Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 0060

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Г.Э

Шүүгдэгч                                                          Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              С.Э

Нарийн бичгийн дарга                                Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Агийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, С овогт Г-н А.

Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр     аймгийн     сумын   багийн     дугаар гудамжны хажуугийн хатуу хучилттай замын автобусны буудлын орчимд     улсын дугаартай Мицүбиши загварын автомашиныг жолоодож явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 9 настай Э-н Ц-г мөргөж амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч С овогт Г-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Агийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж эд мөрийн баримтаар ирүүлсэн 33 ширхэг тунгалаг өнгийн хуванцар хэсгийг устгаж,

Г.Агийн В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдолдоо:

... Миний бие өөрийн чадах хэмжээгээр хичээж хохирол төлбөрийг төлсөн. Мөн гэм буруугийн асуудлаа буюу хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай үйл явдалд гэмшиж, шаналж явдаг юм. Би энэхүү хэргийг санаатайгаар үйлдээгүй бөгөөд хэдий санаатайгаар үйлдээгүй боловч өөрийнхөө үйлдэлд маш их харамсдаг. Гэтэл анхан шатны шүүх надад хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд цагдан хорих байранд их зүйл бодож ухаарч ойлгож сууна.

Эрхэм шүүгч та бүхэн миний дээрх нөхцөл байдлыг маань ойлгох талаас нь хичээж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж хөнгөрүүлж өгөхийг хүсье. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрийнхөө гэм буруугийн талаар хэлэх зүйлс байна... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Агийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр    аймгийн  сумын  багийн     дугаар гудамжны автобусны буудлын орчимд өөрийн эзэмшлийн  улсын дугаартай Мицүбиши маркийн автомашиныг жолоодож явахдаа

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна”,

мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 9 настай Э.Ц-г мөргөж амь насыг нь хохироосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч Г.Аг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээ, мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэх нь шүүхэд хуулиар олгогдсон эрх бөгөөд шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ.

 

            Шүүгдэгч Г.А ... надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон түүний хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

        

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Агийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “...6.2-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлага хангасан байна” гэж тус тус заасан байна.

             Шүүгдэгч Г.Агийн үйлдсэн гэмт хэрэг, шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч амь хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс Г.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, түүнийг суллах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

             Харин шүүгдэгч Г.Ад оногдуулсан нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ял нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй.

.

             Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас өршөөн хассан хэдий ч шүүгдэгч Г.А нь үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч нь сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болно.

                        

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Агийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

3. Шүүгдэгч Г.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамаарахгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Аг сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР