Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2023/0145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга, Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамж, Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамж, Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарсан хугацаа хүртэл гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” -аар маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Галуут сумын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/02 дугаар “Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай” тогтоолыг гаргажээ. Тус тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр “Галуут сумын Засаг дарга *******ыг огцруулах тухай” захирамжийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Пунцаг тайж овогтой Адъяагийн Батбаяр миний бие аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын албан тушаалд томилогдож тус сумын Засаг даргаар Монгол Улсын хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж тухайн хуралд оролцсон 19 төлөөлөгчдийн олонх нь буюу 63,2 хувиар 12 төлөөлөгч хангалтгүй байна гэж санал өгсөн. Энэ саналаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 10/02 дугаар тогтоол гарч уг тогтоолоор сумын Засаг даргад холбогдох арга хэмжээ авч өгөх саналыг аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон тогтоол гарсан.

Энэ үйлдэл нь дараах хуулийг ноцтой зөрчиж байна Үүнд:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/02 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн холбогдох арга хэмжээний саналыг аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******од үүрэг болгосон. Энэ тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад хүргүүлэхдээ ямар арга хэмжээ тооцохыг  санал болгоогүй.

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/02 дугаар тогтоол 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарсан, аймгийн Засаг даргын Б/01 дүгээр захирамж 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумын засаг даргыг огцруулсан захирамж гаргасан байдаг энэ нь хуулийн хугацаа хэтэрсэн үед гарсан.

3. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус хуулийн 65 дугаар зүйлийн     65.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг даргад нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар тавьж шийдвэрлүүлнэ гэсэн заалтаар Аймгийн Засаг даргад саналыг хүргүүлээгүй байтал аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь заалтыг авсан нь тус хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

4. Мөн аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3 дахь заалтуудыг тус тус илт зөрчсөн.

5. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Журам шинэчлэн батлах тухай” 226 дугаар тогтоолын хавсралт “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт “Байгууллагын албан ёсны баримт бичигт... гарын үсгийн дардас дарахыг хориглоно.”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт “Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд зөвхөн хууль тогтоомжоор эрх олгогдсон тухайн байгууллагын удирдлага гарын үсэг зурна” гэснийг тус тус зөрчиж Захирамжлалын баримт бичигт удирдлага нь гарын үсэг зураагүй танилцаагүй байхад аймгийн Засаг даргын орлогч гарын үсгийн дардас дарж огцруулах захирамж гаргасан учир хүчингүй гэж үзэж байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар 19-ний өдрийн 10/02 дугаар тогтоолыг албан ёсоор надад гардуулж өгөөгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 10/02 дугаар тогтоолоор сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг олонх буюу 63.2 хувийн саналаар хангалтгүй гэж дүгнэн холбогдох арга хэмжээ авах саналыг аймгийн Засаг даргад ирүүлсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр Галуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/02 дугаар тогтоол ирүүлсний дагуу мөн хуулийн 64.2.3-т /энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан/ дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны Б/01 дүгээр захирамжаар Галуут сумын Засаг дарга *******ыг огцруулсан.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т “Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн.” 65.1.2-т “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” нь огцруулах нөхцөл бүрдсэн гэж үзэж хуулийн дагуу огцруулах шийдвэрийг гаргасан.

Мөн тус шийдвэрийг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулж, хяналтын дагалдах хуудсаар эрх бүхий албан хаагчдаас холбогдох саналыг авсан. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Тус сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй танилцаад манай байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаараа сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн дүгнэсэн бөгөөд тухайн хурлын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох дээд шатны албан тушаалтанд хүргүүлсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/02 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн[1] болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

2. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар[2] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.3, 64.5 дахь заалт, Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Галуут сумын Засаг дарга *******ыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь огцруулжээ.

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т “энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан”, 64.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ.”, 64.5-д “Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ.”, 65 дугаар зүйлд бүх шатны засаг даргад хариуцлага тооцох талаар тусгасан бөгөөд 65.1.1-д “Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн”, 65.1.2-т “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн”, 65.2-т “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ”, 65.3-т Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн      65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 65.3.1-д “сануулах”, 65.3.2-т “үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах”, 65.4-т “Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

5. Маргаан бүхий актад дурдсан Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 10/02 дугаар тогтоолоор[3] сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, хуралд оролцсон төлөөлөгчдийн олонх буюу 63.2 хувиар “Хангалтгүй” гэж дүгнэж, холбогдох арга хэмжээний саналыг Аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******од үүрэг болгосон бөгөөд тус иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр[4] ...тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг  хэлэлцэн хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхоор “хангалтгүй” гэж дүгнэсэн тул хуралдаанаас гарсан саналыг шийдвэрлэж өгнө үү... гэж Аймгийн засаг даргад ханджээ.

6. Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор[5] хуралдааны тов зарлаж, нийт 10 асуудал хэлэлцэх жагсаалтын[6] 3 дугаарт Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт хэлэлцэх тухай, 5 дугаарт Засаг даргын үйл ажиллагааны 2023 оны хөтөлбөрийг хэлэлцэн батлах тухай гэсэн сумын Засаг даргатай холбоотой эдгээр  хоёр асуудлыг хэлэлцэхээр баталж,  сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг хэлэлцэж, “хангалтгүй” гэж дүгнэсэн, харин сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах, огцруулах зэрэг асуудлыг  хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн санал гаргаагүй болох нь тус хуралдааны тэмдэглэлээс[7] харагдана.

7. Хариуцагч тал ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр Галуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/02 дугаар тогтоол ирүүлсний дагуу мөн хуулийн 64.2.3-т /энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан/ дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны Б/01 дүгээр захирамжаар Галуут сумын Засаг дарга *******ыг огцруулсан... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь заалтаас харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөр[8], түүний хэрэгжилтийг[9] дүгнээд хангалтгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 65.1.2-т заасан “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” гэсэн шаардлагыг хангаж байна гэж үзжээ гэвэл Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зураагүй, энэ талаар баримт байхгүй, мөн Хурал 15 хоногийн дотор Засаг даргыг огцруулах эсэх, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцээгүй[10], аймгийн Засаг даргад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлээгүй, энэ талаар Хурлын тогтоол, шийдвэр гараагүй[11] байна.

8. Түүнчлэн нэхэмжлэгч өмнө нь зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, мөн энэ талаар баримт байхгүй зэргээс харагдах бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн боловч огцруулах, ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулах талаар хурлаар хэлэлцээгүй, энэ талаар тогтоол, шийдвэр гараагүй байхад Галуут сумын Засаг дарга *******ыг огцруулсан Аймгийн Засаг даргын 2023 оны Б/01 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болжээ.

9.Хариуцагч Аймгийн Засаг даргын захирамжаар *******ыг үндэслэлгүйгээр огцруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7а/-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 4 сар 21 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 6.807.538 /зургаан сая найман зуун долоон мянга таван зуун гучин найм/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.4, 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Галуут сумын Засаг дарга *******ыг огцруулах тухай” Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 10/02 дугаар “Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай” тогтоолыг хүчингүй болгох” шаардлагатай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн  Засаг дарга /Тамгын газар/-аас нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан 4 сар 21 хоногийн цалинтай тэнцэх 6.807.538 /зургаан сая найман зуун долоон мянга таван зуун гучин найм/ төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /Тамгын газар/-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

               

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.СУВДМАА

                    

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэл,

[2] Хавтас хэргийн 9 дүгээр тал

[3] Хавтас хэргийн 8 дугаар тал

[4] Хавтас хэргийн 134 дүгээр тал

[5] Хавтас хэргийн 63 дугаар тал

[6] Хавтас хэргийн 64 дүгээр тал

[7] Хавтас хэргийн 102-126 дугаар тал

[8] Хавтас хэргийн 65-101 дугаар тал

[9] Хавтас хэргийн 10-32 дугаар тал

[10] Шүүх хуралдааны тэмдэглэл

[11] Хавтас хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, энэ талаар баримт шаардаад ирүүлээгүй 129 дүгээр тал