| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/1719/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2011 |
| Огноо | 2025-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2011
2025 08 26 2025/ШЦТ/2011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Д.З нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Д*ийн З*д холбогдох эрүүгийн 241102****** дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн ***********дугаар хороо, Сурагчийн ********** тоотод хамт архи ууж байсан Ж.Э*тай маргалдаж улмаар аяга шидэн нүүрэн тус газарт нь онож эрүүл мэндэд нь духны шарх, баруун дээд зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *******дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн********* дугаар хороо, Сурагчийн ******* тоотод хамт архи ууж байсан Ж.Э*г цээртэй үгээр доромжлон маргалдаж, улмаар аяг авч шидэн нүүрэн тус газарт нь онож эрүүл мэндэд нь духны шарх, баруун дээд зовхи, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Ж.Э*ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн********** дугаар хороо Сурагчийн ********* тоотод У*ын гэрт унтаж байхад гаднаас найз З архи уучихсан согтуу орж ирээд сандал дээр цай ууж сууж байгаад надад хандаж “чи муу хэвтрийн янхан минь босооч” гээд У ахын хоол иддэг цэнхэр өнгийн зузаан аягийг шууд аваад над руу шидчихсэн нь чинь миний баруун хөмсөг орчимд оноход цус гараад тогтохгүй байхаар нь У ах түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Гэрч Ц.У*рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн******** дугаар хороо Сурагчийн ***** тоотод дүү Э*ийн хамт гэртээ байж байхад хуурай дүү болох З гаднаас согтуу орж ирээд Э*тай маргалдаж байхдаа миний хоол иддэг том цэнхэр өнгийн шаазан аягыг ширээн дээрээс шүүж аваад Э руу шидчихсэн чинь нүүрэн тус газар нь оноод баруун талын хөмсөгний дээд талаас цус гарахаар нь 103 дугаарт залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 33-34/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-17/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *********дугаартай: “...Ж.Э*ийн биед дух, зүүн чамархайн хуйханд шарх, баруун дээд зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чамархайн хуйханд үүссэн шарх гэмтэл 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх 44-45/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу аяга шидсэн үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.З нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.З*г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Э*ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Э нь хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э нь 186.802 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан, дээрх төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.З*аас 186.802 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Д.З*д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг зорчих эрх хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг гаргасан болно.
Шүүгдэгч Д.З*д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Д.З*д үйлдлийн шинж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, үйлдлийн шинж, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг зорчих эрх хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэв.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн ахуйн хэрэглээний шаазан аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Д*н З*г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-г 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З*д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.З оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З*с 186.802 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /РД:6263305/-т олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн ахуйн хэрэглээний шаазан аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ