Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0373

 

    2023          04           19                                     128/ШШ2023/0373   

                                   

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.М******* /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н******* /РД:*******/,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.О /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: /,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.У /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: /,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.М нарын хоорондын албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч С.М******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”, “С овогтой М******* миний ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах”, “С.М******* миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Сургууль төгсөгчдийг албан тушаалд томилох тухай” б/317 дугаар тушаалаар С.М*******ыг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн даргын албан тушаалд томилжээ.

2.2. Үүний дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “С.М*******ыг албан тушаалд томилох тухай” Б/1483 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ерөнхий жижүүрээр томилсон.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зарим албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/306 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид гарсан учралтай холбогдуулан шалгасан дотоодын шалгалтын дүнг үндэслэн тус ангийн ерөнхий жижүүр, ахмад С.М*******ыг албан тушаалаас чөлөөлсөн байна.

2.4. Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан учралтай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1039 дугаар магадлалаар С.М******* нь цагаатгагдсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 138 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

2.5. Улмаар нэхэмжлэгч С.М******* нь урьд эрхэлж байсан албан тушаалдаа эргүүлэн томилуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хандсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/2247 дугаар албан бичгээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу авсан.

2.6. Дээрх албан бичгийг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

2.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/317 дугаар тушаалаар С.М*******ыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ерөнхий жижүүрээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилсон. (хавтаст хэргийн 129 дүгээр тал)

2.8. Тус үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч С.М******* “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Н*******н 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/2247 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын С.М******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ерөнхий жижүүрийн албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. “С овогтой М******* би 2009 онд Цагдаагийн академийг “эрх зүйч” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан мэргэжлээр суралцан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  даргын 2009 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн б/371 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн даргаар ажиллаж байсан. Улмаар ШШГЕГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б/1383 дугаар тушаалаар Цагдан хорих 461-р хаалттай ангид ерөнхий жижүүр албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм.

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн журмын 7.4 Энэ журмын 7.3-т заасан сонсогч тухайн сургуулийг төгсөөд тус байгууллагад 5 доошгүй жил тасралтгүй ажиллах гэрээ байгуулна гэж заасан. Би сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт тасралтгүй 9 жил гаран ажиллаж, хүсэлт өгч ажлаа Улаанбаатар хот руу шилжүүлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р хаалттай ангид ерөнхий жижүүрийн албанд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн.

3.3. Цагдан хорих 461-р хаалттай ангид ерөнхий жижүүрээр ажиллаж байх үед 2019 оны 02 дугаар сарын 23-ний өдөр тус ангид саатуулах тогтоолоор хоригдож байсан хоригдогч Л.Б******* нь хорих ангид амиа егүүтгэсэн тохиолдол гарч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан ШШГЕГ-ын даргын 2019 оны 02 сарын 28-ний өдрийн б/306 дугаар тушаалаар намайг албан тушаалаас чөлөөлсөн юм.

3.4. Уг чөлөөлсөн тушаалыг надад гардуулж өгөөгүй бөгөөд зөвхөн сонсгон танилцуулахдаа дээр дурдсан амь нас хохирсон асуудлыг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд чөлөөлсөн буюу тухайн хэрэг шийдвэрлэгдэж дууссан тохиолдолд эгүүлэн албан тушаалд томилох, шалгах хугацаанд чөлөөлж байгаа гэж тайлбарласан байдаг.

3.5. Харин уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдан дуусгавар болж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 264 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1039 дугаар магадлалаар С овогтой М******* намайг гэм буруугүй болохыг тогтоож, цагаатган шийдвэрлэж уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

3.6. Гэтэл ШШГЕГ-ын даргын 2019 оны 02 сарын 28-ний өдрийн б/306 дугаар тушаалаар намайг албан тушаалаас чөлөөлсөн нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй буюу намайг гэм буруутай болохыг шүүхээс тогтоогоогүй байхад миний шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр илт хууль бус болох юм” гэжээ.

3.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

3.8. “Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд цэргийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлүүдийг заасан бөгөөд анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан; өөр ажилд томилогдсон; цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан; тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; өөрийн хүсэлтээр гэж заасан. Гэтэл энэ үндэслэлүүдээс аль ч шаардлага нь чөлөөлөгдсөн үндэслэлд нь байхгүй.

3.9. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө. Үүнд Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; хуульд заасан бусад үндэслэл гэж байна. Хуульд заасан бусад үндэслэл дээр бас л мөн адил тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана гэсэн уг заалтыг зөрчсөн.

 3.10. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл дээр хориглох зүйл гэж байгаа юм. Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас түр чөлөөлөх, халахыг хориглоно. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заасан.

3.11. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих. 50.1 дэх хэсэг Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн хуулийн заалтуудыг би үндэслэл болгож байна.

3.12. Дээр нь Төрийн албаны тухайн хуулийн 62 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа гэж байгаа. 62.1.1 дэх хэсэгт энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх; 62.1.2 дахь хэсэгт Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх гэж заасан. Тиймээс маргаан бүхий тушаал илт хууль бус юм” гэв.

3.13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

3.14. “Тухайн хэрэг учрал болох үед ажлын хэсэг гараад Б.Нямгомбо даргын асуултад ажлын хэсгийн дарга хариулахдаа тухайн үед С.М******* нь 10 хүн гаднаас ирсэн, тэднийг хүлээлцэж аваад үүргээ биелүүлж байсан гэдэг нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Тийм учраас миний үйлчлүүлэгч ямар нэгэн Төрийн албаны тухай хууль,хуулийн дүрэм журам, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль зөрчөөгүй.

3.15. 2019 оны 2 дугаар сарын 23-ны үйл явдлаас хойш 4 жилийн хугацаанд Эрүүгийн хэрэгт шалгагдаж, 4 жилийн дараа 3 шатны шүүхээр гэм буруутай байдал тогтоогдохгүй цагаатгагдсан. Тухайн үед ажлын хариуцлага алдсан хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээгээд явж байна. Энэ үйл явдлаас хойш энэ хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, тасалдсан.

3.16. Мөн цолны асуудал ойлгомжгүй байдалд хүрсэн. Миний үйлчлүүлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, ямар нэгэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрэм журмыг зөрчөөгүй гэдгийг Эрүүгийн шүүхээр 4 жил шалгасны эцэст гэм буруугүй гэж үзсэн. Тийм учраас хариуцагчийн тайлбарлаж байгаа Хорих ангийн харуул хамгаалалтын журмын 7.8.1, 7.8.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж буруутгаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

3.17. Ийм тайлбар хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харуул хамгаалалтын журам зөрчөөгүй нь байдал нь Эрүүгийн хэрэгт хангалттай шалгагдаад, нотлогдоод тухайн хүн тухайн өдрийн ямар ажил хийж байсан, хаана хаана ямар үүрэг гүйцэтгэж байсан нь камерын бичлэг, нотлох баримтуудаар тогтоогддог. Хариуцагчийн тайлбарын хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

4. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. “Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид иргэн Л.Б******* амиа хорлосон байдалтай нас барсан хэрэг гарсантай холбогдуулан тухайн үүрэг гүйцэтгэж байсан нийт 5 албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэгт холбогдолтой эсэх, гэм буруутай эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлага үүсэн тул чөлөөлсөн байдаг. Улмаар шалгалтын явцад зарим холбогдогч нарыг гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон байдаг. Иймээс тухай үед үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, албанаас чөлөөлсөн нь илтэд хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

4.2 С.М******* нь дээрх хугацаанд албан үүргээ гүйцэтгээгүй байсан, өөрөөр хэлбэл төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлээгүй байсан тул албан тушаалын цалин хөлсийг олгох боломжгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд шүүхээс гарах шийдвэрийг үндэслэх саналтай байна” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

5.1. “Манайхаас гаргаж ирсэн нотлох баримтаар ажлын хариуцлага алдсан үйл баримт хөдөлшгүй байдлаар тогтоогдсон. Үүнтэй холбоотой гаргасан эрх зүйн актын хувьд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 37.1 дүгээр зүйлийн 37.1.2, 37.1.3, 37.1.8, 37.1.13, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 277 дугаар зүйлийн 277.1.1-т заасан үндэслэлүүдээр эрх зүйн актыг гаргасан.

5.2. 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн С.М*******ы тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын хэсгийн бүрэлдэхүүний шалгасан дүгнэлт зэргийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий эрх зүйн актыг гаргасан.

5.3. Эрх зүйн актын үндэслэлийн талаар хамгийн эхэнд хэлсэн тайлбартаа хуулийн зүйл заалтуудыг дурдсан. Үүнээс тодотгоод Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг тус тус үндэслээд эрх зүйн акт гарсан. Эрх зүйн актыг гаргах буюу албаны шалгалт хийгдэх, сөрөг үйлчлэл бүхий эрх зүйн акт гарах ажиллагаанд тухайн алба хаагчдыг биеэр оролцуулсан. Зөвлөлийн хуралдаанаар биеэр оролцуулсан. Тушаалыг өөрсдөд нь уншиж сонсгосон, танилцуулсан зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цаг 46 минутад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оийн зүгээс “...товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байх тул тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг үүгээр гаргаж байна” гэх хүсэлтийг ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь нотлогдоогүй, тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* биечлэн ирж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У /цахимаар/ оролцсон тул нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах эрхээр хангагдсан гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

1. Нэхэмжлэгч С.М*******аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”, “С овогтой М******* миний ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах”, “С.М******* миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэж шаардлагаа тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчаас эс зөвшөөрсөн үндэслэлээ дараах байдлаар тус тус тайлбарлан маргаж байна.

1.1. Нэхэмжлэгчээс “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 264 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1039 дугаар магадлалаар С.М******* намайг гэм буруугүй болохыг тогтоож, цагаатган шийдвэрлэж, уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаар тушаалаар намайг албан тушаалаас чөлөөлсөн нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй буюу намайг гэм буруутай болохыг шүүхээс тогтоогоогүй байхад миний төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус” гэж,

1.2. Хариуцагчаас “Тухайн үед үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, албанаас чөлөөлсөн нь илтэд хууль бус гэж үзэх үндэслэлгүй, С.М******* нь дээрх хугацаанд албан үүргээ гүйцэтгээгүй байсан, өөрөөр хэлбэл төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлээгүй байсан тул албан тушаалын цалин хөлсийг олгох боломжгүй” гэх үндэслэлээр тус тус маргаж байна.

2. Маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4 “агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5 “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрүүдийг тус тус үндэслэн мөн өдрөөс нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус байхаар заасан байна.

4. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд маргаж буй тушаалаар С.М*******ыг албан тушаалаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэлийг дурдаагүй буюу заагаагүй байх, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хууль, Үндсэн хуультай зөрчилдсөн бол илт хууль бус захиргааны акт болохоор байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

6. Учир нь маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид гарсан учралтай холбогдуулан шалгалт явуулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд уг шалгалтаар “ ... ээлжийн дарга, ахмад С.М*******ыг ... ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хоригдогч амиа хорлохоор бэлтгэж, завдаж байгааг урьдчилан илрүүлж, таслан зогсоогоогүй, улмаар амиа хорлох нөхцөл боломж олгосон...” гэж дүгнэсэн (1 дүгээр хавтаст хэргийн 186-190 дүгээр тал).

6. Мөн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч С.М*******аас гаргасан “... Үүрэг гүйцэтгэх хугацаанд хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.У*******ийн үүрэг гүйцэтгэлд хяналт тавиагүй, үүргийн биелэлтийг биечлэн шалгаагүй, дүрс бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч н.Ж*******, харуулын бага дарга, ахлах ахлагч Б.П******* нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар тухай бүр хангаагүйн улмаас хоригдогч өөрийгөө боомилж, амиа хорлосон онцгой учрал гарсан... Би дээрх гаргасан алдаа дутагдлаа ухамсарлан ойлгож байгаа...” хэмээх тодорхойлолт гаргасан (1 дүгээр хавтаст хэргийн 211 дүгээр тал).

 7. Эдгээр баримтуудыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ерөнхий жижүүр, ахмад С.М*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгааг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

8. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй бөгөөд энэ үндсэн зарчмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг сонссоны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр буюу илтэд алдаатай нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн захиргааны актыг хариуцагчаас гаргасан гэж үзэх үндэслэлгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг гаргахдаа дээрх хүсэлтийг харгалзан үзсэн, мөн эрүүгийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шалгаж дүгнэснээс бус маргаан бүхий тушаал илт хууль бус үндэслэлгүй гарсан болохыг тогтоогоогүй.

9. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь авсан байгаагаас үзэхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбарласан “... эрүүгийн шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдсоны дараа буцаад ажилдаа орж болох юм” гэх тохиролцоогоо хариуцагч байгууллага нь хугацаа хожимдуулсан ч биелүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэлийн 2 болон 3 дахь шаардлагын тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг ийнхүү илт хууль бус болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохыг болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М*******аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”, “С овогтой М******* миний ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах”, “С.М******* миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.  Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.              

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХ-ӨЛЗИЙ