| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/1715/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2029 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.И |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2029
2025 08 27 2025/ШЦТ/2029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г*ын Э*т холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Г.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 24 минутын орчимд Баянзүрх дүүргийн******* дугаар хорооны нутаг дэвсгэр Ус сувгийн удирдах газрын баруун талын замд “Hummer H2” маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн ****дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтыг шинжлэн судалж оролцсон.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атал Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 24 минутын орчимд Баянзүрх дүүргийн***** дугаар хорооны нутаг дэвсгэр Ус сувгийн удирдах газрын баруун талын замд “Hummer H2” маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Эрх бүхий албан тушаалтны Г.Э нь 3.94% хувь согтолттой гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 4-7/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх 25/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/**** дугаартай шийтгэврийн хуулбар /10-12/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон.
3. “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль /%/, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /%/ илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч Г.Э нь урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа, шийтгэлийн хуудас зэрэг баримтаар, улмаар хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээний буюу 3.94 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь стандартын шаардлага хангасан драгер багажийн үзүүлэлтийг баталгаажуулсан баталгаажуулалтын хуудас зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байна.
4. Шүүгдэгч Г.Э нь хэрэг хариуцах чадвартай, өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус болохыг мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцсон байх тул байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж үзнэ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Э*ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Иймд шүүхээс шүүгдэгч Г.Э*г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э*т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн саналтай санал нэг байна. Шүүгдэгчийн хувийн байдал нь 2 бага насны хүүхэдтэй, мөн эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Г.Э*т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Э*т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдлийн шинж, ажил хөдөлмөр эрхэлдэг, согтолтын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Г*ын Э*ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э*ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9.000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.Э*т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ