| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/2232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2588 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч М.Нямжав,
Шүүгдэгч Д.З , түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З т холбогдох эрүүгийн 2506046352638 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудлын өрөөнд хөзөр тоглож байхдаа маргалдсаны улмаас хохирогч Б.С ийн нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Д.З нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудлын өрөөнд хөзөр тоглож байхдаа маргалдсаны улмаас хохирогч Б.С ийн нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Б.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед “....” зочид буудалд зүс таних З , Д , Ц бид дөрөв 1 дүгээр давхарт зүүн эргээд 2 дахь өрөөнд орсон ба тэндээ бид Хараа нэртэй 0,75 граммын архи 2 шилийг хувааж уусан. Бид хоорондоо хөзөр тоглоод сууж байгаад больсон. Тэгээд З бид хоёр хөзөрнөөс болоод маргаж эхэлсэн. Тэгтэл гэнэт З миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа хүчтэй цохиход миний амнаас цус гарсан ба Ц эгч цүнхнээсээ толь гаргаж ирээд уруул чинь сэтэрсэн байна, хар гээд би толинд хартал амнаас цус гарсан байдалтай, хоёр тийшээ задарсан байсан. Тэгтэл З шууд гараад яваад өгсөн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгож, дүгнэлт гаргуулахгүй. Энэ талаараа энэ оны 8 дугаар сард гараараа бичиж өгсөн. ...Надад гомдол санал байхгүй. Би З тай тохиролцоод хохирлоо гаргуулахаар болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 17-18, 21-22 дугаар тал/,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6044 дугаартай: “...Б.С ийн биед дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/,
Хохирогч Б.С ийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж үйлчилгээ авсан гэх Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 78 дугаар тал/,
Шүүгдэгч Д.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/,п
-Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байна, хэргийг маань шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.З нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудлын өрөөнд хөзөр тоглож байхдаа маргалдсаны улмаас хохирогч Б.С ийн нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Д.З , түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6044 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.С ийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.З нь хохирогч Б.С ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Д.З ын хохирогч Б.С тэй маргалдаж, биед нь “...дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт...” гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.С ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.З нь шүүхийн шатанд хохирогч Б.С т 3,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 196,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгээс: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг сайн дураар төлсөн зэрэг хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч ганц биеэрээ амьдардаг, хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдалттай бөгөөд одоо хагалгаанд орох гээд хүлээгдэж байгаа. Хохирлоо төлөх гэж группийн мөнгөөрөө зээл авч хохирогчид төлсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.З ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49-52 дугаар тал/, нийгмийн халамж дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 48 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадалсан шийдвэрийн хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.З т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.З т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.З ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.З ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.З т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН