Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 124/2017/0015/з |
Дугаар | 221/МА2017/0458 |
Огноо | 2017-06-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2017/0458
Ж.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ж.******* нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, Ж.*******ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.*******гийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагын Шаардах нь хэсгийн нэг дэх заалтын Ж.*******д холбогдох мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зогсоох тухай заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.******* давж заалдах гомдолдоо:“… Нэхэмжлэгч Ж.*******ийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг авч байгаа нь буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзэхдээ эрүүл мэндийн салбар нь өөрийн тусгайлсан хууль эрх зүйн зохицуулалттай бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулиар мэргэжлийн зэрэгтэй холбоотой асуудлыг журамлан зохицуулсан хэм хэмжээний акт гаргаж эмнэлгийн мэргэжилтэнд олгож байх талаар заасан тул хориглолт, хязгаарлалт үгүй байна гэх үндэслэлүүдийг дурджээ.
Тайлбар: Эрх зүйн актын үйлчлэх зарчим нь Засгийн газрын тогтоолтой яамны сайдын тушаал нийцэж гарах ёстой бөгөөд Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 491/А/472 тоот хамтарсан тушаалаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам” нь яамдын сайдын хамтран гаргасан салбарын нарийвчилсан хэм хэмжээний акт гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Эрүүл мэндийн тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолтод заагдсан эмнэлгийн мэргэжилтэн боловч Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4-д заасан төрийн үйлчилгээний албаны ангиллын ажилтан юм.
Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамнаас олгосон 0004017 тоот хүүхдийн эмч мэргэжилтэй, энэ чиглэлээрээ мэргэшсэн мэргэжлийн зэрэгтэй “төрийн үйлчилгээний” /Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06/25 тоот тушаалаар баталсан “Чанарын албаны дүрэмд зааснаар” Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үүрэг бүхий/ “удирдах” албан тушаалын ажил хийж байгаа /чанарын албаны дарга/ учраас Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт хамааралтай байна.
Үүнээс гадна шүүх Эрүүл мэндийн яамнаас гаргуулсан 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/1212 тоот, “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын 6.1-д “тухайн мэргэжлээр” ажиллаж байгаа хугацаанд мэргэжлийн зэрэг хүчин төгөлдөр байна гэж заасан байна.
Нэхэмжлэгч ******* нь “хүүхдийн эмч мэргэжилтэй” боловч “чанарын албаны дарга”-ын албан тушаалд ажиллаж Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад тусгагдсан “төрийн үйлчилгээний удирдах” албан тушаалын ажлыг хийж ТҮЭМ-6-гийн удирдах албан хаагчийн ангилал, зэрэглэлээр цалинжиж байгаа ажилтан гэж үзэж байна.
Харин мэргэжлийн эмч нь “тодорхой нарийн мэргэжил авьяас, ур чадвар, туршлага шаардах ажил эрхэлдэг тухайн мэргэжлээр бие даан ажилладаг буюу удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий албан тушаал” гэж дээрх тогтоолын 5 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт тусгаж, мэргэжлийн эмчийг ТҮЭМ-4-ийн ангилал, зэрэглэлээр цалинжуулахаар тогтоосон байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх Засгийн газрын тогтоол болон салбарын сайдын тушаалд зөвхөн тухайн мэргэжлээр ажиллаж байгаа хугацаанд олгоно гэж заасан байхад “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын ерөнхий нэршлийг авч шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.
Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга албан тушаал нь хэдийгээр “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа”-г баталсан ММЗ 5095:2013 стандартаар Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн орон тооны доод хязгаарыг тогтоосон А хавсралт болон Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 441 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын ажил, мэргэжлийн ангилал”-д удирдлагын багт хамаарагдахаар нэрлэн заасан нь “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох” журамтай хамааралгүй болохыг тэмдэглэв гэжээ.
Тайлбар: Хариуцагч миний бие нь хамааралтай гэж үзэж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажил, мэргэжлийн ангиллыг тогтоосон Монгол улсын стандарт, салбарын сайдын тушаал учраас удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны ялгааг гаргасан эрх зүйн хэм хэмжээ гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны Шүүх нь дээрх шийдвэрийг гаргаснаар улсын хэмжээнд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байгаа зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн бүр мэргэжлийн зэргийн нэмэгдлийг авах нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн нэхэмжлэгч мэргэшлийн зэргийн нэмэгдлээс гадна илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авч байгаа талаар шүүх хуралдаанд “шинээр үүссэн нөхцөл байдлаар” хариуцагчаас гаргаж тавьсан боловч энэ талаар тогтоолд дурдаагүй нь нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20-06-028-145 дугаар албан шаардлагаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга Ж.*******д Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг зөрчиж мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгосон гэж үзэж 2016 оны 07 дугаар сараас эхлэн олгохыг зогсоохыг шаардсан байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо “... Ж.******* нь хүүхдийн эмч мэргэжилтэй боловч Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ажлыг хийж ТҮЭМ-6-ийн удирдах албан хаагчийн ангилал, зэрэглэлээр цалинждаг ... Засгийн газрын тогтоол, салбарын тушаалд зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээр ажиллаж байх хугацаанд олгоно гэж заасан байхад эмнэлгийн мэргэжилтний ерөнхий нэрчлэлээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь хүүхдийн их эмч мэргэжилтэй, уг мэргэжлээр “Тэргүүлэх” зэрэгтэй байх бөгөөд хариуцагч улсын байцаагч нь Ж.*******ийг хүүхдийн их эмчээр ажиллаагүй, харин эмнэлгийн удирдах албан тушаал болох Чанарын албаны даргаар ажиллаж байгаа учраас тухайн мэргэжлээр ажиллаж байгаа гэж үзэхгүй гэжээ.
Нэгдсэн эмнэлгийн Чанарын алба нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үүрэг бүхий нэгж бөгөөд Чанарын албаны даргад 8-аас доошгүй жил ажилласан эмч мэргэжилтэй, мэргэшлийн зэрэгтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын чиглэлээр 3-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай хүн ажиллахаар ажлын байрны тодорхойлолт болон Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06/25 дугаар тушаалаар хамтран баталсан “Чанарын албаны дүрэм”-д заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь эмчийн тэргүүлэх зэрэгтэй, ажилласан жилийн туршлагатайн хувьд эмнэлгийн Чанарын албаны даргаар ажиллаж байгаа, хэрэв эмч мэргэжилгүй, тэргүүлэх зэрэггүй байсан бол уг албан тушаалыг хаших бололцоогүй, чанарын албаны дарга гэх мэргэжил тусдаа байдаггүй зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Ж.*******ийг Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “эрүүл мэндийн ажилтан”-д хамаарах “эмч мэргэжлээрээ ажиллаж байгаа” гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл эмч мэргэжил эзэмшиж, мэргэшлийн түвшингээ дээшлүүлснийхээ хувьд уг чадвар, туршлага нь бусад эмчээс илүү учраас эрүүл мэндийн байгууллагын чанарын үйл ажиллагаанд хяналт тавих, чанарыг дээшлүүлэх үүрэг бүхий уг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалыг гүйцэтгэж байх тул түүнд эмч мэргэжлийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгосон нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор (5 дугаар хавсралт) баталсан “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 1-д “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоход энэ нийтлэг журмыг баримтална” гэж заасан зорилгод нийцжээ.
Иймд уг журмын 5-д “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн гомдолд “анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар улсын хэмжээнд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байгаа зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн бүр мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах нөхцлийг бүрдүүлсэн” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй. Учир нь шүүх нэхэмжлэлийн хүрээнд зөвхөн нэхэмжлэгчийн хашиж байгаа эмнэлгийн Чанарын албаны даргын албан тушаалын гүйцэтгэх үүрэг, тавигдсан шаардлага буюу эмч мэргэжилтэй, мэргэшлийн зэрэгтэй этгээд гүйцэтгэхээр заасантай уялдуулан дээрх дүгнэлтийг хийсэн байх тул эмнэлгийн бүх мэргэжилтэнд хамаарна гэж үзэхгүй.
Түүнчлэн гомдолд “нэхэмжлэгч мэргэшлийн зэргийн нэмэгдлээс гадна илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг эрх, мэдэл, албан тушаалаа ашиглан авч байгаа талаар хариуцагч гаргаж тавтсан боловч шүүх энэ талаар дурдаагүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна” гэжээ.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг энэхүү үндэслэлээр гаргаагүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ