Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 959

 

 

 

 

 

 

 

 

 

А.Гын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00624 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөх, төлбөрийн баталгаа болгож, хадгалуулсан автомашиныг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг, алдангид 6 300 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны зардал 2 000 000 төгрөг, нийт 20 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Га

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Атай 2015 оны 7 дугаар сарын 20 ны өдөр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл болох хагалагч, хавагч, борной, тракторын сэлбэг гэсэн тоног төхөөрөмжүүдийг нийт 12 600 000 төгрөгөөр бодож өөрийн Субару Форестер маркийн автомашиныг барьцаалсан. Тоног төхөөрөмжийг хүлээн авахад тоног төхөөрөмжөө задалсан байсан учир шалгах боломжгүй байсан, "шууд ашиглах боломжтой, ямарч асуудал байхгүй" гэж хүлээлгэн өгсөн. Гэтэл надад өгсөн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүйг Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн нутаг Хайчингийн тариан талбайд авч очиж 3 хоног угсрахыг оролдох явцад цан хутга, тулах дугуй, хөрслүүр, борной чиргүүл-хөндөл зэрэг хагалагчид байх ёстой 7 эд ангийн 4 нь дутуу бусад эд ангиуд байгаа боловч өөр хоорондоо таарч тохирохгүйөөр маркийн ижил төрлийн тоног төхөөрөмжүүдээс цуглуулж эвлүүлсэн байсан. Хавагч нь чиргүүлийн арлын тулгуур байхгүй, борнойн чиргүүлийн арлын тууш дөндийлөг байхгүй, өргөх механизмын хөндлөн төмөр хоолой хугарсан байгааг буцааж гагнахдаа байрлалыг буруу, чанар муутайгаар гагнасан, суман хошуу ажил гүйцэтгэж чадахааргүй болтлоо элэгдсэн, бусад эд ангиуд моралын элэгдэлд бүрэн орж ашиглах боломжгүй болсон байсан. Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй,стандарт, техникийн шаардлага хангасан тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч биет байдал маш их доголдолтой, ямар ч бичиг баримтгүй, гарал үүслийн гэрчилгээ, техникийн паспортгүй, Стандарт техникийн шаардлага хангаагүй тоног төхөөрөмжийг нийлүүлсний улмаас би төлөвлөж байсан хөрс боловсруулалтын ажлаа хийж чадалгүй хохирсон. Би гэрээний 4.2-т зааснаар Б.Ааас удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээн авалгүй өнөөдрийг хүргэж байна. Мөн гэрээний 1.2-т худалдан авагч нь худалдагчид тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлж барагдуулснаар Монгол улсын Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн дагуу худалдан өмчлөх эрх шилжинэ гэж заасан. Га миний бие дээрх тоног төхөөрөмжийг хүлээж аваад стандарт техникийн шаардлага хангасан тохиолдолд үнийг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авах үүрэгтэй байсан. Б.А нь "Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ"-ний худалдагч талын гол үүргээ биелүүлээгүй тул худалдан авагчийн зүгээс тоног төхөөрөмжийг хүлээн авахаас татгалзаж байна. Иймд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг цуцалж тус гэрээний дагуу хариуцагч талын шилжүүлсэн биет байдлын доголдолтой хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд /хагалагч, хавагч, борной/ болон тухайн тоног төхөөрөмжүүдтэй нэгдмэл зориулалтаар авсан эрхийн доголдолтой Нью холланд маркийн тракторын сэлбэгүүдийг хариуцагч Б.Ад буцаан өгөх, барьцааны гэрээ хийлгүйгээр хариуцагч Б.Ад шилжүүлсэн УНВ 0252 улсын дугаартай SG 9003274 хөдөлгүүрийн дугаартай Субару /Subaru/ маркийн Форестер /Forester/ суудлын, цэнхэр өнгөтэй машиныг жинхэнэ өмчлөгч А.Гад шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Га нь Б.Атай уулзан, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин тоног төхөөрөмж болохыг сайтар ойлгон, зах зээлийн үнээс маш доогуур үнээр худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг үндэслэн сийрүүлэгч, борной, анжис гэх 3 тоног төхөөрөмжийг тракторын сэлбэгийн хамтаар Худалдах худалдан авах гэрээ байгуулан 2015 ны 8 дугаар сарын 20-ны дотор төлбөрийг бүрэн барагдуулахаар буюу зээлээр дээрх тоног төхөөрөмж болон сэлбэгүүдийг хүлээлгэн өгч А.Гын өмчлөлд шилжүүлсэн. Хэрэв шинэ тоног төхөөрөмж байсан бол ийм хямд үнээр зарахгүй байсан ба үүнийг А.Га нь өөрөө сайтар ойлгож байгаа. Ямар үйл ажиллагаанд ямар зориулалтаар ашигладаг болон хэрэглээний шинж чанарын талаар газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэж байгаа боловч худалдах үедээ зориулалт болон хэрэглээний шинж чанарын талаар тайлбарлаж өгсөн. Анжис, сийрүүлэгч, борной гэх эдгээр тоног төхөөрөмжүүд нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин тоног төхөөрөмж бөгөөд үүнийг А.Га өөрөө сайтар мэдэж байсны үндсэн дээр худалдан авалт хийсэн. Хуучин тоног төхөөрөмж тул ямар нэгэн баталгаат хугацаа, эдэлгээний хугацаа зэрэг баталгааг гаргаж өгөх боломжгүй гэдгийг аль аль тал нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. ОХУ-д үйлдвэрлэгдсэн болохыг тайлбарласан ба үйлдвэрлэгчийн нарийн мэдээллүүдийг авснаар тухайн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтанд ямар нэгэн давуу тал үүсэхгүй учир үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Өнөөдрийг хүртэл тухайн тоног төхөөрөмж, сэлбэгүүдийг өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээд гомдол гаргаагүй байгаа нь эрхийн зөрчилгүй тоног төхөөрөмж болохыг хуулийн дагуу нотолж байна. Тоног төхөөрөмжийг хүлээн аваад ашигласан байдаг. Нийт 25 000 000 төгрөгийн үнэ бүхий хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмж болон тракторын сэлбэгийн хамтаар худалдан авахдаа ирж уулзаад гуйж, үнийг нь буулгаж, зээлээр худалдан авсан, "Цагаан эрэг трейд” ХХК-ийн захирал У.Ганболд, хуульч Б.Оюунтуяа, механикч П.Батцэнгэл зэрэг удирдах албан тушаалтнууд нь тоног төхөөрөмжийг үзэж шалгаж хүлээн авч 2 жил ашигласны дараа хүлээн авахаас татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурджээ. А.Га нь тухайн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч ашиглачихаад үнийг төлөхөөс зайлсхийж хүлээн авахаас татгалзаж байна гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрийн саналаар төлбөр төлөх баталгаа болгож барьцаалуулсан Сүбарү Форестер маркийн автомашинаа авах саналтай байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. А.Га нь 2015 оны 9 дүгээр сард ирж уулзаад "Алтангэрэл овогтой Гын эзэмшилд байх 2004 оны Subaru Forester (sti) загварын суудлын машин нь тус байгууллагаас худалдан авсан тоног төхөөрөмжийн барьцаанд байгаа бөгөөд машинаа суллаж авахад 10 600 000 төгрөгийг барагдуулж машинаа буцаан авах хүсэлтэй байна. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлбөрийг барагдуулна. Төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд эзэмших эрх барьцаалагч талд эрхийн дагуу шилжихийг хүлээн зөвшөөрч байна. Хүсэлт гаргасан А.Га /гарын үсэг/ 99053692 гэсэн бичиг өөрийн биеэр үйлдсэн байх ба энэ нь өмнө нь ямар нэгэн гомдол шаардлага гаргаж байгаагүйгээр барахгүй тухайн тоног төхөөрөмж ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй хэвийн байсан, тоног төхөөрөмжийг ашигласан, тухайн тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авсан болох нь нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Б.А миний бие, иргэн Алтангэрэл овгтой Гад хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглаж байсан хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмжийг худалдахаар харилцан тохирч 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ" хийсэн юм. Уг гэрээгээр хөдөө аж ахуйн зориулалттай борков гурвалжинтай 5 ширхэг, хавагч 1 ширхэг, цилиндр 1 ширхэг, шланк /залгууртай/ 1 ком, хөл 11 ширхэг, Плюк /рамтай/ 1 ширхэг, корбус 5 ширхэг, Стермень боолт ком 1 зэрэг тоног төхөөрөмжийг зах зээлийн ханшнаас доогуур худалдан авагч талын саналыг харгалзан үзэж 9 000 000 төгрөгөөр худалдсан юм. Дараа нь нэмж Нью Холланд брендийн тракторын сэлбэг болох гар биений вкладыш 6 ширхэг, их биений вкладыш 6 ширхэг, их бие тулхтай 1 ширхэг, кольц 6 ширхэг, гидрийн шүүр 2 ширхэг, түлшний шүүр 2 ширхэг, моторын шүүр 2 ширхэг, том агаар шүүгч 2 ширхэг, жижиг агаар шүүгч 2 ширхэг зэрэг нийт 9 нэр төрлийн 29 ширхэг сэлбэгийг нийт 3 600 000 төгрөгөөр худалдан нийт 12 600 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэрээний нийт төлбөр төлөгдөж дуустал иргэн А. Га нь өөрийн хүсэлтээр, төлбөр төлөх баталгаа болгон өөрийн өмчлөлийн 02-52 УНВ улсын дугаартай Сүбарү Форестер маркын суудлын автомашиныг манай байгууллагын хашаанд тавиулсан байгаа болно. Үүний дараа 2015 оны 10 дугаар сард Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэтэй уулзан, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж тосны ургамал болох Paпс тариалсан, энэ жилийн газар тариалангийн үйл ажиллагаа тааруу байсан тухай учирлан, гэрээний үнийн дүнг бууруулж 10 600 000 төгрөг болгон өгөх талаар болон ургацаа борлуулж дуусахаар буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө нийт төлбөрийг барагдуулахаар бичгээр хүсэлт гаргасан байдаг. Мөн тэрхүү хүсэлтдээ 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд өөрийн эзэмшлийн 02-52 УНВ улсын дугаартай Subaru Forester маркийн автомашины эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэдгээ баталгаажуулсан байдаг. А.Га нь гэрээний 2-р зүйлийн 2.1-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 20-ны дотор худалдан авагч тал тоног төхөөрөмжийн үнэ болох 12 600 000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг болтол төлбөрөө хийгээгүй байна. Гэрээний 3.4-т зааснаар үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээр хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заагдсан байгаа. Иймд худалдагч талаас худалдан авагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн үндсэн төлбөр 12,600,000 төгрөгийг, түүний алдангид 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өдөрт 63 000 төгрөгийн алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нийт 6 300 000 төгрөгийн алданги төлөхөөр гарч байгаа болно. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан эрх зүйн туслалцаа авахаар хөлсөлсөн өмгөөлөгчийн төлбөр болох 2 000 000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний үнийн дүн 12 600 000 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги 6 300 000 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд 2 000 000 төгрөг, нийт 20 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Га сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би утасны хуулга авах гээд явж үзсэн боловч гаргаж өгөөгүй. 7 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн гэрээн дээр Б.Аын талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг цуцлах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас Сүбарү Форестер маркийн УНВ0252 улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч А.Гад олгож, нэхэмжлэгч А.Гаас 18 900 000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Ад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн дутуу төлсөн 238 500 төгрөгийг нэхэмжлэгч А.Гаас гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс нийт 52 450 төгрөг, хариуцагчаас 237 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож, зохигчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Га давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч тал хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжүүд болох хагалагч, хавагч, борной зэргийг худалдан борлуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлээгүй болон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хөдөө аж ахуйн техник, технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт, гэрч н.Энх-Амар, О.Хулан, н.Лхагвадорж нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 109 дүгээр зүйлүүдэд заагдсан журмын дагуу авагдсан гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Бат-Эрдэнийн шүүхэд бичгээр өгсөн тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч тал нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба энэхүү гол үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх, нөхцөл журам баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн, зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх зэрэг гэрээний зүйлстэй холбогдож үүсэх дагалдах шинжтэй үүргүүдийг худалдан авагч талын өмнө бүрэн хүлээдэг боловч хариуцагч Б.А хуульд заагдсан эдгээр гол болон дагалдах үүргээ санаатайгаар биелүүлээгүй  болох нь хавтаст хэрэгт авагсдан нотлох баримтуудаар бүрэн нотлогддог. Гэтэл шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн судалж үзэлгүйгээр хэргийг дутуу дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн New Holland маркийн тракторын сэлбэг хэрэгслүүдийг гэрээний гол зүйл болон тоног төхөөрөмжүүдтэй нэгдмэл зориулалтаар авсан учир иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасан гэрээг бүхлээр нь цуцлах талаар шаардлага гаргасан байхад шүүгч зөвхөн эрхийн доголдлын талаар л дүгнэж үзсэн байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тус тоног төхөөрөмжийн талаар худалдагч тал нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байгааг харгалзаж үзээгүйгээс гадна гэрээний зүйлийн онцлогийг ойлгож үзээгүй байдаг. Учир нь тус хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжүүд нь бүрэн ажиллагаатай эсэхийг тариалангийн талбайд олон дахин явуулж туршиж үзэж байж мэдэх боломжтой байсан ба хамгийн түрүүнд шалгах боломжтой газар нь Дорнод аймгийн Булган сум байсан. Тухайн боломжтой газар тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлж байж уг тоног төхөөрөмжүүд нь биет байдлын доголдолтой буюу худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчсөн болохыг мэдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжүүдийн доголдлын талаар эд зүйлсийг хүлээн авч байх үед мэдэх боломж худалдан авагч талд байхгүй ба тус техникүүдийг хэвийн ажиллагаатай, ашиглалтын шаардлага хангаж буй эсэхийг мэргэжлийн байгууллагуудаар шинжлүүлж, дүгнэлт гаргуулж байж мэдэх боломжтой байгааг анхаарч үзэлгүйгээр шүүгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг үндэслэж нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд нийцэхгүй байх ба манай тохиолдолд хэрэглэгдэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тийм ч учраас энэхүү техникүүдийг миний бие эрх бүхий байгууллагад хандаж шинжлүүлж ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаарх албан ёсны дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр худалдагч талыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд зүйлийг хүлээлгэж өгөх үүргээ огт биелүүлээгүй болохыг мэдэж авсан. Мөн Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Ууганбаярын иргэн А.Энхтөр, П.Батцэнгэл, Б.Амгаланбаатар нарыг асуусан тайлбарыг гэрчийн мэдүүлэгчийн хэмжээнд авч үзэж буй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”. Мөн хуулийн 43 дугаар зүйл болон 109 дүгээр зүйлд заасан журмаар авагдаагүй тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхад шүүгч илт хууль зөрчиж дээрх тайлбаруудыг гэрчийн мэдүүлгийн түвшинд үнэлж, хэргийг шийдвэрлэх үндэслэлээ болгож буй явдал нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хариуцагч талын эрх ашигт нийцүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Га нь хариуцагч Б.Ад холбогдуулан худалдах- худалдан авах гэрээг цуцалж, гэрээний зүйлийг буцаан өгөх, төлбөр төлөх баталгаа болгож, барьцаалсан автомашиныг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 12 600 000 төгрөг, алданги 6 300 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 2 000 000 төгрөг, нийт 20 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.  

 

Талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдан авагч нь тоног төхөөрөмжийн үнэ болох 9 000 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцож, New Holland тракторын 3 600 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг худалдаалж, худалдагч талыг төлөөлж О.Хулан хүлээлгэн өгч худалдан авагч талаас А.Га бүрэн гүйцэт хүлээн авсан болохыг гэрээний хавсралтад зааж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх 5-8/

 

Б.А, А.Га нар худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зуран, хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг бичиг баримтын хамт худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч А.Га гэрээний зүйл болох эд зүйлийг хүлээн авсан эсэхэд маргаагүй боловч уг эд зүйлийг доголдолтой, эрхийн зөрчилтэй байсан, эдгээр зөрчлийг арилгуулахаар худалдагч талд удаа дараа хандсан боловч зөрчлийг арилгаагүй гэж, харин хариуцагч Б.А нь эд зүйлийн эрхийн болон биет байдлын доголдолгүй байсан, үйлдвэрлэсэн оныг А.Га мэдэж байсан, тоног төхөөрөмжийг харилцан тохиролцож хямд үнээр худалдан авсан тул гэрээнээс татгалзах эрхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Худалдагч тал болох Б.Аыг гэрээнд заасан эд зүйлийг худалдан авагчид шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Учир нь уг маргаанд гуравдагч этгээд оролцож, бие даасан шаардлага гаргах нөхцөл байдал үүсээгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн аваагүй нь зөв байна. Түүнчлэн, тоног төхөөрөмжийг Дорнод аймагт очиж угсарч үзэхэд доголдолтой гэж мэдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласнаас үзэхэд тухайн тоног төхөөрөмжийг худалдан авахдаа шалгаж үзээгүй нь тогтоогдож байна. Хуучин техник, тоног төхөөрөмжийг худалдан авч буй худалдан авагчийн хувьд эд зүйлийн доголдолтой байж болох талаар мэдэх боломжгүй гэх тайлбар, татгалзал нь үндэслэл муутай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Худалдан авагч эд зүйлийг тухайн үед доголдлыг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардах эрхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасантай нийцсэн байна.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлийн нэг хэсэг болох тракторын сэлбэгийг ашиглах шаардлагагүй болсон тул гэрээнээс татгалзана гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч уг сэлбэгийг хүлээн авсан, биет байдлын доголдлын талаар мараагүй, харин бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй тул эрхийн зөрчилтэй гэх тайлбараар уг сэлбэгийг эрхийн зөрчилтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

Цагдаагийн байгууллагад гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй боловч бичмэл нотлох баримтын хэмжээнд хэргийн бусад баримттай харьцуулан үнэлэхэд эд хөрөнгийг доголдолтой гэх тайлбар няцаагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан авахаар шаардах эрх үүсээгүй байна.

 

Талуудын хэн аль нь үндсэн гэрээний төлбөр төлөгдсөн эсэх талаар маргаагүй, харин уг гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирол болон гэрээгээр тохирсон үнэ, алданги нэхэмжилж хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Зохигчид худалдах, худалдан авах гэрээндээ урьдчилан сануулга өгөх, шаардана гэж, дахин сануулга өгсөөр байхад 7 хоногийн дотор үүргээ гүйцэтгэхгүй байвал алданги тооцохоор гэрээний 3.4, 4.5 дахь заалтад тус тус тусгаж тохиролцсон байна.

 

            Сөрөг нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэгч талд албан ёсоор сануулга өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, харин нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг буцаан өгөх талаар маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч талд хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алданги төлөх үүрэг үүсээгүй гэж үзнэ.

 

             Хэрэгт авагдсан баримтад үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 12 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, алданги 6 300 000 төгрөг болон хууль зүйн туслалцаа авсаны хөлс 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00624 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг цуцлах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас Сүбарү Форестер маркийн УНВ0252 улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч А.Гад олгож, нэхэмжлэгч А.Гаас 12 600 000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Ад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...252 450 төгрөг...” гэснийг “...216 550 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..                  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч А.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 450 төгрөгийг буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ 

 

                                   ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН