Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Н.Алтантүлхүүр,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

хохирогч М.Мэндсайхан,

гэрч Э.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжгэн овогт Урианхайн овогт Баянзулд холбогдох 2017 2503 0278 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Баруун туруун сум, Зүүн туруун 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Элжгэн овогт Урианхайн Баянзул /РД:………./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Б нь 2017 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Чулуут дэлгүүрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн М.Мэндсайханд хүч хэрэглэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож түүний биед баруун дээд 1-р шүдний булгарал, дээд баруун 2-р шүдний сулрал, уруулд шарх, уруул, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дэнжийн 1000-д байрлах “Дөлгөөн” пабд ундаа уугаад дуулаад сууж байтал текэн дээр сууж байсан эмэгтэйн найз залуу орж ирсэн. Дараа нь Цогт-Эрдэнэ найз охинтойгоо орж ирсэн бөгөөд тэр хоёр тамхилах гэж гараад хоорондоо муудалцаад байсан. Би пабаас гараад иртэл Цогт-Эрдэнэтэй шар үстэй залуу хэрэлдэж байсан. Тэгээд Шонхор захын тэнд би Батчөдөр болон найз охинтой  нь урд талд, Цогт-Эрдэнэ найз охинтойгоо ард явж байтал шар үстэй залуу янз бүрээр хэлэхэд Цогт-Эрдэнэ гүйж очсон. Цогт-Эрдэнийн хоёр талаас нь хоёр залуу барьж аваад нэг нь цохисон. Тэгээд хоёр эмэгтэй гүйж очсоны дараа Батчөдөр, дараа нь би очсон. Цогт-Эрдэнийн найз охин нэг хүнийг өшиглөж байсан. Шар үстэй залуу Цогт-Эрдэнийг дараад унасан байхаар нь салгахад намайг нэг удаа цохисон. Энгийн хувцастай цагдаа ирэхэд салцгаасан. Шонхор зах уруудаад явж байтал М.Мэндсайхан шүд хугарчихлаа гээд орилоод байсан. Нэг нь “шүд рүү чинь цохисон хүний араас яваач” гэж хэлэхэд Цогт-Эрдэнийг бариад авсан. Би зам гараад явахад араас хэн ч ирээгүй. Харин бусад хүмүүсийг эрүүлийн цагдаа аваад явсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мэндсайхан мэдүүлэхдээ: “2017 оны 02  дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төгөлдөр, Цэнд-Аюуш, Билгүүн бид дөрөв тамхи авах гээд дэлгүүрийн гадна зогсож байтал замын цаана эхнэр, нөхөр муудалцаад байсан. Эхнэр нь явсан чинь нөгөө залуу бид нар руу орилоод байхаар нь Цэнд-Аюуш “чи чимээгүй болооч” гэж хэлэхэд өөдөөс хэрэлдээд байсан бөгөөд Цэнд-Аюуш уулзчихаад ирсэн. Тэгтэл эхнэртэйгээ муудалцаад байсан залуу зам хөндлөн гарч ирээд Цэнд-Аюушийг цохисон. Би тухайн залуугийн мөрнөөс нь татаад салгах гэхэд У.Б зам хөндлөн гарч ирээд намайг цохиход миний үүдний 2 шүд хугараад унасан. Би тухайн үед нилээн сууж байгаад босоход У.Б замын цаана гарсан.  Хөдөлгөөнт эргүүл ирэхээр нь “намайг цохисон явчихсан” гэж хэлэхэд “наанаасаа нэг залууг нь аваад суу” гэхээр нь нэг залууг нь аваад суусан. Тухайн үед У.Б архи уусан байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Төгөлдөр мэдүүлэхдээ: “Билгүүн, Цэнд-Аюуш, М.Мэндсайхан бид дөрөв Дэнжийн 1000 тэнд байрлах дэлгүүрээс тамхи авах гээд зогсож байхад замын цаана эхнэр, нөхөр маргалдаад байхаар нь “дуугүй байгаа ч” гэж хэлэхэд нөгөө ах дуудахаар  нь би зам гараад очиж уулзсан. Тэгээд эмэгтэй нь намайг яв гэхээр нь зам гараад явж байтал нөгөө ах орилож байснаа замын цаанаас хоёулаа гарч ирээд нэг нь Цэнд-Аюушийг, нэг нь намайг цохисон. Би босоод ирэхэд хоёр эмэгтэй нь намайг үстээд  зам дээр чирсэн. Тэгээд цагдаа ирэхэд салцгаасан” гэв.

Гэрч Э.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “…би тэр хоёр эмэгтэйг болиоч гээд ноцолдож байгаад салахад цагдаа ирчихсэн зодоон дууссан байсан. Мэндсайхан амаа дарчихсан сууж байгаа харагдсан. Мэндсайханы ойролцоо анх хэрэлдээд байсан эрэгтэй, цагаан өнгийн ханцуйтай куртиктай эрэгтэй нар харагдаж байсан …” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Гэрч М.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “…би Цэнд-Аюушийг салгаад эргээд харахад цагаан ханцуйтай куртиктэй эрэгтэй ирчихсэн, Мэндсайхан амаа дараад сууж байгаа харагдсан. Мэндсайханы амнаас нь цус гараад үүдэн шүд нь унасан байсан …Мэндсайхан хэлэхдээ цагаан өнгийн куртиктэй эрэгтэй нь цохисон гэж байсан …” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Гэрч Б.Боргилцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…караокед сууж байсан байгаад гарч ирсэн байсан. Баянзул гэдэг эрэгтэй ирээд Цогт-Эрдэнийг газар унагаад дарж байсан эрэгтэйг цохих шиг болсон. Баянзул хоёр ханцуй нь цагаан, цээж хэсэг нь хар өнгийн куртиктэй байсан …” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

М.Цогт-Эрдэнийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “…Төгөлдөрийн /шар үстэй/ ард зогсож байсан эрэгтэй ирээд намайг сууж байхад дээшээ татаад байсан. Тэр үед Баянзул гэдэг цагаан куртиктэй эрэгтэй ирчихсэн байсан. Тэр үед намайг татаад байсан эрэгтэй амаа дарчихсан сууж байсан …” гэх мэдүүлэг /хх-31-32х, 62х/,

У.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “…би Цогт-Эрдэнийг унагачихсан зодож байхаар нь би шар үстэй эрэгтэйг нь түлхээд холдуулсан …би хоёр ханцуйг нь цагаан өнгийн их бие нь саарал өнгийн куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмд, шар ангийн оруулгатай пүүзтэй байсан …би хэрүүл маргаан хийгээгүй. Хоорондоо юм яриагүй…” гэх мэдүүлэг /хх-33-34, 35-36, 93х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1703 тоот актын дүгнэлтэд:

“1. М.Мэндсайханы биед баруун дээд 1-р шүдний булгарал, дээд баруун 2-р шүдний сулрал, урууллд шарх, уруул, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% нөлөөлнө” гэжээ /хх-25х/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38, 58х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч У.Б нь 2017 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Чулуут дэлгүүрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн М.Мэндсайханд хүч хэрэглэн ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож түүний биед баруун дээд 1-р шүдний булгарал, дээд баруун 2-р шүдний сулрал, уруулд шарх, уруул, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгийн өгсөн мэдүүлэг, хохирогч М.Мэндсайхан, гэрч Э.Төгөлдөр нарын өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч М.Билгүүн /хх-12-13х/, гэрч Б.Боргилцэцэг /хх-14-15х/, М.Цогт-Эрдэнийн сэжигтнээр өгсөн /хх-31-32, 62х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201з7 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1703 тоот актын дүгнэлт /хх-25х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38, 58х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас У.Бд Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч М.Мэндсайхан нь нотлох баримтгүйгээр шүүгдэгчээс 4.200.000 төгрөгийг нэхэмжилснийг гаргуулах боломжгүй, харин шинээр шүд хийлгэх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 45.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.

Хэрэг битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.