Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/01757

 

2023 оны 05 сарын 29 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/01757

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .........тоотод байрлах, БХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......тоотод байрлах, Б ХХК-нд холбогдох

Цемент нийлүүлсний төлбөрт 13.426.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БХХК нь 2013 оноос хойш хариуцагч Б ХХК-тай цемент нийлүүлдэг байсан. Хариуцагч байгууллага нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч нийлүүлж байсан цементийн үнийг хэсэгчилэн төлдөг байсан. Тухайн үед тооцоо нийлж ирсээр 2017 оноос хариуцагч компанид цемент нийлүүлэхээ болиод 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэлээ баталгаажуулсан. Төлбөрийн үлдэгдэлээ баталгаажуулахаар төлсөн төлбөр болон гэрээний дагуу үүссэн үлдэгдэлээ төлбөрөө тооцоолоод 13.426.900 төгрөг болгож баталгаажуулсан. Түүнээс хойш хариуцагчийн зүгээс төлбөр төлж байсан хэдий ч үлдэгдэлээ хэзээ, яаж хэрхэн төлөх талаар тодорхой тайлбар өгөхгүй байдаг байсан. 2020, 2022 онуудад холбогдоход наад төлбөр тооцооний асуудлыг би мэдэхгүй, мэдэх хүмүүс нь ажлаасаа гарсан, төлбөр төлөхгүй гэдэг байдлаар татгалзсан. Үүнийг өмнөх ажилнуудаасаа лавлая гэсэн учраас тодорхой хэмжээнд хүлээлтийн байдалтай байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр албан бичгээр шаардлага хүргүүлсэн. Уг албан бичгийг хүлээн авсан боловч хариу өгөөгүй. Тийм учраас хариуцагчийг төлбөрөө төлөх сонирхолгүй байна гэж үзэж, нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас 13.426.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 13.426.900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан цементийн тооцоо нийлсэн баримтыг гаргаж өгсөн. Уг баримтад дурдснаар эцсийн үлдэгдэл нь 676.900 төгрөг, хүү 12.750.000 төгрөг нийт 13.426.900 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоо нийлсэн. Хариуцагч талаас н.Бгэх хүн гарын үсэг зурсан. Өнөөдрийн байдлаар тухайн үед 2017 онд ажиллаж байсан санхүүгийн ажилтан болон захирал байхгүй. Шинэ бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор архивын баримт материалыг шалгаж үзэхэд 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цемент хүлээж авсан нь тооцоо нийлсэн баримтад дээр харагдаж байгаа. Цемент худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь хэсэгт худалдагч нь бараа татсаны дараа тээвэрлэлтийн талаар худалдан авагчид яаралтай мэдэгдэх бөгөөд мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор худалдан авагчид үнийг төлнө гэж заасны дагуу хариуцагч компанийн зүгээс төлбөрийг хийж байсан. Тооцоо нийлсэн актаар цементийн үлдэгдэл төлбөрт 676.900 төгрөг байсан нь тогтоогдож байна. Тооцоо нийлсэн акт дээр бичигдсэн хүү 12.750.000 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь гэрээнд ямар нэгэн хүү тооцох зохицуулалт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу архивын баримт материалыг шүүж үзэхэд тооцоо нийлсэн актыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийсэн. Үүнээс хойш 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1.200.000 төгрөгийг тус тус н.Эвсанаа гэх хүн бэлэн мөнгөөр тооцож авсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоодож байна. Мөн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр н.Эвсанаа гэх хүний Хаан банк дахь000000000 тоот дансанд хариуцагч компанийн захирлын данснаас цементийн төлбөр гэх утга бүхий гүйлгээгээр 700.000 төгрөгийг шилжүүлж байсан нь дансны хуулгаар тогтоогдож байгаа. Эдгээр баирмтуудыг хариу тайлбартайгаа хамт гаргаад өгсөн. Өөрөөр хэлбэл 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр цементийн тооцоо хийснээс хойш 4.900.000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Ингээд хүүг гэрээгээр тохироогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2022.12.14-ний өдрийн итгэмжлэл, Монгол шуудангийн 2022.11.08-ны өдрийн И-баримт, 2022.11.08-ны өдрийн 23 шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2017.05.16-ны өдрийн цементний тооцоо, 2013.04.18-ны өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй, 2015.09.19-ний өдрийн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ өгсөн байна.

Хариуцагч талаас: Хариу тайлбар, 2018.07.04-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтууд, Х ХК-ийн 2018.07.02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2023.05.24-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримт гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК хариуцагч Б ХХК-д холбогдуулан цемент нийлүүлсний төлбөрт 13.426.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчид тооцоо нийлснээс хойш 4.900.000 төгрөгийг төлсөн, гэрээний дагуу хүү, алданги тооцох зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2013.04.18-ны өдөр цемент худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх бөгөөд нэхэмжлэгч энэ гэрээг хэрэгт өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангаж өгөөгүй, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээ өгсөн байх тул шүүх үнэлээгүй болно.

 

2015.09.19-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх 0000тоот гэрээ хэрэгт авагдсан бөгөөд гэрээний 2.1-д 2015.09.19-ний өдрөөс 2015.12.31 хүртэлх хугацаанд захиалагчийн захиалгын дагуу бараа нийлүүлэхээр тохиролцжээ.

 

Мөн 2017.05.16-ны өөр цементийн тооцоо гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд эхний үлдэгдэл 531.815.400 төгрөг, ажил үйлчилгээ 30.530.000 төгрөг, төлөгдсөн 561.668.500 төгрөг, эцсийн үлдэгдэл 676.900 төгрөг, хүү 12.750.000 төгрөг, нийт 13.426.900 төгрөг гэжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь цементийн тооцоо нийлсэн баримтын дагуу 13.426.900 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа гэх бөгөөд 2017.05.16-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар Б ХХК Б ХХК-нд 676.900 төгрөгийн үлдэгдэлтэй талаар дурдсан бөгөөд 12.750.000 төгрөгийн хүүг аль гэрээний үндсэн дээр, хэдэн төгрөгөөс тооцож байгаа хүү болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

2015.09.19-ний өдрийн гэрээний хэрэгжилт 2015.12.31-ний өдөр дууссан бөгөөд 2017.05.16-ны өдрийн тооцоо нийлсэн баримт нь энэ гэрээтэй хамааралтай эсэх нь тодорхойгүй байна.

 

Хариуцагч Б ХХК 2017.05.16-ны өдрийн тооцоо нийлсэн өдрөөс хойш нэхэмжлэгчид 4.900.000 төгрөгийг төлбөр төлсөн болох нь 2018.07.04-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан зохигчийн хооронд байгуулагдсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаа өгөөгүй, өөрөөр хэлбэл 676.900 төгрөг, хүү 12.750.000 төгрөг аль гэрээнд хамааралтай, хариуцагч хэдэн төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй, түүнээс хэдэн төгрөгөөс хүү тооцсон нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч тооцоо нийлснээс хойш 4.900.000 төгрөг төлжээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б ХХК-нд холбогдох 13.426.900 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б ХХК-нд холбогдох 13.426.900 төгрөг гаргуулах тухай БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.