2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/524

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025       02        18                                  2025/ШЦТ/524

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2406000004047 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр ********** молл 2 давхарт байрлах ********** гэх хоолны газар Б.М-г үл ялих зүйлээр шалтаглан, урьдын харьцааны явцад бий болсон таарамжгүй харилцаанаас үүдэн түүний нүүр рүү өвдөглөх, өшиглөх зэргээр зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /Хэргийн 2 дугаар хуудас/,

 Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уурхайгаас ажлаасаа ирээд манай ажлын 3 залуу маршалын ойролцоо буугаад цаашаа явсан юм би эхнэртэйгээ уулзана' гээд Хан-Уулын И-мартад ажил дээр нь очоод сууж байтал манай ажлын найз залгаад бид нар Парк-од моллын хоолны газар сууж байна хүрээд ирээч гэхээр нь би 18 цаг 20 минут орчимд очиж суугаад тэнд 20, 30 минут юм ярьж сууж байгаад М гэх хүн тамхи татаж гарч ирээд намайг сууж байхад хүзүүнээс доош дараад энэ бацааныг зодчих уу? гээд нөгөө хүнээсээ асуусан, нөгөө хүн нь буюу Т гэх нэртэй манай ажлын газрын залуу зүгээр тоглоомоор хэлж байна гэж бодсон байх "тэг" гэж хэлсэн тэгэхэд намайг хүзүүнээс бариад нойл руу явах замдаа "дээр чи муу бацаан яагаад байсан бэ? Чамайг би зодох гэж дуудуулсан юм" гэж хэлсэн нойл руу намайг авч ороод дотор байсан хүмүүсийг гаргаад толгойноос доошоо дарж өвдөглөөд хойшоо унахад нүүр лүү доороос хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд дүүрэн цус болоод намайг "цусаа арч" гээд босгосон. Бид хоёр намайг юунаас болж зодож байгаа талаар ярилцахад “өмнө нь ажлын зугаалгаар явж байх үед гадаа тамхилаад зогсож байхад чи намайг хүндэтгэж харьцсангүй, миний дээд албан тушаалтан болохоор надтай үеийн юм шиг харьцлаа” гэж надад сануулж хэлсэн гэсэн. Би бол тэрийг санахгүй байгаа "би тэр үед согтуу байсан болохоор санахгүй байгаа, тэгж харьцсан бол уучлаарай, надтай яагаад ажил дээр байхдаа ярилцаж болоогүй юм бэ?" гэж хэлсэн. Тэр газрын цэвэрлэгч цагдаа дуудалгүйгээр намайг цусаа цэвэрлээд гараарай гэхэд нь би нойлд өөрийнхөө цусыг цэвэрлээд буцаад хоолны газраа очиж суугаад цусаа тогтоох гээд салфетка хамар лугаа чихээд цусаа тогтоогоод суусан " гэх мэдүүлэг, /Хэргийн 6 дугаар хуудас/

Гэрч 3.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М.Х бид гурав ................. гээд тэнд хоолны газар ороод хоол идээд, 10 гаран лааз пиво, 1-2 шил сөжү уусан, юм яриад сууж байгаад нэг сэрсэн чинь хэн ч байхгүй байсан ширээн дээр ганцаараа байсан хаяад явчихдаг юм байхдаа гэж бодоод урд, хойд хаалга руу хайж үзээд тамхи татаж зогсож байгаад нойл орсон чинь М.М хоёр зогсож байсан. М.М хамраа барьчихсан байсан "яав" гэсэн чинь алгадчихлаа гээд байж байсан. Нэгэнт ийм юм болсон юм бол эр хүн шиг учраа олохгүй юу даа гээд буцаад ширээ рүүгээ очоод жоохон юм ярьж байгаад салсан..." гэх мэдүүлэг,/Хэргийн 15 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15083 дугаартай "... Б.Мий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна..." гэх дүгнэлт, /Хэргийн 9-10 дугаар хуудас/

 Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /Хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр ********** молл2 давхарт байрлах ********** гэх хоолны газар Б.М-гүл ялих зүйлээр шалтаглан, урьдын харьцааны явцад бий болсон таарамжгүй харилцаанаас үүдэн түүний нүүр рүү өвдөглөх, өшиглөх зэргээр зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15083 дугаартай "... Б.Мий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зуйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна..." гэх дүгнэлт, хохирогч, шүүгдэгч гэрч нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр ********** молл2 давхарт байрлах ********** гэх хоолны газар Б.М-гүл ялих зүйлээр шалтаглан, урьдын харьцааны явцад бий болсон таарамжгүй харилцаанаас үүдэн түүний нүүр рүү өвдөглөх, өшиглөх зэргээр зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Шүүгдэгч Ц.М нь гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Мын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирлын тухайд шүүгдэгчээс 2.300.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байна. Шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч Ц.М эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Шүүх шүүгдэгч Ц.М нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж, тус тус зааснаар шүүгдэгч Ц.М гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч М.М баримтаар 1.932.940  төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч нь 2.300.000 мянган төгрөгийг хохирогчид шилжүүлсэн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хохирогч, нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 Шүүгдэгч Ц.М нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Ц.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ