаас ч өгсөн. Энэ гэрээ 11 дүгээр сар 22-ны огноотой. Үүний дагуу гуравласан гэрээ гэж байгаа агуулгаараа одоо Сум дүүргийн Засаг даргаар баталгаажуулах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 02 дугаар сар, 2022 оны 07 дугаар сар гээд хэд хэдэн удаа Б Н.Бөд хүсэлтүүдийг гаргаж явж байсан. Энэ гэрээ хэзээ Н.Б Засаг даргаар баталгаажсан гэхээр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталгаажсан. Энэ дунд ч гэсэн нэхэмжлэгч яагаад хүсэлтээ ингэж өгөөд Засаг даргаас яагаад ингэж удаж баталгаажуулсан бэ гэдгийг хангалттай тайлбарласан. Өмнө нь хэд хэдэн хэлэлцүүлгийн шатанд. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар 37.1 дэх хэсэгт гуравласан гэрээ гэдгийг хэн хэн хоорондоо байгуулаад хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдгийг заасан. Өөрөөр хэлбэл хуулийн 37.1-т сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан. Энэ гэрээ хэн хэнтэй байгуулагдах вэ гэвэл Б болон сум дүүргийн Засаг дарга, тэгээд газар ашиглагч гурав. Энэ гурав байгуулж байж энэ гэрээ хүчин төгөлдөр болж байгаа. Гэтэл Б, батална гэдэг зүйлийг ярьдаг. Энэ хуульд зааснаараа энэ гурван тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдана гэдэг заалт байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс юу гэж үзэж байна гэвэл манай энэ гэрээ хэзээ баталгаажиж байна гэвэл хамгийн анх Б гарын үсэг зурснаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, Засаг дарга газрын үсэг зурснаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ хүчин төгөлдөр болж баталгаажиж байгаа юм. Өөрөөр хэлбэл яамны зүгээс батална гэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж үзэхгүй. Гэрээ хүчин төгөлдөр болоод одоо газар ашиглах 2 жилийн хугацаа тоологдох ёстой. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэр үйлчилгээ эрхлээгүй, энэ дотор барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх зэргийг ойлгоно гэж байгаа. Тэгэхээр газар эзэмшүүлэх тухай гэрээ хийснээс бүтэн 2 жил өнгөрөөгүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 22 гэдэг огноосоо тоолбол 2 жил нь өнгөрөөгүй, хамгийн сүүлд Засаг дарга гарын үсэг зурснаас тооцож байгаа бол 2022 оны 08 дугаар сарын 25. Тэгэхээр хариуцагчийн бариад байгаа Газрын тухай хуулийн 41.6 дахь хэсэгт заасан 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг хугацаа нь болоогүй байсан байна гэдэг маргааны нэг дэх үндэслэл явж байгаа юм. Хоёрдугаарт газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг дээр энэ газар дээр ямар нэгэн байдлаар барилга байгууламж барих, зам талбай барих, тариалан эрхлэх гээд газраа гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой хэмжээгээр ашиглаад явж байсан процессыг тайлбарласан. Сая нэрлэн заасанчлан нэхэмжлэгч компани энэ газар ашиглах эрхийг авснаасаа хойш маш олон хүсэлтүүдийг гаргаад шат дараалсан баримт бичгүүдийг гаргаад явж байгаа. Хашаа барих зөвшөөрөл аваад, архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 04 дүгээр сард холбогдох хүсэлтээ өгөөд гэрээгээ байгуулаад, архитектур төлөвлөлтийн даалгавар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр батлагдаж гараад үүнийг үндэслээд загвар зураг гэдэг зүйл Х,т хүсэлтээ өгсний дагуу 2022 оны 07 дугаар сарын 07-ны огноотойгоор батлагдсан. Өөрөөр хэлбэл яамны зүгээс энэ загвар зураг буюу зураг төслийн дагуу энэ газар дээр ийм үйл ажиллагаа ингэж явуулна гэснийг 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн зөвшөөрөөд баталгаажуулсан. Гэтэл 08 дугаар сарын 16-ны өдөр Б газар ашиглах эрхийг цуцлах санал явуулаад л тэр саналыг нь үндэслээд цуцалчихсан. Тэгэхээр энэ дунд ямар асуудал үүсэж байна гэвэл 07 дугаар сард нь танайх газар дээрээ энэ загвар зургийн дагуу ийм үйл ажиллагаа явуулна гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа сарын дараа цуцалчхаж байгаа юм. Энэ дунд энэ компани зориулалтын дагуу 2 жил яаж энэ газраа ашигласан юм. Энэ газар дээр нь юу юу байгаа юм, юу юу хийсэн юм гэдгийг тодруулах ёстой. Одоо хавтаст хэрэгт Бны дагуу хяналт шалгалтаар зориулалтын дагуу газраа ашиглаагүй байна гэдгийг шалгаж тогтоосон гэдэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, албан бичиг явуулаад энэ хянал шалгалт чинь яаж болсон юм бэ? Үүнтэй холбоотой баримт байна уу гээд шаардахад манай цахим болон цаасан суурьт архивд үүнтэй холбоотой баримт байхгүй гэж Б хэлдэг. Тэгэхээр ямар ч хяналт шалгалтгүйгээр дээрээс нь сонсох ажиллагаа буюу бид нарт тайлбар гаргах ямар ч боломж олгохгүйгээр цуцалчихсан. Манай компани сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг албан ёсоор өгсөн юм уу гэдэг нотлох баримтыг нь гаргуулсан боловч Б өөрсдийнхөө энэ сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан бүртгэлийн дэвтрээ л хуулбарлаад өгчихсөн. Тэгэхээр энд “Ц” компанийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг ч байхгүй. Дээрээс нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасанчлан мэдэгдэнэ хүргүүлнэ гэдгийг яаж ойлгох юм бэ гэдгийг тайлбарласан. Албан ёсоор шуудангаар хүргүүлнэ, эсвэл факс, имэйл, цахилгаан холбоо, утас гээд холбогдох этгээдэд нь мэдэгдэж түүнийг баримтжуулна гэсэн энэ зүйл заалт тэр чигээрээ алдагдаад манайд энэ сонсох ажиллагааны мэдэгдэл ерөөсөө ирээгүй. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс 2 жил хүрэхгүй энэ хугацаанд хангалттай баримт бичгээ бүрдүүлээд, анхан шатын домоо байршуулаад, энэ чинь өөрөө отоглох, буудаллах гээд газрыг ухахгүй байх зориулалтынхаа дагуу зөөвөрлөх боломжтой дом байршуулаад, жуулчин хүлээж авах төвөө байршуулаад, манаачийн путикээ тавиад гэх мэтчилэн холбогдох юмнуудаа хийгээд явж байгаа. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч компаниас бүх гэрээнүүдийг, бүх төлбөрийн баримтуудыг, зарлагын баримтуудыг бүгдийг нь шүүхэд өгсөн. Газрын төлбөрийн тухайд илүү төлөлттэй буюу 109,534,360 төгрөгийн илүү төлөлттэй. Нийт энэ хугацаанд төлсөн төлбөр 733,037,640 төгрөг. Ингээд тоотой нь тооцоо нийлсэн актыг хавтаст хэрэгт өгсөн. Ингээд өнөөдрийг хүртэл нийт 1,134,409,307 төгрөгийн зардал гаргаад өнөөдрийн энэ газар дээр үйл ажиллагаа явуулж байна. Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 35.3.4 дэх заалтыг үндэслээд байгаа юм. Энэ заалт нь юу гэж байгаа юм гэхээр нэхэмжлэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлнэ гэдэг заалт Газрын тухай хуулийн 35 дээр явж байгаа. Энэ 35.3.4 дэх хэсэг дээр юу гэж тайлбарласан бай байдаг вэ гэвэл газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гээд энэ зүйл заалтыг барьчихдаг. Гэтэл энэ зүйл заалт нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүрэг байдаг. Энэ үүргийг дангаараа баримтлах боломжгүй. Энэ зүйл заалтыг яаж баримтлаад газар ашиглагчийн эрхийг дуусгавар болгох вэ гэхээр Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэг дээр тодорхойлсноор эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд энэ компани газрын төлөв байдал чанарын хянан баталгаа ч гэдэг юм уу, нөлөөллийн нарийвчилсан юм уу ерөнхий үнэлгээгээ хийлгээгүй гэдэг асуудлыг хэрвээ ярьж байгаа бол Газрын тухай хуулийн 40-ийг заавал баримтлах ёстой. Тэгж байж газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл байна. Түүнээс биш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл буюу газар эзэмшигчийн үүргийг дангаар нь баримтлах боломжгүй. Хэрвээ хариуцагч байгууллага ингэж үзэж байгаа бол 40.1.1-ийн дагуу 2 буюу түүнээс дээш удаагийн газар эзэмших гэрээний зөрчил байх ёстой, эсвэл ноцтой зөрчил байна. Улсын Дээд шүүх үүнтэй холбоотой тайлбарыг хийсэн. Улсын дээд шүүхээс 2 буюу түүнээс дээш удаа, удаа дараа гэдэг нь Газрын тухай хуульд зааснаараа газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Гэхдээ зөрчил нь тусдаа байж болно эсвэл нэг зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байж болно гээд Улсын Дээд шүүх 2008 оны 15 дугаар тогтоолоороо тайлбарласан. Тэгэхээр энэ зүйл заалтыг барьж байгаа бол 1 дүгээрт танайх газар эзэмших гэрээнд заасан ямар үүргээ яаж биелүүлээгүй юм. Үүнтэй холбоотой тайлбарыг нь аваад үүний дагуу мөн л сонсох ажиллагааг хийх ёстой. Гэтэл 35.3.4 дэх заалтыг барьчхаад танайх газрын төлөв байдал чанарын хянан баталгаагаа хийлгээгүй байна гээд зөвхөн энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдөр шүүхэд нотлох баримтаар өгсөнчлөн газрын байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээ хийлгэсэн. Хийлгээд Бнд хүргүүлсэн. Бнаас яаманд одоо энэ компани байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээ хийлгэсэн учраас байгаль орчны ерөнхий үнэлгээг нь хийж өгөөч ээ гэдэг албан тоотыг явуулсан. Нэхэмжлэгч газар ашиглах эрх авсан даруйдаа энэ гэрээгээ байгуулаад газрын байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээ хийлгээд яам руу хүргүүлсэн боловч яам ерөнхий үнэлгээ хийлгэх хийлгэх хүсэлтийг буцаасан. Ямар үндэслэлээр буцаасан бэ гэвэл танайх Байгаль орчны нөлөөллийн нөлөөллийн ерөнхий үнэлгээний тухай хуульд 7.3-д зааснаар холбогдох техник эдийн засгийн үндэслэл болон загвар зургаа баталгаажуулж ирж байж танай ерөнхий үнэлгээ хийнэ гэдэг байдлаар загвар зураг байхгүй гэдэг үндэслэлээр материалыг нь буцаасан. Манайхаас загвар зургийг хийлгэсэн. Хэзээ хийлгэсэн бэ гэхээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энд тайлбараараа өгчихсөн байгаа “” гэдэг компанитай нийт 28 сая төгрөгөөр гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрөө өгөөд хийлгүүлээд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр загвар зураг батлагдаж байгаа. Ингээд загвар зураг баталгаажчихсан, манай гуравласан гэрээ баталгаажчихсан. Яам руу бүх баримт материалаа хэзээ хүргүүлж байгаа юм гэхээр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Гэтэл маргаан бүхий акт маань 09 дүгээр сарын 06-ны өдөр гарч байгаа. Энэ хооронд яам манай гуравласан гэрээнд гэрээг баталгаажуулж гарын үсэг зурах, дээрээс нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргах, түүний дараа бид нар нарийвчилсан үнэлгээний үнэлгээг хийлгэх гэсэн энэ бүх процесс алдагдчихсан. Гэтэл давж заалдах шатын шүүх яагаад энэ компанийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гараагүй юм бэ гэдэг асуудал ярьдаг. Гэтэл энэ хооронд яам манай холбогдох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хугацаа буюу 08 дугаар сарын 25-ны өдөр байгаад л төд удалгүй цуцалчхаж байгаа юм. Тэгэхээр энэ дунд яагаад яам батлаагүй гэдэг асуудал ярих боломжгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байгаа юм. Манай дээр анхан шатын бүх баримтууд бэлэн байгаа. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ маань байна, байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийлгэчихсэн. Энэ бүх баримт бичгүүдийг яам баталгаажуулах дутуу байдаг. Гэтэл яам энийгээ баталгаажуулаагүй. Манай эх загвар зургийг баталгаажуулсан хэр нь санал ирэнгүүт л цуцалчихдаг. Энэ дунд ерөөсөө хянаж шалгах, энэ санал нь үндэслэлтэй эсэх, сонсох ажиллагаа хийсэн эсэх ямар ч процессын ажиллагаа хийгдэхгүй цуцалчихсан болох нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар тодорхой байгаа. Яамнаас ч тайлбарыг нь очиж шалгаж үзэж үзлэг хийсэн, Бн дээр ч очиж шалгаж үзсэн. Тэгэхээр маргаан бүхий акт маань эдгээр үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж байна...” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бнаас нийт дархан цаазат газарт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн байдалд хяналт шалгалт хийгээд “Ц” компани нь Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.4, 41.6-г тус тус зөрчсөн байна, ийм учраас тусгай саналыг ирүүлж байна гэдэг албан бичиг ирүүлсэн байдаг. Тухайн албан бичиг дээр “Ц” компани тухайн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариу тайлбарыг ирүүлээгүй гэсэн зүйлийг дурдаж өгдөг. Мөн дээрээс нь 35.3.1, 35.3.4, 41.6 дахь хэсэгт заасан нь тогтоогдсон байдлаар ирүүлсэн учраас Богдхан уулын хамгаалалтын захиргаа тухайн газар ашиглагч нарт өдөр тутмын хяналт тавьдаг чиг үүрэг бүхий байгууллага учраас тухайн байгууллагаас нь ирүүлсэн албан бичгүүдэд үндэслэлээр Б, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглахыг эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 35.3.1-д газар төлөвшил гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.4-д газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гэдэг энэ зүйлийг тодруулаад үзэхэд яам дээр ямар нэгэн баримт бол байхгүй, гуравласан гэрээ байгуулагдаагүй байсан. Энэ нь яамнаас шалтгаалах байдлаар ийм нөхцөл байдал бий болоогүй гэж үзээд сайд өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тушаалыг гаргасан байдаг. Энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Б дүгнэлтдээ: “Би өөрийнхөө үзэл бодлыг хэлэхэд тухайн үйл ажиллагаа эхэлж байгаа хугацаа нь 2020 он гэхээр ковидын үед бүх л үйл ажиллагаа зогсонги байсан. Гэхдээ хоёр талын ярьж байгаагаар гэрээ хийснээс эхлүүлээд хугацаа нь явагдаад 2 жил гэж үздэг юм уу, өөрсдөө анхнаасаа судлах ёстой байсан байх. 2 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж, явуулах ёстой байсныг эндээс дүгнээд сонсох ажиллагааг нь байнга сануулах ёстой ч байсан юм уу? Хэрэв хийхгүй байгааг нь анзаараад байсан бол тийм ээ? Яг дүгнэлтээ өгөөд байсан юм уу гэдгийг нь дотроо бодоод байна л даа. Эцсийн дүгнэлт гэхээр би хоёр талд эргэлзээтэй байгаад байна. Төрийн байгууллагууд бас чирэгдэлтэй байгаад байдаг шүү дээ. Тэр хугацаанд яг 2 жил болоогүй байна гээд байгаа юм. Би тэр 2 жилийг сайн ойлгохгүй байна. Гэрээ хийгээд 2 жил гээд байгаа юм уу? Гэрчилгээ, материалаа бүрдүүлээд 2 жил гээд байгаа юм уу? гэдгийг шүүх харгалзаж үзнэ үү.”  гэжээ.

3.5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Д дүгнэлтдээ: “Газар эзэмших тушаал гарснаас хойш гэрээ хийгдээгүй яваад байсан юм байна, тийм үү? Тэгж ойлголоо. Тэгэхээр энэ гэрээ хийгдээгүй хугацаа нь энэ 2 жилдээ орж байгаа юм уу? Тэрийг гайхаад байна. Энэ ковидын нөхцөл байдал, тэгээд бичиг баримт бүрдүүлж чадахгүй явсаар байгаад, хажуугаар нь албан байгууллагуудын хүнд суртал нөлөөлсөн юм байна гэж ойлголоо. 2 жилийг би бол жаахан буруу тооцогдоод байгаа юм болов уу гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Маргаж буй Б,ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/ дугаартай тушаалаар “Ц” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

2. Дээрх эрх зүйн үндэслэлүүдээс голлох үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт байна.

3. Маргаж буй тушаалд дурдсан эрх зүйн үндэслэлүүдээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх дуусгавар болох талаар зохицуулсан үндэслэлүүдийг тодруулбал, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд, мөн зүйлийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;” гэжээ.

4. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд, мөн зүйлийн 39.1.4 дэх заалтад “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг зохицуулжээ.

5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт олгогдсон аливаа этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох талаарх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зохицуулсан үндэслэл байхаар хууль тогтоогч тогтоожээ.

6. Маргаж буй Б,ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/ дугаартай тушаалд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж тодотгосон.

7. Хэдий тийм боловч шүүх маргаж буй захиргааны актын эрх зүйн үндэслэлийг бүхэлд нь хянаж, холбогдох эрх зүйн дүгнэлтийг хийж байна. Тодруулахад:

8. Газрын тухай хуульд зааснаар, аливаа хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо холбогдох эрх бүхий захиргааны байгууллага нь зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хэрэглэх учиртай.

9. Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад заасан “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.4 дэх заалтад заасан “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;” гэх газар эзэмшигчийн үүргээ зөрчсөн гэж үзсэн байх боловч энэ нь хууль зүйн агуулгаараа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэх үндэслэлд хамаарахаар байна.

10. Гэвч Тусгай хамгаалалттай газар нутгийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” /маргаж буй захиргааны акт гаргах үед үйлчилж байх үед мөрдөж байсан томьёолол/ гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” /маргаж буй захиргааны акт гаргах үед үйлчилж байх үед мөрдөж байсан томьёолол/ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:” гээд, мөн хэсгийн 3 дахь заалтад “газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага;” гэж тус тус заажээ.

11. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс харахад, газар ашиглах тухай гуравласан гэрээний талууд тухайн гэрээнд газрыг ашиглах, хамгаалах талаарх эрх, үүрэг, хариуцлагаа харилцан тохиролцож, тусгах ёстой байх бөгөөд тийнхүү харилцан тохиролцсон нөхцөлүүд нь гэрээний салшгүй хэсэг болж, гэрээ баталгаажин хүчин төгөлдөр болсноор хэрэгжиж эхлэхээр зохицуулсан байна.

12. Энэ талаарх нөхцөлүүдийг хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний 1 дэх хэсэг “Нийтлэг үндэслэл”-д “Энэхүү гэрээнд салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно.” гээд, мөн хэсгийн 1.13-т “Ашиглах газрын төлөв байдлын тухай мэдээлэл: Бд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт” гэх зэргээр тусгасан байх бөгөөд энд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг гаргуулаагүй гэж хариуцагчаас тайлбарлаж байх боловч дараах үндэслэлээр хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

13. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оноос байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт гаргуулахаар хандаж буцаагдаж[9] явсаар 2021 онд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ[10] болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг[11] “Х*******” ХХК-тай гэрээ байгуулан[12] хийлгэж, улмаар тухайн тайлангуудаа Б,анд батлуулахаар хэд хэдэн удаа хүсэлт гарган хандаж байсан боловч хариуцагчаас тухайн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан “Х*******” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 тоот албан бичиг[13], Бны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1221 тоот албан бичиг[14], нэхэмжлэгчээс Бны даргад явуулж байсан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 44-14/22 тоот хүсэлт[15], мөн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 44-01/21 тоот албан бичиг[16] зэргээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

14. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл”-ийг Бнд хүлээлгэн өгч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар[17] тогтоогдов.

15. Түүнчлэн, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ” нь хамгийн сүүлд Бас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурагдаж, баталгаажсан[18] байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гуравласан гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө гэрээний салшгүй хэсэг болсон дээрх үнэлгээний тайлан, төсөл хөтөлбөрөө батлуулан хэрэгжүүлэхээр идэвхтэй үйлдэл гарган ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ агуулгаараа хариуцагчаас гаргасан “... нэхэмжлэгч байгаль орчны үнэлгээний тайлан дүгнэлтээ батлуулаагүй ...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

16. Иймд маргаж буй захиргааны актад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4 дэх заалтыг хэрэглэснийг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

17. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэх тухайд, шүүх дараах үндэслэлүүдээр маргаж буй захиргааны актад мөн хуулийн дурдсан заалтыг хэрэглэснийг үндэслэлгүй гэж үзлээ. Тодруулбал:

18. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тус тус тайлбарласан болно.

19. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн зүгээс газраа ашиглах талаар идэвхтэй үйлдэл гаргаж байсан болох нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн М3Х2022/******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан /Газраа зориулалтын дагуу ашиглахын тулд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалт бүхий Аялал жуулчлалын цогцолборын Архитектур төлөвлөлтийн даалгавар/, Аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, Аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулахын тулд "О" ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсан /2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ/, Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗТ/21/******* дугаар гэрээг “Г” ХХК-тай, Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗТ/22/******* дугаар гэрээг "" ХХК-тай байгуулсан, Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТЅТТ-22-******* дугаар гэрээг "С" ХХК-тай, Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МС-22-******* дугаар гэрээг "Л" ХХК-тай, Ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн D-TSTT-22-******* дугаар гэрээг "Ө" ХХК-тай тус тус байгуулсан, Залаатын аманд байрлах захиалагчийн ашиглах эрх бүхий газарт 120 м² модон араг бүтээцтэй барилга нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн TSTT-22-0334 дугаар гэрээг "И" ХХК-тай, Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТSTT-22-******* дугаар гэрээг "О" ХХК-тай байгуулсан, Бнаас 2021 оны 12 сарын 02-ны өдөр №2021/12/01 тоот Хашаа барих зөвшөөрөл[19] олгосон зэрэг үйл баримтуудаар нотлогдож байна.

20. Тиймээс дээрх тохиолдолд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэж дүгнэх боломжгүй.

21. Түүнчлэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г хийснээс хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш тоолсон, эсхүл Бас гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тоолсон аль ч тохиолдолд хуульд заасан 2 жилийн хугацаа бүтэн дуусаагүй байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

22. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаж буй А/ дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

23. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зөв байна.

24. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдэд харгалзан үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б,ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ

  ШҮҮГЧ                                 Т.ГАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/

[2] 1Хх 19 дэх тал

[3] 1Хх 21 дэх тал

[4] 1Хх 138 дахь тал

[5] 1Хх 17 дахь тал

[6] 1Хх 171-173 дахь тал

[7] 1Хх 205 дахь тал

[8] 1Хх 50 дахь тал, хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 18 дахь талын ар нүүр

[9] 2Хх 4-7 дахь тал /баримт бичгийн үзлэгээр бэхжүүлсэн баримтууд/

[10] 2Хх 70-120 дахь тал

[11] 2Хх 121-131 дэх тал

[12] 2Хх 66-68 дахь тал

[13] 2Хх 69 дэх тал

[14] 1Хх 159 дэх тал

[15] 1Хх 155-157 дахь тал

[16] 1Хх 158 дахь тал

[17] 2Хх 35-54 дэх тал

[18] 1Хх 205 дахь тал

[19] 1Хх 17 дахь тал