| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/03903/И |
| Дугаар | 101/ШШ2023/04571 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2023/04571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар, Нэхэмжлэгч: А, Нэхэмжлэгч: Б нарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Д-д холбогдох, 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, Ж.Жамсрандорж, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөлслүүлэгч А болон Б бид хөлслөгч Д тэй харилцан тохиролцож, 2021.10.01-ний өдөр №1949 орон сууц хөлслөх гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, баталгаажуулсан. Тус гэрээний хугацаа дуусахад хөлслөгч Д дахин үргэлжлүүлэн хөлслөх хүсэлт нэхэмжлэгчдэд тавьснаар, 2022.10.06-ны өдөр зөвхөн хугацааг 1 жилээр сунгаж, тус гэрээний бусад заалтуудыг хүчин төгөлдөр хэвээр үлдээхээр талууд харилцан тохиролцож, хөлслөх гэрээг сунгаж, нотариатаар батлуулсан. Тус гэрээний нөхцөлд хөлслүүлэгч нь 2022.10.06-ны өдрөөс 2023.10.05-ны өдрийг хүртэлх нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар Д т хөлслүүлж, орон сууцыг хөлслүүлэгч тал хөлслөгч талд нэг сарын 1 сая Т-өөр хөлслөхөөр тохирч, гэрээний хугацаа нийт 1 жилийн хатуу хугацаатай байхаар зөвшилцөж, хөлслөгч нь эхний 9 сарын төлбөрийг А гийн ХААН банкны дансанд бөөнд нь нэг дор шилжүүлж, үлдсэн 3 сарын төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлөх үүрэг хүлээж, харилцан тохиролцсон. Энэхүү нэхэмжлэлд хамаарах орон сууц хөлслөх №1949 гэрээний 3.4-т хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1 сая төгрөгийг хөлслөгч тал хөлслүүлэгчид өгнө. Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран захиран зарцуулна, мөн 3.6-д үүргийн гүйцэтгэлийг хангах: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө, мөн 3.7-д Нэмэлт нөхцөл: Хөлслөгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол хөлслүүлэгч тал дэнчин болох 1 сая Т-ийг буцаан олгохгүй гэж тус тус гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, тодорхойлсон. Гэвч хариуцагч Д нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө буюу 2023.05.04-нд гэрээний зүйл болох БЗД, 1 тоот хаягт байршилтай 70.63 м.кв талбайтай, 00 ҮХХ-ийн дугаартай, гурван өрөө, орон сууцны зориулалттай байрыг маань цаашид хөлслөхгүй гэж өөрсдийн сайн дурын хүсэл зоригийн дагуу шийдэж, гэрээний дэнчинг ч бидэнд төлөхгүй, байрны түлхүүр хүлээлгэн өгөлгүй, тус байрыг I харилцан хүлээлцэлгүй шууд орхин зугтаж гарсан. Мөн бас хариуцагч Д тус байрыг хөлслөх хугацаандаа түрээсийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа тохиролцсон хэмжээгээр бүрэн бүтэн төлөөгүй буюу 2 удаа хугацаа хэтрүүлэн хэсэгчлэн төлөхдөө дутуу төлж, гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчдийг ноцтой хохироосон. Иргэний хуулийн 231.1 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана, 237.1.2.Дэнчин Мөн Иргэний хуулийн 232.2-т Дэнчингийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анзыг нэгэн адил хэрэглэж болно, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хариуцагч Д ийн хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйлдлийн хариуцлагыг хэрхэн тооцохыг зохицуулсан байдаг. Энэ талаар тус нэхэмжлэлд холбогдох хөлсний гэрээнд ч мөн хуультай адил утгаар заасан тул хөлслүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хөлслөг/хариуцагчаас анз/алданги шаардах эрхтэй юм. Тус нэхэмжлэлд хамаарах орон сууц хөлслөх гэрээ №1949-ын 6.1-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна, мөн 7.5-д Энэхүү гэрээтэй холбоотой маргаан маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэж тус тус зохицуулсан. 2023.05.04-нд гэрээний зүйл болох орон сууцнаас хариуцагчийг нүүхэд нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг тайлбарлахад, хөлслөгч өөрөө нэг талын буюу хөлслөгч талын санаачилгаар гэрээгээр цуцалж байгаагаа нэхэмжлэгчид мэдэгдэж, өөрсдийн эд хогшлоо бүрэн нүүлгэн шилжүүлж дуусгасан. Тиймээс А.Орон сууц хөлслөх гэрээ №1949-ны 3.7-д Нэмэлт нөхцөл: Хөлслөгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол хөлслүүлэгч тал дэнчин болох 1 сая 7-ийг буцаан олгохгүй гэж тохиролцсон тул хариуцагч Д гэрээг зөрчиж, гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн сайн дураар хөлсөлсөн байрнаас гарсан учраас хөлслөгчид гэрээний дэнчин болох 1 сая төгрөгийг төлөх ёстой. Тиймээс тус шүүхээс хариуцагч Д т орон сууц хөлслөх гэрээний дэнчин болох 1 сая Т-ийг нэхэмжлэгчид гаргуулахыг даалгаж өгнө үү. Б.Орон сууц хөлслөх гэрээ №1949-ны 3.6-д үүргийн гүйцэтгэлийг хангах: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нъ хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж зохицуулсан. Хариуцагч Д түрээсийн эхний 9 сарын төлбөрийг гэрээнд тохирсон хугацаанд, гэрээнд тохирсон хэмжээгээр нь бүрэн төлөөгүй буюу эхлээд 2022.10.06-ны өдөр зөвхөн 3 сарын хөлсийг төлж, дараа нь 2023.01.02-ны өдөр дахин 3 сарын төлбөрийг дутуу тус тус хэсэгчлэн дутуу төлж байсан болно.
Тиймээс гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй хөлслөгч Д нь хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид нийт 4.5 сая төгрөгийн алдангийг төлөх ёстой. Иймд тус шүүхээс хариуцагч Д т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй буюу гэрээгээр заасан товлосон хугацаанд, гэрээгээр тохирсон хэмжээний төлбөрөө бүрэн төлөөгүй, хугацаа хожимдуулсан, гэрээг зөрчсөний улмаас үүссэн нийт алданги болох 4.5 сая Т-ийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү. Дээрхийг бүгдийг нэгтгэвэл хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учруулсан хохирол, алданги болон дэнчингийн төлбөр а/Дэнчин /1,000,000/ + б/ нийт алданги /4,500,000 төгрөг/ = 5,500,000 төгрөг болох бөгөөд тус шүүхээс хариуцагч Д ээс үүнийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хоёр тал 2021 оны 10 сарын 1-ний өдөр орон сууц түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, түрээсийн төлбөрийн эхний 9 сарын төлбөрийг төлөхөөр заасан. Үүний дагуу А д гэрээ байгуулсан өдөр дэнчингийн 1,000,000 төгрөгийн хамт 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний мөн заалтад 2022 оны 6 сараас эхлэн үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 1-ний өдөр төлөхөөр заасан. 7 сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөг, 7 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 сарын 2-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Үндсэн гэрээнд ямар нэгэн алданги байхгүй. Нэхэмжлэгч 4,500,000 төгрөгийн алдангийг аль гэрээгээр нэхэмжилж байгааг сайн олгохгүй байна. Хариуцагч тал нэмэлт гэрээ болон үндсэн гэрээгээр нийт 19 сар тухайн орон сууцыг хөлслөн сууж, сарын 1,000,000 төгрөг гэж тооцоход нэхэмжлэгч талд нийт 19,000,000 төгрөгийг өгнө. 19,000,000 төгрөгийг бүрэн төлсөн, төлбөрийг 3 сараар нийлүүлж өгсөн тохиолдол ч байгаа, төлөх ёстой өдрөөс хэд хоногийн өмнө төлсөн тохиолдол ч байгаа учраас алданги тооцох үндэслэл байхгүй. Гэрээний талууд гэрээг хэдийд ч цуцалж болно, энэ эрхийг хязгаарлаж болохгүй. Байр хүлээлцэж өгч байхад нэг удаа ч алдангийн тухай асуудал яригдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй энэ талаар хэд хэдэн баримт дурдъя. Бид нар 10 сарын 1-ний өдөр гэрээ байгуулж, төлбөрийн бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч тал байр түрээсэлж байхад манай энэ хавиар түрээсийн байрны үнэ 1,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгт хүрсэн байна гэж хүсэл зоригоо илэрхийлж байсан. Анх гэрээ байгуулахад ямар нэгэн маргаан үгүйгээр сар сардаа төлбөрөө төлөхөөр тохиролцож байсан. Хэрэв талуудын хооронд 9,000,000 төгрөгийн маргаан гарсан бол цахим хэрэгслээр харилцаж байсан баримтуудаар тогтоогдох ёстой. Энэ цахим харилцаанууд дээр ямар нэгэн алданги болон 9,000,000 төгрөгийн тухай дурдагдаагүй. Нэхэмжлэгч 9,000,000 төгрөгийн маргаан байсан гэж үзэж байгаа бол үүнийг өөрөө нотлох ёстой. 9,000,000 төгрөгийг нэхэх атал эсрэгээрээ юнивишний төлбөрийг бид нараас нэхэж байсан. Гэрээний 2.1-р зүйл дээр 2022 оны 6 сараас эхлэн байрны түрээсийг сар бүрийн 1-ны өдөр төлнө гэж заасан бид нар түрээсийг хугацаанд нь ямар нэгэн маргаангүй төлж дуусгасан. Нийт 19 сар байр түрээсэлж, 19,000,000 төгрөгийг төлж дуусгасан. Гэрээнд гэрээг цуцлах бол нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан энэ заалтыг манай тал биелүүлсэн. Гэрээний үг, үсгийг буруу ойлгож нэхэмжлэл гаргасан бол ёс зүйгүй үйлдэл болж байна. 160,000 төгрөгийн тухай баримт хавтаст хэрэгт байна, энэ талаар нэхэмжлээгүй учир тайлбар хэлэх илүүц байх гэж бодож байна ... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жамсрандорж шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэрээ болон амаар тохирсон хөлсөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Хэргийн 7-17-р тал. Хариуцагч талаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: 34-42-р тал. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: үзлэгийн тэмдэглэл 72-77, түүнд хавсаргасан баримт 51-68-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч А , Б нар хариуцагч Д т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алдангид 4,500,000 төгрөг, дэнчинд 1,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч тал гэрээнд зааснаар хөлсөөө бүрэн төлсөн, гэрээгээ цуцлах талаар гэрээнд заасан хугацаандаа мэдэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
А , Б болон Д нарын хооронд 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай, бичгээр байгуулсан байх бөгөөд хөлслүүлэгч нар өөрийн өмчлөлийн 1 тоотод байрлах, орон сууцны зориулалттай 70.63 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөлслөгч Д ийн гэр бүлийг амьдрах зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөх, хөлслөгч нь хүлээн авч эзэмших, 1 сард 1 сая төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 10 сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ зэргээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй. /хх-8/
Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хөлслөгч Д дээрх гэрээний дагуу гэр бүл болох Г.Батдорж, хүүхдүүдийн хамт орон сууцанд амьдарч, гэрээний 3.2.1-д зааснаар эхний 9 сарын төлбөр болох 9,000,000 төгрөг, дэнчин 1,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг 2021.10.01-нд нэхэмжлэгч А гийн Хаан банкны данс уруу шилжүүлж төлсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.
Хариуцагч 2022 оны 6 сарыг дуусталх хөлсөө бөөнд нь төлсөн байх ба гэрээний 3.2.1-д зааснаар 2022.06.01-нээс хойш сар бүрийн 1-нд сарын түрээсээ төлөхөөр тохиролцсоны дагуу Д 2022 оны 7 сарын хөлс 1,000,000 төгрөгийг 2022.07.05-нд, 2022 оны 8 сарын хөлс 1,000,000 төгрөгийг 2022.07.23-нд, 2022 оны 9 сарын хөлс 1,000,000 төгрөгийг 2022.09.02-нд А гийн Хаан банкны 5622045745 тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.
Дээр дурдснаас дүгнэвэл гэрээний талууд хэн аль нь үүргээ биелүүлсэн, хөлслөгч Д Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж заасны дагуу 1,000,000 төгрөгийн дэнчингээ буцаан авах эрхтэй байна. Талууд дээрх орон сууц хөлслөх гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, талуудын хооронд байгуулагдсан 2021.10.01-ний гэрээний заалтууд хүчин төгөлдөр байхаар тохирч, гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 10 сарын 06-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-11/ Нэхэмжлэгч алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэлээ ...2021.10.01-ний гэрээний 3.2.1-д зааснаар хөлсийг 9 сараар бөөнд нь төлөхөөр тохирсон... гэж тайлбарлаж байна.
Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4.3-т заасан 2021.10.01-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэх заалтаар талуудыг 2022.10.01-нээс хойших 9 сарын төлбөрийг бөөнд нь төлөхөөр тохирсон гэж үзэх боломжгүй ба сар сард төлөхөөр тохирсон, А гийн хүсэлтээр 3 сараар төлсөн болох нь хариуцагч талын тайлбар, Д ийн гэр бүл болох Г.Батдорж, А нарын хоорондоо харилцсан телеграммд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч А Д ийн нөхөр Г.Батдоржтой телеграммын захиагаар харилцаж байсантай маргаагүй. Нэхэмжлэгч тал ...1 жилээр сунгахдаа 2022.10.01-ний өдрөөс 2023.07.01-ний өдрийг хүртэлх хугацааны 9 сарын хөлсийг бөөнд нь авахаар тохирсноо баримтаар нотлоогүй, 2022.10 сар, 2023.01.02, 2023.03.21-нд түрээсээ өгөх боломж байна уу, зээл төлөх гэсэн юм зэргээр бичсэн зэргээр дүгнэвэл, сар сард нь төлөхөөр тохирсон гэж үзэх үндэслэлтэй ба 2022.10.01-нээс хойших хөлсийг 9 сараар төлөхөөр тохирсон гэж үзэх боломжгүй.
Дээр дурдсанаас хөлслөгч тал гэрээний үүргээ биелүүлсэн байх тул алданги тооцох үндэслэлгүй. Иймд хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.
Талуудын хооронд байгуулагдсан 2021.10.01-ний өдрийн 1949 тоот гэрээний 5.4-т хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байх ба хөлслөгч тал 2023.03.21-нд 3 сараа дуусгаад, барьцаандаа 1 сар суугаад гарах талаар мэдэгдэхэд хөлслүүлэгч ....надаа одоо хүн олдох юм уу, бараг олдохгүй, хүн олох гэж 1 сараас илүү хугацаа орох байх шүү... гэх хариу өгсөн болох нь хариуцагч талын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд хөлслөгч гэрээгээ хугацаанаас өмнө цуцлах талаарх гэрээний 5.4-т заасан үүргээ биелүүлсэн, Иргэний хуулийн 233.2-т зааснаар дэнчинг үүргийн гүйцэтгэлд буюу 2023.04 сарын хөлсөнд тооцоод гарсан үйл баримт тогтоогдож байх тул хөлслөгчид гэрээний 3.7-д зааснаар дэнчин болох 1,000,000 төгрөгийг хариуцуулах үндэслэлгүй байна. Түүнчлэн хөлслөгч гэрээний 5.4-т зааснаар 1 сарын хугацаанд гэрээгээ цуцлахыг хөлслүүлэгчид мэдэгдсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарт 1,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж 1,000,000 төгрөгийн мөнгөн торгууль гаргуулах үндэслэлгүй.
Иймд хариуцагч Д ээс орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тооцсон алдангид 4,500,000 төгрөг, дэнчинд 1,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А , Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хангалттай хугацаанд явагдсан, нэхэмжлэгч талд эрх үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан, телеграммын бичвэрийг өөрчилж, устгаж болдог гэсэн боловч энэ тайлбартай холбоотой хүсэлт гаргаагүй, утас дээрх бичвэр устсан гэж тайлбарласныг дурдав.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д ээс 5,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А , Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
|