| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/04471/И |
| Дугаар | 183/ШШ2023/02799 |
| Огноо | 2023-09-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2023/02799
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2023/02799
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ................. тоотод байрлах, Э ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...........3 тоотод байрлах, С ХХК /РД:.........../,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ........ тоотод оршин суух, Б Оргил /РД:.............../ нарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7.555.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э хк нь 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэг, ...........тоотоос Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Юу Би тауэр плас оффис, 2 давхар, 201 тоотод нүүж ирсэн бөгөөд хуучин оффис буюу Парк плэйс оффисоос PVC хана буулгаж Юу Би тауэр плас Оффисын коридорт авчирч угсрах, РѴС хананд шилэн нүүр нэмэлтээр хийх мөн Парк плэйс оффисоос N.A.P GROUP LLC гэсэн логотой модон гоёлын ханыг буулгаж Юү Би тауэр плас оффист авчирч угсрах ажлыг нийт 3.200.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр С ХХК-тай 2022 оны 5 сарын 14-ний өдөр №АГ-03/22 тоот гэрээг байгуулж урьдчилгаа төлбөрт нийт төлбөрийн 50 хувь буюу 1.600.000 төгрөгийг тус компанийн Голомт банкны ..........тоот дансанд 2022 оны 5 сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Мөн дээр дурдсан 2022 оны 5 сарын 14-ний өдөр №...........тоот гэрээг байгуулахаар болж тус гэрээний хавсралтад дурдсан тавилга болон дотор заслын ажлуудыг нийт 18.162.037 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хүсэлтээр 2022 оны 5 сарын 06-ны өдөр Суу мандал ХХК-ийн голомт банкны ........... тоот данс руу гэрээний нийт үнийн дүнгээс 3.000.000 төгрөгөөр 3 удаа буюу нийт 9.000.000 төгрөгийг, 2022 оны 5 сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг нийт 14.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл С ХХК нь №....... тоот гэрээг компанийн тамгыг олохгүй байна, №.......... тоот гэрээнд нэмэлт заалт тусгана гэсэн шалтгаанаар одоог хүртэл баталгаажуулаагүй байгаа бөгөөд ажлын гүйцэтгэлийг одоог хүртэл дуусган хүлээлгэж өгөөгүй байна. Бидний зүгээс №АГ-03/22 гэрээний хувьд Суу мандал ХХК гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 1.600.000 төгрөгт ногдох ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул маргахгүй. Харин №.......... тоот дотор заслын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хугацаанд нь дуусгаагүй бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 01-ээс удааширч, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс үлдсэн засварын ажлаа хийхээ больж, утсаа авахгүй алга болж одоогийн байдлаар дээрх гэрээний дагуу шилжүүлэн авсан 14.000.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэлгүй биднийг маш хүндрэлтэй нөхцөл байдалд оруулаад байна. Бид дээрх хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал Б. Оргил 88077801 дугаар луу залгаж, мессеж бичиж ажлаа хийж гүйцэтгэхийг байнга шаарддаг байсан боловч утсаа авахаараа 2 дах өдөр очъё, хагас бүтэн сайн өдөр очиж дуусгая гэх хариуг өгдөг байсан ч хэлсэн өдөр, хэлсэн цагтаа огт ирж байгаагүй. Манай компанийн интерьер дизайнер Д.Д нь өөрийн фейсбүүк хаягаас с ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оргилын фейсбүүк хаяг руу чат бичиж,..... дугаар луу нь байнга залгаж ажлаа гүйцэтгэхийг шаардсан мессеж бичдэг байсан. 2022 оны 8 сарын 08-ны өдөр манай оффис дээр уулзахаар болсон. Уулзалтаар №............. дугаартай гэрээний хавсралтад заасан ажлыг хийж дуусгах нэмэлт хугацаа буюу үлдсэн ажлуудыг хэзээ хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх нарийвчилсан огноог өөрөө гаргаж гэрээний хавсралтад тусган гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч үндсэн гэрээтэй нарийн танилцана гэсэн үндэслэлээр гэрээнд гарын үсэг зураагүй. Уулзалтын дараанаас серверийн өрөөнд разетка суулгах, заалны хананд эсгий хавтан наах, шилэн хаалганы аркийг гипсээр хаах 3 ажлыг хийгээд үлдсэн ажлуудаа өнөөдрийг хүртэл хийгээгүй бидэнтэй холбоогүй байна. С ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан дотор заслын ажил гүйцэтгэх 6 хуудас гэрээг хавсралтаар өгч байгаа бөгөөд С ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О нь компанийнхаа тамгыг хайгаад олохгүй байна гэсэн нь бидэнд худлаа ярьж, гэрээгээ батлахгүй зугтааж байгаа гэж үзэж байгаа юм. Иймд С ХХК, Б.О нараас гэрээний хавсралтад заасан ажлаас хийж гүйцэтгээгүй ажлын төлбөр болох 7.555.000 төгрөгийг шаардаж байгаа боловч гүйцэтгээгүй ажлын үлдэгдэл 5.676.936 төгрөг үлдсэн гэж үзэж нэхэмжилж байна. Мөн хамтран хариуцагч Б.Оргилоос татгалзаж байна гэв.
2. Хариуцагч С л ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Э ХХК-иас СХХК-д холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 2022 оны 05 дугаар сарын 14-ны №........ тоот гэрээний үүрэгт 7.555.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид нэхэмжлэгч Э ХХК-тай 18.162.037 төгрөгөөр тавилга болон дотор заслын ажил гүйцэтгэхээр ярилцан тохиролцож, нэхэмжлэлд дурдсан 14.000.000 төгрөгийн урьдчилгаа авснаар ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Гэхдээ бид тухайн үед гэрээ байгуулаагүй. Учир нь гэрээнд миний санал болгосон нөхцөлийг нэхэмжлэгч компани оруулахаас татгалзаж, өөрсдийн нөхцөлөөр гэрээ байгуулахыг тулган шаардаж байсан. Өмнө нь манай компани 2 удаа энэ компанитай гэрээ байгуулан, ажил гүйцэтгэж өгсөн. Өмнөх ажлууд дээр энэ компани гэрээ байгуулж, зураг төслийг тохиролцож, бид ажлаа гүйцэтгэсний дараа анхны зураг төслийг өөрчилж, нэмэлт зардал гаргачихаад нөхөж өгдөггүй байсан ба дараагийн ажилд шингээнэ гэх зэрэг шалтаг хэлдэг байсан. Бидний зүгээс зураг төслийн дагуу тохирч хийсэн ажлыг өөрчлөх болон дахин хийх бол үнийн дүнг өөрчилж, гарах зардлыг нэмж төлнө гэсэн нөхцөл оруулах гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрсдийн саналыг тулгасаар байсан. Өмнөх №....... тоот гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж дуусгасан боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг манай компанид бүрэн төлөөгүй. Хэдийгээр гэрээ байгуулаагүй ч урьдчилгаа гэж шилжүүлсэн 14.000.000 төгрөгийг засварын ажилд бүгдийг нь зарцуулж, ажлыг хийж гүйцэтгэсэн. Өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэхэд тэр төлбөрийг өгөхгүй, харин ч манайхаас нэмж мөнгө гаргуулна зэргээр дарамталсан. Нэхэмжлэлдээ намайг тамга тэмдгээ мартсан, худлаа ярьсан гэх зэргээр гүтгэсэн зүйлс их бичжээ. Манай компани ажил гүйцэтгэх явцдаа эрүүл мэндийн шалтгаанаар, эсхүл наадмын амралтын үеэр ажлаа түр зогсоож, ажилчдаа амраах тохиолдлууд гарч байсан ба тухай бүр нэхэмжлэгч компанид мэдэгдэж байсан. го Нэхэмжлэгч компани бидэнтэй дээрэнгүй, доромжилсон байдлаар байнга харьцдаг байсан ба намайг өвчтэй хойгуур цагдаад өгнө гэх зэргээр дарамталж бичиж байсан. Иймд цаашид ажиллах боломжгүй гэж манай компани ажлаа зогсоосон бөгөөд өгсөн төлбөрт таарсан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан байсан. Нэхэмжилж буй 7.555.000 төгрөгийг юунд үндэслэж, хэрхэн тооцоолон гаргасан нь тодорхойгүй байна. Урьдчилгаа гэж шилжүүлсэн мөнгөнд дүйцэх ажлыг аль хэдийнээ гүйцэтгэсэн байхад энэхүү 7.555.000 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2022.05.14-ний өдрийн №.......... Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, зураг, 2022.10.06-ны өдрийн итгэмжлэл зэргийг өгсөн байна.
Хариуцагч талаас: 2023.03.24-ний өдрийн итгэмжлэл, Нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д-аас гэрчийн мэдүүлэг авч, Баянзүрх дүүрэг, ...........тоотод хариуцагч Суу мандал ХХК-ийн гүйцэтгэсэн засварын ажилд үзлэг хийсэн. Хариуцагчийн хүсэлтээр С.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч С ХХК, Б.О нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7.555.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 5.676.936 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч С ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч нь Б.О-ой гэрээ байгуулсан гэж, хариуцагч Б.О урьдчилгаа гэж шилжүүлсэн мөнгөнд дүйцэх ажлыг аль хэдийнээ гүйцэтгэсэн гэж тус тус маргасан байна.
Э ХХК, С ХХК нарын хооронд 2022.05.14-ний өдөр АГ-03/22 тоот дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, ............. тоот оффист хийгдэх энэхүү гэрээний хавсралт 1-д заасан тавилга, гүйцэдэг хаалга, нэмэлт гипсэн хана хийх, суурилуулж өгөх ажлыг зургийн буюу загварын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр тохирчээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч С ХХК-ийн дансанд ажлын хөлс 14.000.000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлын хөлс компанийн дансаар орж Б.О авсан, мөн ажил гүйцэтгэх гэрээг Б.О байгуулсан, манай компанид хамаарахгүй гэжээ.
Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй бөгөөд гэрээний хөлс 14.000.000 төгрөгийг хариуцагч С ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Ажил гүйцэтгэгч С ХХК 5.676.936 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон үзлэгээр тогтоогдож байх тул С ХХК-иас 5.676.936 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Б.О-оос татгалзсныг дурдаж, хариуцагч С ХХК өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, зааснаар хариуцагч С ХХК-иас 5.676.936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.О-оос нэхэмжлэгч Э ХХК татгалзсныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 135.830 төгрөгийг улсын төвсөөс, хариуцагч С ХХК-иас 105.781 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО