Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0464

 

2023 05 24 128/ШШ2023/0464

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Г ТӨҮГ-ын захирал нарын хоорондын Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ баталсан тушаалыг хүчингүй болгуулах маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г******* ТӨҮГ-ын /хуучин нэрээр/ захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаалаар О******* ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Гаалийн төв лабораториос ирүүлэх зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх ажлын үнэ /НӨАТ-гүй/-ийг баталсан.

2. Дээрх актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч О******* ХХК-аас Г******* ТӨҮГ-ын /хуучин нэрээр/ захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар анх 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаалын О******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...О******* ХХК нь Г******* ТӨҮГ-тай 2013 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийлгэх тухай 44 дүгээр тогтоолын дагуу О******* ХХК-ийн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийх лабораторийн шинжилгээ /Хөндлөнгийн хяналтын шинжилгээ/-г Г******* ТӨҮГ-аар гүйцэтгүүлэхийг тухайн үеийн Уул уурхайн сайд болон Төрийн өмчийн хороонд даалгасан байдаг. Уг тогтоолыг үндэслэн О******* ХХК болон Г******* ТӨҮГ 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр CW194725 дугаартай Экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийх лабораторийн шинжилгээ гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд 5 удаа сүүлд 2022 онд нэмэлт, өөрчлөлт оруулж CW2164541 дугаартай гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу Г******* ТӨҮГ нь О******* ХХК-ийн зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээг хийдэг.

Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4. Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно... гэж заасны дагуу хийж гүйцэтгэдэг. Гаалийн магадлан шинжилгээ /Магадлан шинжилгээ/-г гаалийн төв лаборатори болон Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториудаар гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн хийдэг. Гаалийн магадлан шинжилгээг Гаалийн төв лаборатори хийх ёстой боловч Гаалийн төв лабораторийн шилжүүлсний дагуу Г******* өөрийн хяналтаар хийдэг шинжилгээг давхар магадлан шинжилгээ хийгдэж ирсэн.

Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалаар экспертиз шинжилгээний үнийг тогтоож, тус үнийн дагуу шинжилгээний төлбөрийг нэхэмжилж байгаа ба энэ нь О******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа тул нэхэмжлэл гаргасан. Тус тушаалыг бид С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Г******* ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, О******* ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэргийн материалтай танилцахдаа мэдэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.1. Г******* ТӨҮГ нь захиргааны байгууллага болох тухайд. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ, 252.2. Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ гэдэг зохицуулалттай. Ийнхүү хуульд зааснаар улсын хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага хийх чиг үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн тухайд уурхайн талбайгаас олборлосон зэсийн баяжмалыг улсын хилээр нэвтрүүлэхэд магадлан шинжилгээ хийлгэдэг бөгөөд Гаалийн байгууллагаас Г*******д шилжүүлсний дагуу хариуцагч лабораториор хийж гүйцэтгүүлдэг. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Гаалийн тухай хуулийн заалтуудыг үндэслэн гэрээний үндсэн дээр Г******* нь нэхэмжлэгчийн зэсийн баяжмалд хуулиар Гаалийн байгууллагын зүгээс хийх магадлан шинжилгээг шилжүүлэн авч хийж гүйцэтгэдэг болно.

Г******* нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсэж буй харилцаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22/04 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн авсан этгээд бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл нь Г*******йн зүгээс захиргааны чиг үүргийг нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч хэрэгжүүлэх үүднээс магадлан шинжилгээ буюу экспертиз шинжилгээний үнийг баталсан тушаалын хүрээнд үүссэн маргаан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Энэхүү маргааны тухайд гаалийн магадлан шинжилгээг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч хэрэгжүүлж буй этгээдээс үйлчилгээ авагчид чиглэсэн буюу гадагш чиглэсэн үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэж маргаж байгаа тул нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

4.2. Г******* ТӨҮГ-ын захирлын тушаал нь захиргааны акт болох тухайд. Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалаар О******* ХХК..., Гаалийн төв лабораториос ирүүлэх зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх ажлын үнэ /НӨАТ-гүй/-ийг хавсралтаар баталсугай гэж экспертиз шинжилгээний үнийг баталсан. Ийнхүү шинжилгээний үнийг баталж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа болно.

4.2.1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3. захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд нь захиргааны байгууллагад хамаарна. Хамтран ажиллах гэрээ байгуулах болсон гол үндэслэлээ Г******* болон гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4 болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан нийтийн эрх зүйн гэрээ болно.

4.2.2. Г******* ТӨҮГ-аас гаалийн магадлан шинжилгээ хийх чиг үүргийнхээ хүрээнд үзүүлж буй үйлчилгээний үнийг тогтоосон тул үүнийг тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Ийнхүү үнийг баталсан нь зөвхөн О******* ХХК-ийн зэсийн баяжмалд магадлан шинжилгээ хийх үнийг тогтоохтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байх тул тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэсэн гэж үзнэ.

4.2.3. Гаалийн магадлан шинжилгээг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч хэрэгжүүлж буй этгээдээс үйлчилгээ авагчид чиглэсэн буюу гадагш чиглэсэн үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэж маргаж байгаа тул нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

4.2.4. Гадагш чиглэсэн байх гэдгийг захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцаанд захиргааны шийдвэр гаргасан байхыг ойлгоно Маргаж буй актаар гадагш чиглэсэн буюу Г*******йн дотоод асуудлаар бус О******* ХХК-аас ирүүлэх зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх ажлын үнийг тогтоосон буюу тус компанид чиглэсэн байх тул гадагш чиглэсэн байх шинжийг агуулж байна.

4.2.5. Г*******йн акт нь О******* ХХК-д шууд эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа. Учир нь тус актын дагуу О******* ХХК-аас магадлан шинжилгээний үнийг тус тогтоосон үнээр төлөх эрх зүйн үр дагавар бий болгосон.

4.2.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37 2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Маргаж буй захиргааны актаар Г******* нь үнэ тогтоосон үйлдлээр захирамжилсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ийнхүү дээрх үндэслэлээр Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаал нь захиргааны актын үндсэн шинжийг бүрэн агуулж байгаа болно. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж зааснаар маргаж буй акт нь О******* ХХК-д сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

4.3. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд. Г******* ТӨҮГ-тай 2013 оноос хамтран ажиллах хугацаанд шинжилгээний үнэд төдийлөн өөрчлөлт орж байгаагүй. 2013 оны гэрээнд заасан үнийн дагуу шинжилгээний төлбөрийг төлж ирсэн. Г******* ТӨҮГ-аас үнийг А/116 дугаар тушаалаар шинэчлэн батлахдаа О******* ХХК-д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд бусдад ямар нэг үр дагавар бий болгож буй шийдвэр гаргаж байгаагийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулах шаардлагатай байсан. Энэ үйл ажиллагааны дагуу Г******* ТӨҮГ хуулиар хүлээсэн эрх үүргийг шилжүүлэн авсан захиргааны байгууллага тул шинжилгээний үнийг маш өндөр тогтоож байгаа тул үүнтэй холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөх этгээдээс заавал тайлбар мэдүүлгийг авсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж тухайн тушаалыг гаргасан гэж үзэж байна.

Хариуцагчаас маргаан бүхий тушаалтай холбоотойгоор О******* ХХК-д тушаалыг гарахаас өмнө болон хойш огт мэдэгдээгүй, тушаалын 4-т шинэчлэн батлагдсан экспертиз шинжилгээний үнийг харилцагч, үйлчлүүлэгчдэд шуурхай мэдээлэхийг үүрэг болгосон боловч үүнийг мэдэгдээгүй.

2013 оны гэрээний дагуу О******* ХХК нь зэсийн баяжмалын шинжилгээнд 830 мянга орчим төгрөгийн үнэ төлдөг байсан, тус үнийг маргаан бүхий актаар 2,181,100 төгрөг болгон тогтоосон. Энэ талаар мэдэгдэлгүй О******* ХХК шууд дагаж мөрдөж, энэ үнийг төл гэдэг байдлаар хандсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Тухайн тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.10 болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний Геологийн албанаас Г******* ТӨҮГ-тай холбогдуулан 3.1.9 дэх заалтыг үндэслэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 20.1.9 болон 20.1.10-т төрийн өмчит үйлдвэрийг газрыг улсаас зохицуулах тухай эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах эрхтэй байхаар хуульчилсан байгаа. Хэдийгээр захирал нь ажил үйлчилгээний үнэ тарифыг тогтоох эрхтэй боловч бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж тогтоох нь хууль тогтоомжид нийцэхгүй. Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээ хийх захиалгад Г******* давуу байдлаа ашиглан Гаалийн байгууллагын болон бусад мэргэжлийн байгууллагын санал болгодгоос хэт өндөр үнийг тавьж байгаа буюу бодит нөхцөл байдалд үндэслээгүй байна. Эдгээр үндэслэлээр тухайн А/116 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн гаалийн байгууллагаас экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд магадлан шинжилгээ хийлгэх, захиалга өгдөг нөхцөл байдлыг Г******* нь өөрийн давуу тал болгож зөвхөн Гаалийн байгууллагад зориулсан, бусад мэргэжлийн лабораториудын санал болгодог үнээс хэт өндөр буюу бодит нөхцөл байдалд үндэслээгүй экспертиз шинжилгээний үнэ тогтоосон нь шударга ёсны болон адил тэгш байх, бодит нөхцөлд тохирсон байх өрсөлдөөний зарчимд харшилж байна.

Мөн тухайн тушаал нь тухайн өдрөө гарсан эсэх нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн зүгээс 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шинжилгээ хийлгэсэн төлбөрийг нэхэмжлэгчээс шаарддаг. Гэхдээ энэхүү тушаал нь 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гарсан байх магадлалтай гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой болж байна. Тухайн тушаалын хавсралт 4 дүгээр сард хянагдаад явж байсан нөхцөл байдал байгаа нь тэмдэглэлд тусгагдсан үйл баримтууд юм. Гараагүй байсан тушаалыг үндэслээд сүүлд нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа О******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзээд энэ нэхэмжлэлийг гаргасан.

Иймд Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалын О******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Маргаан бүхий шийдвэр нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гараагүй байна. 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн төсөл боловсруулагдаад явж байгаа тухай мэдүүлэг авагдсан. Мөн хавсралт дээр огноог нь зөрүүтэй бичсэн байгаа. Тушаалын төсөл дээр ч байсан 2021 онд харилцагч, үйлчлүүлэгчдэд мэдэгдэж байж гэрээлнэ гэсэн заалт байгаа. Хоёр хувь этгээдийн хоорондын тохиролцоонд суурилсан буюу хөндлөнгийн хяналтын шинжилгээтэй холбоотой харилцаа юм. Гэрч нар 12 дугаар сарын 31-ний өдөр албажсан гэж байна. Гэрч Д.Г******* оны дараа тушаал албажсан байгаа гэдэг тодорхой хариултыг хэлсэн. Тухайн тушаалтай холбоотойгоор бид тодруулах ажлыг явуулаад 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр хэд хэдэн зүйл тодорхой болсон түүний нэг нь тушаал архивласан архивын баримтаар 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тушаал гарсан гэж бүртгэгдэж орсон байна. Дараа нь тухайн тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарсан гэдэг баримт байсан. Биднээс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх төлбөрийг нэхэмжилж байгаа. Төлбөрийг нэхэмжлэх буюу өсгөсөн дүнгээр нэхэмжилсэн үед энэ тушаал гараагүй байсан гэж үзэж байна. Мөн Б.Ө******* гэрчийн хэлснээр тухайн тушаалыг боловсруулахад судалгаа хийгдсэн, хамтран ажиллах ажлын хэсэг байгуулагдах үед энэ судалгаа яригдаж байсан талаар дурдсан. О******* ХХК-тай хамтран ажиллах ажлын хэсэг нь 2020 оны 04 дүгээр сарын асуудал юм. 04 дүгээр сарын 27-ны өдрийн 364 дүгээр албан тоот бичгээр тодорхойлогдож байгаа. Энэ асуудал нь байгууллагын хувийн өмчид халдаж байгаа, мөн тэгш бус нөхцөл үүсгэж зөвхөн танайх ийм байдлаар төлөх талаар яригдаж байгаа бол энэ тухай тусгайлан мэдэгдэж түүний дараа зарчмаараа гэрээндээ тусгах ёстой байсан. Гэтэл манайд мэдэгдсэн, сонсгосон зүйл огт байхгүй. Нотлох баримт шинжлэн судлахад мэдэгдсэн, сонсгосон гэдэг баримт байхгүй байна. Харин Гаалийн байгууллагаас манайд өгсөн баримт бичгүүдтэй холбож тайлбарлаж байна.

Бие дааж шийдвэрлэх асуудал яригдаж байгаа. Аж ахуй эрхлэгчдэд ялгавартай хандана гэж эрх зүйд байж болохгүй асуудал юм. Ийм тохиолдлыг төрийн үйлчилгээ үзүүлдэг монопол эрхтэй байгууллагаас гаргаж байгаа нь хариуцлагагүй үйл ажиллагаа байна.

Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4-т магадлан шинжилгээ гэдэг утга байгаа. Тухайн шинжилгээг хөндлөнгийн эсвэл төрийн өмчит бие даасан этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэсэн. Гэтэл тушаал дээр гэрээ байгуулж ажиллана гэсэн байгаа. Гэхдээ гэрээ байгуулагдаагүй, гэрээний тухайн нөхцөл хөндөгдөөгүй байхад тушаалаар биднээс их хэмжээний мөнгө нэхэж байна. Тушаал нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс тухайн тушаал болон хуулийн 252.4 дүгээр заалтыг харах ёстой.

Хариуцагч байгууллага зөрүүтэй тайлбар хэлдэг. Танайд сонгох эрх нь байгаа, танайх хүсэл зоригоо илэрхийлээд аль хэдий нь сонгосон гэдэг. Гэтэл тийм биш байна. Хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т дээж авахад сонголттой байж болдог. Гаалийн байгууллага дээж аваад хэнээр хийлгүүлэх тэр байгууллага руу явуулдаг. Гаалийн байгууллагыг дундаа яриад байна. Гэхдээ Гаалийн байгууллага манай эрх ашгийг зөрчөөгүй. Урьд нь бидний мэддэг, бидний төлдөг тарифаар үйлчилж байсан. Гэтэл дээж явуулаад шинжилгээ хийсний дараа нөхөн тариф гаргаж ирээд нөхөж төлбөр нэхсэн. Эдгээр нөхцөл байдлууд байгаа учраас Г******* ТӨҮГ-ийн захирлын тушаал нь хожим нь нөхөж төлбөр гаргах замаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагчийн тайлбарт зөрүүтэй тайлбар байсан. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр энэ эрх үүрэг шилжиж байгаа гэж тайлбарлаад байна. Хуулиараа буюу Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 252.4-т заасан чиг үүргийн хүрээнд Гаалийн төв лабораторийн хэрэгжүүлэх чиг үүргийг Г******* хэрэгжүүлээд явж байгаа тул захиргааны байгууллага мөн гэж үзэж байгаа. Хариуцагч 4 дүгээр сарын хамтран ажиллах гэрээний дагуу чиг үүрэг шилжиж байгаа гэж тайлбарлан буруу ойлголт өгөөд байна. Хуулийн дагуу шилжиж байгаа гэдгийг тайлбарлаж хэлж байна. Нотлох баримт шинжлэн судлахад гарсан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 792 дугаартай албан бичгийн эхний хэсэгт энэ хуулийн, энэ заалтын дагуу манайх гаалийн магадлан шинжилгээг гүйцэтгэдэг гэж тайлбарлаад байгаа юм. Энэ утгаараа энэ чиг үүргийн хүрээнд гаргасан тушаал нь захиргааны акт мөн гэж үзэж байна. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй байна. Гаалийн төв лабораториос манайх танай дээжийг хаашаа шилжүүлэх вэ гэдэг сонголт өгдөггүй. Шилжүүлж, шинжилгээ хийсний дараа төлбөрөө нэхэмжилдэг. Мэдүүлэг гаргагч төлбөрөө төлнө гэж тодорхой байдаг тул нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлдөг. Төлбөрөө нэхэмжлэхдээ ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Мөн үнээ өсгөж нэхэмжилсэнтэй холбоотой маргаан байгаа юм. Одоо маргаж байгаа 2 этгээд нь ижил хуулийн этгээд гэж үзэх боломжгүй. Хуулийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хүрээнд төлбөр нэхэмжлээд байгаа, өөр харилцаанд байгаа хуулийн этгээдүүд байгааг харгалзаж үзнэ үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх О******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй.

7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.3. Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2., 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.3-т Хариуцагчийн нэр, оршин суугаа газрын хаягийг нэхэмжлэлд тодорхой тусгасан байх-аар заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар Г******* ТӨҮГ-ын захирал гэсэн. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа агуулгадаа Г******* ТӨҮГ нь захиргааны байгууллага мөн гэж тодорхойлон, хариуцагчийг Г******* ТӨҮГ байхаар хууль зүйн үндэслэлээ тавьсан. Захирал бол албан тушаалтан, Г******* ТӨҮГ бол байгууллага байтал нэгэн утгаар ойлгосон нь нэхэмжлэлийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага тохирохгүй болгосон.

7.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус. Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаал нь захиргааны акт биш бөгөөд захиргааны актад хамаарах дор дурдсан үндсэн 2 шинжийг хангахгүй болно. Захиргааны байгууллагаас гаргасан, зохицуулалт нь нийтийн эрхзүйн хүрээнд үүссэн. Захиргааны байгууллага гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг ойлгодог. Г******* нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэдэг статустай, үйлчилгээний байгууллага юм.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3. Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд гэх үндэслэлд Г******* ТӨҮГ нь хамааралгүй болно. Г******* ТӨҮГ нь 2011 оноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн магадлан шинжилгээг Гаалийн тухай хууль, болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын захиалгаар гүйцэтгэж байна.

О******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаалийн байгууллагын хийх магадлан шинжилгээг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд буюу Захиргааны ерөнхий хуулийн 5.1.3-т заасныг үндэслэл болгоод захиргааны байгууллага гэж үзээд байгаа юм.

Гаалийн магадлан шинжилгээ гүйцэтгэх чиг үүрэг Гаалийн ерөнхий газарт хадгалагддаг бөгөөд Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ, 252.2. Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ гэж тус тус заасан. Г******* ТӨҮГ нь гаалийн магадлан шинжилгээг дангаар

хэрэгжүүлдэггүй бөгөөд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Г******* ТӨҮГ-тай ижил төрлийн 30 гаруй итгэмжлэгдсэн лабораториос Гаалийн улсын байцаагч, гаалийн мэдүүлэгч сонголт хийн, Гаалийн улсын байцаагчийн тогтоолоор шинжээчээр томилогддог. Өөрөөр хэлбэл сонголттой байдаг.

Мөн захиргааны актын үйлчлэлийн байнга давтагдах, захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэх шинжийг агуулахгүй тул нийтийн эрх зүйд хамаарахгүй билээ. Гаалийн ерөнхий газартай Иргэний эрхзүйн харилцаанд үндэслэсэн гэрээгээр хамтран ажилладаг, нийтийн эрхзүйн харилцааг үүсгэх зохицуулалтгүй, захиргааны гэрээ биш тул нэхэмжлэлд дурдсан Захиргааны байгууллагад тооцогдохгүй. Захиргааны актын захирамжилсан шинжийг агуулахгүй.

Зохицуулалт нь нийтийн эрхзүйн хүрээнд гэдэгт хамааралгүй талаар. Захиргааны акт бол нийтийн эрхзүйн хүрээнд нэг талын хүсэл зоригоор явуулж буй захиргааны байгууллагын үйл ажиллагаа байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчит үйлдвэрийн газрын Захирлын эрхийг тогтоосон ба 1-ийн 9 дэх хэсэгт Улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифыг тогтоох гэж заасан.

Г******* ТӨҮГ-ын захирал нь өөрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэх шинжилгээний ажлын төлбөр, үнийг тушаалаар тогтоож, баталдаг. Энэхүү үнэ нь зөвхөн Г******* ТӨҮГ-ын үйлчлүүлэгч харилцагчид л үйлчилдэг.

Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4. Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна гэсэн үндэслэлээр Г******* ТӨҮГ нь магадлан шинжилгээг гүйцэтгэсэн бөгөөд нийтийн эрх зүйтэй хамааралгүй байна.

7.3. Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаал нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн огноотой. Гаалийн ерөнхий газар болон Г*******йн хооронд байгуулсан гэрээ нь 2022 оны 04 дүгээр сарын огноотой байгаа юм. Огноог авч үзвэл нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын эрхийг тогтоож өгсөн ба түүний 9 дэх хэсэгт улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг захирал өөрөө тогтоох эрхтэй байна. Г*******йн захирал нь өөрийн болон үндсэн үйл ажиллагааны хүрээнд шинжилгээний үнийг шинэчлэн батлах тухай тушаалаа баталсан. Нэхэмжлэгчийн дэвшүүлсэн үндэслэлийн хүрээнд Г******* ТӨҮГ-ын захирлын тушаалыг захиргааны акт гэж үзэх юм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх боломжтой. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн байгаа. Гэтэл Г******* ТӨҮГ болон Гаалийн ерөнхий газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 364 тоот албан бичгээр О******* ХХК-д хүргүүлсэн байдаг. Энэхүү гэрээ нь Гаалийн ерөнхий газрын эрх үүрэгт хамаарах 2.1 дэх хэсэгт Г******* ТӨҮГ-ын захирлын захирлын 2021 оны А/117 дугаар тушаалаар батлагдсан Зэсийн хүдэр, баяжмалаас бусад уул уурхай экспорт, импортын бүтээгдэхүүнд экспертиз шинжилгээ гүйцэтгэх шинжилгээний ажлын үнэ болон Нэмэлт элементийн үнэ, А/116 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Зэсийн баяжмалд хийх экспертиз шинжилгээний үнэ-ийг мэдүүлэгч аж ахуйн нэгж, иргэнд мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу Гаалийн ерөнхий газраас шинжилгээний үнийг мэдээлсэн.

Тиймээс О******* ХХК-нь Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар тушаалын талаар албан ёсны мэдээлэл авч, мэдсэн өдрийг Г******* ТӨҮГ-ын албан бичгээр Хамтын ажиллагааны гэрээг хүргүүлсэн өдрөөр тооцвол 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байна. Шүүхэд нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 43 хоног хэтрүүлсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай 317 дугаар тогтоолын хүрээнд Г*******[1] төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Геологийн судалгааны төв төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газартай нийлүүлэн Геологийн судалгаа-шинжилгээний төв төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан шүүхээс энэхүү захиргааны хэргийн хариуцагчийн эрх залгамжлагчийн асуудлыг шийдвэрлэсэн, тодруулбал, хуучнаар Г******* ТӨҮГ-ын захирлыг шинээр өөрчлөн зохион байгуулагдсан Геологийн судалгаа-шинжилгээний төв төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар сольсныг тэмдэглэж байна.

3. Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийлгэх тухай 44 дүгээр тогтоолын нэг дэх заалтаар О******* ХХК-ийн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийх лабораторийн шинжилгээг Г******* төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлж байхыг эрх бүхий холбогдох этгээдэд даалгаж шийдвэрлэсэн байдаг ба маргаан бүхий энэ тохиолдолд дээрх тогтоолын зохицуулалтын дагуух хөндлөнгийн хяналт-д хамаарах маргаан биш болохыг, хөндлөнгийн хяналтын шинжилгээтэй холбоотойгоор хэргийн оролцогчид маргаагүй болохыг тэмдэглэж байна.

4. Нэхэмжлэгч О******* ХХК-ийн зүгээс Г******* Төрийн өмчит үйлдвэрийн газар /хуучин нэрээр/-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаан бүхий захиргааны актаар нэрлэн зааж, шинжилгээний үнийг хэтэрхий өндрөөр тогтоосон, ийнхүү өндөр үнэ тогтоохдоо тус компанид мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан үндэслэлээр маргасныг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна.

5. Маргаан бүхий захиргааны акт болох хариуцагч Г******* Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9/ улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох, 10/ эрх хэмжээний асуудлаар хууль тогтоомж Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Үндэсний геологийн албанаас Г******* ТӨҮГ-ын захиралтай байгуулсан контрактын 3 дугаар зүйлийн 3.1.9. эрх бүхий байгууллагаас тогтоосноос бусад өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг зохих журмын дагуу тогтоох гэсэн заалтуудыг үндэслэн гарч, О******* ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Гаалийн төв лабораториос ирүүлэх зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх ажлын үнийг хавсралтаар баталж, уг тушаалаар баталсан баяжмалд экспертиз шинжилгээний үнийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.

6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 223 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Г******* Төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм /маргаан бүхий тушаал батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/, Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Геологийн судалгаа-шинжилгээний төв төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм /шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш батлагдсан/, эдгээрийн аль алиных нь агуулгаас үзэхэд, эрдсийн түүхий эд, тэдгээрийн баяжмалд эрдсийн найрлага, бүтцийг хими, спектр, минералоги, петрографи, минераграфи ... аргаар тоон болон чанарын шинжилгээг захиалагчийн эрэлт шаардлагад нийцүүлэн өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэх, эрх бүхий төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын олборлолтын явцад хяналтын сорьцлолт авч шинжлэн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу бараа бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын сорилт шинжилгээ хийж итгэмжлэгдсэн лабораторийн үүрэг гүйцэтгэх, эрдсийн түүхий эдийн экспорт, импортын бүтээгдэхүүнд шинжилгээ хийх зэрэг чиг үүргүүдийг гүйцэтгэх нь тус газрын эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл байхаар зохицуулагдсан байна.

Энэ зохицуулалтыг,

6.1. Г******* Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Тодорхойлолт гаргах тухай 792 дугаар албан бичигт: манай байгууллага нь гаалийн магадлан шинжилгээг Гаалийн тухай хуулийн 252.1, 252.2, 252.4, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/226 дугаар тушаалаар баталсан журмын 2.3, 4.1, 8.3 дахь заалтын хүрээнд гаалийн байцаагчийн албан хүсэлтийн дагуу гүйцэтгэдэг... гэж,

6.2. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Аргачлал батлах тухай 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 1.2. Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно гэж,

6.3. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Журам батлах тухай А/226 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам-ын 1.2. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ, 2.3. мэдүүлсэн бараа нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийн явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг, ур чадвар шаардах тохиолдолд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч гаргана, 4.1. Гаалийн тухай хуульд заасны дагуу магадлан шинжилгээг гаалийн лаборатори, эсхүл ... гаалийн байгууллагын сонгосон эрх бүхий байгууллага, шинжээч хийнэ, 8.3. магадлан шинжилгээний ажлыг бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийсэн тохиолдолд төлбөрийг мэдүүлэгч хариуцна гэж зааснаас дэлгэрүүлж харж болохоор байна.

7. Ийнхүү магадлан шинжилгээ хийх тухай харилцаа нь Гаалийн тухай хуулийн IV хэсэг. Гаалийн хяналт. Арван гуравдугаар бүлэг. Гаалийн хяналт. Нэгдүгээр дэд бүлэг. Гаалийн хяналтыг хэрэгжүүлэх үед хийх магадлан шинжилгээ, шинжилгээ. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ, 252.2. магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ, 252.3. Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох тухай гаалийн байгууллагын шийдвэрийг өмчийн аль ч хэлбэрийн байгууллага хүлээн авч хэрэгжүүлнэ, 252.4. Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна гэж заасан.

8. Хуулийн дээрх зохицуулалт болон хариуцагчийн хэрэгжүүлсэн бүрэн эрхийг маргаан бүхий үйл баримтын хүрээнд авч үзвэл, О******* ХХК нь баяжуулах үйлдвэрээсээ зэсийн баяжмалыг боловсруулан үйлдвэрлэж экспортод гаргахын тулд гаалийн хяналтаар орж, бүтээгдэхүүн /бараа/-ээ мэдүүлж гаргах, Гаалийн байгууллага нь гаалийн хилээр нэвтэрч буй бараа /зэсийн баяжмал[2]/-нд гаалийн хяналтыг хэрэгжүүлж, зэсийн баяжмалын чанарыг баталгаажуулах, тухайн баяжмалд буй металл тус бүрийн орц хэмжээг тогтоолгохын тулд нарийн мэргэжлийн тусгай мэдлэг бүхий байгууллага, шинжээчээр магадлан шинжилгээ хийлгэх /Гаалийн тухай хуулийн 252.2/-ээр байна.

9. Энэ утгаараа,

9.1. Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Б*******, Г******* ТӨҮГ-ын захирал О.Д******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22/04 ША-ГТЛ/22-06 дугаар Хамтран ажиллах гэрээ /хэргийн 38 дахь талд авагдсан/ байгуулагдсан, уг гэрээний зорилго нь ...Гаалийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 1 дүгээр зүйлийн 1.2 Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно гэснийг удирдлага болгон Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэл авах хүртэл гаалийн байгууллагаас ирүүлсэн экспортод гарч буй ашигт малтмалын сорьц, дээжид Г******* нь Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт-ын дагуу чанарын өндөр түвшинд шинжилгээг гүйцэтгэх, мэдээлэл солилцохтой холбогдох харилцааг зохицуулахад байна.

9.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч хуулийн этгээдтэй гэрээ байгуулан магадлан шинжилгээ хийхээс гадна хэрэгт нотлох баримтаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторийн гаалийн байгууллагад зэсийн баяжмал гэж мэдүүлсэн бараанаас дээж авч, битүүмжлэлтэй ирүүлснийг хүлээн авч уг дээжид агуулагдах зэс, алт, мөнгө, төмөр ... хүхэр зэрэг элементүүдийн агуулга, чийглэгийн хэмжээ болон физик шинж чанарыг тодорхойлуулах-аар хариуцагч Г*******д ирүүлж байсан албан бичгүүдийг, мөн шинжилгээ хийсэн талаарх тодорхойлолт /гэрчилгээ/-ыг буцаан хүргүүлж, ийнхүү Гаалийн байгууллагаас шаардсанаар магадлан шинжилгээг хийдэг талаар тайлбарлаж байна.

10. Эндээс үзвэл, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-252.3-д заасан зохицуулалтын дагуу Гаалийн төв лабораториос /гаалийн байцаагчийн хүсэлтээр/ гаалийн хяналтад ирүүлсэн зэсийн баяжмалын дээжид магадлан шинжилгээ хийхэд хариуцагчийн маргаан бүхий А/116 дугаар тушаал хүчин төгөлдөр үйлчлэхээр байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн санаа зоригоос үл шалтгаалан тэдний экспортод гаргах зэсийн баяжмалд Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораториос шийдвэр гаргаж, Г*******д хүргүүлсэн бол хариуцагч захирлын маргаан бүхий А/116 дугаар тушаал мөн хүчин төгөлдөр үйлчлэх юм.

11. Шүүх, нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь өөр гуравдагч этгээд болох Гаалийн байгууллагын гаалийн хяналтаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцохоор, цаашлаад Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.8. магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох, ... гаалийн удирдах төв байгууллагын дарга батална, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.7. сорьц, дээж, загвар авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж заасны дагуу уг байгууллагын бүрэн эрхэд халдах нөхцөл бүрдэхээр байна гэж үзлээ.

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4-д зааснаар магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллага болох хариуцагчаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх боломж нэхэмжлэгч хуулийн этгээдэд байх боловч энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр иргэний эрхийн харилцаагаар зохицуулагдахаар байх бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий А/116 дугаар тушаалын үйлчлэл нь заавал биелэгдэх захиргааны актын шинжээ алдах юм.

13.Үүгээрээ, нэхэмжлэгч талын оролцогчийг сонсоогүй, тайлбар гаргах боломж олгоогүй, мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй талаарх тайлбар үндэслэлтэй байсан ч уг маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй болно.

14. Маргаан бүхий тушаал гарснаас хойш нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрсдийн хүсэлтээр буюу хамтран ажиллах гэрээний хүрээнд магадлан шинжилгээ хийлгэсэн үйл баримт байхгүй, харин 2022 оны 1 дүгээр улиралд Гаалийн төв лабораторийн хүсэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн зэсийн баяжмалын дээжийг Г*******д хамруулсан шинжилгээний төлбөр төлүүлэхээр /хх-ийн 109-д/ төлбөр нэхэмжлэхлээр маргаан гаргах болсон, уг харилцааг энэ хэсгийн 10, 11-д зааснаар тайлбарлан хэрэглэж, манай компанид мэдэгдээгүй, тушаал нь нөхөж гарсан зэргээр маргасныг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагч Г******* Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9/ улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 252.3, 252.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасныг баримтлан нэхэмжлэгч О******* ХХК-аас Г******* Төрийн өмчит үйлдвэрийн газар /хуучин нэрээр/-ын захиралд холбогдуулан гаргасан Г******* ТӨҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зэсийн баяжмалд экспертиз шинжилгээ хийх үнэ батлах тухай А/116 дугаар тушаалын О******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

[1] Энэхүү шүүхийн шийдвэрт хариуцагчийн статусыг хуучин нэрээр буюу Г******* төрийн өмчит үйлдвэрийн газраар бичсэн болно.

[2] Баяжуулах үйлдвэрт хүдрийг боловсруулж 25-30 хувийн агууламжтай зэсийн баяжмал гаргадаг. Энэ баяжмалд маш бага хувьтай зэс, алт, мөнгө, молибден г.м-ээр агуулагддаг.