Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр ,

            Улсын яллагч Ш.Хосбаяр

            Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Ганбат,

Хохирогч Б.Даваасүрэн нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ш овогт Б Э холбогдох 201725031163 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хаалттай хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1972 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197Ё тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б Э (РД:..............)

нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197Ё тоот өөрийн гэртээ эхнэр Б.Даваасүрэнг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197Ё тоот өөрийн гэртээ болон гудамжинд  эхнэр  Б.Даваасүрэнтэй маргалдаж, түүнийг үсдэж зодсоноос хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь

            шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “…Би хувиараа хөдөлмөр эрхлэдэг. Хашаа байшингаа зарна гэхэд эхнэр зарахгүй гэснээс бид хоёр маргалдсан. Тэгээд би уураа барьж чадаагүй. Миний буруу би гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Хохирлоо төлнө. Уучлал гуйж байна” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Даваасүрэнгийн “...Тухайн өдөр 5 дугаар сарын 19-ний өдөр би ажлынхантайгаа уулзана гэсэн. Тэгээд нөхөр 23 цагт тосч авсан. Бид хашаа байшингийн банкны зээлтэй. 10 жилийн хугацаатай. 4 жил төлсөн, 6 жил дутуу байгаа. Хашаа байшин зарах гэсэн асуудлаар бид хоёр маргалдсан. Тэгсэн намайг цохиод авсан. Тэгээд миний гар утас шүүрч аваад шидсэн. 120.000 төгрөгөөр томографын зураг авахуулсан. Эмчилгээ хийлгээгүй. Намайг өмнө нь бас зоддог байсан. 4 жилийн өмнө тусдаа 1 жил гаран амьдарч байсан. Цаашдаа хамт амьдархгүй. 22 жил амьдарсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн мэдүүлсэн “…Гэрт ирээд сууж байхад манай нөхөр хашаа байшингаа зарна чи миний амьдралд тус нэмэр болдоггүй гэж хэлэхээр нь чи байнга хашаа байшингаа зарна гэж хэлэх юм, би зээл төлж байгаа биз дээ гэж хэлэхэд миний өөдөөс уурласан. Эрдэнэ-Очир намайг гартаа барьж байгаа гар утсаа өг гэж хэлэхээр нь энэ миний утас гэтэл гарт байсан гар утсыг булааж аваад хана руу шидэхэд гар утас хэдэн хэсэг болоод салаад унасан. Гал зуухны өрөөнд орж ус ууж байгаад би устай аягаа ширээн дээрээс түлхэж унагаахад Эрдэнэ-Очир чи хамаг юм хагаллаа гэж уурлахаар нь чи согтуу ирэхээрээ хамаг зүйлсээ хагалаад байдаг тэрэнтэй чинь яг адилхан байгаа биз дээ энэ эд зүйлсийг би мөнгөөрөө авдаг чамд ямар санагдаж байна гэж асуухад, чи агсам тавьж хамаг эд зүйлс эвдлээ гэж хэлээд миний зүүн талын хацар руу алгадаад дараа нь үснээс зулгааж орон дээр хэвтүүлчихээд миний дээр дарж суугаад үснээс зулгаачихаад нүүрээр хөнжил гудсан дээр дараад байсан. Тэгж байхад манай хүү орж ирээд та хоёр юу болж байгаа юм бэ та ээжийн дээрээс босооч гэж хэлээд босгосон. Хүүг орж ирэхийн өмнө манай 14 настай охин Лхамхорол та ээжийн дээрээс босооч, өмнө нь та бас ээжийн нурууг гэмтээж байсан, буугаач гэж хэлэхэд хуц пизда зайлаач гэж хэлээд хөөгөөд явуулсан. Тэгээд ахыгаа дуудаж оруулсан байсан. Хүүг орж ирсэний дараа би хүүгийнхээ гэрт орсны дараа Эрдэнэ-Очир араас орж ирээд миний үснээс зулгаагаад хүүгийн гэрээс авч гарах гэж байхад хаалганы төмөрнөөс зулгаахад миний гарын арьс зулгарахад би гараа тавьсан. Намайг хашаан дотор миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Бид хоёрыг хүү салгаад би хашаанаас гарч явсан. Эрдэнэ-Очир араас гарч ирээд гудамжинд миний үснээс зулгаагаад намайг газар чирэхэд манай хүү салгасан. Намайг гэрт оруулахад Эрдэнэ-Очир араас орж ирээд гэрийн хаалгыг цоожлоод дахиж намайг зодсон” гэх мэдүүлэг,

гэрч Э.Нямбазарын “…шөнө 00 цаг өнгөрч байхад хашааны хаалга дуугарч аав, ээж 2 гэртээ ирж байсан. Удалгүй манай 2 эмэгтэй дүү гэрт орж ирээд аав ээжийг зодоод байна гэхээр нь би аавын гэрт ороход газар аяга хагарчихсан байхаар нь энэ чинь юу болж байгаа юм бэ гэхэд аав ээжийн бөгсөн дээр дараад суучихсан ээж чинь аяга таваг шидээд хагалаад байна гэж хэлэхээр нь аавыг бос одоо боль гэж хэлэхэд аав ээжийн дээрээс босоод хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Араас нь ээж хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Ээж хашааны хаалга онгойлгоод гараад явахад аав ээжийнхээ араас оч гэхээр нь ээж дээр очоод гэр рүү оруулах гэхэд одоо орвол дахиад аавтай чинь муудалцана орохгүй гэхээр нь би аавд хэлсэн одоо гайгүй байлгүй дээ гэж хэлээд гэр рүүгээ авч орсон. Гэрт манай ээж эхнэр 2 үлдсэн, би аавын гэр рүү орж 2 дүүдээ хагарсан аягаа цэвэрлэ гэж хэлээд зогсож байтал манай эхнэрийн орилох дуу гарахаар нь гэр рүүгээ яваад ороход аав ээжийг гэрээс гаргах гээд чирч байсан. Ээж гэрээс гарахгүй гээд хаалганы төмөр пүршнээс барьчихсан орилж байхаар нь салгасан. Хэсэг хугацааны дараа ээж гэрээс гарч ирэхэд дух нь хавдсан байсан” гэх мэдүүлэг,

гэрч Л.Одонтуяагийн “…аав гаднаас орж ирээд ээжийн үс рүү гараа хийж үсийг нь гартаа ороогоод угнаас нь татаад чирэхэд ээж гэрийн баганаас барьчихсан гарахгүй гэж зуурахад хоноцын хүүхэд биз дээ чи битгий эд нарын амьдралд гай болоод бай гэж хэлээд зуураад байхаар нь би айгаад орилоод нөхрийгөө дуудахад чамд ямар ч хамаагүй шүү чи ямар хамаатай болоод оролцоод байгаа юм гэж хэлээд ээжийн үснээс зулгаагаад байсан. Ээжийн гар тавигдахад аав ээжийн үснээс зулгаагаад чирээд гарахад ээж гарахгүй гээд хаалганы төмөр пүршнээс зуурахад хадам аав чирсээр байгаад ээжийн гарыг тавиулсан. Тухайн үед ээжийн гарын алга төмөрт урагдсан. …гарч ирэхдээ ээжийн баруун чихний омогны хэсгээс цус гараад чихний доод хэсэг сэтэрсэн мөн дагзны хойд хэсэг нь хавдчихсан гарын бугалга хөхөрсөн, зүүн нүд хөхөрчихсөн байсан. Мөн зүүн гарын хэсэгт зүсэгдсэн 2 өвдөг нилэнхүйдээ хавдаад хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг,

“1.Даваасүрэнгийн биед тархи доргилт, дух, 2 нүдний дээд доод зовхи, хамрын уг нуруу, зүүн шуу, баруун бугалга, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, дагзны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун 2, 3-р хуруу, баруун гуя болон 2 өвдөгт шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө.” гэх хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.5.23-ны №6850 тоот акт, гэр бүлийн хүчирхийллийн эсрдэлийн нөхцөл тодорхойлсон үнэлгээ, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ш овогт Б Э бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаан дээр хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрэх боломжгүй, гомдолтой гэх тул шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт хавсаргасан нотлох баримтын дагуу хохирогчийн эмчилгээний зардалд гарсан 120.000 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ш овогт Б Э бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 241 (хоёр зуун дөчин нэг) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Эоос 120.000 (нэг зуун хорин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Гучид овогт Бадарчийн Даваасүрэн (РД:ХЕ76042601)-д олгосугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ