Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/05030

 

  

 

 

2023 о 11 с 16 ө

Дугаар 101/ШШ2023/05030

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Г-ийн нэхэмжлэлтэй,

Л- д холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г , хариуцагч Л , нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие болон А нь Л тай 2023 оны 01 сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээ-г 2023 оны 02 сарын 15-ний өдөр шинээр онлайн худалдааны вэб сайт хийж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож байгуулсан. Миний бие гэрээний үүргээ заасан хугацаанд биелүүлж холбогдох төлбөрийг Л ын дансанд шилжүүлсэн. Харин Л  нь гэрээнд заасан хугацаанд Шинээр веб сайт хийж хүлээлгэн өгөх ажлаа гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн буюу нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан ч гэрээний үүрэг биелэгдээгүй 3 сар 10 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Л тай Г  миний бие өмнө хамт ажиллаж байсан Цагаандоржоор дамжуулан холбогдож дээрх гэрээг байгуулсан. Цагаандорж болон Л  нар нь Темп Партнерс ХХК-д хамт ажилладаг байсан. Миний хувьд хариуцагчийг өмнө нь вэб сайт хийж байсан эсэх талаар лавлаж баталгаажуулаагүй, мөн вэб сайтыг ямар нөхцөлөөр бусад газрууд хийж гүйцэтгэж байгаа эсэх дээр хангалттай судалгаа хийхгүйгээр таньдаг хүнээр дамжин хийгдэж байгаа гэдэгт хэт итгэж дээрх гэрээг байгуулсан. Анх Цагаандоржоор дамжуулан вэб сайт хийх үнийг хариуцагчаас асуулгахад 11.0 сая төгрөг гэж хэлж байсан бөгөөд тийм их мөнгөөр хийлгэх боломжгүй гэхэд 5.0 сая төгрөгөөр хийж өгье гэж гэрээний загварыг бэлтгэж гэрээг байгуулсан. Миний зүгээс нэхэмжлэл гаргах үедээ вэб сайтыг ямар нөхцөлтэй хийж байгаа талаар товчхон судалгаа хийж үзэхэд 800,000-2,500,000 төгрөгийн ханштай байгаагаас харахад надтай өндөр дүнгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж илүү төлбөр авсан байгааг олж мэдсэн. Тухайлбал: Курсор студи /Cursor Studio cursor.mn/ ХХК нь Шинээр Онлайн худалдааны вэб сайтыг 1,200,000Т-өөр 5-10 хоногт хийж гүйцэтгэхээр байна. Мөн зохиогчийн эрхийг хуулиар хамгаалж өгдөг байна. Гэтэл хариуцагчийн зүгээс надад энэ талаар ямар нэгэн баталгаа гаргаж өгөөгүй, энэ талаар огт дурдалгүй гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд энэ талаар тусгагдаагүй байна. Г  миний бие хариуцагчтай холбогдож гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа сануулж итгэл үзүүлэн хүлээж байсан. Миний бие гэрээний үүрэг хангагдахгүй нилээдгүй хугацаа өнгөрсөн тул хариуцагчтай 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр биечлэн уулзаж мөнгөө буцаан авах талаар маргалдаж гэрээний үнийн дүнгийн 80 хувь 4,000,000 төгрөгийг өгөхийг шаардсан. Хариуцагчийн зүгээс дээрх дүнгээр буцаан өгч чадахгүй, 2023 оны 4 сарын 26-ны дотор 2,500,000 төгрөгийг буцаан өгөхөөр болсон боловч хэлсэн хугацаандаа биелүүлээгүй. 2023 оны 05 сарын 02-ний өдөр миний нөхөр Батбаян хариуцагчтай гэрээний талаар анх удаа холбогдон ярилцаж вэб хийх ажлыг зах зээлээс өндөр үнээр хийхээр гэрээ байтуулсан, вэб хийх ажлаа гэрээнд заасан хугацаандаа хийж гүйцэтгээгүй байгаа тул гэрээний нийт үнийн дүн болох 5,000,000 төгрөгийг хоёр хоногт багтаан өг, өгөхгүй бол шүүхийн байгууллагаар шийдүүлнэ гэдгээ хэлсэн. Хариуцагчийн зүгээс заасан хугацаанд мөнгө шилжүүлээгүй. Иймд хариуцагч Л  нь дээрх гэрээний дагуу шинээр вэб сайт хийж хүлээлгэн өгөөгүй, өчнөөн цаг хугацаа алдуулж бие сэтгэл, санхүүгийн хувьд хохирол учруулаад байгаа тул хариуцагчаас гэрээний нийт үнийн дүн болох 5,000,000 төгрөгийг гаргуулан өгч, миний хохирлыг барагдуулж өгнө үү.

Би Азжаргал гэдэг хүнтэй гар урлалаар бизнес хийхээр тохиролцож, энэ талаар судалгаа хийсэн. БНХАУ улс руу түүхий эд захиалахад нэг сар болно, энэ хугацаанд хариуцагч руу веб хийх талаар санал гаргаж, загварыг хариуцагч руу явуулсан. Хариуцагчтай 2023 оны 1-р сарын 5-ны өдөр гэрээ байгуулж, урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Үүнээс 14 хоногийн дараа хамтрагч Азжаргал үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч хүнд мөнгө хулхидуулсан гэхэд нь нэгэнт гэрээ хийгдсэн учир би үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Хариуцагч талаас эхний нэг сардаа багтаж эхний вебийн загварыг над руу явуулсан. Тухайн загварыг үзэхэд алдаатай, болохгүй зүйл бага зэрэг байсан. 2023 оны 2-р сарын 4-ны өдөр хариуцагчтай ажлынх нь үүдэнд уулзаж веб сайтын болохгүй зүйлийн талаар хэлж, хариуцагч засаж өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш шинэчлэлт хийгдэхгүй явж байгаад 2023 оны 3-р сарын 16-ны өдөр Их дэлдүүрийн нэг давхарт хариуцагчтай уулзахад би ажил ихтэй байсан тул удахгүй ажлыг хийж дуусгана гэж надад хэлсэн гэсэн. Үүнээс хойш ажлаа хурдан дуусгамаар байна гэж утсаар болон фэсбүүк чатаар хариуцагч талд олон дахин сануулж байсан. 2023 оны 4-р сарын 17-ны өдөр хариуцагчтай холбогдож, би бизнесийн хамтрагчтайгаа асуудалтай байгаа, веб сайт хийлгэх ажлыг буцаамаар байна гэж хэлсэн. Хариуцагч надад 2,500,000 төгрөгийг 7 хоногийн дараа өгье гэж хэлсэн. 7 хоногийн дараа 2,500,000 төгрөгийг өгөхийг шаардахад мөнгөгүй байна гэх зэрэг шалтгаан хэлсээр 5-р сар хүрсэн. Энэ талаар нөхөртөө хэлэхэд, манай нөхөр хариуцагчид шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хэлсэн. Энэ хугацаанд би веб сайт руу орж үзэж байсан, заримдаа алдаа зааж веб сайт руу орох боломжгүй, ямар ч шинэчлэлт хийгдээгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа веб сайт руу орж үзэхэд баннер байршуулсан байсан. Би өөрөө веб сайтын талаар мэдлэггүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд энэ талаар судалж үзсэн. Өөр веб сайт хийдэг хүнтэй уулзахад нэлээн ахисан түвшний вэб сайтыг 2,500,000 төгрөгөөр надад хийж өгье гэсэн хүмүүс байсан. Би өөрөө программ хангамжийн талаар мэдлэг хомс ч гэсэн хэзээ, ямар шинэчлэлт хийгдсэн талаар бүртгэл байдаг байх гэж бодож байна. Сая үзлэг хийхэд хамгийн сүүлийн шинэчлэлийг 5-р сард хийсэн байсан, гэрээг 1-р сард байгуулсан, надад 5-р сард шинэчлэлт хийсэн веб сайт одоо хэрэггүй. Дутуу хийгдсэн ажлыг би хүлээж авбал, дутуу хийгдсэн ажлыг өөр хүнээр хийлгэх болно, зохиогчийн эрхийн асуудал ч үүсэж болно. Анх гэрээ хийхэд бизнесийн үйл ажиллагаа тогтвортой болох хүртэл хариуцагч веб сайтын тогтвортой байдал болон зохиогчийн эрхийн асуудлыг хариуцна гэж хэлж байсан... гэв.

Хариуцагч Л  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Лхагважаргал миний бие 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ганчимэг болон иргэн Азжаргал /захиалагч/ нарын веб сайт хийх Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Захиалагч нар нь гүйцэтгүүлэх веб сайтын загвар, дизайныг гаргаагүй байсан ба beautysecret.mn сайттай төстэй гүйцэтгүүлэх хүсэлт тавьсан.

Тухайн сайт нь api front зэрэг олон ажилбаруудтай сайт байсан тул бүр хамгийн энгийнээр хийхэд л 11,000,000 төгрөгөөс гүйцэтгэх тухай мэдэгдсэн. Тухайн үнийн дүн өндөр байна гэж Захиалагч хүсэлт тавьсан учир 5,000,000 (таван сая) төгрөгөөр playhouse-order.mn гэсэн сайттай төстэй сайт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Мөн тухайн сайтыг судлахаар нэвтрэх дугаар 95109713 болон нууц үг 0126 аван ажлаа эхлүүлэв. Захиалагчид эхний захиалга ажлуудаа цагаан сар өнгөрөөд мартын 8 баяр буюу 3.8-ны өдрөөс авч эхэлнэ тэр хугацаанд дуусгахаар харилцан тохиролцсон. Захиалагч 4 ширхэг бараатай тэдгээрийгээ танилцуулмаар байна гэх хүсэлт тавьсан ба beautysecret.mn сайтын барааны дэлгэрэнгүй мэдээллийг харуулдаг сайтыг хоорондын хамтын ажиллагаа болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж үнэ төлбөргүй хийж гүйцэтгэхээр болсон. Гэрээний дагуу эхний төлбөрөө 2023.01.06-нд авч ажлаа эхлэн 2023.01.19-ний өдөр эхний байдлаар гүйцэтгэлээ дуусган 2023.01.31-ний өдөр үндсэн Admin.amanistudio.mn болон Amanistudio.mn сайтын серверт байршуулан ажиллуулсан.

Тухайн гэрээний гүйцэтгэлээр

1.Amanistudio.mn/api-Rest api service

2.Admin.amanistudio.mn-захиалгыг харах өөрийн санал хүсэлт өгөх систем

3.Аmanistudio logo-сайтыг гүйцэтгэсний дараа лого шаардлагатай байсан тул хийж гүйцэтгэсэн

4.Amanistudio.mn-Барааны мэдээллээ харуулах танилцуулга веб сайт /үнэгүй нэмэлтээр/

5. аmazon aws - хост үйлчилгээ /сар бүр $20 гардаг/ зэргийг хийж гүйцэтгэсэн.

Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох веб сайтын гүйцэтгэлтэй холбоотой аливаа тайлбар, сайжруулалт, санал, хүсэлт байгаагүй ба захиалагчид төлбөргүйгээр хийж гүйцэтгэх байсан танилцуулга сайт дээр санал хүсэлт ирж байсан. Талууд нь аливаа байдлаар Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй ба үнэ төлбөргүй хийж гүйцэтгэх танилцуулга ажил нь талуудын хооронд үүсэж байгаа тусдаа харилцаа юм. Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Захиалагч нь холбогдох төлбөрийг бүрэн төлж, гүйцэтгэгч нь харилцан тохиролцсон ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэж, талууд нь харилцан гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний хувьд анх гэрээ хийхэд 100 хувь төлбөрийг авч ажил эхлүүлдэггүй, гэхдээ урьдчилгаа авдаг. Нэхэмжлэгч тал эхэндээ beautysecret.mn гэх сайт шиг веб сайт хийлгэмээр байна гэхэд үнэ өртгийн талаар тайлбарлаж хэлэхэд Playhouseorder.mn сайт шиг сайт хийлгэхээр тохирч төлбөр, тооцооны шийдэл болон захиалга хэсгийн талаар ярилцаж, би энэ веб сайтыг admin.amanistudio.mn гэх домэйн хаяг дээр хийж хадгалсан байгаа. Гэрээгээр тохиролцсон ажлыг би хийж дуусгасан, admin.amanistudio.mn дээр хадгалагдаж байгаа. Тухайн үед барааны танилцуулгын хэсэг хэрэгтэй байна гэхэд би beautysecret.mn сайтаас харж байгаад барааны мэдээллийг дэлгэрэнгүй харуулдаг веб сайтыг үнэгүй хийж өгье гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн нэмэлт хэсэг хийлгэх хүсэлтүүд нь миний үнэгүй хийж өгье гэсэн сайт дээр ирж байсан болохоор хойш тавьсан зүйл бага зэрэг байгаа. Сая үзлэгээр харуулсан, хамгийн сүүлд зөвхөн фронт хэсэг дээр өөрчлөлт орсон байгаа. Админ хэсэг нь хамгийн сүүлд 1-р сарын 30-ны өдөр шинэчлэлт хийсэн, тэр чигээрээ байгаа. Иймээс би гэрээний дагуу хийх ажлыг хугацаанд нь хийж дуусгасан гэж үзэж байгаа. Захиалга болон бүртгэлийн хэсгийг админ өөрөө шивж оруулна зөв үү гэж нэхэмжлэгч талаас асуухад тийм гэж надад хэлсэн. Playhouseorder.mn веб сайтдаа яг адилхан хийлгэнэ гэсэн, би тэгж л ажлыг хийж гүйцэтгэсэн. 2023 оны 4-р сард хамтрагчдаа залилуулсан талаад надад хэлж байсан, бизнес нь яваагүй талаар ч би ойлгож байсан. Бизнес нь эхэлж чадаагүй учраас бүх мөнгөө буцааж авах гэж байна гэдэг хардлага надад байсан. Би энэ ажлыг хийснээр сар болгон 20 долларын хураамжийг Амазонд төлдөг, энэ талаар баримтыг нэхэмжлэгчид үзүүлж байсан. Нэг жилийн хугацаанд веб сайтын тогтвортой байдлыг хариуцна гэж гэрээ хийсэн. Веб сайтын сервер болон хост манайд хадгалагдаж байгаа. Веб сайтыг 3,000,000 төгрөгийн зардалтайгаар хийсэн, хамтрагчтайгаа маргаантай байгаа болон веб сайтыг ашиглахгүй байгаа зэргийг харгалзаж үзэж тал мөнгийг буцааж өгч болох юм байна гэж бодсон. Анх надаас 2,500,000 төгрөг буцааж авна гэхэд нь би зөвшөөрөөгүй, 1,000,000 төгрөг дээр тохиролцож болно гэж хэлсэн. Бизнес нь бүтэлгүйтсэнийг бодоод 2,500,000 төгрөг өгнө гэсэн тайлбарыг анх шүүхэд гаргасан... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-17-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Үзлэгийн тэмдэглэл 3 хуудас, хавсаргасан зураг 4 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г  хариуцагч Л д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал гэрээгээр тохирсон ажлаа хийсэн, бизнес нь бүтэлгүйтсэнийг харгалзаад 2,500,000 төгрөгийг буцаан өгье гэсэн нь үнэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2023 оны 01 сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ Л  болон Г , А нарын хооронд байгуулагдсан байх боловч талууд уг гэрээг нэхэмжлэгч Г , хариуцагч Л  нарын хооронд байгуулагдсантай маргахгүй байгаа тул нэхэмжлэгчийг уг гэрээний дагуу дангаар шаардах эрхтэй гэж дүгнэв.

Зохигчдын хооронд 2023 оны 01 сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал вэб хийх, захиалгын талбарыг хийж гүйцэтгэх, захиалгын явцыг харуулах талбар болон түүнтэй холбоотой ажлыг 2023 оны 02 сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч 5,000,000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэрээ ёсоор ажил гүйцэтгэх хугацаа 2023 оны 02 сарын 15-ны өдөр дуусахаар байсан хэдий ч захиалагч гэрээний хугацааг сунгаж, 2023.02.14-нд 4 ширхэг зураг өгсөн, 2023.03.18-нд уулзаж ажлаа дуусгахаар тохирч байсан болох нь хариуцагч талын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул ажил гүйцэтгэгчийг хугацаандаа ажлаа хийгээгүй гэж үзэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч Г Аын хамт /гэрээнд гарын үсэг зурсан/ БНХАУ-аас бараа материал татан авсны дараа гэрээнд заагдсан вэб сайтыг ашиглаж хэрэглэгчээс захиалга авч бүтээгдэхүүн хийх зорилгоор Л тай гэрээ байгуулсан, вэб хуудас хийгдэх явцад Атай хамтарч ажиллах боломжгүй болж, бараа материалаа татаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаа хариуцагчид хэлж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Г Л ын Хаан банкны данс уруу 2023.01.06-нд 2,500,000 төгрөг, 2023.01.20-нд 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох Голомт банкны цахим гүйлгээний баримт, дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч маргаагүй. /хх-6-11/

Ажил гүйцэтгэгч тал гэрээний 1.1-д заасан ажлыг хийхээс өмнө захиалагч тал гэрээг цуцалсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу гэрээний 1.1-д заасан ажлыг захиалагч тал хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх ба гэрээний 1.1-д заасан вэб хийх, захиалгын талбарыг хийж гүйцэтгэх, захиалгын явцыг харуулах талбар болон түүнтэй холбоотой ажил нь цахим орчинд хэрэглэгдэхээр байх ба үзлэг хийхэд admin.amanistudio.mn вэб сайт руу нэвтрэхэд захиалагчийн захиалсан ажил хийгдсэн нь тогтоогдож байна.

Захиалагч тал болох нэхэмжлэгч гэрээний 3.1-д заасан захиалагч ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл, зураг болон контентоор бүрэн хангана, 3.2-т заасан ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлэхэд шаардлагатай бичиг баримт болон мэдээллийг өгнө, 3.3-т заасан гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал гэрээний хугацаанд шийдвэрлүүлэх гэсэн эрх, үүргээ хэрэгжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан журмын дагуу үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн, үр дүн гараагүй үндэслэлээр гэрээ цуцлах боломжгүй.

Захиалагч гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал нөгөө талдаа холбогдуулж шаардлага гаргах эрх нь нээлттэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаа хийгээгүйг нотлоогүй, энэ нь өөрийнх нь тайлбар, үзлэгийн тэмдэглэл, хэргийн үйл баримтаар няцаагдаж байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар гэрээ цуцлах нөхцөл бүрдээгүй байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан байх ба талууд гэрээгээр ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тохироогүй байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар захиалагч доголдолтой холбоотой ажлын хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй байна

Ажил гүйцэтгэгч ажлыг доголдолтой хийснийг захиалагч нотлоогүй боловч хариуцагчийн ...ажлыг хийж дуусгасан, хамтрагчаас нь шалтгаалж захиалагч Г ийн вэб сайт ашиглаж хийх бизнес бүтэлгүйтсэнийг нь харгалзаад 2,500,000 төгрөгийг нь буцаан өгөх боломжтой... гэх тайлбар, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч тал 2,500,000 төгрөг өгч эвлэрэх санал гаргасныг ажил гүйцэтгэгч ажлын хөлсөө бууруулсан гэж үзэх үндэслэлтэй, энэ нь нэхэмжлэгчийн эрх ашигт нийцэж байгааг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.

Иймд хариуцагч Л аас 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г т олгож, нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүн 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 54,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч Л аас 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г т олгож, нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.БАТЦЭЦЭГ