| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/06815/И |
| Дугаар | 101/ШШ2023/04500 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2023/04500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, Мянгад овогт *******ийн *******/регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн , хаягт оршин суух, Боржигин овогт *******ын *******/регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,432,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгсдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.******* нь Б.*******д 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Голомт банкны дансаар 5 хувийн хүүтэй, 13 хоногийн хугацаатай 4,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссаны дараа 750,000 төгрөг өгч, үлдсэн 3,250,000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна. Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги 122 хоногт тооцож, үндсэн зээл болох 3,250,000 төгрөг, түүний хүү болох 200,000 төгрөг, нийт 5,432,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Үлдэгдэл дүн буюу 3,250,000 төгрөгөөс алданги тооцоод нэг өдрийн алдангийн 16,250 төгрөг болсныг 122 хоногт үржүүлэхэд 1,982,500 төгрөг, зээлийн үлдэгдэл 3,250,000 төгрөг, энэ дээр 5 хувийн хүү 200,000 төгрөгийг нэмээд нийт 5,432,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гарч байна гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 5,432,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зээлийн үлдэгдэл дүн болох 3,250,000 төгрөгөөс нэг өдрийн алдангийг 16,250 төгрөгөөр 122 хоногт тооцож 1,982,500 төгрөгийн алданги, 5 хувийн хүү 200,000 төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ж.*******гийн эзэмшдэг, Голомт банк дахь дугаартай дансны хуулгаас үзэхэд, Ж.*******гаас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийг ЦЭВЭЛМАА-С ҮҮ****ЯА-Д утгаар шилжүүлсэн байх ба мөнгө хүлээн авагчийн дансны дугаар, нэр тодорхойгүй байна.
4. Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Зээлийн баталгаа гаргах нь нэртэй, Б.******* гэх гарын үсэгтэй, 2022.05.18 огноотой, гараар бичсэн бичвэртэй хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т тус тус заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар байх тул 5 хувийн хүүтэй зээл авсан тухай уг бичвэрийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
5. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эсхүл эс зөвшөөрөх талаар хариу тайлбар гаргаагүй, аливаа нотлох баримтыг гаргаагүй тул Ж.*******гийн эзэмшдэг, Голомт банк дахь дугаартай данснаас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэлийн үндэслэлд хамааралтай гэж үзэв.
6. Нэхэмжлэгч нь зээлийн хугацаа дууссаны дараа 750,000 төгрөгийг хариуцагч өгсөн, 3,250,000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрсэн хэмээн нэхэмжлэлдээ дурьдсан ба нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөгийг хариуцагч төлсөн үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул хариуцагч Б.******* нь зээлж авсан 4,000,000 төгрөгөөс 950,000 төгрөгийг Ж.*******д эргүүлж төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдлоо.
7. Дээр дурьдсан үйл баримтыг дүгнэхэд, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцжээ.
8. Харин Зээлийн баталгаа гаргах нь нэртэй, Б.******* гэх гарын үсэгтэй, 2022.05.18 огноотой, гараар бичсэн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул хариуцагчаас хүү, алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
8.1. Тодруулбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасан шаардлагад нийцэх зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
9. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
10. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хариуцагч Б.******* нь Ж.*******гаас зээлж авсан 4,000,000 төгрөгөөс 950,000 төгрөгийн эргүүлж төлсөн, зээлийн хүү, алданги төлөх үүрэггүй гэж дүгнэж, үлдэгдэл төлбөр 3,050,000 төгрөгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
11. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.*******гаас 3,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,382,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 63,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА