Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 958

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/0000851 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “БӨ” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 665 348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “М” ХХК нь “БӨ” ХХК-тай Оросын холбооны улсаас импортлон оруулж ирдэг “МТ” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд хадгалагдаж байсан битумаас худалдаж авахаар тохиролцсон. Манай талаас нийт 754.92 тонн битумыг нийлүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ачуулсан 47 ширхэг буюу 45.6 тонн нэг бүр нь 520 долларын үнэ бүхий нийт 23.712 ам.долларын битумын тооцоо хийгдээгүй, бусад тооцоо бүрэн хийгдсэн байдаг. Хариуцагч талаас сүүлд ирүүлсэн бутим нь чанарын шаардлага хангахгүй байна гэсэн учраас хоёр талаас хүн томилж газар дээр очиж үзсэн. Тэгэхэд чанарын шаардлага хангаагүй гэх 8 ширхэг битумыг үзүүлсэн. Үлдэгдэл битум хаана байгаа вэ гэхэд газарт булсан учраас үзүүлэх боломжгүй гэсэн. “М” ХХК нь тооцооноос 8 ширхэг битум хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэдгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай албан тоотоор мэдэгдсэн. Тодруулбал чанарын шаардлага хангахгүй өөр битум байгаа бол бидэнд зарлагын падааны дагуу биетээр буцаалт хийсэн тохиолдолд авлагаасаа хасалт хийхэд бэлэн байна гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Битум нэг бүр нь 0.970 тонн буюу 970 килограмм жинтэй. Нэг битумын үнэ нь 520 ам.доллар. Манай талаас 8 битумыг чанарын шаардлага хангахгүй гэсэн учраас хассан байгаа. 8 ширхэг битумын нийт жин нь 7.76 тонн буюу үнийн дүн нь 4 035 ам.доллар. Манай талаас үлдэгдэл битумын үнэ болох тухайн үеийн Монголбанкны ханш буюу 2 416 төгрөгөөр тооцож нийт 47 492 947 төгрөгийг хариуцагч “БӨ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Бид 8 битумыг очиж үзэхэд үлдсэн 39 битумыг үзэх шаардлага гаргасан боловч булсан газраа зааж өгөөгүй. Хайлуулж үзсэн юм бол тэр хайлуулсан битум нь хаана байгаа гэдэг нь тодорхойгүй. Оросын Холбооны Улсаас чанарын шаардлага хангасан битумыг оруулж ирсэн. Бид өөрсдөө худалдан авч байгаа учраас дагалдах бичгийг үзэж оруулж ирсэн. Манай талын нийлүүлсэн битум бүгд чанарын шаардлага хангахгүй байсан бол тухайн үед нь цаг алдалгүй мэдэгдэх ёстой байсан. Үлдэх 39 битум тэр чигээрээ чанарын шаардлага хангаагүй гэсэн үг биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа баримт болон 8 дугаар хуудсанд байгаа “БӨ” ХХК-ийн ирүүлсэн баримтаас харахад хариуцагч тал үнийн дүн болон хэмжээний тал дээр маргадаггүй. Би хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд тооцоолол хийгээд 94 080 113 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байдаг. Энэ нь үнийн дүнгийн 10 хувь юм. Тэгэхээр нийт 940 801 130 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Хариуцагч тал нь нийт 754.62 тонн битумыг худалдаж авсан. Бид тухайн үед байгаагүй учраас 2017 оны 8 дугаар сарын ам.долларын дундаж ханшаар 2 443 төгрөгөөр үржүүлээд үзэхэд нэг бүрийн үнэ нь 511 ам.доллар болж байна. Нэг битумын жин нь 0.970 тонн болж нийт 37.83 тонн битум болж байгаа. Түүний үнэ нь 19 331 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2 414 төгрөгөөр үржүүлэхэд 46 665 348 төгрөг болж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаас 821 864 төгрөгийг хасаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн зүгээс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн 754.92 тонн битум нийлүүлснээс 40 ш буюу 39.2 тонн битум нь хайрга чулуу ихтэй байсан учир хайлуулах зууханд ашиглах боломжгүй байсан. Тухайн үед уг битумыг хадгалах нөхцөл бололцоо байхгүй учир газарт нүх ухаж булсан нь үнэн болно. Энэ тайлбарыг мэдэгдэж байсан бөгөөд тухайн үед бичлэг хийж баримтжуулсан. Одоо 2 талаас комисс гарган газар дээр нь очиж үзэхэд бэлэн, тоо ёсооороо байгаа болно. Иймд манай компани “М ХХК”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БӨ” ХХК-иас 46 665 348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БӨ” ХХК-иас 391 276.74 төгрөг гаргуулж,нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БӨ” ХХК-иас шинжээчийн зардалд 576 000 төгрөгийг гаргуулан шинжээч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ/РД-5645913/-ын хаан банкны 5013170959 тоот дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Баасанжаргал давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлөөр харилцан тохиролцож, нийт 754.92 тонн битум худалдан авч, үнийг төлөх харилцаа үүссэн. Гэрээний эхний үе шатуудад нийлүүлэлт хэвийн, үнэ төлөлт ч хэвийн байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хамгийн сүүлийн 47 ширхэг битумын чанарт өөрчлөлт гарснаар маргаан эхэлсэн байдаг. Маргаан гарсан үндэслэл нь сүүлийн 47 ширхэг битумаас маш их хэмжээний чулуу, шороо илэрч, уг доголдол нь битум хайлуулах зууханд нийцэхгүй учир уг битумыг буцаан авахыг “БӨ” ХХК-ийн зүгээс “М” ХХК-д мэдэгдсэн байдаг. “М” ХХК нь дээрх битум хүргэгдсэн газар болох Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт өөрийн төлөөллийг явуулж газар дээр нь очиж үзээд 8 ширхэг битум гэдгийг чухам юуг үндэслэн тоо хэмжээ тогтоосон нь тодорхойгүй байдаг. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нийлүүлэгдсэн 47 ширхэг битумаас 8 ширхэг битум гологдолтой гарсан гэж үзэж байгаа бол үлдэх 39 ширхэг битум нь чанарын шаардлага хангаагүй. “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь үгүйсгэгдэх, хариуцагчийн няцаалт үндэслэл нь үндэслэлтэй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэргийн нотлох баримтуудыг үнэлж үзээд “БӨ” ХХК нь албан ёсоор битум хүлээж авахаас татгалзсан, чанарын шаардлага хангахгүй болон битум буцаах талаар мэдэгдэл хүргүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хэргийн үйл баримтаар “М” ХХК өөрийн сүүлийн 47 ширхэг битумаас 8 ширхэгийг нь чанарын шаардлага хангахгүй гэж хүлээн зөвшөөрсөн үйл баримт байгаа. Мөн шүүх Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн лабораторийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн TLSA дугаар дүгнэлтийг нотолгооны ач холбогдолтойд тооцон үнэлсэн байна. Гэтэл талуудын маргаан 2017 оны 8 дугаар сарын сарын 31-ний битум дээр маргадаг ба гаалийн мэдүүлгээр “М” ХХК нь уг лабораторийн дүгнэлт гарсан цаг хугацаанаас хойш удаа дараа импортоор битум оруулсан нь тогтоогддог. Энэ мэтчилэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтуудын уялдаа холбоо, нотолгооны чадварыг харгалзахгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.    

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “БӨ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн битумын үнэ 47 492 947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 46 665 348 төгрөг болгон багасгаж нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...М ХХК нь БӨ ХХК-тай Оросын холбооны улсаас импортлон оруулж ирдэг битумыг “МТ” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд хадгалагдаж байсан битумаас нийт 754.92 тонн битумыг нийлүүлснээс хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ачуулсан 47 ширхэг битумыг чанарын шаардлага хангахгүй гэх шалтгаанаар төлөхгүй байгаа ба 8 ширхэг битумыг үзүүлсэн 2 талаас хүмүүс томилон үзүүлээд үлдэгдэл 39 битумыг газарт булсан гээд үзүүлээгүй, “М” ХХК нь тооцооноос 8 ширхэг битум хасаж тооцоод албан тоотоор чанарын шаардлага хангахгүй өөр битум байгаа бол бидэнд зарлагын падааны дагуу биетээр буцаалт хийж авлагаасаа хасалт хийхэд бэлэн байна гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Иймээс тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцож 39 ширхэг битумын үнэ 46 665 348 төгрөгийг хариуцагч “БӨ” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэж,

хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...”М ХХК нь 754.92 тонн битум нийлүүлснээс 40 ш буюу 39.2 тонн битум нь хайрга чулуу ихтэй байсан учир хайлуулах зууханд ашиглах боломжгүй, тухайн үед уг битумыг хадгалах нөхцөл бололцоо байхгүй учир газарт нүх ухаж булсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан байна. /хх 7, 16/

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэж зохигчдын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

“М” ХХК нь “БӨ” ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 05 дугаартай албан бичгээр “нийт 754.92 тонн битум борлуулснаас 709.32 тонн битумын төлбөр тооцоо, НӨАТ-ын падаан илгээх зэргийг харилцан гүйцэтгэж дуусаад байна. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ачуулсан 47 ширхэг 0.970 тонн буюу 45.6 тонн, нэг бүрийн үнэ 520 доллараар тооцон 23 712 ам.долларын үнэ бүхий битумын тооцоо хийгдээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны үед сүүлийн ачилт хийсэн битумээс чанарын шаардлага хангаагүй битум гарсан гэх шалтгаанаар тооцоо хийгдээгүй байгаа, асуудлыг тодруулахаар 2 талаас хүн гарган газар дээр нь очиход шаардлага хангахгүй байгаа нийт 8 ширхэг битум үзүүлсэн ба “М” ХХК нь тооцооноосоо 8 ширхэг битум хасаж тооцоход татгалзах зүйлгүй болно, өөр шаардлага хангаагүй битум байгаа бол бидэнд зарлагын падааны дагуу биетээр буцаалт хийсэн тохиолдолд авлагаасаа хасалт хийхэд бэлэн байна, яаралтай барааны буцаалтаа хийн тооцоо дуусгахыг хүсч, тоотын хариуг яаралтай албан бичгээр өгнө үү” гэжээ. Уг албан бичгийн ар талд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой тус албан тоотыг хүлээн авч танилцлаа, хариуг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны дотор бичгээр хариу өгөх талаар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 7/

“БӨ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17/25 дугаартай албан бичгээр “М” ХХК-д хариу хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтэд “2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 768 ширхэг буюу 754.82 тн битум худалдан авсан, битумыг автозамын ажил гүйцэтгэж байгаа ажлын талбай дээр аваачиж битум хайлуулах зууханд хийх явцад 40 ширхэг буюу 39.2 тн битумаас их хэмжээний чулуу гарч битум хайлуулах заводод гэмтэл учруулж бид цаашид ажлаа гүйцэлдүүлэх боломжгүй болж, хэт халууны улмаас гологдол битум хайлж газраар урсаж байсан учир бид даруй нүх ухаж булсан. Тэнд үнэхээр 40 ширхэг битумыг булсан эсэхийг шалгахын тулд одоогоор цаг агаар хүйтэрч цас их хэмжээгээр орсон ба газар хөлдсөн байгаа тул шалгах боломжгүй байна. Мөн хятад ажилчдын оршин суух хугацаа дуусч буцсан байгаа. 2018 оны замын ажил 2018 оны 05 дугаар сараас эхлэх ба хятад ажилчид мөн энэ үеэр ирэх тул тэр үеэр газарт булсан битумыг газар дээр нь очиж шалгах боломжтой болно, үлдэгдэл битумын тооцоог 2018 оны 05 дугаар сар хүртэл хойшлуулах хүсэлтэй байгаа” гэдгийг бичсэн байна. /хх 42/

Хүлээн авсан битум буюу 8 ширхэг эд хөрөнгө доголдолтой байсан гэдгийг тодорхой хэмжээнд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч нь үлдэх 39 ширхэг битумыг доголдолтой байсан тул нүх ухаж булсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

Маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлын талаар газар дээр нь очиж үзлэг хийж Зам тээврийн хөгжлийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/841 тоотын хавсралтаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр битумын техникийн шаардлагын үзүүлэлт хангахгүй, одоо асфальт бетон хучилтад ашиглах боломжгүй талаар дүгнэлт гаргасан байна. /хх 86-122/

Хариуцагч “БӨ” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-д хандаж 39 ширхэг битум чанарын шаардлага хангаагүй талаараа албан бичгээр мэдэгдэж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан талаараа нэхэмжлэгч “М” ХХК-д Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Зохигчид битумын үнийг 1 баглаа боодол буюу ширхэгийн үнийг 520 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул шүүх тухайн үед ам.долларыг Монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцож хариуцагч “БӨ” ХХК-иас 39 ширхэг битумын үнэ болох 46 665 348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн тооцооллыг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/0000851 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Т.Баасанжаргалаас төлсөн 391 277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН