Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч Э.Бадрал                                                                     

Хохирогч Д.Ууганбаяр, хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонтуяа  

Шүүгдэгч Ж.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тод холбогдох эрүүгийн 1711000000051 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ж.Т-ийг: Монгол Улсын иргэн, 1996 оны 9 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20 дугаар гудамж, 800 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ………

 

Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 8 сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Чех паб дотор өөрийн найз охинтой Д.Ууганбаярыг хардаж, улмаар толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Тоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Ж.Тоос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оранж нэртэй Солонгос хоолны газарт найз охин Номинтой уулзахаар ирэхэд Номин, одоо нэрийг нь мэдэх болсон  Ууганбаяр гэх залуутай инээгээд, алцагнаад зогсож байсан, тэгэхээр нь би уулзаагүй явчихсан юм. Ингээд орой Номинг тарах үед 23 цагийн орчимд ажлынх нь гадна ирэхэд Ууганбаяр гадаа нь тамхи татаал зогсож байсан. Тэгэхээр нь би жоохон байж байгаад чамтай уулзана гээд хажуугаар нь зөрсөн. Тэгээд Номинтой уулзахад арай тарах болоогүй байна гэсэн. Тэгэхээр нь хажуу талын Чех нэртэй пабад ороход Ууганбаяр байсан. Нэг пиво захиалаад бакаланд хийлгэсэн, тэгэхэд пивоны хоосон шил үлдсэн. Тэгэхээр нь Ууганбаяр гэх залууг дуудахад “чи найз охинтойгоо муудсан муу” гээд тавлаад байсан. Тэгэхээр нь пивоны хоосон шилээр түүний толгой руу цохисон. Тэгээд өөр зүйл болоогүй.. гэсэн мэдүүлэг /хх-20-22/.

 

Хохирогч Д.Ууганбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Эмчийн эхний үзлэгээр зулайнд үүрсэн шил орсон гэж гарсан. Түүнийг авах боломжгүй гэсэн. Толгойны гэмтэл хэзээ илрэхийг нь мэдэхгүй байна. Хохиролд бэлнээр 250.000 төгрөг өгсөн. Эмчилгээнд зураг авахуулсан 250.000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг өгөөгүй байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Д.Ууганбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 19-ний орой 23 цагийн орчимд ажил дээрээ байхад одоо нэрийг нь мэдэх болсон Ж.Т миний толгойн руу пивоны шилээр цохиж гэмтээсэн.. гэсэн мэдүүлэг /хх-8-9/

 

Гэрч Б.Номингоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Ууганбаяр нь манай хажуу талын Чех пабад ажилладаг юм байна лээ. Өмнө нь манайхаас хоол авдаг байсан. Тэгээд л зүс мэддэг болсон. Тэгээд хэрэг болохоос хэд хоногийн өмнө манай найз залуу Ж.Т намайг ирж авахаар нь уг пабын зөөгч залуу Д.Ууганбаяр нь намайг “чи будаггүй байхдаа хөөрхөн юм байна” гэж хэлж байсан юм. Тэгээд 2017 оны 8 сарын 19-ний өдөр ажил дээр байхад Д.Ууганбаяр нь орж ирээд нэгжтэй бол утсаараа ганц яриулаач гэхэд нь нэгжгүй байна гэдгээ хэлсэн. Тэр явдлыг манай найз залуу Ж.Т харчихсан юм байна лээ. Тэгээд орой нь над дэр ирчихээд хажуу талын Чех пабад сууж байя гэж хэлээд орсон юм. Тэгээд би ажлаа хаагаад Ж.Тын араас ороход маргаан болоод өнгөрсөн байсан.. гэсэн мэдүүлэг /хх-16/

 

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн №10654 дугаартай дүгнэлтэнд: ..Д.Ууганбаяры биед зулайн оройн хэсгийн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гарын чигчий хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөвмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөөлөхгүй.. гэсэн дүгнэлт /хх-18/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, шүүгдэгч Ж.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 8 сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Чех паб дотор өөрийн найз охин Б.Номинтой Д.Ууганбаярыг хардаж, улмаар хохирогч Д.Ууганбаярын толгойн тус газарт нь пивоны шилээр цохижээ. Үүний улмаас хохирогчийн биед зулайн оройн хэсгийн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гарын чигчий хурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүх Ж.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Ууганбаяр нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэн 150.000 төгрөгийн баримт хэрэгт хавсарган ирүүлж, шүүгдэгчээс 500.000 төгрөг хүлээн авсан талаараа мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 800.000 төгрөгийг нэхэмжилжээ. Шүүх хохирогчоос өмгөөлөгчийнхөө хөлсөнд төлсөн 800.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь дээрхи зардал нь  байцаан шийтгэх ажиллагааны зардал биш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “үйлчилгээ үзүүлсэний хөлс” байна. Иймд хохирогчоос нэхэмжилсэн 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Тыг 800 нэгж /800*1.000=800.000 төгрөг/-ээр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Тыг оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР