Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 140

 

“Д х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга, сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                    Х.Батсүрэн

Шүүгчид:                                 Л.Атарцэцэг

                                                 Ч.Тунгалаг

                                                 Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                        П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:       Б.Дүүрэнжаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай,

Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 123/ШШ2017/0029 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0014 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн захирал Б.Г, түүний өмгөөлөгч А.М, хариуцагч Төв аймгийн Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нарыг оролцуулж,

Хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга Б.Б-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 123/ШШ2017/0029 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2,  25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д х” ХХК-ний “Аргалант сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 60, 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0014 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Аргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар тогтоолын А/401 дүгээр захирамжийг хүчингүй болгосон хэсэг, Аргалант сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/96 дугаар захирамжийн “Д х” ХХК-ийн Бүрэнгийн энгэрт байрлах 10 га газрын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон хэсгүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “Д х” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга Б.Б-ын гомдлын агуулгад: Аргалант сумын Засаг даргын 2017 оны А/96 дугаар захирамжаар “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, захирамжийн биелэлтийг хангаагүй” гэсэн үндэслэлээр “Д х” ХХК-ийн эзэмшлийн Бүрэнгийн энгэрт байршилтай 10 га, Яст-Ухаад байршилтай 6 га, Зөнөгт байршилтай 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4. Энэ захирамжийн “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, захирамжийн биелэлтийг хангаагүй” гэсэн үндэслэл нь “Д х” ХХК-ийн эзэмшиж байсан Бүрэнгийн энгэрт байршилтай 10 га газартай хамааралтай.

5. “Д х” ХХК нь Засаг даргын захирамжид заасны дагуу нэг ч удаа оршуулгын зардал сумын Засаг даргын Тамгын газарт төлөөгүй гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн учир Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй.

6. Мөн нэхэмжлэгч нь нөхөн сэргээлт хийсэн тайлан зураг, нотлох баримтаа Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй.

7. “Д х” ХХК нь Засаг даргын газар эзэмшүүлэхдээ хүлээлгэсэн үүргийг зөрчин, оршуулгын зардлыг дур мэдэн өөрчилж, өөрөө үнэ тариф тогтоож, ард иргэдийн гашуудал зовлонг үл хүндэтгэн ёс заншлаа умартан 800.000-аас дээш төгрөгийн зардал авч байсан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хэсгийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, “Д х” ХХК-ийн захирал Б.Г-н шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа.

8. Мөн “Д х” ХХК нь оршуулгын газрын зөвшөөрөл авахаар талийгаачийн ар гэрийнхэн ирэхэд нь тухайн газарт 300.000 төгрөгөөр оршуулгын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсоны дараа шарил аваад ирэхэд нь хэлсэн төлбөрөөсөө илүү мөнгө нэхэж, өгөхгүй бол оршуулгын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байсан нь тогтоогдсон.

9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч сумын Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Төв аймгийн Аргалант сумын нутагт тус бүр 4 өөр байршил бүхий газарт нийт 20 га газар эзэмшиж байсан бөгөөд анхан шатны шүүхээс “Зөнөг”, “Яст ухаа” гэх газар байрлах 10 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримттай нэхэмжлэгчээс маргаагүй, гомдол гаргаагүй, түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хамтран хариуцагч иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосонтой холбогдуулан хяналтын гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1, 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар зөвхөн сумын Засаг даргын хяналтын гомдлын хүрээнд хэргийг хянах буюу үлдэх “Бүрэнгийн энгэр” гэх газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримттай холбогдуулан дүгнэлт хийлээ.

12. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд анх сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн А/400 дүгээр захирамжаар “оршуулгын үйл ажиллагаа явуулах, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” гэсэн зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлж, уг захирамжийн 2 дахь заалтаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан Оршуулгын үйл ажиллагаа явуулах журмыг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон” байх бөгөөд маргаан бүхий захирамжаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн, захирамжийн биелэлт хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

13. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба тухайн иргэн аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх байна. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон атлаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлүүлээгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, захиргааны байгууллага ийнхүү хуулийн дагуу ажиллаагүй, газар эзэмших гэрээг байгуулаагүй атлаа “газар эзэмших гэрээний нөхцөл шаардлагыг биелүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах нь агуулгын хувьд зөрчилтэй болжээ.

14. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан Оршуулгын үйл ажиллагаа явуулах журмын 7.4-т “гадны харъяат иргэдээс оршуулгын зардал 50000-150000 хүртэлх төгрөгийг авч, Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэх” үүргийг зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хүлээлгэсэн байх бөгөөд хариуцагчаас “сумын дансанд нэг ч удаа оршуулгын төлбөр төлөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан, нэхэмжлэгчээс “ямар дансанд төлөх тухай мэдэгдээгүй, төлбөр төлөх дансаа мэдээгүй, үйл ажиллагааны зардал их байдаг, хүчээр газрыг хурааж авлаа” гэж маргаж байна.

15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх урьдчилсан нөхцөл энэ тохиолдолд хангагдаагүй буюу захиргааны байгууллага нь дээрх журамд нийцүүлэн нэмэлт санхүүжилтийн дансанд хэрхэн, ямар байдлаар төлбөр төлөх талаар нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцоогүй, тодорхой асуудлаар тодорхой үүрэг хүлээлгээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээд нь орон нутгийн байгууллагатай ямар чиг үүргийн хүрээнд, харилцан холбоотой хамтран ажиллах талаар тодорхой шийдээгүй, ийнхүү харилцан тохиролцох замаар шийдвэрлэх бүрэн боломжтой атлаа хамгийн хүнд хэлбэр болох газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй гэж үзлээ. Иймээс хариуцагчийн гомдлын 6-8 дахь хэсэгт заасан “оршуулгын зардлыг дур мэдэн өөрчилж, өөрөө үнэ тариф тогтоож, ард иргэдийн гашуудал зовлонг үл хүндэтгэн, ёс заншлаа умартан, 800.000-аас дээш төгрөгийн зардал авч байсан нь баримтаар тогтоогдсон, 300.000 төгрөгөөр оршуулгын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсоны дараа  илүү мөнгө нэхэж, өгөхгүй бол оршуулгын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байсан нь тогтоогдсон, нөхөн сэргээлт хийсэн тайлан баримт ирүүлээгүй” тухай асуудал нь газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгох хангалттай үндэслэл биш буюу уг зөрчлийг арилгуулах замаар, газар эзэмшүүлэх гэрээ болон Оршуулгын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх хүрээнд шийдэгдэх боломжтой байна.

16. Хариуцагчийн “нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулалгүй, шууд эзэмшүүлсэн” гэх үндэслэл нь захиргааны байгууллагын өөрийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамааралтай болохоос нэгэнт нэхэмжлэгчид олгосны дараа нэхэмжлэгчийг буруутгах хангалттай үндэслэл биш бөгөөд захиргааны байгууллага нь анх газар эзэмшүүлэхдээ дээрх зарчмыг хэрэгжүүлж, дуудлага худалдаа зохион байгуулах үүрэгтэй байсан.

17. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0014 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН       

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ