Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00679

 

А.Баярчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/00135 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч А.Баярчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Кей Би Жи Эс” ХХК-д холбогдох,

“Кэй Би Жи Эс” ХХК-ийн захирлын 15/73 тоот тушаалыг хүчингүй болгож, захиргааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны эхээр “Кэй Би Жи Эс” ХХК-ийн захирлын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15/02 тоот тушаалаар Захиргааны менежерийн ажилд томилогдон ажиллаж ирсэн. Миний албаны хэрэгцээнд хэрэглэдэг зөөврийн компьютер, баримт бичгийг хураан авч, ажиллах нөхцөл бололцоогоор хангахгүй, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өг гэх байдлаар байнгын дарамтанд оруулдаг, мөн cap бүрд олгодог цалингийн хэмжээг бууруулж татвар болон нийгмийн даатгал тушаадаг зэрэг бүхий л байдлаар дарамтад оруулж байсан.2015 оны 8 сард удирдлагын хувьд өөрчлөлт орсон. Энэ үедээ ажлаа хүлээлгэж өг, өгөхгүй бол хална гэж амаар хэлж удаа дараа мэдэгдэл өгч байсан. Ажлаас чөлөөлсөн зөрчлүүдийг гаргаагүй бөгөөд зөрчил гаргасан гэдгийг дотоодын хяналтаар шалгаж тогтоогоогүй. Хөдөлмөрийн гэрээгээр жилдээ 80 000 юаны цалинтай гэж тохирсон бөгөөд нийгмийн даатгалын дэвтэрт 1.0 сая төгрөгийн цалинтай гэж бууруулж бичилт хийж байсан. Цалингийн 1.0 сая төгрөгийг картаар, үлдсэнийг бэлнээр олгодог байсан. Цалингаа тодорхойлохдоо ханшийн мэдээний дагуу 1 юанийг 313 төгрөгөөр тооцож гаргасан.Надад ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй, танилцуулаагүй, өгөөгүй. Компанийн зүгээс хэд хэдэн удаа комьютерийн паспорт өөрчилж, ширээний цоож сольж байсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлын 15/73 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халагдсаныг мэдэгдсэн.Ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг баримталсан. Миний бие дээрх тушаалд заасан зөрчлийг гаргаж байгаагүй. Багаар ажиллахаас татгалзсан гээд тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Юуг хэлээд, яаж тогтоогдоод байгаа юм мэдэхгүй. Давхар ажил эрхэлсэн гээд байгаа. Энэ компанид санхүүч, захиргааны менежер гэсэн 2 монгол хүн ажиллаж байсан. Санхүүч маань хятад хэл мэдэхгүй болохоор би бүх л ажлыг хийдэг байсан. Тийм ажлыг битгий хий гэж хэлж байгаагүй.Иймд “Кэй Би Жи Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15/73 тоот тушаалыг хүчингүй болгож, Захиргааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 710 490 төрөг гаргуулж, нийгмийн даатгалыг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь “Кэй Би Жи Эс” ХХК-д 2015 оноос захиргааны менежерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд түүнийг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас нь халсан байдаг.Нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж, байнга ажлаас хоцордог байсан. Үүрэгт ажилд нь хамааралгүй бэлэн мөнгөний тооцоог дур мэдэн хөтөлж хийдэг, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй санхүүгийн болон компанитай холбоотой бүхий л бичиг баримтуудыг хадгалдаг, бэлэн мөнгөний гүйлгээ хийгээд баталгаажуулж өгдөггүй байсан. Б.Баярчимэг нь багаар ажиллах чадваргүй, компаниас тавьж буй ёс зүйн хэм хэмжээний стандартыг зөрчдөг. Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчил гаргасан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно.Үүнд нэхэмжлэгч нь ажлын байранд баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, гадны этгээдийг ажлын байранд авч ирсэн, уг этгээд нь компанийн удирдлагатай зүй бус харьцаж, үг хэлээр доромжилсон үйлдэл гаргасан байдаг.Нэхэмжлэгч нь хамтран ажилладаг өрөмдлөгийн компанийн ажилтантай удаа дараа холбогдож, танай компанид өрөмдлөгийн ажил олж өгсөн учраас надад зуучилсны хөлс өг гэж шаарддаг байсан гэдгийг мэдэгдсэн бөгөөд компанийн ажилтаны хувьд удирдлагаас түүнд хүлээлгэсэн итгэлийг алдсан, өөртөө давуу байдал бий болгосон, хамтран ажилладаг байгууллагад дарамт шахалт үзүүлсэн үйлдэл гаргасан байна.А.Баярчимэг нь байнга ажлаасаа хоцорч, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8-р зүйлийн 8.d.14 “компанид хөдөлмөр эрхлэх хугацаандаа компанийн зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлсэн”, 8.d.15 “компаниас тавьж буй ёс зүйн хэм хэмжээний стандартыг зөрчсөн, эсвэл хамт ажиллагсадтайгаа багаар хамтран ажиллахаас татгалзсан үйлдэл, эс үйлдэл гаргасан” гэсэн заалтуудыг үндэслэл болгож, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, тушаалын үндэслэл болгосон юм.Тиймээс 2015.9.17-ны өдрийн гүйцэтгэх захирлын 15/73 тоот тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-р зүйлд нийцсэн, хууль ёсны шийдвэр болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/00135 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15/73 тоот тушаалыг хүчингүй болгож, А.Баярчимэгийг “Кэй Би Жи Эс” ХХК-ийн захиргааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 7 710 490 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар А.Баярчимэгт олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг суутган төлж, тэдгээр дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийж өгөхийг хариуцагч “Кэй Би Жи Эс” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 138 317 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 125 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.Учир нь анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон “өмгөөлүүлэх эрх, өмгөөлөгчөөрөө дамжуулан эрх ашгаа хамгаалуулах эрх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх”-ийг зөрчиж, хариуцагчийн өмгөөлөгчид анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хариуцагчийг өмгөөлөгчгүйгээр оролцуулан хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Э.Билэгсайхан нь хариуцагчийн өмгөөлөгчөөр тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан ёсоор оролцож эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тус иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, өмгөөлөгч Э.Билэгсайханы 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлтэй “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлт зэргийг үндэслэн хойшлогдсон.2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа тус иргэний хэргийн албан ёсны оролцогч болсон этгээд болох хариуцагчийн өмгөөлөгчид дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг хийгээгүй бөгөөд энэ нь хавтас хэрэг дэх 45-68 дахь нүүр хүртэлх, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас харахад тодорхой болно. ...Анхан шатны шүүхийн хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасныг зөрчсөн.Иймд хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр тус иргэний хэргийг анхан шатны журмаар хэлэлцсэн нь хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрх болон шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зэргийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг хүчингүй болгож, хариуцагчийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлүүлэх, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зэргийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх, өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авах эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч А.Баярчимэгийн нэхэмжлэлээр анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч “Кэй Би Жи Эс” ХХК нь “Өмгөөллийн И Эл Би Партнерс” ХХН-д итгэмжлэл олгосны үндсэн дээр \хх-ийн 10 дугаар тал\  “Өмгөөллийн И Эл Би Партнерс” ХХН нь хуулийн фирмийн хуулийн зөвлөх О.Майцэцэг, хуульчийн туслах С.Булган-Эрдэнэ нарт итгэмжлэл олгож \хх-ийн 12 дугаар тал\, эдгээр хуульчид нь нэхэмжлэлийн хувийг гардаж авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцах, шүүхэд хариуцагчийг төлөөлж хариу тайлбар гаргах зэргээр \хх-ийн 14-18 дугаар тал\ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Хариуцагч “Кэй Би Жи Эс” ХХК нь “Өмгөөллийн И Эл Си” ХХН-ийн хуульч С.Батчимэгт итгэмжлэл олгож \хх-ийн 23 дугаар тал\, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр  сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан байна \хх-ийн 28 дугаар тал\. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулжээ \хх-ийн 36, 39-43 дугаар тал\.

Шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны   хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч С.Батчимэг оролцсон ба 2015 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанд хүрэлцэн ирсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчдөө шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжтой байснаас гадна өөрийнх нь хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон байхад хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдлыг шүүх хуралдаанд гаргаагүй байна \хх-ийн 68 дугаар тал\.

Дээрх байдлыг дүгнэж үзвэл шүүх хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрх болон шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч маргааны үйл баримт, хууль хэрэглээний асуудлаар гомдол гаргаагүй болно.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/00135 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168 125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН