Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 979

 

 

 

 

 

 

 

 

 

С.Оы нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00723 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Оы нэхэмжлэлтэй,

Хариуцагч ШГГт холбогдох

 

Үл хөдлөх, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Снар оролцов.

            Нэхэмжлэгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураан авсан төлбөр төлөгч С.О, Л.Цэцгээ нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830, Г-2204002178 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төв гудамжны, 216 тоот 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар, гараашийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 113 814 456 төгрөгийн 70 хувиар тооцон 79 670 120 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоосон нь зураг төсөвтэй хийсэн ажлын гүйцэтгэл санхүүгийн тайлан тэнцэлд зардал нь тодорхой тусгагдсан обектын үнийг үндэслэлгүй тогтоосон тул шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч С.О, Л.Цэцгээ нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830, Г-2204002178 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төв гудамж, 216 тоот 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 4/18759 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд үнийн саналаа 330 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад шинжээч томилох талаар хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг томилоход 113 814 456 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19559, 4/19558 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарт гардуулан өгч, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/435 дугаар мэдэгдэл, 12/35 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогттоосон үнэлгээ 113 814 456 төгрөгийн 70 хувиар тооцон 79 670 120 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогттоосон үнэлгээ болох 113 814 456 төгрөгийн 50 хувиар тооцон 56 907 228 төгрөгөөр нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулахад 58 407 228 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо гаргаагүй, хуулийн хугацаа хэтэрсэн, хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ШГГт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шийдвэрээр С.О, Л.Цэцгээ нараас 40 974 833 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 362 824 төгрөгийн хамт гаргуулж “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зохицуулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасны дагуу үнэлгээг гаргаагүй. С.Оы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төв гудамжны 216 тоотод байрлах 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар, гараашийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, зураг төсөвтэй хийсэн ажлын гүйцэтгэл санхүүгийн тайлан тэнцэлд зардал нь тодорхой тусгагдсан обьектын үнийг үндэслэлгүй багасган тухайн хөрөнгүүдийн үнийг судлаагүй, харьцуулалт хийгээгүй дүгнэлт гаргасан, бодитойгоор хийсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй байхад анхан шатны шүүх уг үнэлгээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч ШГГт холбогдуулан үл хөдлөх, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00888 дугаар шийдвэрээр С.О, Л.Цэцгээ нараас 40 974 833 төгрөгийг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 5-8/

Хариуцагч ШГГ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2018/00005 дугаар захирамж, мөн өдрийн шүүгчийн 0001 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 39, 44, 45, 56-62/

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч С.О, Л.Цэцгээ нар нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Төв гудамж, 21б тоот хаягт байрлах, 90 хувийн гүйцэтгэлтэй 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар, гараашийг 330 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал /хх 64-67/ ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүйн /хх 69/ улмаас ШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгүүдийг үнэлүүлжээ. /хх 70-84/

Шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргыг ашиглан С.О, Л.Цэцгээ нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Төв гудамж, 21б тоот хаягт байрлах, 90 хувийн гүйцэтгэлтэй 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар, гараашийг 113 814 456 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргажээ. /хх 70-84/ Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч С.Од 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19559 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ. /хх 86/

            Нэхэмжлэгч С.О нь эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү гомдлын үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Мөн шүүх нэхэмжлэгч С.О нь эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн үнэлгээнд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь шинжээчийн үнэлгээтэй нэхэмжлэгч С.О нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцаад, тэрээр үнэлгээний талаарх гомдлоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан буюу үнэлгээний талаарх гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Оаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН