Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 978

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн 102/ШШ2019/00990 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.О, М.Н нарт холбогдох,

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 64 дүгээр байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

хариуцагч М.Нийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ө.Туулаас байр зарах саналыг хүлээн авч, Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Тэр үед Ө.Туул нь миний танил Б.Б байранд чинь түр сууж байгаа шүү. Удахгүй улсын баярын дараа гарна. Баяр захиалчихсан байгаа юм гэж хэлсэн гэдэг. Д.Г нь Ө.Туултай 2003 онд танилцаж, эгч дүүс шиг харьцаатай байсан учраас байранд нь хүмүүс сууж байгааг зөвшөөрсөн. Байрны түлхүүрийн нэг хувийг Ө.Туулаас авсан. Наадам өнгөрөөд Ж.Отай утсаар ярьсан. Ж.О юу ярьж байгаа юм, бидний байр, бидний нэр дээр гэрчилгээ нь гарсан гэсэн. Ингээд энэ хүмүүсийг удахгүй гарна гэж найдсаар 3 жил болсон тул шүүхэд хандсан. Иймд орон сууцыг Ж.О, М.Н нарын эзэмшлээс нэхэмжлэгчийн өмч болох Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О нь Ө.Туулын нөхөр Б.Бтэй багын найз. Э.О Европод байхдаа Б.Бтэй холбогдож, 73 500 евро буву 147 сая төгрөгийн үнэ бүхий, Rolex брендийн 6 ширхэг бугуйн цаг явуулж, 2 өрөө байр, гарааштай авахуулах, үлдсэн мөнгийг эргүүлүүлэхээр тохирсон. 2015 оны эхээр гэр бүлтэйгээ Монголд ирсэн. Б.Бөөс байраа асуухад, асуудалгүй гээд Баянмонхор барилгын компанийн захирал Батбилэгтэй утсаар ярьж өгөөд, очоод уулзчих гэсэн. Голден хилл орон сууцны барилгын 4 давхарт, 2 өрөө байр захиалсан байсан. Н гэрээ байгуулсан. Барилга 2 давхарт хүртэл каркас нь хийгдсэн, 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэсэн боловч ашиглалтад ороогүй. Тэгээд Бөд хэлэхэд Ө.Туулын байранд оруулсан. Банкны барьцаанд байгаа, мөнгийг нь төлөөд нэрийг нь шилжүүлээд өгнө гэсэн. Бид өмчлөх эрхийг нь шилжүүлж авахаар байнга шаардсан. Гэтэл 2019 оны 02 сард Д.Г орж ирсэн. Асуутал Д.Г нь Ө.Туул, Б.Б нарт их хэмжээний мөнгө зээлсэн, сард хүүд 1 сая төгрөг авдаг, сүүлийн 2-3 сар мөнгөө өгөхгүй болохоор нь энэ байранд хэн байдгийг мэдэх гэж ирсэн гэсэн. Тэгээд юу болов гэтэл 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөнгөө авчихлаа гээд яваад өгсөн. Б.Бтэй 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ж.О гэрт нь очиж уулзсан. Д.Г утсаар яриад “та нар мөнгөө өг, өгөхгүй бол нэхэмжлэлээсээ татгалзахгүй” гэж хэлсэн. Ө.Туул нь 30 000 000 төгрөгийг авч, Худалдаа хөгжлийн банкны зээлээ төлөөд, үлдсэн 15 000 000 төгрөгийг бэлнээр авсан байх. 2016 оны 02 сард иймэрхүү байр 64 000 000-108 000 000 төгрөгийн ханштай байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч М.Н тайлбартаа: Ө.Туулын нөхөр Б.Бтэй манай нөхөр Ж.О нь багын найзууд.Нөхөр бид хоёр 2013 онд Европд амьдарч байхдаа Б.Бтэй утас мессенжерээр холбогдож, нийт 73 500 еврогийн буюу 147 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг Rolex брэндийн цагийг явуулж, Б.Б нь Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа барилгаас гарааштай 2 өрөө орон сууцыг авч өгөхөөр тохирсон. Б.Бтэй холбогдоход 6 цагийг бүгдийг нь хүлээн авлаа, найз нь асуудалгүй зохицуулна гэж хэлсэн. Үүнээс хойш Б.Бтэй байнга холбоотой байсан. Б.Б 2 өрөө, гарааштай байр захиалсан байгаа гээд, намайг өөрийнхөө найз “Баянмонхор” ХХК-ийн захирал П.Батбилэгтэй утсаар яриулж, түүний оффис руу явуулсан. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Баянмонхор” ХХК-тай орон сууц захиалан бариулах 15/01 тоот гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 1-р хороонд баригдаж байгаа байрыг захиалсан. Гэтэл уг барилга нь ашиглалтад орох болоогүй байсан тул Ө.Туул, Б.Б нарт хэлэхэд Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд орчих гэж хэлээд байрандаа оруулсан. Анх хэлэхдээ энэ байр банкны барьцаанд байгаа тул нэрийг нь шилжүүлж өгөх боломжгүй байна. Ө.Туул нь энэ байр миний нэр дээр бүртгэлтэй байдаг гээд хуулбар хувь өгсөн. Тэр цагаас хойш байнга холбогдож, байрны гэрчилгээгээ шаардаж байсан боловч бид хоёр өр ихтэй байна. Түр хүлээж байгаач гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Д.Г гэх хүн манайд ирж, энэ байранд ямар хүмүүс амьдардаг талаар мэдэх гэсэн юм. Энэ байрны эзэн Ө.Туул надаас 3 жилийн өмнө их хэмжээний мөнгө зээлж, сар бүр 1 000 000 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж, барьцаанд нь өөрийнхөө өмчлөлийн энэ байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Харин сүүлийн 2-3 сар хүүгээ төлөхгүй байгаа тул хүрээд ирлээ. Уг нь бид найзууд байгаа юм гэсэн. Би гайхаж хамт Ө.Туултай уулзахаар очиход Д.Г нь Туул өгөх ёстой хүүгээ шилжүүлчихлээ гээд охиноо дагуулаад явсан. Дараа нь дахин холбогдож гэрчилгээний зургийг явуулсан. Түүнээс хойш дахин уулзалдаагүй. Б.Б нь Д.Гт мөнгийг нь удахгүй гаргаж өгнө гэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 18-р хороо, 64-р байрны 07 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.Отгонтөгс, М.Н нарын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 363 536 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 433 736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч М.Н давж заалдах гомдолдоо: Миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 102/ШШ2019/00990 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Манай нөхөр Ж.Отгоннас нь байрны эзэн Ө.Туул, түүний нөхөр Б.Бтэй багын найзууд учраас харилцан тохиролцож 73 500 евро буюу тухайн үеийн ханшаар 147 000 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг Ролех брендийг цагийг өгч оронд нь Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа барилгыг гарааштай 2 өрөө байрыг захиалан авахаар болсон. Байрны захиалгын гэрээг хийсэн боловч тэр байр  нь хугацаандаа баригдаагүй учраас Ө.Туул, Б.Б нар нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 64 дүгээр байрны 07 тоот өөрсдийн амьдарч байсан байраа бидэнд өгч байрандаа оруулан банкны зээлээ төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээр маань шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Бид удаа дараа гэрчилгээгээ авахаар шаардсан боловч Б.Б, Ө.Туул нар нь одоохондоо мөнгөний боломжгүй байгаа, боломжтой болохоороо банкны зээлээ төлөөд асуудалгүйгээр нэр дээр чинь шилжүүлж өгнө. Та нар байрандаа амьдарч байгаа юм чинь санаа зоволтгүй гэсээр өдий хүрсэн. Анхан шатны шүүх хурлаас өмнө 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Б.Бийн гэрт нь очиж уулзахад, тэрээр нэхэмжлэгч Д.Гтэй утсаа чанга яригч дээр нь тавьж ярихад: Та нар миний мөнгийг өгчих юм бол би нэхэмжлэлээсээ татгалзъя гэж  утсаар хэлж байсан. Өөр хүнд давхар худалдсанд гомдолтой. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ж.О, М.Н нарт холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 64 дүгээр байрны 07 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ж.О, М.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Г нь Ө.Туултай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 64 дүгээр байрны 07 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 55 157 315 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, хэлэлцэн тохиролцсон мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсан өдөр Д.Г орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 5-7, 31/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөлүүлэх гэж тодорхойлжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нөгөө талын эзэмшлийг хууль бус буюу хууль буюу гэрээнд заасан үндэслэлгүй болохыг нотлох учиртай.

Талуудын тайлбараас үзвэл маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар нь үнэ төлбөргүй ашиглаж байсан гэх үйл баримт тогтоогдсон. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ дуусгавар болсон, цуцалсан эсэх нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1, 341.1.2-т “шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхгүй байх” гэж заасны дагуу цуцлах үндэслэл байна гэсэн боловч 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дуусах хугацаатай байсан уг гэрээг орон сууцаа буцааж авахаар буюу гэрээг дуусгавар болгохоор шаардлага гаргасан эсэх нь тогтоогдоогүй байна гэх агуулгаар анхан шатны шүүх дүгнэсэн байна.

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд гэрээний хугацаа дуусгавар болохоор гэрээний зүйлийг буцаан өгөх гэрээний үүргийн зохицуулалтыг хууль бус эзэмшлээс шаардах эрх олгосон заалттай хамтад нь хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрхтэй холбоотой заалтыг хэрэглэж байгаа тохиолдолд тэр гэрээ урьдчилан цуцлагдсан байх, гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгсөн байх, гэрээний хугацаа өнгөрсөн байгаа зэрэг тохиолдлууд хамаарна. Эсхүл эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон тохиолдолд тэр эд хөрөнгийг буцаан өгөх үндсэн үүргийг биелүүлэхийг даалгуулах тухай зэрэг нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэгийг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч байлцуулан, хэргийн оролцогчдыг оролцуулан хийж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулахаар зохицуулжээ. Хэрэгт хариуцагч талаас 2 ширхэг CD өгсөн  байх ба 2019 оны 03 дүгээр сарын 27-ны өдөр Үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд үзлэгийг шүүн таслах эрхгүй этгээд буюу шүүгчийн туслах хийж гарын үсэг зурсан байна. /хх79, 80/

Иймд үзлэгийг хуулиар тогтоосон журмын дагуу хийгдсэн гэж үзэхгүй бөгөөд Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2. шүүгчийн туслах нь хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй байхаар зохицуулсан байна.

 

Дээрхээс дүгнэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө биечлэн хэрэгжүүлэх бөгөөд шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэх боломжгүй юм. Нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуульд заасан дээрх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчигдсөн тохиолдолд уг үзлэгээр илэрсэн нөхцөл байдлын талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн 102/ШШ2019/00990 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Нээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                Б.НАРМАНДАХ

                       

     Д.ЦОГТСАЙХАН