Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/03394

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 26 өдөр

 

 

 

 

    Дугаар 183/ШШ2023/03394

 

 

 

 

      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .....................тоотод оршин суух, Б  овогт Д-ын Л  /рд:........../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. дугаар байранд байрлах, Х СӨХ /рд:........./-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3.798.112 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Г.А, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2022.09.25-ны  орой 22:00-23:00 цагын орчим тус хороонд байрлах Агро хүнсний дэлгүүрээс, гэртээ харих замдаа Максын хойд талын Хийморь орон сууцны дунд байх явган хүний замаар явж байгаад гражын пандуст тээглэн унаж 103-ГССҮТ-д  хүргэгдэн 09.27-нд хагалгаанд орж баруун хөлөндөө төмөр суулгаж хадуулсан ба одоогоор толгой доргисон, хавирга далны булчин өвчин их, зүүн хөлний шагай, өвдөг шалбарсан, аарцаг түнхээр, зовиур их байгаа /12/25-ны өдөр 102-т гомдол гаргасан/ Тус орчин нь хайс хамгаалалт байхгүй, гэрэлтүүлэгч нэг ч байхгүй, үзэгдэх орчин харанхуй байсан нь унах том шалтгаан болсон. Тухайн үед чимээ их гарсан тул олж ирлээ гээд гар утасны гэрэл гаргаж оршин суугч 1 залуу олж ирсэн. Мөн Агро дэлгүүрт байсан найздаа хэлэхэд мөн утасны гэрэл гаргаж олж ирсэн. Үнэхээр гомдолтой байна. 8 настай охиноо яаж унагачихсангүй вэ, ямар азаар баруун гартаа хөтлөөд явж байсан юм бэ гэж бодож байгаа. Эрүүл аюулгүй орчин, амьд явах баталгаа хаана байна вэ надаас хүнд  жинтэй хүн байсан бол, эсвэл согтуу  хүн  тэнд суувал шууд годройтож унах, жин ихтэй хүн бол газар дээрээ ч амь насаа алдах том аюул байна.Тус байрны оршин суугч залуу Эндээс хүүхдүүд үсэрч буугаад  байдаг.Энэ их аюултай харагддаг гэж хэлж байсан.Гэмтэлийн эмнэлэгээр дүүрэн хөл гараа бэртээсэн хүүхдүүд хагалгаанд орж байгааг зүрх шимшрэн харлаа.Хулгайчаас сэргийлж камер тавьсан байтлаа яагаад гэрэлтүүлэг хийгдээгүй СӨХ вэ хүүхдүүд үсэрч буухыг харж байж аюулгүй байдлаа, суугчидын тав тухыг яагаад хангасангүй вэ Тухайн газрыг хариуцаж байгаа газарт гомдолтой байна.Миний бие аппресанд орсноос хойш даралт унадаг тогтворгүй, толгой их өвддөг болсон г.м эрүүл биед минь үнэхээр том гарз учирсан.Тухайн газрыг хүн болгон мэддэг, тэр нүхийг мэддэг байх боломжгүй.Энэ бол тухайн СӨХ-ийн цэвэр хариуцлага, гэж үзэж байна. Хөдөлмөрийн чадвараа алдаж мөн асаргаа, амжиргаа, зээл, хүүхдээ хичээлд нь өгөх авах гээд маш их асуудал гарч ирлээ.Биенд байгаа төмөр, хадаас зэргийг авхуулах хүртэл хичнээн боолт, өвчин намдаах, эм тарианы зардал гарахыг хэлж мэдэхгүй. Иймд ГССҮТ-д 1.486.000 төгрөгийн хагалгаа, Платны төлбөр 80.000 төгрөг, 50-н ус эмийн сан төлбөр 78.100 төгрөг, Цэгэма-эмийн сан 16.990 төгрөг, Цэгэлма эмийн сан 9.750 төгрөг, 9/26-30 цалин 327.272 төгрөг, цалин 1.800.000 төгрөг, нийт гэм хорын хохиролд 3.798.112 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх энэ барилга баригдсанаас хойш 30 дугаар байранд амьдраад 16 жил болж байна. СӨХ-ын даргаар ажиллаад 8 жил болоход, тухайн хугацаанд ямар нэгэн хүн унасан гэх тохиолдол огт байдаггүй байсан. Энэ хүний амьдарч байгаа 8 дугаар байр бол огт гадна талдаа гэрэлтүүлэг тавьдаггүй. Харин 30 дугаар байр орой дээрээ гэрэлтэй, камераа 2021 онд бүрэн шинжилж байсан, гадна камер бүгд гэрэл тусгадаг, тухайн үед би мэдээгүй шүүхийн дуудах хуудас ирэхэд би хүн унасныг мэдсэн. Ямар ч камер бүдэг байдаггүй тод гэрэлтүүлэгтэй гэдгийг Хан-Уулийн цагдаа нар бүгд мэддэг. Нийт 118 камертай, орц гарц нь өөрсдийнхөө мөнгөөр камераа тавиулж байсан. Ер нь хорооноос сар бүр байнгын гэрлийн шалгалт үзлэг хийгээд явдаг. ..... харуултай, 3 гэрэл асаадаг, 1 гэрэл нь өөрөө автоматаар асдаг, нөгөө хоёрыг нь харуул асаадаг. Яг тэр дээр нь байдаг камер өөрөөсөө хангалттай гэрэл гаргадаг. Тухайн үед гэрэлтэй байсан үгүйг нотлох гэхээр камерын бичлэг байхгүй байсан. СӨХ нь хуулийн этгээд биш гэм хорын хариуцлага хүлээлгүй. Сууц өмчлөгчдийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар холбооны сангийн хөрөнгийг  дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ болон бусад нийтлэг зардлаас өөр зүйлд зарцуулахыг хориглосон байдаг. Бичлэг дээр энэ хүн унаагүй хүүхэд нь замаа хараад зөв талаар нь явсан байсан. СӨХ болон барилга байгууламжийн анхны хийц бүтцийг өөрчлөхийг 2017 оны Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр хориглосон байдаг. Төмөр тавих асуудлыг анх би тавьж байсан, яагаад гэвэл хүүхдүүд дамжаад явж харагдсан гэтэл 1 давхрын айлын цонхтой ойрхон, 33 34 дүгээр байр нь дээрээ тоглоомын талбайтай доороо гаражтай, баригдсан цагаас хойш төмөр хашлагатай хүүхдүүд байнгын хөдөлгөж дамжиж яваад байдаг. Цагдаагаас СӨХ нь ямар ч гэм хортой гэдэг нь тогтоогдоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байдаг. СӨХ нь ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зураг, 2022.10.04-ний өдрийн ........ дугаар  тодорхойлолт, 2022.10.03-ны өдрийн  Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас,амбулаториор эмчлүүлэгсдийн карт,2022.10.03-ны өдрийн мөнгө төлсөн баримт, 2022.09.30-ны өдрийн мөнгө төлсөн баримт, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас:  СӨХ-ны гэрчилгээ,2022.10.18-ны өдрийн итгэмжлэл,2022.01.05-ны өдрийн хариу тайлбар, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан өгсөн байна.

Шүүхийн журмаар  Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс нотлох баримтаар гаргуулан хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л хариуцагч Х СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 3.798.112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч Хийморь хотхон СӨХ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Д.Л 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 22-23 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Х СӨХ-ны 29 дүгээр байрны урд талын нарийн  хариуцдаг орон сууцны гадна явж байгаа тэрээр унаж, гэмтэл учирчээ.

 

Х СӨХ-ны 29 дүгээр байрны хэсэгт гэрэлтүүлэг хийгээгүй, харанхуй байсны улмаас нэхэмжлэгч унаж, гэмтэл учирсан болох нь амбултороор эмчлүүлэгсдийн карт, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 28к/1722 албан тоот, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарах бөгөөд үүнтэй холбоотой засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийг Сууц өмчлөгчдийн холбоо бүрэн хариуцах юм.

 

Иймд Х СӨХ нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Д.Л-д хохирол учирсан байх бөгөөд хэргийн 17-21 дүгээр талд авагдсан баримтаар 407.740 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч нь Д  ХХК-ийн удирдлага төлөвлөлт хяналтын төв хэлтэсийн оффисын туслах ажилтан бөгөөд 1.800.000 төгрөгийг үндсэн цалинтай гэх боловч энэ албан тоотоор түүнийг ажилгүй байсан хугацааны цалин олгох боломжгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх нь тодорхойгүй, мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэхдээ 1.486.000 төгрөгийг /хх-ийн 20 дугаар тал/ төлсөн гэх боловч нэхэмжлэгчээс 222.900 төгрөг төлөгдсөн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Иймд хариуцагч Хн СӨХ-ноос нэхэмжлэгч Д.Л-нд учирсан хохирол болох Ц ХХК-ийн 2022.10.09-ний өдрийн эм 9750 төгрөг, 2022.09.30-ны өдрийн эм, тарианы 16.990 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022.09.30-ны өдрийн 80.000 төгрөг, 2022.09.30-ны өдрийн 222.900 төгрөг, Тавин ус ХХК-ийн 78.100 төгрөг, нийт 407.740 төгрөг гаргуулж, Д.Л-д олгох нь зүйтэй байна.

 

Талууд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Х СӨХ-өөс 407.740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Л-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.390.372 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

                                         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х СӨХ-өөс 12.882 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Л-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Г.СОЛОНГО

 

      ШҮҮГЧИД                           Б.МӨНХЖАРГАЛ

 

  Г.ТӨРБОЛД