Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/53

 

О.Оюунбат, У.Ирээдүй нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0174/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

                      Шүүх хуралдаанд:          

 

                      Прокурор                                      Ц.Цэен-Ойдов /онлайн/

Шүүгдэгч                                       О.Оюунбат /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Батжаргал, Я.Баярсайхан /онлайн/

Иргэний нэхэмжлэгчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч            Ж.Эрдэнэбаатар /онлайн/

                 Нарийн бичгийн дарга                  Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолтой, Оюунтуяагийн Оюунбат, Уранчимэгийн Ирээдүй нарт холбогдох, 1918008240025 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч О.Оюунбатын өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 13-р баг, 10-р хороолол, 3-45 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Оюунтуяагийн Оюунбат. /регистрийн дугаар-ЧВ81112612/

2.Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Буян импекс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 10-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Буян овогт Уранчимэгийн Ирээдүй. /регистрийн дугаар ТЕ63120771/

Шүүгдэгч О.Оюунбат нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэлийн 14070021 дугаартай хэргийн төлбөр авагч У.Ирээдүйн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хэргийн төлбөр авагч Ким Шин Гүгийн гүйцэтгэх хуудас хаагдаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байхад “Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороонд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй Ү-2003014219 улсын бүртгэлийн дугаартай У.Ирээдүйн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн 03/2769 дугаартай албан бичгийг хүргүүлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө У.Ирээдүйгээс 5.000.000 төгрөгийг А.Золзаяагийн Хаан банкны 5045524732 дугаартай дансаар авсан;

-шүүгдэгч У.Ирээдүй нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч О.Оюунбатад 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор:

-Боржигон овогт Оюунтуяагийн Оюунбатыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө бусдаар дамжуулан хахууль авсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т заасан, Буян овогт Уранчимэгийн Ирээдүйг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль егсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5.д заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт Буян овогт Уранчимэгийн Ирээдүйд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч О.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч О.Оюунбатад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар О.Оюунбатад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгч О.Оюунбатын АТГ-ын Төрийн сан 100900033401 тоот дансанд гэмт хэрэг үйлдэж олсон орлого утгаар урьдчилан байршуулсан 5.000.000 /таван сая/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжпэгч Ким Шин Гүг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон болохыг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оюунбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч У.Ирээдүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Оюунбатын өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдолдоо:

Миний үйлчлүүлэгч О.Оюунбат анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өөрийн гэм буруугийн талаарх байр суурийг буруу илэрхийлснээс шалтгаалан өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан юм.

О.Оюунбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээж, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг байцаалтын явцад илэрхийлж байсан байдаг. / 3-р хавтаст хэрэг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг/

Миний үйлчлүүлэгч О.Оюунбат нь бусдаас хахууль шаардаж авсан гэмт хэргийн хор уршгийг ойлгож, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа.

Шүүгдэгч У.Ирээдүйгээс хахуульд авсан мөнгийг АТГ-ын тусгай дансанд байршуулсан юм.

О.Оюунбат нь 4-9 насны 3 хүүхэдтэй. Ял шийтгэгдэхийн өмнө Улаанбаатар хотод ажилд орохоор тушаал нь гараад хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан байсан юм.

Миний үйлчлүүлэгч О.Оюунбатын гэм буруугаа хүлээж байсан байдал, хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Ирээдүйн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн үйлдэл огт гэмт хэрэг биш байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Оюунбатын өмгөөлөгч Я.Баярсайхан тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралд миний үйлчлүүлэгч өмгөөлөгч Ө.Ганзоригтой буруу ойлголцож оролцсоны улмаас өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ дэмжиж байгаа. Түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөрийг төлсөн, бага насны 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Оюунбат тайлбартаа:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 3 хүүхэд маань Коронавирусаар өвдсөн учраас ар гэрийн байдал маш хүнд байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ө.Ганзоригтой буруу ойлголцсоны улмаас өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан. Надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж одоог хүртэл миний үйлчлүүлэгч хохирсоор байна. Мөрдөн байцаалтын шатанд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байсан, гэтэл анхан шатны шүүх хуралдаан өөр зүйл ярьж өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулсан. У.Ирээдүйгийн өмгөөлөгч гэмт хэрэг биш хэлж байгаа нь учир дутагдалтай. Өөрийнх нь үйлчлүүлэгчийн үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Өөр тусгайлсан саналгүй гэв.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Оюунбат, У.Ирээдүй нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч О.Оюунбатыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэлийн 14070021 дугаартай хэргийн төлбөр авагч У.Ирээдүйн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хэргийн төлбөр авагч Ким Шин Гүгийн гүйцэтгэх хуудас хаагдаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байхад “Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороонд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй Ү-2003014219 улсын бүртгэлийн дугаартай У.Ирээдүйн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн 03/2769 дугаартай албан бичгийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ төлөө У.Ирээдүйгээс 5.000.000 төгрөгийн хахуулийг А.Золзаяагийн Хаан банкны 5045524732 дугаартай дансаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар,

-шүүгдэгч У.Ирээдүйг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Оюунбатад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд О.Оюунбатыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө бусдаар дамжуулан хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т заасан гэмт хэрэг, У.Ирээдүйг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль егсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5.д заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2.т зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт У.Ирээдүйд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохоор, шүүгдэгч О.Оюунбатын АТГ-ын Төрийн сан 100900033401 тоот дансанд гэмт хэрэг үйлдэж олсон орлого утгаар урьдчилан байршуулсан 5.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжпэгч Ким Шин Гүг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон болохыг дурдаж, шүүгдэгч О.Оюунбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч У.Ирээдүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судалж үзвэл Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2012 оны 01 сарын 05-ны өдрийн 31 дугаар шийдвэрээр “Эм Эс Кей Эй” ХХК /захирал Пак Сон Жин/-ийн нэхэмжлэлтэй, “Шинэ Дархан коллеж” ХХК /захирал Жон Ён Дун, Ким Шин Гүг/-д холбогдох 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Шинэ Дархан коллеж шинэ барилга худалдаж авах" гэрээний  дагуу үлдэгдэл төлбөр болох 339.585.000 төгрөг, хүү 105.542.000 төгрөг, нийт 445.127.000 төгрөг гаргуулах тухай, мөн “Шинэ Дархан коллеж” ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Шинэ Дархан коллеж шинэ барилга худалдаж авах" гэрээний дагуу хийгдсэн төлбөр 392.530.665 төгрөг, алданги 196.265.332 төгрөг, нийт 588.795.997 төгрөгийг “Эм Эс Кей Эй” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд “Эм Эс Кей Эй” ХХК-ийн "Шинэ Дархан коллеж” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний  үлдэгдэл төлбөр 339,585,000 төгрөг, хүү 105,542,000 төгрөг, нийт 445,127,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Эм Эс Кей Эй” ХХК-иас 392.530.665 төгрөгийг гаргуулж, "Шинэ Дархан коллеж” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2012 оны 06 сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж 415 дугаар тогтоолоор сум дундын шүүхийн дээрх 31 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болсноор 2012 оны 09-р сарын 04-ний өдөр сум дундын шүүхийн 349 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Гэтэл “Эм Эс Кей Эй” ХХК-ийн захирал Пак Сон Жин нь шүүхийн шийдвэрийн дагуу "Шинэ Дархан коллеж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 392.530.665 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тул 2012 оны 09-р сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай сум дундын шүүхийн 2488 дугаар шүүгчийн захирамж бичигдсэнээр 2012 оны 09 сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2012 оны 09-р сарын 28-ны өдрийн 2/10318 тоотоор Пак Сон Жин-ий “Жи Эм Эс Ти Кей”-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороололд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

Мөн 2013 оны 07-р сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 895 дугаар шүүгчийн захирамжаар БНСУ-ын иргэн Пак Сон Жин-д холбогдуулан бэлнээр 100.000 ам доллар болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороололд байрлах дутуу барилгад оруулсан хөрөнгө 140.000.000 төгрөг гаргуулах тухай У.Ирээдүйгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу 2013 оны 09-р сарын 10-ны өдрийн 3152 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

Ингээд БНСУ-ын иргэн Пак Сон Жин нь шүүхийн дээрх 2 шийдвэрээр 2 төлбөр авагчид төлбөр төлөхөөр шийдвэр гарсан байна. 

Төлбөр авагчдын төлбөрийг барагдуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед дутуу баригдсан 65 хувийн гүйцэтгэлтэй дээрх барилгыг 820.000.000 төгрөгөөр худалдан борлуулах саналтайгаар 2013.11.08-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул 2 дахь дуудлага худалдааг 2013.12.02-ны өдөр 708.582.468 төгрөгөөр худалдан борлуулах саналтайгаар зохион байгуулсан боловч мөн л үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Ингээд БНСУ-ын иргэн Пак Сон Жин буюу түүний “Эм Эс Кей Эй” ХХК-иас  дээрх 2 шийдвэрийн дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн 100.000 ам доллар, 532.530.665 төгрөгийг өөрийн компанийн өмч болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороололд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгыг 708.582.468 төгрөгөөр үнэлэн 2 төлбөр авагч болох У.Ирээдүй, "Шинэ Дархан коллеж” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрт тооцон өгөхийг зөвшөөрч, 2013.12.02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргажээ. /1-р хх 208-р ху/

Төлбөр авагч "Шинэ Дархан коллеж” ХХК-ийн захирал Ким Шин Гүг нь төлбөр төлөгч Пак Сон Жин-ий өмчлөлийн 65 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгыг мөн Пак Сон Жин-ээс төлбөр авагч У.Ирээдүйгийн хамт хамтран өмчлөхөөр харилцан тохиролцсон тул уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг БНСУ-ын иргэн Ким Шин Гүг, Монгол улсын иргэн У.Ирээдүй бидний нэр дээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2014 оны 02 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бичгээр гаргасан байх ба дахин 2014 оны 04 сарын 23-ны өдөр өөрийн авах төлбөр болох 392.530.665 төгрөгнөөс 200.000.000 төгрөгийг У.Ирээдүй барагдуулбал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хаахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт нэмж гаргахад энэ өдөр буюу 2014 оны 04 сарын 23-ны өдөр төлбөр авагч У.Ирээдүй нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ...Шүүхийн шийдвэрээр "Шинэ Дархан коллеж” ХХК-д төлөгдөх төлбөрт тэдний хүсэлтийн дагуу 200.000.000 төгрөгийг танай албанд 15 хоногийн хугацаанд шилжүүлнэ, дээрх 65 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгыг надад хууль журмын дагуу шилжүүлж өгнө үү...гэсэн өргөдөл гаргасан байна.

Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагч 2 тал харилцан тохиролцсон, түүнчлэн 2013 оны 12 сарын 04-ний өдрийн санал болгох хуралдааны шийдвэрээр талууд саналаа хэлж төлбөр авагч У.Ирээдүй нь уг хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч, зөрүү мөнгийг /"Шинэ Дархан коллеж” ХХК-д төлөгдөх/ шийдвэр гүйцэтгэх албанд 10 хоногийн хугацаанд шилжүүлэхээр тохирсон гэж Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороололд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгыг У.Ирээдүйгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хүссэн 1/1368 тоот албан бичгийг 2014 оны 04 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт явуулж, 2014 оны 05 сарын 23-ны өдөр дээрх дутуу баригдсан барилгын өмчлөх эрх У.Ирээдүйгийн нэр дээр шилжжээ.

Төлбөр авагч “Шинэ Дархан коллеж” ХХК-ийн захирал Ким Шин Гүг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашралтай, У.Ирээдүй нь түүнд тохиролцсон ёсоор төлөх ёстой 200.000.000 төгрөгийг төлөхгүй байсан тул уг авах мөнгөө багасган 150.000.000 төгрөг авахаар болж, энэ мөнгөө авбал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоход татгалзах зүйлгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон У.Ирээдүй нарт удаа дараа мэдэгдсээр байсан байна.

Үүнээс хойш 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ямар нэгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байх ба У.Ирээдүй нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороололд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгад хөрөнгө оруулалт хийж, 95 хувийн гүйцэтгэлтэй болгож гэрчилгээг дахин авч, Ким Шин Гүгт ...дутуу баригдсан байрыг засварлаж дуусаад сургуулийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болгоод, Цай Хун сургуулийн хуучин байрыг барьцаанд тавьж үлдэгдэл 50.000.000 төгрөгийг өгнө” гэж хэлсэн атлаа төлбөр авагч Ким Шин Гүгт мэдэгдэхгүйгээр дутуу баригдсан барилгыг 2017 оны 07 сард Цай Хун дунд сургуульд 700.000.000 төгрөгөөр худалдаж, “Шинэ Дархан коллеж” ХХК-ийн захирал Ким Шин Гүгт төлөхөөр тохирсон 150.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөгийг нь төлж, үлдэгдэл 50.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй иржээ.

Дээрх  барилгын өмчлөгч нь У.Ирээдүй мөн боловч тэрээр 150.000.000 төгрөгийг нөгөө төлбөр авагч “Шинэ Дархан коллеж” ХХК-ийн захирал Ким Шин Гүгт бүрэн төлж дууссанаар уг барилгыг захиран зарцуулах буюу бусдад худалдах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт нэр шилжүүлэх бүрэн эрх нээгдэх ёстой байжээ.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч О.Оюунбат нь шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хувийн хэргийн төлбөр авагч Ким Шин Гүгийн гүйцэтгэх хуудас хаагдаагүй, У.Ирээдүй нь түүнд төлөх ёстой үлдэгдэл 50.000.000 төгрөг төлөгдөөгүй, төлбөр бүрэн төлөгдөж дуусахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох талаар төлбөр авагч Ким Шин Гүг удаа дараа мэдэгдсээр байхад “Дархан сум, 14 дүгээр баг, 2-р хороонд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй Ү-2003014219 улсын бүртгэлийн дугаартай У.Ирээдүйгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн 03/2769 дугаартай албан бичгийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснээр төлбөр авагч Ким Шин Гүгийн эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учруулж, У.Ирээдүйд давуу, эдийн ашигтай байдлыг олгож, дээрх барилгыг худалдан борлуулах боломжийг У.Ирээдүйд бий болгожээ.

Энэ үеэс О.Оюунбатын хууль бус үйлдэл хийгдэж, ямар нэгэн албан тоот төлөвлөх эрхтэй ч тухайн нөхцөлд албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу дээрх 03/2769 дугаартай албан бичгийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан, улмаар энэ бичгийг явуулсныхаа төлөө бусдаас хахууль авчээ. 

Шүүгдэгч О.Оюунбат нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгийг явуулахын өмнө У.Ирээдүйд хандан ...би сэргээгээд өгчихье, тэгээд хэдэн төгрөг өгчхөөрэй” гэж хахууль өгөхийг шаардсан утгаар хэлж бичгийг явуулсан ба 2017 оны 09 сарын 17-ны өдөр эхнэр А.Золзаяагийнхаа Хаан банкин дахь 5045524732 дугаартай дансаар У.Ирээдүйгээс 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, У.Ирээдүй ч захиран зарцуулах эрхийг сэргээх бичиг хийлгүүлсний төлөө түүнд 5.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн байна.

Ийнхүү дээрх албан бичгийг явуулснаар ““Шинэ Дархан коллеж” ХХК-ийн захирал Ким Шин Гүг төлбөрөө бүрэн барагдуулж авах баталгаа болж байсан үл хөдлөх хөрөнгө өөр өмчлөгчид шилжсэнээр “Эм Эс Кей Эй” ХХК-иас 392.530.665 төгрөгийг гаргуулж, "Шинэ Дархан коллеж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2012 оны 01 сарын 05-ны өдрийн 31 дугаар шийдвэр бүрэн биелэгдэх боломжгүй болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан, төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн, төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох бөгөөд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэх ёстой атал үндэслэлгүйгээр нэг төлбөр авагчийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байхад дээрх бичгийг явуулсан нь шүүгдэгч О.Оюунбатын хууль бус, гүйцэтгэх ёсгүй үйлдэл байсан байна.

Тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, эсхүл У.Ирээдүй нөгөө төлбөр авагч Ким Шин Гүгт 50.000.000 төгрөгийг бүрэн төлсөн байсан тохиолдолд албан бичиг явуулахаар байжээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу төрийн тусгай албан хаагч албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосныг “авлига” гэж үзэх бөгөөд төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, өргөсөн тангарагтай үнэнч байх үүрэгтэй бөгөөд албан үүргээ хэрэгжүүлэх явцад танилцаж, албан ажлын холбоотой байсан этгээдээс, албаны ёс зүй, хуулиар хүлээсэн үүргээ умартан, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдын дансыг ашиглан 5.000.000 төгрөг авсан үйлдэл нь хахууль авах, У.Ирээдүй 5.000.000 төгрөг шилжүүлсэн үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хээл хахууль, авлига нь нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж, аюул занал учруулж, ёс зүйн үнэт зүйлсийг алдагдуулж, шударга ёсыг сулруулж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж, эдийн засгийн бусад гэмт хэрэг үйлдэгдэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг.   

Энэ гэмт хэрэг нь эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар хахууль авагч тал нь бусдын нэрийн өмнөөс амлах байдлаар үйлдэл хийж, өөртөө материаллаг болон үйлчилгээний эрх, давуу байдал, ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй хийлгэж, нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Оюунбат нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хэргийн төлбөр авагч Ким Шин Гүгийн гүйцэтгэх хуудас хаагдаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байхад шийдвэр гүйцэтгэлийн 14070021 дугаартай хэргийн төлбөр авагч У.Ирээдүйн ашиг сонирхлын үүднээс “Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хороонд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй Ү-2003014219 улсын бүртгэлийн дугаартай У.Ирээдүйн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн 03/2769 дугаартай албан бичгийг 2017 оны 08 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ төлөө У.Ирээдүйгээс 5.000.000 төгрөгийг эхнэр А.Золзаяагийн Хаан банкны 5045524732 дугаартай дансаар авсан, шүүгдэгч У.Ирээдүй нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Оюунбатад 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь:

-гэрч Д.Бямбабаатарын “...манай Цай Хун сургууль Дархан сум, 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан. Сургуулиа өргөтгөх, шинээр сургуулийн байр барих, худалдан авах шаардлага гарсан. 2017 оны хавар 3, 4 дүгээр сарын үед “үл хөдлөх хөрөнгө зарна” гэх зарлалын дагуу холбогдоход Ирээдүй гэх хүн холбогдож, түүний дутуу баригдсан барилгыг худалдан авахаар уулзахад Уранчимэгийн Ирээдүй гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй барилга байсан, 6000 гаран м2 газартай гэсэн боловч гэрчилгээ гараагүй байсан. Ирээдүй нь газрын болон барилгын бичиг баримт бүрдсэн гэж хэлсэн учраас банкны зээл хөөцөлдөж, 2017 оны сүүлээр зээл гарсан. Тухайн барилгыг У.Ирээдүйгээс нийт 700.000.000 төгрөгийн өртгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан, У.Ирээдүй гэх хүнтэй ямар нэгэн өр төлбөрийн тооцоо байхгүй” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 1-2/

-гэрч П.Навчаагийн “...нөхөр бид хоёр 2017 оны 08 дугаар сард одоо сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын гүйцэтгэл дутуу барилга байхад нь У.Ирээдүй гэх хүнээс нийт 700.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Сургуулийн шинэ барилгыг Голомт банкны барьцаанд тавьж У.Ирээдүйд 350.000.000 төгрөгийн зээл авч бэлнээр өгсөн. Үлдэгдэл 350.000.000 төгрөгт хуучин сургуулийнхаа барилгыг өгсөн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3/,

-гэрч Б.Базарсадын “... Би 2017 оны 11 сард Дархан-уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдсон. 2019 оны 04 сарын 18-ны өдөр төлбөр авагч “Шинэ Дархан коллеж”-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гомдол гаргасан учраас гүйцэтгэх баримт бичгийг өмнө нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Оюунбатаас шаардаж авсан. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт 2014 оны 04 сарын 29-ний өдрийн 1/1368 дугаартай өмчлөл шилжүүлэх тухай албан бичгээс хойш хийгдсэн ажиллагаа байгаагүй ... Миний хувьд иргэн У.Ирээдүйг “Шинэ Дархан коллеж”-д төлөх ёстой үлдэгдэл 50.000.000 төгрөгийн төлбөрийг төлөхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үзээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн боловч 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 322 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7, 18-19/,

-гэрч А.Хонгорзулын “...”Шинэ Дархан коллеж”-ийн захирал Ким Шин Гүгийн нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хувийн хэрэг, иргэн У.Ирээдүйн  нэхэмжлэлтэй 14070021 дугаартай хувийн хэрэг материал хуулбар хэлбэрээр байгаа. 14070021 дугаартай хувийн хэрэг нь манай байгууллагын цахим бүртгэлд төлбөр авагчид буцаасан төлөвтэй байх тул эх хувь нь иргэн У.Ирээдүйд байгаа гэж ойлгож байгаа. 13070019 дугаартай хувийн хэрэг нь эх хувиараа байгаа боловч цахим бүртгэлд бүртгэгдээгүй байна. Материалтай танилцахад 14070021 дугаартай хувийн хэрэг нь цахим төлбөр авагчийн хүсэлтээр буцсан, буцаах хүсэлт нь хувийн хэрэгтээ байдаггүй. Цахим бүртгэлийн төлөвт буцаасан байдаг. 13070019 дугаартай хувийн хэрэг нь хүчин төгөлдөр тогтоол шийдвэр байхгүй, талууд хоорондоо төлбөр барагдуулах гэрээ хийж харилцан тохиролцсон байдаг. Өөрөөр ямар нэгэн шийдвэр гаргаж шийдвэр гүйцэтгэлийн хэрэг хаасан, дууссан тогтоол байхгүй байна. ...2020 оны 03 сарын 04-ний өдөр “Дууссанд бүртгэгдсэн гомдол гаргасан гүйцэтгэх баримт бичиг”-д 14070021 дугаартай 166 хуудастай гүйцэтгэх баримт бичгийг хүлээлгэн өгсөн болохоор ажиллагаанд байгаагүй... 03/2769 дугаартай албан бичиг нь манай байгууллагын архивын баримт бичигт байхгүй байсан...” гэх мэдүүлэг   /2-р хх-ийн 13-15/,

-гэрч А.Золзаяагийн “... нөхөр О.Оюунбат Дархан-уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2017 оны 10 сард Солонгос улс руу нуруугаа эмчлүүлэхээр явсан. 2017 оны 11 билүү 12 сард ажлаас халагдсан тушаал нь ирсэн. Уг нь Солонгос улс руу явахдаа чөлөө аваад явлаа гэж байсан, гэтэл Солонгос улсад байхад нь халагдах тушаал нь Улаанбаатар хотоос шуудангаар гэрийн хаягаар ирсэн... бид хоёр тухайн үед байрны зээлтэй байсан болохоор хуримтлуулж байсан мөнгө байгаагүй. Оюунбат нэг хүнээс 5.000.000 төгрөг зээлсэн. Хэн гэдэг хүнээс мөнгө зээлсэн гэдгийг нь мэдэхгүй, хэзээ эргүүлж өгөх талаараа надад хэлээгүй. Дээрх 5.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5045524732 дугаартай дансаар авсан. ... Ирээдүй гэх хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-22, 3-р хх-ийн 69-72/,      

-гэрч Ц.Сосорын “... Би Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлтэй хорих ангид 2017 оны 01 сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд архив бичиг хэргийн ажилтнаар, 2018 оны 05 сарын 03-наас дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 05 сард жирэмсний болон хүүхэд харах чөлөө авсан байгаа. Индекс нь 03 дугаараар ахлах шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурж баталгаажуулан албан бичиг явуулж болдог байсан. 03 индексийн 2769 дугаар олгосон эсэхээ одоо би санахгүй байна. Намайг байхгүй байгаа тохиолдолд яаралтай албан бичигт надаас сүүлд өгсөн дугаарыг асууж байгаад дугаар олгодог асуудал байсан. Гэхдээ би яг энэ албан бичигт хэрхэн дугаар олгосон эсэхээ санахгүй байна. ...03 дугаартай индекст тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч О.Оюунбат гарын үсэг зурж баталгаажуулж дугаар авдаг байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 73-76/,

-гэрч Ж.Нандинтуулын “... Шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад хөрөнгийг эрх сэргээх ямар ч үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн, эсвэл талуудын гаргасан хүсэлтийн дагуу хөрөнгийн эрхийг цуцлах ёстой. Хэрэв шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй, төлбөр барагдуулаагүй байгаа тохиолдолд битүүмжилсэн, барьцаалсан хөрөнгийн эрхийг сэргээж болохгүй. ... Төлбөр авагч иргэн У.Ирээдүй нь “Шинэ дархан коллеж”-д 50.000.000 төгрөгийг төлөх тухай гэрээг 2018 оны 05 сарын 08-ны өдөр байгуулсан байна. ...Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байхад буюу 2017 оны 08 сарын 07-ны өдөр О.Оюунбат нь хөрөнгийг эрх сэргээх албан тоотыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн нь үндэслэлгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 80-82/,

-иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын “...”Шинэ Дархан коллеж”-ийн захирал БНСУ-ын иргэн Ким Шин Гүг, “Эм Эс Кей Эй” ХХК-ийн захирал Пак Сон Жин нарын хооронд “Шинэ барилга худалдах, худалдан авах” гэрээний үүргийн биелэлтээс үүссэн маргаан 2011 онд анх эхэлсэн. Тус маргаан Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2012 оны 06 сарын 19-ний өдрийн 415 дугаар тогтоолоор Пак Сон Жин-оос Ким Шин Гүгт 392.560.665 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 04-ний өдрийн 2488 тоот "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" шүүгчийн захирамж, мөн өдрийн 349 дугаар “Гүйцэтгэх хуудас” бичигдсэн. Уг төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Пак Сон Жин-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үед Пак Сон Жин-оос иргэн У.Ирээдүй 200.000.000 орчим төгрөгийн төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас гаргуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа давхар явагдаж байсан. ... Тэгэхэд Пак Сон Жин өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах дутуу баригдсан барилгыг төлбөр авагч Ким Шин Гүг, У.Ирээдүй нарт худалдан борлуулах замаар төлбөрийг төлж барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үлдээж Солонгос улс руугаа буцсан. Тухайн үед Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Оюунбат нь У.Ирээдүйд давуу тал бий болгож Ким Шин Гүгт төлөгдөх 50.000.000 төгрөгийг барагдуулаагүй байхад гүйцэтгэх хуудсыг хааж, У.Ирээдүйгийн нэр дээр дутуу баригдсан барилгын өмчлөх болон захиран зарцуулах эрхийг сэргээж өгснөөр Ким Шин Гүгт 50.000.000 төгрөгийн хохирол учирсан тул тухайн барилгыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан У.Ирээдүйгээс Ким Шин Гүгт учирсан хохирол болох 50.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 35-38/,

-шүүгдэгч О.Оюунбатын “... Би Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгчээр 2010 оноос хойш ажиллаж байгаад 2016-2017 онд ахлах шийдвэр гүйцэтгэгч болж дэвшин томилогдсон. Энэ хугацаанд Пак Сон Жин-оос 392 сая төгрөг “Шинэ Дархан коллеж” ХХК-д гардуулж олгох шүүхийн шийдвэр гарч, 2012 оны 10 сард надад хуваарилагдан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр барагдуулахын тулд Пак Сон Жин-ий өмчлөлийн дутуу баригдсан 65 хувийн гүйцэтгэлтэй Дархан сумын 14-р багийн 2-р хороололд байрлах барилгыг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Дуудлага худалдаа явагдаж байх үед У.Ирээдүй гэж хүн Пак Сон Жин-оос 100.000 ам долларын авлагатай шүүхийн шийдвэр гаргуулж ирсэн. Ингээд Пак Сон Жин-оос 2 төлбөр авагч бий болсон. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн /хуучин/ 48.7-д зааснаар талуудад нийт төлбөрийн үнийн дүнд санал болгосон. Төлбөр авагч “Шинэ Дархан коллеж” ХХК болон У.Ирээдүй нарын хэн нь ч төлбөртөө тооцож дээрх дутуу баригдсан барилгыг аваагүй. “Шинэ Дархан коллеж” ХХК болон У.Ирээдүй нар нь харилцан тохиролцоод У.Ирээдүйгийн нэр дээр дээрх дутуу баригдсан барилгын өмчлөх эрхийг шилжүүлж өгөөд У.Ирээдүй нь “Шинэ дархан коллеж”-д төлбөрийг барагдуулахаар болж 2014 оны 04 сарын 29-ний өдөр У.Ирээдүйгийн нэр дээр шилжүүлж өгсөн.

Гэтэл У.Ирээдүй нь тохиролцсон хугацаанд худалдан борлуулж чадаагүй тул У.Ирээдүйгийн дээрх дутуу баригдсан барилгыг тухайн үед манай тасгийн даргаар ажиллаж байсан Г.Баярхүү нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Энэ өдрөөс 2017 оны 08 сарын 07-ны өдрийг хүртэл ямар нэгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй. Энэ хугацаанд “Шинэ Дархан коллеж” ХХК болон У.Ирээдүй нартай холбогдож “худалдан борлуулах боломж байна уу, сонирхогч этгээд байна уу” гэж байнга холбоотой байсан. Энэ үед би Шийдвэр гүйцэтгэх албанд тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон байсан.      

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр У.Ирээдүй над дээр ирээд ...“Цай Хун дунд сургуульд Пак Сон Жин-ы барилгыг зарахаар болчихлоо. “Шинэ Дархан коллеж”-ийн захирал Ким Шин Гүг-тэй уулзаад ирлээ. Эхний ээлжид 100.000.000 төгрөг өгөөд, үлдсэн 50.000.000 төгрөгөө дараа нь төлөхөөр тохиролцоод ирлээ...” гэж хэлсэн. Би тухайн үед Ким Шин Гүг-ийн орчуулагч Ц.Отгонцэцэгтэй утсаар ярьж холбогдон У.Ирээдүйгийн ярьсан зүйлийг тодруулж шалгахад У.Ирээдүйгийн хэлсэн зүйл батлагдсан. Тэгээд би У.Ирээдүйгийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан Дархан сумын 14-р баг, 2-р хороололд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгын захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Миний энэ үйлдэл нь У.Ирээдүйд давуу эрх олгосон хууль бус үйлдэл байсан. Тухайн үедээ худалдан борлогдоогүй удчихсан барилгыг төлбөр авагч маань өөрөө худалдан борлуулахаар болсон байсан тул хуулийн дагуу ажлаа хийж байна гэж бодож байсан. Би хуулийн дагуу ажилласан бол У.Ирээдүйгийн нэр дээр байсан барилгын захиран зарцуулах эрхийг сэргээж өгөхгүйгээр худалдан авч байгаа Цай Хун дунд сургууль буюу худалдан авагч талыг оролцуулж хурал хийж мэдэгдэн, дээрх захиран зарцуулах эрхийг сэргээж Цай Хун дунд сургуулиас худалдаж авч байгаа төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулж, тухайн үеийн хуулиар хувь тэнцүүлж төлбөр авагч нарт шилжүүлж өгөх ёстой байсныг зөрчиж, У.Ирээдүйд дээрх барилгыг худалдан борлуулж өөрийн дансаар төлбөрөө авах боломжийг бий болгож өгсөн нь миний буруу үйлдэл байсан. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр намайг дээрх албан бичгийг явуулах үед албаны дарга ажил дээрээ байсан эсэхийг санахгүй байна. Би өөрөө дур мэдээд дээрх албан бичгийг явуулсан.

Тухайн үед бичиг хэргийн ажилтан Туул байхгүй, оронд нь нэг эрэгтэй ажилтан /нэрийг нь санахгүй/ сууж байсан. Дугаар авах гэтэл дугаар өгч мэдэхгүй байхаар нь би өөрөө сүүлд өгсөн албан бичгийн дугаарыг хараад дээрх албан бичигт дараагийн дугаарыг олгож бичээд байгууллагын архивд үлдэх 1 хувиа өгөхөө мартчихсан юм. Бичгийг У.Ирээдүйд өгөөд явуулчихсан. …Би У.Ирээдүйд дээрх албан бичгийг гаргаж өгөхдөө “Надад хэдэн төгрөг өгөөрэй” гэж хэлэхэд У.Ирээдүй ямар нэгэн хариу хэлэлгүй гараад явчихсан юм. Тэгээд 2017 оны 09 сар санагдаж байна, Дархан-Уул аймгийн Эрдэнэс плазагийн үүдэнд эхнэр Золзаяагийн хамт явж байгаад У.Ирээдүйтэй тааралдсан юм. ...Эхнэр төрөх гээд ажилгүй явж байна хэдэн төгрөг байна уу... гэж асуухад ...одоохондоо өгөх мөнгө алга хэд хоногоос ярья... гэж хэлсэн. ... Миний нуруу өвдөөд Солонгос явах гээд У.Ирээдүй ах руу хэд хоногийн дараа утсаар залгахад намайг “дансаа өгчих, мөнгө зээлүүлж байгаа шүү” гэж хэлэхээр нь “ямар ч байсан өгчих, Солонгос явж ирээд бага багаар нь өгөөд дуусгана” гэж хэлээд санаанд байснаар нь эхнэрийнхээ Хаан банкны дансыг өгөхөд 5.000.000 төгрөг шилжүүлсэн байсан...”   гэх мэдүүлэг /3-р хх-ийн 61-64/,

-У.Ирээдүйгийн “... 2013 оны эхээр Солонгос улсын иргэн Пак Сон Жин гэх захиралтай компаниас өр авлага үүсээд шүүхийн шийдвэрээр 380.000.000 орчим төгрөгийг надад гаргуулахаар шийдвэрлэж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөрийг маань хурдан барагдуулж өгөхийг шаардахаар “Дархан сум, 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах Пак Сон Жин захирлын барьсан барилга болох 150 м­­­2 зоорины давхартай 1 давхар нь дутуу баригдсан барилгыг дуудлага худалдаанд оруулаад өрийг барагдуулна” гэж хэлдэг байсан. Тухайн барилга нь 2 удаагийн дуудлага худалдаагаар зарагдаагүй. Энэ үед Пак Сон Жин захиралтай компаниас 300 гаран сая төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэр гарчихсан байсан... Би Ким Шин Гүг захиралд барилгыг 65 хувиас 95 хувь хүртэл хийж гүйцэтгэсэн тайлангаа танилцуулаад Цай Хун сургуульд 700.000.000 төгрөгөөр худалдаж байгаагаа мэдэгдээд өөрт нь 150.000.000 төгрөг өгөх санал тавьсан чинь Ким Шин Гүг зөвшөөрсөн. Би бэлнээр 350.000.000 төгрөг аваад 100.000.000 төгрөгийг шууд өгөхөөр болж, үлдсэн 50.000.000 төгрөгийг Цай Хун сургуулийн хуучин байрыг худалдан борлуулаад өгөхөөр тохирсон. …Би шүүхийн шийдвэрээс 2017 оны хавар материалаа татаад авчихсан байсан. Яагаад гэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар ч ажиллагаа хийхгүй байсан. Энэ үед Ким Шин Гүг буюу “Шинэ Дархан коллеж”-ийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, эсвэл зөвшөөрөл авснаар барилгыг барьцаанд тавих, бусдад шилжүүлэх эрх үүсэхээр байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай харилцаж байсан. …2018 оны 06 сард өмгөөлөгч Эрдэнэбаатар нь надтай хэлцэл байгуулсан. Би хэлцэлд заасан хугацаанд 50.000.000 төгрөгийг өгөөгүй нь миний буруу. Би боломж гарвал 50.000.000 төгрөгийг нь өгөх бодолтой байна... О.Оюунбат нь шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажлаа хийдэггүй, түүнээс болж бид 2 олон удаа маргалдаж байсан. Үүнээс болж бие биеэ мэддэг болсон. Бид хоёр дотно найз нөхдийн харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-5, 18-19/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-04/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.  

Шүүгдэгч О.Оюунбат нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө хахууль авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан боловч анхан шатны шүүх хуралдаанд хахууль аваагүй, У.Ирээдүйгээс 5.000.000 төгрөг зээлж авсан, мөн У.Ирээдүй нь мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн ч үүнийгээ няцааж, өөрсдийгөө цагаатгах баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн уг мөнгө У.Ирээдүйгээс “өглөг” гэсэн утгаар О.Оюунбатын эхнэрийн дансанд орж ирсэн байна. 

Түүнчлэн шүүгдэгч О.Оюунбат нь 2017 оны 09 сарын 17-ны өдөр эхнэр А.Золзаяагийнхаа Хаан банкин дахь 5045524732 дугаартай дансаар У.Ирээдүйгээс 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авах үед Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2017 оны 09 сарын 29-ний өдрийн Б/1185 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс Нийслэлийн  шийдвэр гүйцэтгэх албаны Сонгинохайрхан дүүргийн 177 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр албан тушаал бууруулан томилогдсон байх ба Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хахууль авсан нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл тус бүрд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, бодит хор уршиг, түүний шинж байдлыг харгалзан шүүгдэгч О.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн бана.

Шүүхээс шүүгдэгч О.Оюунбатыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө бусдаар дамжуулан хахууль авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т заасан, шүүгдэгч У.Ирээдүйг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 5.000.0000 төгрөгийн хахууль өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч О.Оюунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч О.Оюунбат нь АТГ-ын Төрийн сан дансанд “гэмт хэрэг үйлдэж олсон орлого” утгаар урьдчилан байршуулсан байсныг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна.

2015 оны 12 сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулга/ 2017 оны 05 сарын 18-ны өдрийн “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2.т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан ба шүүгдэгч У.Ирээдүйн гэмт хэрэг үйлдсэн өдөр буюу 2017 оны 09 дугаар сарын 12-ны өдөр уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

            2020 оны 01-р сарын 10-ны өдрийн хуулиар уг зүйл, хэсгийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн ба шүүгдэгч У.Ирээдүйн үйлдсэн хахууль өгөх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 09 сарын 12-ны өдөр дууссан, уг хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Оюунбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг нь Монгол улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч О.Оюунбатын хууль бус үйлдэл, үйлдсэн гэмт хэргийн улмаас төлбөр авагч Ким Шин Гүгт учирсан хор уршиг арилаагүй, түүнд төлөгдөх 50.000.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй, У.Ирээдүй нь уг төлбөрийг барагдуулахгүй хохироосоор өнөөдрийн байдлаар 9 жилийн хугацаа өнгөрсөн байгааг дурдах нь зүйтэй.

Энэ хэргийн  мөрдөн шалгах  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы ... анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Оюунбатад оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү...гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Шүүгдэгч О.Оюунбат нь АТГ-ын Төрийн сан дансанд хахуульд авсан 5.000.000 төгрөгийг урьдчилан байршуулсан байх боловч У.Ирээдүйгээс хахуульд авсан 5.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы дүгнэлт үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                         Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                          Ц.АМАРЖАРГАЛ