Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 183/2022/03487/И |
Дугаар | 183/ШШ2023/02918 |
Огноо | 2023-09-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2023/02918
23 оны 09 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2023/02918 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .............. тоотод оршин суух, Б овогтой Ж-нгийн З /РД:.............../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................. тоотод оршин суух, Б овогт Б-ын Х /РД:........./,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух, Б овогт Г-ын М /РД:........../ нарт холбогдох,
7.179.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд ажилласан. Манай компанийн захирал Б.Х , түүний нөхөр Г.М нар нь ...яаралтай мөнгөний хэрэгцээ гараад байна, таньдаг банк бус санхүүгийн байгууллага байгаа, 1 сарын дотор буцааж өгнөө гэх гуйлтыг тавьсан. Ингээд хариуцагч нартай зөвшилцөн тохиролцсоноор А ХХК-д 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн **-** УБВ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашиныг барьцаалан 5.000.000 төгрөгийг зээлж аваад тэр даруй хариуцагч Б.М-ын Төрийн банкны дансанд шилжүүлсэн. Гэтэл А ХХК-ийн захирлууд болох Б.Х , Г.М нар нь миний машиныг барьцаалж авсан зээлийн 5.000.000 төгрөг болон хүү, алдангийг төлөхгүй зугтааж, миний 3 сар ажилласан цалинг маань хүртэл өгөөгүй. Зээлийн хүү, алданги өдөр бүр нэмэгдэж байна, яаралтай машины зээлийг чөлөөлж өгөхийг хариуцагч нараас шаардсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул аргагүйн эрхэнд би А ХХК-д үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү, алданги 2.179.200 төгрөг, нийт 7.179.200 төгрөгийг төлж, өөрийн машиныг барьцаанаас чөлөөлсөн. Иймд хариуцагч Б.Х , Г.М нараас 7.179.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.З-ын нэхэмжилж байгаа мөнгөний талаарх хэргийг өмнө нь Чингэлтэй дүүргийн цагдаагаас гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэргийг хаасан. Мөн миний бие үүнтэй холбоотой баримтуудыг Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн. Түүнчлэн би Авзага констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал биш бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө төгрөгт ямар ч хамааралгүй гэжээ.
3. Хариуцагч Б.Х шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.10.05-ны өдрийн 0000 дугаар гомдол шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэх хуудас, А ХХК болон Ж.З нарын хооронд 2020.06.10-ны өдөр байгуулагдсан 0000000 дугаартай барьцааны гэрээ, А ББСБ ХХК-ийн 2021.01.21-ний өдрийн 000 дугаартай барьцааны гэрээ дуусгавар болгох тухай албан бичиг, А ХХК-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Г.М, Б.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.З-ын Хаан банк дахь 00000000000 тоот дансны 2020.06.09-ний өдрөөс 2020.06.12-ны өдрийг хүртэл, 2021.01.20-ны өдрөөс 2021.01.25-ны өдрийг хүртэл хугацааны депозит дансны хуулгууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШТ2022/000 дугаартай гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол, 2022.08.01-ний өдрийн Ж.З-оос А.Х-оод олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Т ХХК-иас хариуцагч Г.М-ын 000000000 тоот дансны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулгыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ж.З нь 7.179.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б.Х , Г.М нарт холбогдуулан шаарджээ.
Хариуцагч Б.Х- нэхэмжлэлийн хувийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гардуулж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.З А ХХК нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 0000 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр А ХХК нь 5.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, Ж.З-д зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээгээр Ж.З нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн 000000000 арлын дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад орж ирсэн, цайвар цэнхэр өнгөтэй, суудлын, 0000 УБВ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан байна.
3. Нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч Г.М , Б.Х нарт 5.000.000 төгрөгийг зээлдүүлэхээр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Ал ХХК-ийн барьцаанд тавьсан гэж тайлбарласан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ж.З нь өөрийн Хаан банк дахь 0000000000 тоот данснаас хариуцагч Г.М-ын Төрийн банкны 0000000 тоот данс руу 5.000.000 төгрөгийг ...zeel zolboot гэсэн утгатай шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх тул 5.000.000 төгрөгийг хариуцагч Г.М-ас гаргуулахаар шаардах эрхтэй.
4. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.З нь А ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 00000 дугаартай барьцааны гэрээний үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 2.179.200 төгрөг, нийт 7.179.200 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А ХХК-д бүрэн төлж барагдуулж, өөрийн өмчлөлийн 0000000000 арлын дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад орж ирсэн, цайвар цэнхэр өнгөтэй, суудлын, 0000 УБВ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлсөн байна.
5. Нэхэмжлэгч Ж.З нь зээлийн хүүд 2.719.200 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул тэрээр хүү шаардах эрхгүй, түүнчлэн хариуцагч Б.Х тай зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.
6. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 282.3-д тус тус зааснаар хариуцагч Г.М-аас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Зо-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.719.200 төгрөг болон хариуцагч Б.Х-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Шүүх хуралдааны товыг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Г.М-ын 9******* гэх дугаарын утас руу мэдэгдэхэд За, ойлголоо гэх хариу, хариуцагч Б.Х-гийн 0000000 гэх дугаарын утас руу мэдэгдэхэд Холбогдохгүй боломжгүй гэх хариуг тус тус өгсөн, мөн хариуцагч Б.Х-гийн нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа мэдүүлсэн хаяг болох Хан-Уул дүүргийн ........... тоот хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч Б.Х шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Түүнчлэн хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч Г.М-ын 00000000 гэх дугаарын утас руу залгаж, шүүх хуралдаандаа хүрэлцэн ирж байгаа талаар лавлахад ...Хурлаа мартчихсан байна. Эвлэрэх саналтай байгаа гэх хариуг өгсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч нарын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 94.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.З-од олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.3-д тус тус зааснаар хариуцагч Г.М-аас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.З-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.719.200 төгрөгт болон хариуцагч Б.Х-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.З-ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-с 94.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.З-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО