Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 119/ШШ2023/0016

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Б

Хариуцагч: ОАТХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОАТХ-ийн ХАХТУБ Ц.Х нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох “Э” ХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг ОАТА-д даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХК нь ОАТХ-т холбогдуулан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах”-аар маргасан.

2. “Э” ХК-ийн   “ ...манай    компанийн тайлангаар гарсан өр болох 281.348.900.00 төгрөгийг 2014 онд ОАТХ-ийн даргын тушаалаар сэргээсэн.  ...Ийнхүү нэгэнт тус өрийг төлөх ёстой гэж дүгнэсэн тул Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу өршөөж өгнө үү” гэсэн хүсэлтийг ОАТХ-т гаргасан бөгөөд ОАТХ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/674 тоот албан бичгээр “...татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг “Э” ХК-д хүргүүлсэн.

3. “Э” ХК дээрхи албан бичгийг хүлээн аваад Татварын Ерөнхий газарт гомдол гаргасан ба Татварын Ерөнхий газар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/187 тоот албан бичгээр “ ...Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/01305 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй “ гэсэн хариуг өгчээ.

4. Нэхэмжлэгч нь үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн. Шүүх тус нэхэмжлэлээр хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

 5. Нэхэмжлэгч “Э” ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “2006 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг” гэж заасны дагуу 2001 оны 281.384.900 төгрөгийн онцгой албан татварын өрийг өршөөлд хамруулах үндэслэлтэй.” гэжээ. 

            6. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХК нь 2001 оны татвар ногдуулалтаар 281,348,900 төгрөгийн татварын өртэй гарсан. Тус өрөө барагдуулах зорилгоор Орхон аймгийн Жаргалант суманд байгаа худалдаа үйлчилгээний цогцолборыг, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг улсад төлөх татварын өрөнд тооцон авахыг хүссэн хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай Монгол улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаал гарсан. Уг тушаалаар “Э” ХК-ийн улсын төсөвт төлөх 613,597,300.00 төгрөгийн татварын өрөнд эдгээр үйлчилгээний цогцолборуудыг төрийн өмчид бүртгэн авсан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр Орхон аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалттай цогцолборыг төрийн өмчид бүртгэж авсан нь хууль бус хэмээн үзэж Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу ОАТХ-ийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалаар “Э” ХК-ийн татварын өрийг сэргээсэн. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан ба энэ хууль одоо ч гэсэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасны дагуу “Э” ХК нь татварын өршөөлд орох хүсэлтээ ОАТХ-т гаргасан боловч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/674 тоот албан бичгээр Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй гэх хариуг ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Татварын ерөнхий газарт ОАТХ-ийн албан тоотыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хандсан боловч тус албан бичгийг хууль тогтоомжид нийцсэн гэж хариу ирүүлсэн.

“Э” ХК нь тодорхой хэмжээнд татварын өрөө төлсөн бөгөөд үлдэх татварын өрөө өршөөлд оруулах, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн үйлчлэлд бусад байгууллагын адил хамрагдах эрхтэй бөгөөд ОАТХ-ийн “Э” ХК-ийг татварын өршөөлд хамруулахгүй байгаа үйлдэл хууль бус байна. Иймд “Э” ХК-ийг татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу “Э” ХК-ийг татварын өршөөлд хамруулахыг ОАТА-д даалгаж өгнө үү.” гэв.

            7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХК нь 1995 онд байгуулагдаж, архи согтууруулах ундааны үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ундаа цэвэр усны үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний бөөний болон  жижиглэнгийн худалдаа, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр 2009 он хүртэл явуулж байгаад 2009 оноос үйл ажиллагаа бага багаар зогсож одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тус компани нь Татварын ногдуулалтаар нийт 571.800.000 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд дээрх өрийн тодорхой хэсэг болох 281.384.900 төгрөг нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон тайлангаа гаргаж татварын албаны баталгаажуулсан өр байдаг. Тухайн өр төлбөр нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих хэсэгт хамрагдан өршөөгдөх боломжтой ийм нөхцөл байдал үүссэн байна. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь “зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. Ингээд энэ хуулийн дагуу өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээг тухай бүр нь тодорхойлж заасан бөгөөд 6 дугаар зүйлд Өршөөлд хамруулах албан татвар, нийгмийн даатгалын өр төлбөр 6.1-т “2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах өр, хүү, торгууль, алдангийг дор дурдсан хувиар тооцож чөлөөлнө” гэсэн байдаг. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.1-т “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрнөөс 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь, 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс барагдаагүй үлдсэн алдангийг 100 хувь” гэж заасан байдаг, 6.1.2.-т “татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь” гэж тус тус заасан байдаг.

Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй удсан шалтгаан нь  энэ компанийн үйл ажиллагаанаас хамаараагүй. Хугацаа өнгөрсөн учраас нөгөө талаар Татварын алба өршөөлд хамруулах боломжгүй гэдэг зүйлийг ч ярьдаг байх. Тухайн Татварын өршөөл үзүүлэх тухай хууль 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдаж батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэ үед “Э” ХК татварын өр төлбөргүй байсан буюу Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай тушаалаар, Монгол улсын Санхуү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай тушаалаар, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаартай тогтоолоор Татварын өрөнд Орхон аймгийн Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай худалдаа үйлчилгээний цогцолборыг 613.600.00 төгрөгийг өрөнд тооцон авахаар холбогдох шийдвэрүүд гараад улсын өмчид бүртгэн авч “Э” ХК нь улсад татварын өр төлбөргүй болсон байдаг. Тухайн үед Орхон аймаг, Жаргалант суманд байрлалтай обьектыг “Э” ХК нь “Ж” ХХК-иас худалдан авахаар тохиролцож 2003 оны 11 дугаар сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөгөөр авахаар тохирсон байдаг.

Тухайн хөрөнгийг худалдаж авах үед “Ж” ХХК-ийн удирдлага тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхгүй байсан гэдэг үндэслэлээр  худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болж, тухайн хөрөнгөөр төлсөн 281.384.900 төгрөгийн өрийг сэргээж шийдвэрлэсэн. Үүний дагуу Татварын хэлтэс шинээр нөхцөл байдал үүсэж татварын өр сэргэсэн гэж үзэж үүнээс хойш үүссэн өрийг нэмж нийт татварын өр 414.265.509 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж 353.961.629 төгрөгийг “Э” ХК-иас гаргаж татварын хэлтэст төлүүлэхээр гурван шатны шүүхийн шийдвэр гарсан.

Өр сэргэх талаар мэдэх боломжгүй байсан. Тухайн үед ажлын хэсгүүд бүгд хамтарч ажиллаад явсан. Талуудын хооронд маргааны зүйл болж байгаа 281.384.900 төгрөгийн сэргэсэн өр нь 2001 онд үүссэн татварын өр бөгөөд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг”  гэж заасан заалтад хамаарч байна. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч “Э” ХК татварын өр төлбөргүй байсан хэдий ч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэхүү өр сэргэж бий болсон шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байгаа учир Татварын өршөөл үзүүлэх хуульд хамруулж шийдсэн боловч Улсын дээд шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон байна гэж үзээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Үл хөдлөх хөрөнгөөр татварын өрийг тооцож төлөөгүй байсан бол ийм нөхцөл байдал үүсээгүй бол энэ компанийн хувьд өршөөлийн хуульд хамрагдаад явах бүрэн боломжтой байсан. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас буюу татварын өрөнд хураагдсан байсан үл хөдлөх хөрөнгө эрхийн хувьд хүчин төгөлдөр байх боломжгүй ийм нөхцөл байдал үүсэж шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчин төгөлдөр болсон. Татварын алба шинээр ийм нөхцөл байдал үүслээ гэж үзэж татварын өр төлбөрийг нэхэмжилж мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ компанийн үйл ажиллагаа сэргэснээр зөвхөн Эрдэнэт хот төдийгүй Монгол орны эдийн засагт нэмэртэй байх гэж бодож байна. Компанийн үйл ажиллагаа сэргэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сүүлийн хэдэн жил шаардлагатай бүхий л арга хэмжээг авч явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын өршөөл үзүүлэх тухай асуудал нь өмнө захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдсэн. Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалын холбогдох зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өрөнд авсан хоёр үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээгээр авсан гэдэг боловч тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Мөнхтуяа буюу төлөөлөх эрхгүй этгээд Уранчимэг гэдэг хүний өмнөөс гэрээ байгуулсан болж таарсан. ОАТХ-ийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалаар “Э” ХК-ийн татварын өрийг сэргэсэн. Үүнийг мөн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, энэ хэрэг нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж өрийн асуудал сэргэсэн нь хүчин төгөлдөр байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах ёстой гэдэг байдлаар маргадаг, энэ нь хурлын тэмдэглэлүүд дээр дурдагдсан байгаа. “Э” ХК-ийг 353.961.629 төгрөгийг төлөх ёстой гэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоо 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх өр төлбөрөө хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь өмнө хэлэлцэгдэж байсан. Өөрсдийнхөө үйлдлээр өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанд татварын албанд саяны яриад байгаа 10 хувиа төлөх хугацаандаа төлөх боломжтой байсан хэр нь одоо төлөх болохоор төлөх боломжтой байсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасны дагуу өршөөлд хамрагдана гэж байна. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс гэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын албанд энэ асуудлаар өмнө нь хандсан. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Жаргалант суманд байрлах үл хөдлөх хөрөнгийг татварын өрөнд тооцуулах саналыг нэхэмжлэгч компани өөрөө гаргасан байсан. Компанийн дотоод асуудлаас шалтгаалсан зүйл байхад татварын өршөөлд хамруулсангүй гээд байгаа нь өөрөө хууль бус юм. Тухайн үед хоёр компаниуд гэрээ хэлэлцээр хийж өгч, авах асуудлыг дотооддоо шийдэх ёстой байтал, энэ байдлаас болж татварын өршөөлд хамрагдах ёстой гэж маргаад байгаа нь хууль бус учир нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. ” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХК нь ОАТХ-т холбогдуулан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг ОАТА-д даалгах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ““Э” ХК-ийг татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

Хариуцагч ““Э” ХК-ийн 2001 онд холбогдох өрийг ОАТХ-ийн даргын тушаалаар сэргээж, хуулийн дагуу иргэний хэргийн анхан шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн. Өршөөлийн хуульд заасны дагуу “Э” ХК-ийн өрийг өршөөлийн хуульд хамруулах хууль зүйн зохицуулалт байхгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус тус маргасан. 

2. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.1. “Э” ХК нь “Э” ХК-ийн тайлангаар гарсан өр болох 281.348.900 төгрөгийг 2014 онд ОАТХ-ийн даргын тушаалаар сэргээсэн. Уг сэргээсэн өрийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 275 дугаар шийдвэрээр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 56 дугаар, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 1305 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. ...тус өрийг төлөх ёстой гэж дүгнэсэн тул Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу өршөөж өгнө үү” гэсэн хүсэлтийг ОАТХ-т 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, Татварын Ерөнхий газарт 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гаргасан бөгөөд ОАТХ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/674 тоот албан бичгээр “...албан татварын өрийг чөлөөлөх, өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг, Татварын Ерөнхий газар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/187 дугаар албан бичгээр “ ... ОАТХ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/674 тоот албан бичиг нь хууль тогтоомжид нийцсэн байна.” гэсэн хариуг тус тус “Э” ХК-д хүргүүлжээ.  

2.2. ОАТХ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/674 тоот албан бичиг нь “...албан татварын өрийг чөлөөлөх, өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг  “Э” ХК-д хүргүүлсэн нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд ОАТХ нь “Э” ХК-ийн гаргасан татварын өршөөлд хамруулах, татварын өрийг чөлөөлөх өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

2.4. Тордуулбал, “Эс үйлдэхүй”-н хувьд захиргааны зүгээс ямар нэгэн хариу үйлдэл буюу шийдвэр гаргаагүй байдгаараа татгалзсан шийдвэрээс ялгаатай байдаг. ОАТХ нь “Э” ХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, “татварын өршөөлд хамруулах, татварын өрийг чөлөөлөх үндэслэлгүй” гэсэн хариуг хүргүүлсэн тул өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин хариу хүргүүлсэн нь татгалзсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

2.5. Захиргааны байгууллагын “татгалзсан шийдвэр” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актад хамаарна.  

2.6. ОАТХ-ийн “Э” ХК-ийн татварын өрийг  татварын өршөөлд хамруулахаас татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.7. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн татварын өршөөлд хамруулахыг хүссэн 281.348.900 төгрөгийн татварын өр нь татвар төлөгчийн өөрөө татвар ногдох орлогоо тодорхойлж, түүнд ногдох албан татвараа татварын албанд тайлагнасан албан татвар байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

2.8. Нэхэмжлэгч “Э” ХК 2001 оны татвар ногдуулалтаар 281.348.900 төгрөгийн татварын өртэй байсан ба Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” тушаалаар Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг улсад төлөх татварын өрөнд өгч төрийн өмчид бүтгэн авсан байна.

2.9. Дээрхи тушаалын холбогдох хэсгийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэснээр ОАТХ-ийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалаар “Э” ХК-ийн улсын төсөвт төлөх 613.597.300 төгрөгийн татварын өрнөөс 281.384.900 төгрөгийн онцгой албан татварын өрийг сэргээснийг нэхэмжлэгч “Э” ХК Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2.10. Мөн ОАТХ “Э” ХК-иас 414.265.509.80 төгрөгийг нэхэмжилсэн ба Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр “Э” ХК-иас 353.961.629 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-д тус тус заасан заалтад 281.384.900 төгрөгийн татварын өр хамаарахгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

2.11. Түүнчлэн дээрхи анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01305 дугаар тогтоолд  “ ...маргаан бүхий татварыг төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй. Нөгөөтэйгүүр, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3-т заасан үндэслэл ч энэхүү маргааны үйл баримтад хамаарахгүй. ...аливаа өршөөлийн хууль батлагдах үед нэгэнт төлөгдсөн өр, төлбөр, гэм буруутай этгээдийн эдэлсэн ял, шийтгэлийг “нөхөж” өршөөх тухай ойлголт байхгүй, зөвхөн барагдаагүй үлдсэн өр, төлбөр, биелэгдээгүй байгаа ял, шийтгэлийг өршөөнө.” гэж дүгнэжээ.

2.12. “Э” ХК-ийн төлбөл зохих татварын өрийн талаарх Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолууд нь хүчин төгөлдөр болсон ба тухайн татварын өр төлбөрийг төлөх нь  зайлшгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ.

2.13. “Татвар” нь улсын орлогыг бүрдүүлдэг бөгөөд хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулж, орлого олсон бол тухайн орлогоо үнэн зөв тодорхойлж, түүнд ногдох албан татварын тайланг хуульд заасан хугацаанд гаргаж, татвараа төлөх  нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан орлого олсон бол татвар төлөх нь “зайлшгүй байх” зарчим, мөн нэгэнт төлөх нь тодорхой болсон, шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон татварын өр төлбөрийг төлж барагдуулах нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга байх” татварын үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцнэ.

2.14. Мөн  татвар төлөгч нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж зааснаар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй.

2.15. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар  болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг”  гэж, хууль батлагдах тухайн цаг үед өртэй байсан этгээдийг өр, төлбөр, хариуцлагаас чөлөөлөхөөр заажээ.

2.16. Өөрөөр хэлбэл “Э” ХК Татварын өршөөл үзүүлэх хууль батлагдах үед татварын өртэй байсан бол хуульд заасан болзлын дагуу өршөөлд хамрагдах боломжтой байсан. Түүнчлэн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасан урьдчилсан нөхцөл болох “ татвар төлөгч 2006 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тайлангаа гаргаж, татварын алба баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн...” гэснийг хангаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдлоо.

2.17. Дээрхи байдлаас дүгнэхэд “Э” ХК-ийн 2001 онд үүссэн төлбөл зохих татварын өр нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, татварын  өршөөлд хамрагдах нөхцөл тогтоогдохгүй байна.

2.18. Иймд ОАТХ-ийн “Э” ХК-ийг  татварын өршөөлд хамруулахаас татгалзсан шийдвэр нь хууль зөрчөөгүй, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул “Э” ХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах хууль зүйн үндэслэлгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХК-ийн ОАТХ-т холбогдуулан гаргасан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА