Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/03430

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2023/03430 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................... оршин суух, Б  овогт Э-ын Б  /РД:............./,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ...................тоотод оршин суух, М овогт Г-ын Д /РД:............../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ........................ байранд байрлах, Н холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0000дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05- ны өдрийн 0000 дугаар магадлалаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгч Э.Б, Г.Д нараас нийт 566,657,046 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн Ү-2206037072 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ................ тоотод байрлах 152 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч нарын хувьд төлбөр төлөгч бөгөөд барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн Ү-............. улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ............. тоотод байрлах 152 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг үнийг бид 2,000,000,000 Хоёр тэрбум төгрөгөөр үнэлж, тус саналаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Улмаар тус үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр Ф ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг 955,610,000 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэгч нарын дээрх үл хөдлөх хөрөнгийг 1 гаруйн жилийн өмнө буюу 2022 онд 1.5 тэрбум төгрөгөөр бусдад худалдан борлуулахаар тохиролцож байсан хэдий ч үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид өсөх хандлагатай байсан тул уг тохиролцоог цуцалж, үл хөдлөх хөрөнгийг авч үлдсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс Файн Эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээн нь манай үл хөдлөх зд херенгийн бодит үнэлгээг илтад бууруулсан дүгнэлт гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс дээрх үнэлгээг эс зөвшөөрч байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэг хэсэгт зааснаар үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхээр гомдол гаргаж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг үүсгэн холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/.... дугаар шийдввэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 210/MA2022/...... дугаар магадлалаар Э.Б , Г.Д  нараас 563.680.693 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.976.353 төгрөгийг тус тус гаргуулж У  ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ............. дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Э.Б , Г.Д нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-....... дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн............. дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн...... дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэж төлбөр төлөгч Э.Б , Г.Д  нар 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үнийн саналаа 2.000.000.000 төгрөгөөр үнэлэн хариу мэдэгдсэн, төлбөр авагч У ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үнийн саналаа 800.000.000 төгрөгөөр тус тус үнэлэн хариу мэдэгдсэн тул харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2/108 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 955.610.000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч нарт хөрөнгийг 955.610.000 үнэлсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ............ дугаар албан бичгээр үнэлгээний тайлангийн хамт төлбөр төлөгч Э.Б , Г.Д  нарын хаяган дээр очиж гардуулж өгөн мэдэгдэл дээр гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,2023.03.21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан хүсэлт,2023.04.07-ны өдрийн .....дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл,Иргэний үнэмлэхний хуулбар,Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Хавсралт зураг,2022.11.04-ний өдрийн ............... дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/............ дугаар шийдвэр, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: 2023.09.08-ны өдрийн итгэмжлэл,2023.09.11-ний өдрийн хариу тайлбар,2022.11.14-ний өдрийн .......... дугаар гүйцэтгэх хуудас,2022.05.09-ний өдрийн ............... дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ............... дугаар магадлал,2022.11.14-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэх тухай захирамж,2022.11.20-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,2022.11.23-ны өдрийн ......... Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс албан бичиг,2022.11.22-ны өдрийн ............ дугаар Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол,2022.12.25-ны өдрийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хариу хүргүүлэх тухай,улсын бүртгэлийн гэрчилгээ,2023.01.26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт,2023.01.26-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,2023.01.26-ны өдрийн .............. Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл,2023.01.26-ны өдрийн .................Зарлан дуудах мэдэгдэл,2023.01.26-ны өдрийн............. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,2023.01.26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,2023.03.15-ны өдрийн ............. Эд хөрөнгө хураах тухай тогтоол,2023.03.15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэрт санал хүргүүлэх тухай,2023.03.24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудлага худалдааны үнэ өгөх тухай, 2023.03.29-ний өдрийн ......... дугаар Шинжээч томилох тухай тогтоол,2023.03.29-ний өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2023.04.05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Файн эстимэйт ХХК-ийнүнэлгээний тайлан,Жишиг орон сууцны зах зээлийн үнэ судалгаа, Хавсралт зураг,2023.04.07-ны өдрийн ............. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдэл, 2023.04.07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.04.07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б , Г.Д нар нь хариуцагч НШ газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/0000 дугаар шүүхийн шийдвэрээр Э.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 639.136.946 төгрөг гаргуулан, У ХХК-нд олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Э.Б, Г.Д, Б.Э нарын өмчлөлийн Ү-00000000000 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 00000000000 тоот хаягт байршилтай, 152 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2022.09.05-ны өдрийн 183/ШШ2022/0000 магадлалаар Э.Б, Г.Д  нараас 563.680.693 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.676.653 төгрөг гаргуулах У    ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Төлбөр төлөгч Э.Б, Г.Д нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.14-ний өдрийн 183/ГХ2022/00000 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр00000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, эд хөрөнгөд шинжээч томилж, М ХХК Э.О-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ............... хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ гаргасан, уг үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж Э.Б, Г.Д нар нь НШГ газарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Б, Г.Д нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ................... тоот байрлах, 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үнэлгээ тогтоосноос хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй, түдгэлзүүлж байжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Э.Б, Г.Д нарын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байна.

 

Э.Б, Г.Д  нарын нэхэмжлэлд ...төлбөр төлөгч хоёр дахь дуудлага худалдаанаас өмнө төлбөр төлөх боломжтой байсан гэж дурдсан... бөгөөд Х ХХК-д төлбөр төлөх үүргээ гүйцэтгэвэл маргаан бүхий эд хөрөнгийн битүүмжлэл, хураан авсан ажиллагаа дуусгавар болох юм.

 

Эдгээр үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар НШГ газарт холбогдох дахин үнэлгээ тогтоолгох тухай Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО