Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/02578

 

 

2023 оны 08 сарын 29 өдөр                       Дугаар 183/ШШ2023/02578                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ......... тоотод оршин суух, Б  овогт Ж-ы О  /РД..........-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Хан-Уул дүүрэг,......... тоотод оршин суух, С  овогт Э-гийн А. /РД:............./-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ж.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.О  нь Century 21 Top Realty үл хөдлөхийн салбарт хамт ажиллаж байсан.Э.А-хэд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг зээлж,  хувь дансаар шилжүүлсэн, мөн iphone 7, Samsung a7  загварын 750.000 төгрөгийн үнэ бүхий 2 утсыг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн боловч өдгөө хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас 1.750.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Э.А  шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2023.02.16-ны өдрийн Голомт банкны дансны хуулга, фэйсбүүк чат зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.О  1.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Э.А-эд холбогдуулан шаарджээ.

 

Хариуцагч Э.А-эд нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.О  2021.05.13-ны өдөр 1.000.000 төгрөгийг хариуцагч Э.А-эд шилжүүлсэн, мөн хоёр ширхэг гар утас өгчээ.

 

Хариуцагч нь уг мөнгө, гар утсыг авсан эсэх талаараа шүүхэд хариу тайлбар гаргаагүй, түүний ............ дугаар утсаар холбогдоход “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд очих боломжгүй” гэсэн нь 2023.08.29-ний өдрийн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д .Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч Э.А нэхэмжлэгчээс зээлсэн мөнгө, утсаа Ж.О-д буцаан өгөх үүрэгтэй.

 

Шүүх Э.А-эд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Э.А-эд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.   

 

Иймд хариуцагч Э.А-ээс 1.750.000 төгрөгийг гаргуулж, Ж.О-д олгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А-ээс 42.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.А-ээс 1.750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.О-гээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А-хээс 42.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                              Г.СОЛОНГО