Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1394

 

МАГАДЛАЛ

 

2019.07.26                                                Дугаар 1394                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

НБ, СТ, Г ХХК

нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч НБ, СТ, Г ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХМ ” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг нийт 2 614 553 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний дагуу өөрт учирсан хохирол 1 122 930 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б, Б.Ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-наран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “СТ ” ХХК нь “ХМ ” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр УХШ14/0923 тоот улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 3300 тонныг 1 тонн 500 000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс 1300 тонныг нийлүүлсэн. 1300 тонн улаан буудайн төлбөр болох     650 000 000 төгрөгийг “ХМ ” ХХК одоо болтол төлөөгүй. Үндсэн төлбөр               650 000 000 төгрөгийг алданги 325 000 000 төгрөг, нийт 975 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийлүүлсэн гэдэг нь дараах нотлох баримтаар тогтоогдоно. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, гуравдагч этгээд “БДУ ” ХХК-ийн тайлбар байдаг. Энэ тайлбар дээр “БДУ ” ХХК нь “ХМ ” ХХК-тай гэрээ байгуулаагүй. “СТ ” ХХК-ийн улаан буудайг нийлүүлсэн. Төлбөр авсан ямар ч зүйл байхгүй. “БДУ ” ХХК-ийн тайлбараа тодруулсан тодруулга дээр 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний дагуу “СТ ” ХХК-ийн өмнөөс улаан буудайг “СТ ” ХХК салбараар дамжуулан “ХМ ” ХХК-д нийлүүлсэн. “ХМ ” ХХК-иас ямар нэгэн төлбөр авсан асуудал байхгүй гэсэн тайлбар байгаа. Тариалан эрхлэх сангийн албан бичиг байдаг. Энэ албан бичигт “СТ ” ХХК нь 2014 онд “ХМ ” ХХК-д 3300 тонн улаан буудай нийлүлэх гэрээ байгуулж урамшуулалд хамрагдсанаас гүйцэтгэлээрээ “ХМ ” ХХК-д 1300 тонн улаан буудай нийлүүлсэн гэсэн бичиг байдаг. Тооцоо нийлсэн акт байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар “БДУ ” ХХК, “СТ ” ХХК нар тооцоо нийлээд гэрээний дагуу “ХМ ” ХХК-д 1300 тонн улаан буудай нийлүүлсэн талаар баталгаажуулсан тооцоо нийлсэн акт байдаг. Эдгээр баримтаар “СТ ” ХХК нь “ХМ ” ХХК-д 1300 тонн улаан буудай нийлүүлсэн гэдгийг нотлож байгаа. Тиймээс “ХМ ” ХХК-иас үндсэн төлбөр 650 000 000 төгрөг, алданги 325 000 000 төгрөг, нийт 975 000 000 төгрөгийг “ХМ ” ХХК-иас гаргуулж өгнө үү.

НБ  ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр УХШ14/0922 тоот улаан буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу “ХМ ” ХХК-д 4050 тонн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулсан. Анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр           2 227 500 000 төгрөг, алданги 1 113 750 000 төгрөг, нийт 3 341 250 000 төгрөгөөс “ХМ ” ХХК-ийн 190 000 000 төгрөгийг хасаад 3 151 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх 2 жилийн хугацаанд нотлох баримт цуглуулаад үзэхэд “НБ ” ХХК нь “ХМ ” ХХК-д гэрээний дагуу 1634,64 тонн улаан буудай нийлүүлсэн нь тогтоогддог. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан бичиг байдаг. Энэ албан бичиг дээр “НБ ” ХХК нь “ХМ ” ХХК-д 4050 тонн улаан буудай нийлүүлэхээр урамшуулалд хамрагдсанаас гүйцэтгэлээрээ 1635 тонн улаан буудай нийлүүлсэн гэж дурдсан байдаг. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн акт байгаа. Энэ актаар “БДУ ” ХХК, “НБ ” ХХК нарын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн байдаг бөгөөд гэрээний дагуу 27,56 тонн улаан буудайг “ХМ ” ХХК-д нийлүүлсэн болохыг баталгаажуулж, тооцоо нийлсэн байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт байгаа. Энэ тооцоо нийлсэн актаар “ХУ ” ХХК, “НБ ” ХХК нар нь гэрээний дагуу 200,22 тонн улаан буудайг “ХМ ” ХХК-д нийлүүлсэн болохыг баталгаажуулсан байдаг. 2014 оны 11 дүгээр сарын   17-ны өдрийн тооцоо нийлсэн актаар “ГА ” ХХК, “НБ ” ХХК нарын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт байгаа. Энэ актаар 1406,86 тонн улаан буудайг “ХМ ” ХХК-д “НБ ” ХХК-ийн өмнөөс нийлүүлсэн болохыг баталгаажуулсан мөн гэрчийн мэдүүлэг байгаа. “ГА ” ХХК-ийн захирлын өгсөн гэрчийн мэдүүлэгт “ХМ ” ХХК-тай “ГА ” ХХК-нь гэрээ байгуулж байгаагүй. Төлбөр авсан асуудал байхгүй. “НБ ” ХХК-ийн буудайг ачуулж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. “ХУ ” ХХК-ийн захирал Б.Э-ын гэрчийн мэдүүлэг байгаа. Гэрчийн мэдүүлэгт “ХМ ” ХХК-д буудай нийлүүлж төлбөр авч байсан тохиолдол байхгүй. Төлбөрийн асуудал нь “Г” ХХК, “НБ ” ХХК нарын асуудал гэсэн мэдүүлэг байгаа. “БДУ ”     ХХК-ийн тайлбар болон нэмэлт тодруулгууд байгаа. Тодруулга дээр гэрээгээр дамжуулан “НБ ” ХХК-ийн өмнөөс СТ  салбараар дамжуулан 27,6 тонн улаан буудайг нийлүүлсэн гэж хэлдэг. Эдгээрээр “НБ ” ХХК нь “БДУ ” ХХК, “ГА ” ХХК, “ХУ ” ХХК нараар дамжуулаад 1634,64 тонн улаан буудай нийлүүлсэн гэдэг нь тогтоогддог. Иймээс үндсэн төлбөрт 899 052 000 төгрөг, алданги     499 526 000 төгрөг, нийт 1 348 478 000 төгрөг болж байгаа. Үүнээс “ХМ ”       ХХК-ийн төлсөн 190 000 000 төгрөгийг хасаад 1 158 578 000 төгрөгийг хариуцагч “ХМ ” ХХК-иас гаргуулж өгнө үү.

“Г” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр УХШ14/0925 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу “ХМ ” ХХК-иас                     3 415 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэл гаргасанаас хойш нотлох баримтуудыг судлаж үзхэд “ХМ ” ХХК нь “Г” ХХК-иас нийтдээ 6210 тонн улаан буудайг хүлээж авсан байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “ХУ ” ХХК, “Г” ХХК нарын хооронд хийсэн гэрээний дагуу 36 тонн улаан буудайг “Г” ХХК-ийн өмнөөс “ХМ ” ХХК-д нийлүүлсэн болохыг баталсан тооцоо нийлсэн акт байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “ГА ” ХХК болон “Г” ХХК нарын хооронд хийсэн “ГА ” ХХК нь “Г” ХХК-ийн өмнөөс “ХМ ” ХХК-д гэрээний дагуу 30 тонн улаан буудайг нийлүүлсэн болохыг баталсан тооцоо нийлсэн акт байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар “БДУ ” ХХК нь “Г” ХХК-ийн өмнөөс 4299,76 тонн улаан буудайг “ХМ ” ХХК-д нийлүүлсэн болохыг баталгаажуулсан акт байдаг. Энэ тооцоо нийлүүлсэн актуудаар нийтдээ 6210 тонн улаан буудайг “ХМ ” ХХК-д нийлүүлсэн нь тогтоогддог. Мөн хариуцагч “ХМ ” ХХК-ийн өөрсдийнх нь гаргасан нэхэмжлэл дээр “Г” ХХК-ийн нийлүүлсэн 6210 тонн улаан буудай нь цавуулгийн хувьд чанарын шаардлага хангахгүй байсаны зэрэгцээ хогт хольцын хэмжээ өндөр   байсан ч бид нэг ч хувийн хольцын хорогдолгүй тооцож авсан байгааг харж болно гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байдаг. Мөн улаан буудайн тооцоо нийлсэн жингийн актууд байдаг. Үүн дээр нийлүүлсэн компаниудаараа акт үйлдсэн байдаг. Үүн дээр “ГА ” ХХК, “ХУ ” ХХК, “БДУ ” ХХК, “Ш ” зэрэг салбаруудаараа акт үйлдсэн байдаг. 2014 онд манай компани болон “ХМ ” ХХК нарын хооронд улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өөрийн нэрээр ямарч улаан буудай нийлүүлээгүй тул тус компаниас ямар ч төлбөр аваагүй. “Г” ХХК-ийн өмнөөс “ХМ ” ХХК-д 1844,23 тонн улаан буудайг манай компаний Ш  салбараар дамжуулан нийлүүлсэн нь үнэн болно гэсэн тайлбар байгаа. Эдгээр нотлох баримтуудаар “ХМ ” ХХК нь “Г” ХХК-иас 6210 тонн улаан буудай авсан нь нотлогдож байгаа. 6210 тонн улаа буудайг манайх нийлүүлчихсэн байдаг. Хариуцагч тал төлбөрийн хувьд анхнаасаа нийлүүлээгүй учраас ямарч төлбөрийн асуудал байхгүй. “БДУ ” ХХК нийлүүлээд мөнгийг нь өгсөн гэж хэлдэг. Гэтэл ажиллагааны явцад “ХМ ” ХХК-ийн нэхэмжлэлэй, “Г” ХХК-д холбогдох хэргийг Улсын дээд шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүн дээр “ХМ ” ХХК-иас төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Энэ төлбөрийн баримтуудыг манайх тус хэргээс татуулсан байгаа. Тэр баримтуудыг “ХМ ” ХХК юу гэж гаргаж өгсөн гэхээр “Г” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр УХШ14/0925 тоот улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүний дагуу төлбөрийг төлсөн гээд баримтуудыг гаргаж өгдөг. Буудайны мөнгийг төлсөн гэж гаргаж өгдөг. Гэтэл яг тэр төлбөрийн баримтуудыг энэ хэрэгт “ХМ ” ХХК гаргаж өгсөн байдаг. Гаргаж өгөхдөө 2 дугаартай 2014 оны 09-11 саруудад хүлээн авсан 9144,63 тонн улаан буудайн төлбөрийн баримт бүхий нотлох баримтууд нэртэй хавтас өгсөн байдаг. Энэ хавтасны 77-124-р хуудсанд авагдсан нотлох баримтууд манай татуулсан баримттай яг адилхан байгаа. Гэхдээ “БДУ ” ХХК, “ГА ” ХХК, “ХУ ” ХХК, “САГ ” ХХК нарт төлсөн төлбөрийн баримт гэж тайлбарладаг. Тэгсэн хирнээ шийдэгдсэн хэрэг дээр “Г” ХХК-д гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэж гаргаж өгсөн байдаг. Үүнээс үзэхэд “ХУ ” ХХК, “БДУ ” ХХК, “САГ ” ХХК, “ГА ” ХХК нараас будаа авсан гэж хэлээд байгаа ч гэсэн төлбөр төлсөн баримт байхгүй юм байна. Харин “Г” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авсан 6210 тонн улаан буудайны төлбөрөөс 5627 тонн улаан буудайны төлбөрийг төлсөн юм байна гэж харагдаад байгаа. Тиймээс манайх 6210 тонн буудай нийлүүлсэнээс 5627 тонн улаан буудайны мөнгийг төлсөн юм байна гэж хараад манайх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад үлдэгдэл 583 тонн улаан буудайны төлбөр болох 320 650 000 төгрөг, алданги 160 325 000 төгрөг, нийт 480 975 000 төгрөгийг “ХМ ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нотлох баримт цуглуулах гэж хэд хэдэн удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. 9144 тонн улаан буудайг 2014 оны намар авсан. Ингэхдээ “ХУ ” ХХК-иас 236,2 тонн, “ГА ” ХХК-иас 1436,9 тонн, “САГ ” ХХК-иас 1844,2 тонн, “БДУ ” ХХК-иас 5627,9 тонн нийт 9144 тонн улаан буудайг авсан. 9144 тонн буудайг 2014 оны намар авсан. Энэ буудайг нийлүүлэхдээ баримттай авсан. Аж ахуй эрхлэж байгаа компани Монгол улсын татвар болон санхүү, бүртгэл тооцооны нарийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, татвар тайлан тооцоо явуулдаг. Үүнийг биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг журамтай. Энэ улаан буудайг нийлүүлэхдээ анхан шатны баримтуудыг дагалдуулж өгдөг. 329 ширхэг баримт байгаа. Өөрсдийнх нь бичиг өгсөн баримтууд байгаа. Үүн дээр хэнээс буудай авсан гэдгийг тодорхой бичсэн байгаа. Энийг бид бичээгүй. Буудай нийлүүлсэн хүмүүс өөрсдөө бичиг өгсөн. “ХУ ” ХХК 236,2 тонн улаан буудай нийлүүлэхдээ 8 ширхэг баримт, “ГА ” ХХК 1436,9 тонн удаан буудайг нийлүүлэхдээ 49 ширхэг баримт, “САГ ” ХХК 1844,2 тонн улаан буудай нийлүүлэхдээ 66 ширхэг баримт, “БДУ ” ХХК 206 ширхэг баримт дагалдуулж өгсөн. Тухайн баримт дээр ямар хэмжээний ямар буудайг нийлүүлсэн талаар нийлүүлсэн, ачсан жолооч, хүлээж авсан гарын үсэг өгсөн гарын үсэг зурагдсан байгаа. Энэ баримтаа үндэслээд 2014 оны 11 сард байгууллагууд хоорондоо тооцоо нийлсэн акт үйлдсэн. Мөн 4 байгууллагууд өөрсдийн нийлүүлсэн буудайг хавсаргасан байгаа. Үүн дээр 2 байгууллагын эрх бүхий нягтлан нар нь гарын үсгээ зураад тамгаа дарсан байгаа.      Ард нь үүнийгээ баталгаажуулаад 4 компаний пүүний журналаа хуулаад машины номерийг жолоочийн нэртэй тус тусад нь ачсан он, сар, өдөр, цагаар нь бичсэн байдаг. Энэ будаа вагоноор ачигдаж ирсэн. Үүнийг бид төмөр замаас хүлээж авсан. Төмөр замын байгууллагатай тооцоо нийлж тамга дарсан баримтууд бас байгаа. 9144 тонн буудайн дээр маргахгүй. “СТ ” ХХК нь 4300 тонн буудай нийлүүлнэ гэснээс 1300 тонн буудай нийлүүлсэн гэдэг. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг өгөөгүй байсан. Явцын дунд 1300 тонн буудайны баримт гээд анхан шатны баримтуудыг канондож хүргүүлсэн байдаг. Тэр баримтууд нь “БДУ ” ХХК-ийн баримтуудыг түүвэрлээд тодорхой тооны 45 ширхэг баримтыг давхардуулан гаргаж өгсөн байдаг. Гаргаж өгөхдөө бүгдийг нь завсарласан байдаг. Засварласаныг нь бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд “СТ ” ХХК-ийн гаргаж өгсөн буудай нийлүүлсэн 45 ширхэг баримт нь хуурамч болохыг нотолсон баримтууд гээд хавтаслаад гаргаж өгсөн байгаа. Үүн дээр товчоолоод юу юун дээр зөрүүтэй гэдгийг заасан байгаа. Өөрсдөө гараараа хуулаад өгчихсөн баримт байдаг. Тэр баримт дээр манай талын хүний гарын үсэг байдаггүй.     Дээр нь “СТ ” ХХК-ийн тамга дарсан байдаг. Бид өмнө нь холбогдох байгууллагуудад нь хүсэлт гаргаж шинжлүүлэх хүсэлт өгч байсан боловч шүүгч нотлох баримт шинжлэн судлах үед судлаад явж болно гэсэн. 45 ширхэг баримт нь хуурамч гэдэг батлагдана. Үндсэн 2014 онд гаргаж өгч байсан баримтууд дээр тийм тамга байхгүй. Гуравдагч этгээдийн тайлбар, тодруулга дээр манайх дээр хамааралгүй, өмнөөс нь өгсөн гэдэг тайлбарууд хүчингүй. Сүүлд нь ийм зүйл гаргаж өгч байгаадаа санаа зовох ёстой. Энэ хэрэг санхүүгийн баримтад тулгуурлаад хууль, санхүүгийн 4 том байгууллага шалгасан байдаг. Нэгдүгээрт эрүүгийн цагдаагийн газар шалгаад Хан-Уул дүүргийн прокурорт өгсөн байдаг. Манай санхүүгийн баримтад тулгуурлаад татварын ерөнхий газарт өгсөн байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтэс манай компанийг шалгасан байдаг. Шалгасан материалыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Ж.Э танаа гээд Эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн баримт байгаа. 2014 онд Сэлэнгэ аймгийн “НБ ” ХХК-иас 4050 тонн улаан буудай худалдан авахаар 2014 оны 09 дүгээр сарын 02-нд УХШ14/092-2 тоот гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу уг буудайг “НБ ” ХХК-иас “ХМ ” ХХК-д нийлүүлсэн талаар анхан шатны зарлагын баримтууд “ХМ ” ХХК-ийн байгууллагуудаас худалдан авсан нийт зарлагын баримтны бүртгэлд байхгүй байгаа бөгөөд нөгөө талаас энэ хэмжээний буудайг “НБ ” ХХК-иас хүлээн авсан тухай орлогын баримт “ХМ ” ХХК-ийн орлогын баримтын бүртгэлд байхгүй байна гэсэн байгаа. Мөн “СТ ” ХХК-иас Эрүүгийн цагдаагийн алба асуусан байдаг. “ХМ ” ХХК-д нийлүүлсэн 105 тонн буудай нь талуудын 2014 оны 09 дүгээр сарын 02-нд байгуулсан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө 2014 оны 05 дугаар сард нийлүүлэгдсэн учраас энэ гэрээгээр нийлүүлэгдсэн гэж үзэх боломжгүй   болох нь “СТ ” ХХК-иас буудай нийлүүлэхдээ өгсөн зарлагын баримтууд болон “ХМ ” ХХК буудай хүлээн авахдаа үйлдсэн орлогын баримтанд тэмдэглэгдсэн он сар өдрөөр батлагдаж байна. “СТ ” ХХК нь “ХМ ” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 02-нд улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг буудайг нийлүүлээгүй болох нь баримтуудаас харагдаж байна гэсэн баримт байгаа. Мөн шалгалтын материалууд дотор Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ирүүлсэн 100 тоот шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт энэ дотор Цагдаагийн байгууллага “НБ ” ХХК, “СТ ” ХХК 2014 оны намар буудай өгсөнийг шалгалтын явцад тогтоогоорой гэсэн хүсэлтийг өгсөн байсан. Тэрийг шалгаад буудай нийлүүлээгүй гэдгийг бичээд тайлбарласан байгаа. Шинжээчийн дүгнэлтийг “Г” ХХК-ийн хуулийн хэлтэс зөвшөөрөөгүй учраа дахин ажлын хэлтэс гаргасан байдаг. Дахин ажлын хэсэг гаргаад бүрэлдэхүүнтэй шинжээч нар дахин шалгасан байдаг. Дахин шалгаад буудай өгөөгүй гэдэг нь нотлогддог. Харин нэр бүхий 4 компаниас авсан гэдэг нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн байдаг. Тийм учраас “НБ ” ХХК, “СТ ” ХХК нараас улаан буудай аваагүй гэдэг нь нотлогдож байгаа. “НБ ” ХХК дээр нэмж хэлхэд “НБ ” ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргаад Мөнхтөр шүүгч дээр хэрэг байхад их тонн улаан буудайг өгсөн гэдэг баримтыг яагаад өгөхгүй байгаа юм бэ гэхэд манай баримтууд А  гэдэг компанид байгаа гэж хэлж байсан. Шүүгч А  гэдэг компанийг дуудаад ирэхгүй байсан. Гэтэл одоо өөрсдөө баримт үйлдээд авч ирж байгаад нь харамсаж байна. 2014 онд татварын байгууллагад гаргаад өгсөн анхан шатны баримтуудаа одоо өөрчлөөд өөр өөр компани болгоод өгч байна. Улсын татварын ерөнхий газарт оччихсон. Улсын архивт орчихсон баримтуудыг яагаад үгүйсгээд байгаа гайхаж байна. Энэ компани улсаас их хэмжээний мөнгө луйвардсан гээд эрүүгийн цагдаа шалгаад, баримт нотолгоог нь гаргаад явж байгаа. Цагдаагийн байгууллага шалгахдаа энэ баримтуудыг үндэслэж шалгасан. Яагаад 2014 онд гаргаж баримтуудаа 2018 онд өөрчлөөд өөрсдөө бичиж ирээд байгааг гайхаж байна. Татварын баримт хугацаатай байдаг. “НБ ” ХХК болон “СТ ” ХХК нарын хооронд буудай өгч авалцаагүй учраас төлбөр төлөөгүй. Харин нэр бүхий 4 компаниас буудай авсан. Гэхдээ төлбөрийг төлөхдөө “Г” ХХК-д төлж байсан. Төлбөрийн асуудал дээр манайх маш их хариуцлагатай хандаж байсан. Мөнгийг хийхдээ асууж байгаарай гэж хэлдэг байсан. Манай нягтлан “Г” ХХК-ийн нягтланруу утасдаж байж мөнгийг хийдэг байсан. Төлбөрийг байнгын нэг дансанд авдаггүй байсан. Өөр өөр дансанд хийлгэж байсан. Ихэнхи төлбөр “Г” ХХК-ийн дансанд мөнгө орж байсан. Бид 9144 тонн буудай авсан 4 компанидаа төлбөрөө төлсөн. Одоогийн байдлаар                      20 000 000 гаран төгрөгийн авлагатай харагдаж байгаа. “НБ ” ХХК, “СТ ” ХХК-иас огт буудай аваагүй. “Г” ХХК-ийн хувьд “БДУ ”      ХХК-иас 5627 тонн буудайг авах явцад 5627 тонн буудайнаас 3300 тонн буудай нь маш чанаргүй буудай ирсэн. 2 байгууллагын хооронд энэ буудайнаас болж маргаан үүссэн. Эхлээд 3300 тонн буудайны төлбөр 6 сарын хугацаанд хийгдээгүй байсан. Бид чанаргүй буудайны талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн ард техник, үг үсгийн алдаанаас болоод 6210 гэсэн тоо орсон байсан. Уг нэхэмжлэлийн үндсэн шаардлага дээр “Г” ХХК-ийн гэрээгээр тохиролцон нийлүүлэх ёстой байсан 6210 тонн буудайнаас өөрийн охин компани болох Б.Ч захиралтай “БДУ ” ХХК-ийн нэрээр 5627 тонн улаан буудайг нийлүүлсэн болно гээд бичсэн байгаа. “БДУ ” ХХК-ийн нэрээр Сэлэнгэ аймгийн шүүхрүү 2 удаа мэдэгдэх хуудас явуулсан. Гэтэл энэ компанийг төлөөлөх байгууллага нь хотод байдаг гээд “Г” ХХК хүлээж авсан. Тэгээд бид “БДУ ” ХХК-ийн нийлүүлсэн чанаргүй буудайны асуудал “Г” ХХК хариуцах юм байна гэж үзээд бид “Г” ХХК-д холбогдуулж гаргасан. 6210 тонн бол биш гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 онд “ХМ ” ХХК-тай ямарч улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Мөн өөрийн байгууллагын нэрийн өмнөөс “ХМ ” ХХК-д улаан буудайг нийлүүлсэн асуудал байхгүй. Мөн төлбөр авсан асуудал байхгүй. “ХМ ” ХХК нь хэрэгт тооцоо нийлсэн акт гаргаж өгөөд манай компаниас 5627 тонн улаан буудай авч төлбөр тооцоог төлж барагдуулсан гэдэг. Манай компани нь “Г” ХХК, “НБ ” ХХК, “СТ ” ХХК нартай нэг үүсгэн байгуулагчтай. Хамаарал бүхий аж ахуй нэгж байгаа. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн УХШ14/092-3 тоот гэрээний дагуу “СТ ” ХХК-ийн нэрийн өмнөөс “ХМ ” ХХК-д өөрийн СТ  салбараар дамжуулан 1300 тонн улаан буудай, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн УХШ14/092-5 тоот гэрээний дагуу “Г” ХХК-ийн нэрийн өмнөөс “ХМ ” ХХК-д Жаргалант салбараараа 1221,2 тонн, СТ  салбараар дамжуулан 3078,58 тонн, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн УХШ14/092-2 тоот улаан буудай нийлүүлэх гэрээний дагуу “НБ ”     ХХК-ийн нэрийн өмнөөс “ХМ ” ХХК-д СТ  салбараараа дамжуулан 27,50 тонн улаан буудайг нийлүүлсэн. Гэхдээ манай компани “ХМ ” ХХК-тай гэрээ байгуулаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 онд 8 компани манайд буудай нийлүүлнэ гэж гэрээ байгуулсан байгаа. Үүн дотор НБ, СТ, Г ХХК  “Г” ХХК, “ГА ” ХХК зэрэг нийтдээ 8 компани нийлүүлхээр болсон. Ингэхдээ бид “НБ ” ХХК, “СТ ” ХХК-иас нэг ч буудай аваагүй. “Г” ХХК хэдий буудай өгөөгүй ч гэсэн “БДУ ”    ХХК-ийн нийлүүлсэн 5627 тонн буудайг “Г” ХХК хариуцна гэж үзээд бид “Г” ХХК-д сөрөг нэхэмжлэл гаргаагүй. “СТ ” ХХК 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу буудай нийлүүлээгүй. Энэ нь манай компаний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Учир нь бид намар нэг удаа буудайгаа худалдаж авдаг. Банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Гэрээний заалтаа зөрчиж буудай нийлүүлээгүй. 3300 тонн буудайг 1 тонныг 500 000 төгрөгөөр тооцно гэсэн. Үүний 10 хувь болох 165 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. “НБ ” ХХК 4050 тонн буудай нийлүүлнэ гэж гэрээ байгуулсан. Гэвч гэрээний дагуу нэг ч буудай нийлүүлээгүй. Тиймээс гэрээний 5.1, 5.2, 5.3-т заасны дагуу өөрт учирсан хохирол 222 750 000 төгрөгийг “НБ ” ХХК-иас шаардаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Гэрээ байгуулж гэрээний дагуу үүргээ биелүүлсэн. Өөрсдөө төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байж хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй. 71-125 дугаар хуудсанд байгаа баримтууд 9144 хүрэхгүй. 5627 тонн буудайны төлбөр болж байгаа. 2012, 2013 оны юм яриад байна. Энэ асуудал энэ хэрэгт хамааралгүй. Зөвхөн 2014 оны зүйлийг ярьж байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр төлбөр төлсөн нь нотлогдсон гэж яриад байна. Шинжээчийн дүгнэлтээр юу нотлогддог гэхээр 2014 онд 9144,64 тонн улаан буудайг “ХМ ” ХХК нь авсан нь нотлогддог. 2012, 2013, 2014 оны хамарсан олон асуудал байгаа. Гэхдээ энэ маргаантай хамааралтай нь 2014 онд “ХМ ” ХХК нь 9144,64 тонн улаан буудайг авсан гэдэг 144 тоот шинжээчийн дүгнэлт, 203 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Үүн дээр тоо хэмжээг тодорхой заасан байгаа. 9144,64 тонн буудайны төлбөрийг төлсөн баримт нь байхгүй байгаа. Хариуцагч нар “Г” ХХК-д “БДУ ” ХХК-ийн төлбөрийг төлсөн гэж яриад байгаа. Бодит байдал дээр “Г” ХХК-иас буудай авсанаа мэдээд “Г” ХХК-д төлбөрийг төлсөн асуудал байгаа. СТ гийн хувьд мөн адилхан. 3300 тонн улаан буудай нийлүүлэх гэрээ хийгээд 1300 тонн улаан буудайг нийлүүлчихсэн. 5 жилийн турш төлбөрөө аваагүй. Гэтэл өөрөө 1300 тонн улаан буудайны мөнгийг төлөхгүй байж буудай нийлүүлээгүй гэж мөнгө нэхээд байгаа нь буруу. Гэрээний төлөлтийн графикийг байгуулсан. Эхний график төлөгдөөгүй. 2 дахь график төлөгдөөгүй. Ингээд гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн учраас үлдсэн буудайгаа нийлээгүй. 9144 тонн буудай авсан нь тодорхой. Үүнээс 5627 тонн буудайны төлбөрийг төлсөн баримт байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХМ ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг нийт 2 614 553 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НБ ” ХХК-д 1 158 578 000 төгрөг, “СТ ” ХХК-д 975 000 000 төгрөг, “Г” ХХК-д   480 975 000 төгрөг тус тус олгож, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “НБ ” ХХК, “СТ ” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлгүйгээс учирсан хохирол нийт 1 122 930 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ХМ ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 182 600 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн           5 930 550 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13 230 715 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05085 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамж нь, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2928 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамжийн 5 дахь заалт нь тус тус шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хуулийн хүчин төгөлдөр болохыг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14675 дугаар тус шүүхийн Шүүгчийн      захирамж нь энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг үүссэн бодит нөхцөл байдлын талаар огт ойлголтгүй байсан, буруу зөвийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоож чадаагүй, зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан хууль бус нотлох баримтуудад түшиглэн тэдний талд үнэлсэн, хэргийг зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтүүд, ХУД-ийн татварын хэлтсийн шалгалтын дүгнэлтүүдийг огт үнэлж үзээгүй, хариуцагчийн буудайн төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг нотлох төлбөрийн баримтууд, хавсаргасан санхүүгийн өглөг авлагын тооцооллыг огт судлаж дүгнээгүй, хариуцагчийн зүгээс удаа дараа, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн илэрхий хуурамч засварласан анхан шатны баримтуудыг нотлох баримтуудаас хасуулах тухай гаргасан хүсэлтэд шүүх хуралдаан дээр нотлох баримтуудаа шинжлэн судална гэсэн тайлбараар хүлээж аваагүй мөртлөө шүүх хурал дээрээ үүнийгээ огт анхаарч үзээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж алдаа гаргаж шударга бус хандсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн 2018-2019 онуудад хуурамчаар нөхөж гаргаж өгсөн баримтуудыг иш үндэс болгож ноцтой алдаа гаргасан. Шүүгч барааг 2014 оны 9-11 саруудад барааг хүлээн авсан тэр өдрөө барааны дагалдах баримтууд бичигдсэн байх ёстой гэж тайлбарласан хуулийн заалтыг огт анхаарсангүй. Шүүгчийн дүгнэлтээр бол талууд 9144, тн буудайг 2014 оны 9 сард огт өгч авалцахдаа баримтгүй авсан, энэ баримт нь 2019 он хүртэл баримт өгөгдөөгүй байсан, 2018, 2019 онд баримтуудыг нөхөж авсан өгсөн болохоор харагдаж байна. Барааг өгсөн ба авсан талуудад барааны баримт хоёуланд үлддэг. Шүүгчийн гаргасан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд “Г” ХХК-ийн хамаарал бүхий 8 компани нь 2014 онд 20,0 тн буудай нийлүүлнэ гэж гэрээ хийсэн ч бодитоор 4 компани 9144,бтн буудай нийлүүлж, 10,8 мян/тн буудай дутуу нийлүүлсэн нь баримтуудаар батлагддаг. Энэ 8 компаниуд бүгд байгуулсан гэрээгээ ашиглаад улсаас олон зуун сая төгрөгийн урамшуулал авсан байдаг гэсэн ч буудайгаа бүрэн нийлүүлээгүй. Энэ компаниуд гэрээг бизнесийн эрх тэгш зарчмаар байгуулаагүй зөвхөн улсаас олон зуун сая төгрөг луйвардан авах зорилгоор байгуулсан нь одоо нэгэнт батлагдсан бөгөөд ийм луйврын үйлдэлдээ манай байгууллагыг ашигласан гэж үзэж гомдолтой байна. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй байж, хууль бусаар ашиг олсон, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж, буруу үйлдлээсээ мултрахын тулд манай компанийг гүтгэж золиослох оролдлого хийж байгаа “СТ ”, “НБ ” ХХК-иудаас хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байгаагаа хууль эрх зүйн болон ёс суртахууны үндэстэй үйлдэл гэж үзэж байна. Дээрх баримтуудаас “НБ ” ХХК, “СТ ” ХХК-нууд нь манай “ХМ ” ХХК-д буудай нийлүүлээгүй нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь манай компаний хэвийн жигд ажиллахад сөргөөр нөлөөлсөн болно. Иймд “СТ ” ХХК-иас байгуулсан ӨХШ14/92-3 тоот гэрээний 5,2 заалтын дагуу нийлүүлэх ёстой байсан 3300 тн буудайг 1 тн бүрийг 500 000 төгрөгөөр үнэлж нийлүүлээгүй үнийн дүнгийн 10 хувь болох 165 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн “НБ ” ХХК-тай байгуулсан ӨХШ 14/092-2 тоот гэрээний 5,2 заалтын дагуу нийлүүлэх ёстой байсан боловч нийлүүлээгүй 4050 тн буудайг 1тн бүрийг 500 000 төгрөгөөр үнэлж нийлүүлээгүй нийт үнийн дүнгийн 10 хувь болох 202 500 000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна. Иймд манай дээрх 2 компаниас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох нийт 367 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч НБ, СТ, Г ХХК  “Г” ХХК нь хариуцагч “ХМ ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн улаан буудайн үнэ 2 614 553 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч нараас 1 122 930 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч “НБ ” ХХК нь хариуцагчтай 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан УХШ 14/0922 гэрээгээр нийлүүлсэн 1634,64 тонн улаан буудайны төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 899 082 000 төгрөг, алданги 499 526 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 190 000 000 төгрөгийг хасч, 1 158 578 000 төгрөг гаргуулах, Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагчтай 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан УХШ 14/0925 тоот гэрээний үүрэгт 583 тонн улаан буудайн үнэ 320 650 000 төгрөг, алданги 160 325 000 төгрөг, нийт 480 975 000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч “СТ ” ХХК нь хариуцагчтай 2014 оны оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан УХШ 14/ 0923 тоот гэрээний дагуу нийлүүлсэн 1300 тонн улаан буудайн үнэ 650 000 000 төгрөг, алданги 325 000 000 төгрөг, нийт 975 000 000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, “НБ ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол олох байсан орлого 405 180 000 төгрөг, гэрээнд заасан алданги              222 750 000 төгрөг, бүгд 627 930 000 төгрөг, “СТ ” ХХК нь гэрээнд заасан 3300 тонн улаан буудайг нийлүүлсэн бол олох байсан орлого 330 000 000 төгрөг, алданги   165 000 000 төгрөг, бүгд 495 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Тодруулбал, зохигчдын хооронд байгуулагдсан дээрх 3 гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэж байх ба тухайн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул гэрээний үүргийг талууд хэрхэн гүйцэтгэсэн нь шаардах эрхийн үндэслэл болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “хүснэгт № 1, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/235 тоот хариу илгээх тухай баримт зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтэд авагдсан үйл баримтад талууд маргаагүй ба шүүх эрүүгийн хэрэг шалгах явцад гаргасан тухайн бичмэл баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар үнэлэх болсон үндэслэлээ шүүх шийдвэртээ заагаагүй байна.

Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 144 тоот дүгнэлтийн                   /хүснэгт №1/-ээс үзвэл хариуцагчид 2012-2014 онуудад нэхэмжлэгч “НБ ”     ХХК нь улаан буудай огт нийлүүлээгүй, “СТ ” ХХК нь 2012 онд 11 612,14 тонн улаан буудай нийлүүлж, 2013, 2014 онд улаан буудай нийлүүлээгүй, “Г”      ХХК нь 2013 онд 2800 тонн, 2014 онд 106,26 тонн улаан буудай нийлүүлсэн гэж бичигдсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот дүгнэлтээр дээрх 144 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бүрэлдэхүүнтэй шинжээчид “тооцооллын хувьд зөрүүтэй” гэсэн дүгнэлт хийсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 203 тоот дүгнэлт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2012-2014 онд байгуулагдсан гэрээний дагуу нийлүүлсэн улаан буудайн тооцоог гаргасан нь 144 тоот дүгнэлттэй адил байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай болжээ.

Тухайлбал, нэхэмжлэгч “НБ ” ХХК нь 2014 оны УХШ14/0922, “СТ ” ХХК нь УХШ 14/ 0923 тоот гэрээний дагуу тухайн онд хариуцагчид улаан буудай нийлүүлээгүй талаар 144, 203 тоот дүгнэлтүүдэд бичигдсэн байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагчид нийлүүлсэн улаан буудайн тооцоо нийлж баталгаажуулсан акт гэх баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон ба энэ баримтын 2014.11.02 гэсэн огноог хар өнгийн будагч бодисоор дарсан байх тул хэзээ үйлдсэн баримт болохыг тодорхойлох боломжгүй, тухайн үед үйлдэгдсэн баримт гэж үзвэл 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 144, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 203 тоот дүгнэлтүүдийг хэрхэн үгүйсгэж байгааг шүүх дүгнээгүй байна.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч нь хэргийн нотлох баримтаас 47 хуудас бичмэл баримтыг хасуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан байх ба шүүх тухайн баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс гадна хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй байв.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй, хэргийн үйл баримт, нотлох баримтанд дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01463 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18 845 365 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

 

                              ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

  М.НАРАНЦЭЦЭГ