Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/54

 

Д.Наранноровт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0152/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ц.Цэен-Ойдов /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолтой Дашцэрэнгийн Наранноровт холбогдох, 2018004440467 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө баг, 9-р байшин, 14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Монгол овогт Дашцэрэнгийн Наранноров. /ТВ76031214 регистрийн дугаартай/

Шүүгдэгч Д.Наранноров нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг, Хараа голын гүүрний хажууд буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт байрлуулсан листэн төмрөөр хийсэн 3.7 метр өндөртэй хогийн бункерийг 05-86 ДАР улсын дугаартай “Мицубиши Кантер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Монгол овогт Дашцэрэнгийн Наранноровыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.т зааснаар шүүгдэгч Д.Наранноровыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Наранноровт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Наранноровоос 05-86 ДАР улсын дугаартай “Мицубиши Кантер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Дархан- Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1., Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т зааснаар шүүгдэгч Д.Наранноровт оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Наранноровт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т “Энэ хуулийн 6.1., 6.2., 6.3., 7.2., 7.3., 9.1., 9.2.т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байна.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэг...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т “...7.2...”.т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байхад анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т зааснаар шүүгдэгч Д.Наранноровт оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолын “тогтоох" хэсгийн 5 дах заалтад “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т зааснаар шүүгдэгч Д.Наранноровт оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй...” гэснийг зөвтгүүлж, ...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т зааснаар шүүгдэгч Д.Наранноровт оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих... гэж өөрчлөлт оруулах саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлгүй. Түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Д.Наранноровыг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг, Хараа голын гүүрний хажууд буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт байрлуулсан листэн төмрөөр хийсэн 3.7 метр өндөртэй хогийн бункерийг 05-86 ДАР улсын дугаартай “Мицубиши Кантер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Наранноровыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж,  шүүгдэгч Д.Наранноровоос 05-86 ДАР улсын дугаартай “Мицубиши Кантер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч Д.Наранноровт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Наранноровт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Д.Наранноров нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон  байна.

Анхан шатны шүүхээс болсон хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан ял оногдуулсан боловч түүний үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т зааснаар тус хуулийн үйлчлэлд хамаарч байгааг зөв дүгнэсэн атлаа энэ хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, шүүгдэгч Д.Наранноровт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлгүй.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т “Энэ хуулийн 6.1., 6.2., 6.3., 7.2., 7.3., 9.1., 9.2.т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1., 2.2., 2.4 дэх заалт...”-д заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус зааснаар анхан шатны шүүх шүүгдэгч Д.Наранноровт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих байжээ.   

Шүүгдэгч Д.Наранноровт холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй хэдий ч түүнд анхан шатны шүүхээс Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 7 дугаар зүйлийн 7.2.т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж оногдуулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.т зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс оногдуулаагүй ялыг шинээр оногдуулах, шүүхийн шийтгэх тогтоолд ял оногдуулах байдлаар өөрчлөлт оруулах боломжгүй, эрхгүй байна.

Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд анхан шатны шүүхийн    шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Прокурорын эсэргүүцлийн ...анхан шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн...гэсэн хэсгийг хүлээн авч, ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Наранноровт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж байгаагаа бичсэн атлаа тогтоох хэсэгт хэдэн оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж байгаагаа бичээгүй алдаа гаргасныг цаашид анхаарах шаардлагатай. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Наранноровт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                        ШҮҮГЧИД                         Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ