| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0002/Э |
| Дугаар | 0059 |
| Огноо | 2021-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 0059
Б.Цд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Б.Ц
Нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Цд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Цын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, М овогт Б-н Ц.
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймгийн сумын багийн тоотод байх гэртээ нөхөр Д.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч М овогт Б-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдолдоо:
... Хохирогч гэх Д.Г нь 2020 оны 8 дугаар сар эхэлснээс хойш огт гэртээ ирээгүй 8 дугаар сарын 14-ний өдөр Д.Г надтай Тэди төвийн 3 дугаар давхарт өөр эмэгтэйтэй дотно байдалтай явж байгаад тааралдсан учир маргаан үүссэн. Маргаан үүсэх шалтгаан нь гэр бүлээс гадуур харилцаатай болох нь илэрхий болж, гэр бүлийн амьдралд цэг тавихаар энэхүү хэргийг санаатай зохион байгуулсан. Гэр бүлээс гадуур харилцаатай болохоо шүүх хурал болон өөрийн өгсөн мэдүүлгээрээ маргалгүй “Би найз эмэгтэйтэйгээ явж байхад Ц ирж маргасан” гэж өөрөө нотолдог. Мөн тухай үед хүч хэрэглэн бичиг баримт, нөтбүүк бусад эд зүйлсийг авсан болох нь шалгалтын явцад тогтоогдож, цагдаагийн байгууллагаар дамжуулан буцаан авсан нь хэргийн материалд бий. /Энэ үед гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн асуудлууд ээдрээтэй тул шалтаглан гэмт итгээд болгож харагдуулах санаа нь зарим нэг баримтаас үзэхэд нотлогдож байгаа юм. Тухайлбал уг хэрэг маргаан үүсэж, Би хадам ээж А.Э нөхөр Д.Г түүний цагдаа ах дүү төрөл садангийн ачаар тэдэнд зодуулж, очих газаргүй гэрээсээ хөөгдөж, Түр хамгаалах байранд байх хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д.Г гэр бүл цуцлуулах, эд хөрөнгөө маргаангүй өөрөө эзэмших, охин Г.О-г өөрийн асрамжид авах нэхэмжлэлээ Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Иргэний хэрэг одоо шийдэгдээгүй энэхүү эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдэж, гэм буруутай болгохоор зохион байгуулсан тул иргэний хэрэг түдгэлзсэн захирамжтай хүлээгдэж байна.
Нөгөөтэйгүүр Д.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан ч тэр бүр хүүхдээ бодоод цагдаа сэргийлэхээр явдаггүй гэр бүлийн амьдралаа алхам тутамдаа баталгаажуулж нотлох баримт хадгалж авдаггүй байсан. Хүчирхийлэгч гэдгээ гэр бүл цуцлах иргэний хэрэгт далдлах гэж уг эрүүгийн хэргийг зохиосон гэж үзнэ.
Энэ нь хэргийн материалын охин Г.О-н өгсөн мэдүүлэг/115хуудас/ Цагдаагийн байгууллагын аюулын зэргийн үнэлгээ зэргээр нотлогдоно. /хуудас 71,72,73,74 / Гэрч Х.У, А нарын мэдүүлэг үндэслэлгүй.
2021оны 08 дугаар сарын 23-ны /Ням гариг/ орой гадуур явж байгаад гэртээ иртэл хаалганы түлхүүрээр онгойхгүй байх үед онгойлгохоор оролдож байтал хаалга дотроос нь Д.Г онгойлгож өгсөн. Би ороод “Чи хаалганы гол сольсон бол нэг түлхүүр өгчих гэж хэлтэл” Д.Г “Үгүй чи намайг орж гарах үед л дагаж орж, гар бусад үед чиний яах надад хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд маргаж байснаа намайг “Гар зайл” гээд хаалганы бариул мөргүүлээд түлхээд байхаар нь би биеэ хамгаалж түлхсэн. Гэтэл Д.Г цааш явж утсаа аваад Утсаараа Цагдаагийн 102 дугаарт залгаж байгаа бололтой “нэг эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүүхэн манайд ирээд орилж хашгичаад байна энийг гаргаад зайлуулаад өгөөч” гээд дуудлага өгсөн. Дараа нь ээж, дүү хүргэн бусад нагац эгч нар руугаа бүгд рүү нь залгаад “Нөгөөдөх чинь ирсэн байна хүрээд ир гэж хэлээд байсан. Би үүдэнд гутлаа өмсөөд хүлээж байтал 2 цагдаа орж ирээд Д.Г-с асуулт асууж байснаа “Явж учрыг нь олно” гээд хамт цагдаагийн газар руу явсан. Тэнд цохиж авах маргах завдал байгаагүй, бид тэнд удаагүй шууд гарсан. Гэтэл Х.У, А нар нь худал мэдүүлэг өгөхдөө: Ядаж энгэр дээрх камерийн бичлэгээ үзүүлж байж нотлох байтал тухайн үед энгэр дээрх камераа унтраасан байсан гэсэн худал мэдүүлгийг хэргийн материалд нотлох баримтаар авч гүтгэж, яллах үндэслэл болгосон байна. Үүнийг анх цагдаагийн мэдүүлэгтэй танилцуулж байхад эсэргүүцэж худал мэдүүлэг байна гэдгийг тайлбарлаж бичиж байсан мөн энэ гомдолд тусгах нь зүйтэй юм.
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 622 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ж.Г-н “дээрх гэмтлүүд 2020 оны 08 сарын 23-ны өдөр үүссэн байж болно” гэх дүгнэлт мэдүүлгийг үндэслэн тогтоосон байна.
Энэ тухай анх мэдүүлэг өгч хэрэг үүсгэж байх үед хүлээн зөвшөөрөөгүй. Түүнийгээ танилцуулсан тайлбар дээр гараар бичиж байсан. Үүнийгээ шүүх хурал дээр, шалгалтын явцад мэдүүлгүүд дээр тайлбарлаж байсан.
Дээр дурдсан Д.Г нь гэртээ удаан хугацаанд ирээгүй, өөр газар амьдрах хугацаандаа, эсвэл маргаан гарсан орой Цагдаагийн газар хамт очсон байхдаа ах дүү хамаатан садангийн цагдаа нар нь бүгд энгийн хувцастай ирцгээсэн байсан. Тэр үед өргөдөл бичиж өгөхөд хүлээж авсан цагдааг цааш өөр өрөөнд дуудаж оруулаад ярилцаж байгаад гарч ирээд байсан тул би тухайн өдөр тэнд байсан аль ч цагдаад мэдүүлэг өгөөгүй. Өргөдлөө өгөөд явсан.
Нэгэнт гэрээс маань түлхүүргүй хөөж гаргаж цохиж зодсон тухай өргөдөл өгсөн тул хууль хэрэгжүүлэгч цагдаа ах дүү нарын зөвлөгөөгөөр тухайн орой гэмтэл авсан ч байж болох юм.
Харин маргааш нь хариуцсан багийн цагдаад шилжүүлснээр мэдүүлэг өгсөн. Миний хувьд: Тэр том биетэй эрэгтэй хүний толгойг цохиж гэмтээх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн надад толгойгоо доргитол цохиулаад, хурц ирмэгтэй зүйлээр гэмтээд.зүгээр сууж байх нь бодит нөхцөл байдлыг үнэлэх ямар ч боломжгүй хүн зодох нь бүү хэл хүүхдээ ч цөөхөн загнадаг гэр бүлийн суурь хүмүүжил төлөвшил боловсрол гээд санаанд оромгүй гэмт хэрэгт холбогдож, үрж байгаа сэтгэл санаа, цаг хугацаанд харамсаж байна
Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд: “Д.Г-н биед тархи доргилт, цээж нуруу, зүүн шуу, гуянд олон тооны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь олон удаагийн мохоо болон үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн нь гэрч Х.У, А Д.Г нарын мэдүүлсэн саарал өнгийн пүүзээр цохисон гэж үгсэн тохирсон худал мэдүүлэг.
Надад ямар ч саарал өнгийн хатуу ултай пүүз байдаггүй. Мөн мохоо эрмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийг пүүзээр цохиж учруулах боломжгүй тул мэдүүлэг дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй.
Цагдаагийн байгууллага хэрэг шалгах явцад өөрийн нөхцөл байдлаа үнэн зөвөөр тогтоолгохоор бичгээр болон амаар гаргасан өргөдөл, хүсэлт өгч хүлээж авалгүй татгалзсан. Гэм буруугүй байж болох талаас нь ажиллагаа, шалгалт хийгээгүй, Д.Г-н хамаатан садан ээж, дүү, найз нөхдөөс нь худал мэдүүлгүүд авч хавсаргасан, үүнийг нь бичгээр амаар эсэргүүцэхээр Мөрдөх “бид дахин мухарлаж шалгана” гээд прокурорт шилжүүлсэн.
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргаж надад хамааруулан шалгаж байгаа хэргийн үнэн зөвийг тогтоож, Д.Г-г ахин шинжилгээнд хамруулж нягтлан шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг авалгүй татгалзсан.
Мөн прокурорт хэрэг шилжүүлээд хэргийн материалд маргаж байгаа зүйлд нотлох баримтаар материал гаргаж өгөхөөр хэргийн материалаас авч энийгээ шүүх дээр гаргаж өг гээд буцааж өгдөг. Тухайн үед прокурорт аман байдлаар энэ байдлаа илэрхийлж байсан ч хариу хэлээгүй.
2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 тоот хэргийг прокурорт буцаах тухай захирамж нь “Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ц нь хохирогч Д.Г-д урьд нь удаа дараа зодуулдаг байсан, хувийн болон дундын өмчийг эзэмших, ашиглах эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг шалгуулах шаардлагатай байна. Энэ нь гэмт хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байх тул дээрх асуудлыг шалгуулахаар буцаасан байдаг. Гэвч цагдаагийн байгууллага, прокурор бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй нь хэрэг яллах үндэслэл болгож шалгасанд гомдолтой байна.
Б.Ц миний 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл гомдлоор хэрэг үүсгэн шалгасан. Гэвч миний биед үүссэн зодуурын шарх хөхрөлт нь гэмтлийн зэрэг хөнгөн тогтоогдож 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Г 100,000 төгрөгөөр /Нэг зуун мянган/ төгрөгөөр торгуулан хаагдсан. Бодит байдалд Д.Г цохиж зодоогүй ээж дүү хүргэн, цагдаа хамаатнуудтайгаа нийлж орон гэрээс хөөж гаргаж, ээж дүү нар нь нийлж зодож гэмтэл учруулсан ч Д.Г торгуулсан.
Ээж А.Э дүү Д.Г, Хүргэн Б:М нар нь миний бие мах бодь, хувийн болон дундын өмчийг эзэмших, ашиглах эрхэд халдсан байж ямар ч хариуцлага тооцоогүй, энэ талаар миний гаргасан өргөдөл материалыг шалгадаггүй.
Миний унаж байсан автомашины лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн ерөнхий лавлагаа зэргийг авч хэргийн материалд хавсаргах нь тухайн өдрийн болсон процесс үнэн зөв шалгагдаж нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй, гүтгэж байгаад гомдолтой байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний эрхийг хангаж хэргийг бодит нөхцөл байдлыг зөв үнэлэн тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Цын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймгийн сумын багийн гэртээ нөхөр Д.Г-н зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
хохирогч Д.Г-н шүүх хуралдаанд өгсөн ... тухайн үед Б.Ц хаалга өшиглөөд сандал, гутал над руу шидээд байхаар нь цагдаа дуудсан ..., шүүх эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хөнгөн гэмтэл үүссэн байсан ... гэсэн мэдүүлэг,
гэрч Х.У-н ... Уг өдөр жижүүрийн шуурхай албанаас эхнэр нөхөр хоёр хоорондоо хэрэлдээд байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн ахлагч А-н хамт очиход эхнэр нөхөр хоёр хоорондоо хэрэлдсэн байдалтай байсан ..., ... А бид хоёрыг гэрт нь байхад эхнэр нь нөхрийнхөө цээж, толгой хэсэг рүү гараараа болон тавчикаар цохисон. Нөхөр нь эхнэртэй гар хүрээгүй, харин цохиулсан ... гэсэн мэдүүлэг,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 622 дугаартай ... Д.Г-н биед тархи доргилт, цээж, нуруу, зүүн шуу, гуянд олон тооны бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н “хохирогчийн амбульторын картанд 2020 оны 08 сарын 24-ний өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт тархи доргилт оношлогдсон байсан. Мөн үзлэгээр толгой дүйрч өвдөнө гэсэн зовиуртай, нүдний алимны чичирхийлэл илэрч байсан, тархины битүү гэмтлийн үед гардаг Манна шинж тэмдэг илэрч байсан зэргийг үндэслэн тархи доргилт оношлогдсон болно. Хохирогч Д.Г-н биед учирсан гэх тархи доргилт, цээж, нуруу, зүүн шуу, гуянд олон тооны бүхий гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд 2020.08.23-ны өдөр үүссэн байж болно” ... гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд шүүгдэгч Б.Цын ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт ... шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа хуулийг хэрэглэнэ ... гэж заажээ.
Үүнээс үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд хамрагдах тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10-т заасныг тус тус баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА